| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 142/2018/00424/И |
| Дугаар | 001/ХТ2019/00167 |
| Огноо | 2019-01-31 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2019/00167
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/00603 дугаар шийдвэр
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102 дугаар магадлалтай
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
О дахь Шт холбогдох
“Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нансалмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1595 дугаар шийдвэрээр “М” ХХК-иас 165 510 817 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Орхон аймгийн Шрын 03/403 тоот мэдэгдлийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан болно. Уг мэдэгдэлд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багт байрлах улсын бүртгэлийн Ү-2101004359 дугаарт бүртгэлтэй 216 м.кв үйлдвэрийн зориулалттай барилга, 130101252 нэгж талбарын дугаарт бүртгэлтэй 1630 м.кв газар эзэмших эрх, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол, Б-09 тоот улсын бүртгэлийн Ү-2101012604 дугаарт бүртгэлтэй 210 м.кв (бодит-468,8 м.кв) хувийн сууц, 35 м.кв граж, Г-21010085508 дугаарт бүртгэлтэй 600 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг нийт 1 328 722 600 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Дээрхи үнэлгээ нь зах зээлийн үнээс доогуур үнэлэгдсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас “Итгэлт Эстимэйт” ХХК-иар хийлгүүлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шдан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан төлбөр төлөгч “М” ХХК-ийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багт байрлах улсын бүртгэлийн Ү-2101004359 дугаарт бүртгэлтэй 210 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай барилга, мөн хаягт байрлах нэгж талбарын 130101252 дугаарт бүртгэлтэй 1630 м.кв эзэмших эрхтэй газар, Д.Нансалмаа, Х.Дэлгэрмөрөн нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101012604 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол 116-09 тоотод байрлах 210 м.кв 3 давхар хувийн сууц, 35 м.кв граж, хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2101008508 дугаарт бүртгэлтэй 600 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэх, хураах, талууд болон өмчлөгч нараас үнийн санал авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд болон өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасны дагуу хураасан эд хөрөнгийг үнэлүүлэхээр 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/01 дугаар тогтоолоор “Итгэлт эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч хувийн сууцыг газрын хамт 996 077,2 мянган төгрөгөөр, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт 332 645,4 мянган төгрөг, нийт 1 328 722,6 мянган төгрөгөөр үнэлгээ тогтоож дүгнэлт ирүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талууд болон өмчлөгч нарт танилцуулсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан дүгнэлт гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан гомдлын шаардлагыг манай байгууллага хариуцахгүй болно. Иймд “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/00603 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар О дахь Шт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны 142/ШШ2018/00603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нансалмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Бид хувийн сууцаа зах зээлийн өнөөгийн ханшаар 2 тэрбум төгрөгөөр, мөн давхар барьцаанд байгаа 1.6 га газартай үйлдвэрийн зориулалттай барилгыг 800 сая төгрөгөөр тус тус үнэлж байгаа болно.
“Итгэлт Эстимейт” ХХК нь үнэлгээ хийхдээ үл хөдлөх эд хөрөнгүүд, газрын эрхийн хамт 1.3 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь уг үл хөдлөх хөрөнгө, газрын байршил, зах зээлийн үнэ ханш зэргийг бүрэн дүүрэн харгалзан үзээгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан манай нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч “М” ХХК нь О дахь Шт холбогдуулан “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн, хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “М” ХХК нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1595 дугаартай шийдвэрээр Хаан банкинд зээлийн төлбөрт 165 510 817 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн ба шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр барьцааны хөрөнгийг битүүмжлэн, хурааж, улмаар албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн санал авсан байна.
Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Д.Нансалмаа, Х,Дэлгэрпүрэв нарын өмчлөлд бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сум, 4 дүгээр баг, Хүрэнбулаг 11 хороолол, Б-9 тоот 600 м.кв талбай бүхий газарт баригдсан 210 м.кв талбайтай 3 давхар сууцны барилга, 35 м.кв талбайтай гараж, “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багт байршилтай 216 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, тус барилга байрлах 1630 м.кв талбайтай газар эзэмших эрх зэргийг барьцаалсан байх ба төлбөр төлөгч барьцааны хөрөнгийг нийт 3 000 000 000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч 363 044 720 төгрөгөөр тус тус үнэлж, үнийн саналаа ирүүлжээ.
Төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн, үнэлгээний тайлангаар 1 328 722 600 төгрөгөөр үнэлсэн үйл баримт тогтоогджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбар үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгийг үнэлсэн үнэлгээ зах зээлийн үнээс доогуур гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, ямар үндэслэлээр зах зээлийн үнэлгээнээс доогуур гэж үзэж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд шинжээч үнэлгээг хийхдээ Олон Улсын Үнэлгээчдийн Нийгэмлэгээс нийтээр хүлээн зөвшөөрсөн стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хүрээнд боловсруулан мөрдөж байгаа аргачлалыг баримталж Олон улсын үнэлгээний стандартын аргын стандартын хандлага, зардлын хандлага, жиших хандлагын аргуудаар тооцож үнэлгээ гаргасныг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийснээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.
Иймд нэхэмжлэгчийн “...шүүх нотлох баримтыг буруу, дутуу үнэлснээс гадна нөхцөл байдлыг бүх талаас нь харгалзаж үзсэнгүй..” гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/00603 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нансалмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД