Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2016/0223/з |
Дугаар | 390 |
Огноо | 2016-11-16 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 390
“И Эм Ай Си” ХХК-ийн
үүсгэн байгуулагч С.Гантулгын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 602 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “И Эм Ай Си” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 543 дугаар шийдвэрээр: Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны)-ийн 15 дугаар зүйлийн 15.1.6, 16 дугаар зүйлийн 16.3, 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус баримтлан “Инкомнэт” ХХК-ийн хувь нийлүүлэгчдээс 1 нэмэгдэж, 6 хасагдаж үүсгэн байгуулагчийн нийт тоо 1 болж өөрчлөгдсөнийг бүртгэв гэсэн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Инкомнэт” ХХК-ийн 9011113163 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 602 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 543 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.9, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И Эм Ай Си” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Гантулгын “Инкомнэт” ХХК-ийн эрхийг “И Эм Ай Си” ХХК-д шилжүүлэн авах өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваанаран хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 602 дугаартай магадлалын хянавал хэсэгт: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.5-г /Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11.3 гэж буруу бичсэн/" гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуульд байхгүй заалтыг бичиж анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийж хууль буруу хэрэглэсэн байна.
Магадлалын хянавал хэсэгт: "... энэ бүртгэл нь С.Гантулгын "И Эм Ай Си" ХХК-ийн эзэмшдэг хувьцаанд нь өөрчлөлт оруулсан бүртгэл биш гэж нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудалд дүгнэлт хийж ..."Ипкомизт" ХХК-ын эрхийг шилжүүлэн авсан нь С.Гантулгын "И Эм Ай Си" ХХК-ийн эзэмшдэг хувьцааны хувьд нөлөөлөөгүй, хувьцаа эзэмшигчийн хувьд эрхийг нь ямар нэгэн байдлаар зөрчих үйлчлэлгүй байна" гэж хувьцаа шилжүүлэн авсан үйл баримтад дүгнэлт хийсэн мөртлөө өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэл үндэслэлтэй гэж дүгнэхдээ өөрчлөлтийг бүртгэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан хууль дүрэмд нийцээгүй бүртгэл хийгдсэн байхад Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа хууль ёсны бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж дүгнэж хууль буруу хэрэглэсэн байна.
Улсын бүртгэлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар хийгдсэн гэж дүгнэж хууль буруу хэрэглэсэн байна. Энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т, 22.2-т заасныг зөрчиж өөрчлөлтийг бүртгэснээр С.Гантулгын Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2, Компанийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.7-д заасан эрхийг зөрчиж гаргасан хууль бус шийдвэрийг үндэслэн хийгдсэн байдаг учраас анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй юм.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-т зааснаар нотлох баримт зөрчилтэй байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “И эм ай си” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Гантулгаас Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан “Инкомнэт” ХХК-ийн эрхийг шилжүүлэн авсан бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
“И эм ай си” ХХК-ийн хувьцааны 7.5 хувийг нэхэмжлэгч С.Гантулга, 92.5 хувийг гуравдагч этгээд эзэмшдэг байх бөгөөд уг компани нь “Инкомнэт” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн авсан байна.
Гэвч энэхүү бүртгэлийг хийснээс шалтгаалан нэхэмжлэгчийн эзэмшлийн хувьцааны хэмжээнд өөрчлөлт ороогүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх зааснаар маргаан бүхий бүртгэлийг бүртгэхээс татгалзах нөхцөл үүсээгүй, уг бүртгэл хийгдсэнээр хууль зөрчөөгүй, хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчээс “гуравдагч этгээд Б.Одсүрэнд “Инкомнэт” ХХК-ийн эрхийг шилжүүлэн авах зөвшөөрөл олгоогүй, хувь нийлүүлэгчийн хуралд оролцоогүй, шинэчилсэн дүрэмтэй танилцаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй зэргээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн” гэх гомдлын хувьд:
Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч хуралд оролцсоноор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчинтэй тооцох ба хуулийн энэхүү шаардлагыг маргаан бүхий бүртгэл хангасан болно.
Хамгийн гол нь уг маргаан бүхий бүртгэл нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хувьцаанд өөрчлөлт оруулсан бүртгэл биш бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшил хувь хэвээрээ байгаа учраас “нэхэмжлэгчээс зөвшөөрөл олгоогүй” тухай гомдол хэрэгт ач холбогдолгүй юм.
Нэхэмжлэгчээс “энэ компани өр төлбөр ихтэй, дараа дараагийн үйл ажиллагаа явуулахад энэ асуудал яригдаж байгаа” гэж маргаж байгаа боловч энэ нь компанийн дотоод асуудал бөгөөд энэхүү захиргааны шийдвэрт хамааралгүй, маргаан бүхий бүртгэлийг захиргааны байгууллага бүртгэхээс татгалзах хуульд заасан үндэслэл үүсээгүй, бүртгэл хууль зөрчөөгүй болно.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2016/0602 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ