Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00170

 

Ч.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01374 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2010 дугаар магадлалтай

Ч.Уийн нэхэмжлэлтэй,

Н.Сд холбогдох

“Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 26 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэндулам нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Н.Сд 10 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд Н.С нь 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр миний Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансанд өмнө нь зээлсэн байсан 5 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлсэн 10 000 000 төгрөгийг хүүгийн хамтаар нийт 15 307 000 төгрөгийг шилжүүлж төлсөн. 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би данснаасаа 40 000 000 төгрөг аваад үүнээс 10 000 000 төгрөгийг нь 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй Н.Сд дахин зээлдүүлсэн. Зээлдэгч зээлээ төлөх боломжгүй байна, хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч, зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгасан. Ингээд 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дахин 10 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн боловч мөн л 1 сараар сунгах хүсэлт гаргасныг хүлээн авч, гэрээний хугацааг дахин 1 сараар сунгасан. Хариуцагч нь 2015 оны 5 дугаар сараас хойш хүү төлөхөө больсон тул үндсэн зээл 20 000 000 төгрөг, өнгөрсөн 2 жилийн хүүг Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хадгаламжийн хүүний ханшаар бодож 6 000 000 төгрөг, нийт 26 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 10 400 000 төгрөгийг буцааж төлсөн. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа. 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 10 000 00 төгрөгийг зээлсэн гэх гэрээ байгаа хэдий ч мөнгийг авсан гэх баримт байхгүй. 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээг 3 сараар сунгаж, хүүг тухай бүр нь төлдөг байсан. Тухайн үед Ч.У нь чамд дүүгээсээ мөнгө зээлж өгсөн шүү гэж хэлж байсан болохоор дүүгийн мөнгө гэж шилжүүлж, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн 10 000 000 төгрөгийн гүйлгээний утга дээр Сарантуяагаас Уранцэцэгийн дүүгийн үндсэн зээл гэж бичсэн. Н.С нь Ч.Уийн дүүтэй ямар нэг харилцаа байхгүй. Иймд зээлдэгч үүргээ бүрэн биелүүлж, төлбөрөө төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01374 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 225 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Сгаас 5 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 107 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ут олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2010 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/01374 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “5 800 000 төгрөг” гэснийг “7 000 000 төгрөг” гэж, “20 400 000 төгрөг” гэснийг “19 000 000 төгрөг” гэж, 2 дахь заалтын “107 750 төгрөг” гэснийг “126 950” төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 259 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.04-ний өдрийн 01374 дугаартай шүүхийн шийдвэр, 2018.09.14-ний өдрийн 2010 дугаартай магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ч.У би энэхүү гомдлыг гаргаж байна.

Хариуцагч Н.Сгаас зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн мөнгө хүүгийн хамт нийт 26 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба шүүх үндэслэлгүйгээр 20 400 000 төгрөгийг хасч тооцон, үйл баримтыг илтэд хариуцагч талд ашигтайгаар үнэлэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Би Н.Сд 10 000 000 төгрөгийг 2014.01.15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 4 хувийн хүүтэйгээр, 2014.06.28-ны өдөр 10 000 000 төгрөгийг мөн сарын 4 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн ба 5 сарын хүү надад төлсөн, энэ талаар хэн ч маргадаггүй, харин үндсэн зээл болох 20 000 000 төгрөгөө төлөөгүй юм.

Гэтэл шүүх 2014.12.22-ны өдөр Эрдэнэчимэгээс гэсэн гүйлгээний утгатай баримтыг үндэслэн Н.Сгийн “Эрдэнэчимэгээр дамжуулан 4 400 000 төгрөг төлсөн” гэх тайлбарыг үнэлэн үндсэн зээлээс хасч тооцсон нь үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан миний ХХБанкны дансны хуулганд Эрдэнэчимэгээс гэсэн гүйлгээний утгатай 275 000 350 000, 25 000 000 гэх мэтчилэн гүйлгээ хийгдсэн байгаа нь Эрдэнэчимэг бид хоёрын хооронд өглөг авлага байсныг нотлож байгаа болно. Заавал зээлийн гэрээг гарган өгснөөр нотлогдоно гэж үзэхгүй байна. Хэрэгт Эрдэнэчимэг нь Н.Сгийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн гэх баримт огт байхгүй.

Мөн 2014.10.25-ны өдөр миний ХХБанкны данс руу 10 000 000 төгрөгийг Н.Сгаас “Уранцэцэгийн дүүгийн үндсэн зээл” гэсэн гүйлгээний утгатай хийсэн байдаг ба энэ нь Н.С нь миний дүү Ч.Батсүхээс авсан мөнгөө миний дансаар дамжуулан хийсэн болохоос надаас авсан зээлээ төлөөгүй болно.

Би ИХШХШТХ-ийн 25.2.1 дэх хэсэгт заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргийнхээ дагуу бүх баримтаа эхнээс нь үнэн зөвөөр гарган өгч тайлбарласан. ИХШХШТХ-ийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь миний дансны хуулгаас өөрөөр ямар байдлаар татгалзлаа нотлосон хэмээн шүүх үнэлснийг огт ойлгохгүй байна.

Н.С нь миний зээлийг төлсөн юм бол яах гэж “Уранцэцэгийн дүүгийн зээл" хэмээн төлөх юм бэ, өөр өөр харилцаа учраас зориуд гүйлгээний утгаар ялгасан байгаа нь илт байхад намайг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Шүүхэд Н.С бид хоёрын хооронд хийгдсэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан болохоос Эрдэнэчимэг, миний дүү Ч.Батсүх нартай холбоотой мөнгөний маргааны асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаагүй гэдгийг анхаарч үзэхийг хүсч байна.

Давж заалдах шатны шүүх “2014.01.15-ны өдөр, 2014.06.28-ны өдрүүдийн зээлийн гэрээний хариуцагч нь нэхэмжлэгчид зээл хүүгийн хамт нийт 22 000 000 төгрөг буцаан төлөх үүрэг үүссэн байна хэмээн зөв дүгнэсэн атлаа тооцооллыг буруу хийж хариуцагчаас 7 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд тооцооллыг зөв хийж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуулийн дагуу үнэлэн шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэндулам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.У нь хариуцагч Н.Сгаас зээлийн эргэн төлөлттэй холбоотой, нийт 26 000 000 төгрөг гаргуулах иргэний маргаанд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хэлэлцэгдэж 183/ШШ2018/01374 дугаар бүхий шийдвэр гарч улмаар нэхэмжлэгч Ч.Уийн гомдлоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж, шүүхээс 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 2010 тоот магадлал гарсан билээ. Энэхүү Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хянуулахаар хандаж байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн. Ингэж дутуу үнэлснээрээ хуулийг буруу хэрэглэж ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-оор анхан шатны шүүхийн шийдвэрийг дордуулж хариуцагчийн нөхцөл байдлыг бүр дордуулсан.

Үүнд: Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтын зарим хэсгийг хуульд заасан үндэслэлийн дагуу бодитоор үнэлж шийдвэр гаргасан байсан. Тодруулбал нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хийсэн нэхэмжлэгч Ч.Уийн данс руу хийсэн 10 сая төгрөгийн гүйлгээний утга дээрээ “Сарантуяагаас Уранцэцэгийн дүүгийн үндсэн зээл” гэж бичээд 2014 оны 6 сарын 28-нд авсан зээлээ төлж барагдуулсан байдаг. Хариуцагч талаас энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг амаараа дүүгээсээ авсан зээл гэж байгаа боловч энэ тапаарх хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг няцааж чадаагүй байдаг.

Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэлэхдээ нийт 3 удаа тус бүр 10 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэж байдаг бол хариуцагч гүйлгээ хийсэн банкинд хандаж нийтдээ 9 удаагийн гүйлгээгээр зээлийн эргэн төлөлт гэж нийт 32 707 000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг өөрсдийн зүгээс нотлох баримтаар гаргуулан хэрэгт хавсаргасан байдаг. Үүнээс 2 гүйлгээ нь “Сарантуяагаас Уранцэцэгийн дүүгийн үндсэн зээл" гэж 10 000 000 сая төгрөг, нөгөө нь Н.Сгийн төлсөн “Эрдэнэчимэгээс” гэсэн утгаар 4 400 000 төгрөгийн шилжүүлэг байдаг.

Гэтэл нэхэмжлэгч тал бидний талаас гаргаж өгүүлсэн дээрх 2 баримтыг няцааж чадахгүй байхад давж заалдах шатны шүүх энэхүү гүйлгээ нь Эрдэнэчимэг гэгчтэй өглөг, авлага байсныг нотолж байна мэтээр үнэхээр хариуцлагагүй хандаж үнэлсэн байдаг. Гэтэл энэ нь үнэндээ хариуцагч Н.Сгийн өмнөөс хийсэн шилжүүлэг байдаг. Хариуцагч өөрийнхөө хийсэн гүйлгээ бүрийг мэдэж байсан болохоор дээрх шилжүүлгүүдийн өдрийн он сар мөнгөн дүнг мэдэж байгаа болно.

Төгсгөлд нь бидний зүгээс гаргаж өгсөн баримт болон хэрэгт байгаа нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь 3 удаа тус бүр нь 10 000 000 сая төгрөгийг зээлдүүлж хүү болон зээлийн үндсэн төлбөртөө 33 600 000 төгрөг авахаас бидний гаргаж өгсөн баримтаар нийтдээ 32 707 000 төгрөгийг авсан бөгөөд зээлээ бүрэн төлсөн гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.У нь Н.Сд холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 26 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 5 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх  хариуцагчаас 7 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээ

р зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч Н.Сд 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр, 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дахин 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн, гэрээг 1 сараар сунгасан, үүргийн гүйцэтгэлд хариуцагч нь 3 000 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон талаар зохигч маргаагүй байна.

Харин 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ч.Уийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд “Сарантуяагаас Уранцэцэгийн дүүгийн үндсэн зээл” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн 10 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд н.Эрдэнэчимэгээс шилжүүлсэн 4 400 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн төлбөрт тооцох боломжгүй гэж, хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж маргажээ.

Анхан шатны шүүх дээрх төлбөрийг гэрээний үүрэгт гүйцэтгэсэн нь нотлогдсон гэж дүгнэж хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх н.Эрдэнэчимэгээс шилжүүлсэн 4 400 000 төгрөгийг Н.Сгийн төлбөрт тооцох үндэслэлгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журамд нийцүүлэн үнэлж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Харин хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг тооцохдоо тооцооны алдаа гаргасан байх тул тооцооллыг зөвтгөж, энэ үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь хоёр удаагийн зээлийн төлбөрт нийт 22 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэйгээс нэхэмжлэгчийн зөвшөөрсөн 3 000 000 төгрөгийг, хариуцагчаас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн 10 000 000 төгрөгийн хамт нийт 13 000 000 төгрөгийг төлөгдсөн гэж тооцон хасч /22 000 000-13 000 000/, үлдэх 9 000 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэстэй байна.

Зээлийн төлбөрийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2010 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “7 000 000 төгрөг” гэснийг “9 000 000 төгрөг” гэж, “19 000 000 төгрөг” гэснийг “17 000 000 төгрөг” гэж, “126 950 төгрөг” гэснийг “158 950” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Ч.Уийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэндуламын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 259 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР     

                                    ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД