Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1520

 

Г.Ирэхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/01233 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Ирэхбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ болон үнэлгээчний тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

гуравдагч этгээд Газар партнерс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан, О.Амгаланзаяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Ирэхбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3/1927 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Н.Наранцогт, Д.Аварзэд нарт мэдэгдсэнийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдлээ. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээний саналыг Н.Наранцогт, Д.Аварзэд нарт мэдэгдээд бусад өмчлөгч нарт мэдэгдэхгүй байгаа нь хууль зөрчиж байна. Хуучнаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6045 дугаар шийдвэрээр Н.Наранцогтоос 36 388 289 төгрөг, Д.Аварзэдээс 36 388 289 төгрөгийг гаргуулж “Газар партнерс ББСБ" ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд миний бие хамтран өмчилдөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009099, Ү-2203007763 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Зүүн сэлбийн 9-р гудамжны 153 тоот 138 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 404 м.кв талбайтай газрыг барьцаалсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар   барьцаа хөрөнгөөр гэрээний үүргийн биелэлтийг хангах ажиллагаа хийгдэж байгаа боловч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон 233 498 200 төгрөгийн үнийг төлбөр төлөгч миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлэхийн сацуу тус үл хөдлөх хөрөнгө, газрыг хамтран өмчилдөг өмчлөгчийн эрхийг ноцтой хөндөж байна. Бид анх 2014 онд тус үл хөдлөх эд хөрөнгө болон газрын үнийн саналыг 3.5 тэрбум төгрөгөөр өгч байсан. Гэтэл зөвхөн үл хөдлөх хөрөнгийнх нь бодит үнэд хүрэхгүй үнээр үл хөдлөх хөрөнгө болон газрыг хамтад нь үнэлсэн нь илт үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, энэхүү үнэлгээчний тогтоосон үнэ анх бидний санал болгосон үнийн 20 хувьд ч хүрэхгүй байна. Мөн тус газар, үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын нэгдүгээр зэрэглэл бүхий бүсэд байрладаг, тус бүс хэсэгт 138 м.кв талбайтай орон сууцны үнэ гэхэд л 250 000 000 – 600 000 000 төгрөгийн үнэ хүрдэг. Мөн надаас үнийн санал аваагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн   гэрчилгээнд тэмдэглэгдсэн м.кв үнэлгээчний үнэлгээнд тэмдэглэгдсэн м.кв дүн зөрж байгаа учир газар дээр нь очоогүй дүгнэлтээ rapracaн гэж үзэхээр байна. Иймд анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ болон үнэлгээчний тогтоосон үнэ хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхэд гаргасан хариу тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6045 дугаар шийдвэрээр Н.Наранцогтоос 36 388 289 төгрөг, Д.Аварзэдээс 36 388 289 төгрөг гаргуулж “Газар партнерс ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч Д.Наранцогт, Д.Аварзэд нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 9-р гудамжны 153 тоот 138 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 404 м.кв талбайтай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжилж, хураасан. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээ 233 498 200 төгрөгийн 70 хувиар тооцон 163 448 740 төгрөгөөр 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/Ш32017/01687 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ болон үнэлгээчний тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.Ирэхбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Гуравдагч этгээд Г.Ирэхбаярт уг тогтоолуудыг танилцуулаагүй бөгөөд гуравдагч этгээд нарын эрхийг зөрчиж, барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч байхад барьцаа хөрөнгийг үнэлэх ажиллагаанд түүний эрхийг хангалгүй, үнийн санал авалгүй, оролцуулалгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байдаг. Гол нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4, 37 дугаар 37.3-т заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Тухайн хуулийн заалтууд нь төлбөр авагч, төлбөр төлөгч нарын дээд шатны албан тушаалтанд болон шүүхэд гомдол гаргах хугацааг тогтоосон заалт юм. Гуравдагч этгээдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулж гомдол гаргахад 34.3 дах заалт хамаарахгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа гуравдагч этгээдэд хамаарахгүй, шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх нь дүгнэхдээ "гуравдагч этгээдийн зүгээс шүүхийн шийдвэр албадан биелүүлэх ажиллагаанд эрх хөндөгдсөн ямар ч асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж" тайлбарлаж энэхүү үндэслэлээрээ хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь эрх нь хөндөгдөж буй ямар ч этгээд эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь өөрөө хувь хүний үндсэн хуульд заасан эрх билээ. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа гуравдагч этгээдэд хамаарахгүй гэх хуулийн агуулгыг "гуравдагч этгээд шийдвэр гүйцэтгэлтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргах эрхгүй" гэж тайлбарласнаараа хуулийн үндсэн зарчмыг зөрчихөөс гадна хуулийг буруу тайлбарласан.

Мөн анхан шатны шүүх “Иргэний хуулийн 177.1-д заасантай нийцсэн байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Сүхбаатар дүүргийн 11 хороо, Зүүн сэлбийн 9-р гудамжны 153 тоот, 138 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга 404 м.кв талбайтай газрыг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээч 233 498 200 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур болно. Нэгдүгээр зэрэглэлийн маш олон үйлчилгээний зориулалттай объектыг ийм хямд үнээр үнэлсэн нь хэт нэг талыг барьсан төлбөр авагчид ашигтайгаар үнэлгээ гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 181/ШШ2017/01233 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Ирэхбаяр нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ болон үнэлгээчний тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 сарын 17-ны өдрийн  6045 дугаар захирамжаар А.Аварзэд, Н.Наранцогт нараас 72.776,578 төгрөгийг гаргуулан “Газар партнерс ББСБ" ХХК-д олгож, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Зүүн сэлбийн 9 дүгээр гудамжны 153 тоотод байрлах, 138 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай хувийн сууц, 404 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүгчийн захирамжийн дагуу  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 154/6046 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 154/6048 тоот тогтоолоор хураасан байна.

 

Төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 219 тоот тогтоолоор шинжээчээр томилогдсон "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК нь дээрх барьцааны хөрөнгийн үнэ цэнийг 233,498,200 төгрөгөөр үнэлсэн./хх-65-71/ Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээ тогтоосон шинжээчийн энэхүү үнэлгээг үгүйсгэсэн тусгай зөвшөөрөл бүхий, мэргэшсэн үнэлгээчний уг барьцааны хөрөнгийн үнэ цэнийг 522 000 000 төгрөгөөр үнэлсэн нотлох баримт хэрэгт авагджээ. /хх-97-105/

 

Төлбөр төлөгч, өмчлөгч нар эд хөрөнгийн үнэлгээний үнэ, зах зээлийн үнэлгээтэй нийцэхгүй, хэт доогуур байгаа талаар гомдол гаргасан.

 

Шүүх “хуульд заасны дагуу томилогдсон хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан зах зээлийн бодит үнэлгээг хуульд заасны дагуу томилогдоогүй хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан зах зээлийн бодит үнэлгээтэй шууд харьцуулан дүгнэх боломжгүй юм” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай төдийгүй, хэргийн оролцогч тал болох шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас томилогдсон үнэлгээчний үнэлгээг хэргийн нөгөө оролцогч болох нэхэмжлэгчийн санаачилгаар хийлгэсэн үнэлгээнээс илүү үндэслэлтэй гэж  дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд нийцэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.

 

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Зүүн сэлбийн 9 дүгээр гудамжны 153 тоотод байрлах, 138 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай хувийн сууц, 404 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг үнэлэхдээ мэргэжлийн  байгууллага өөр өөр дүгнэлт гаргасан. Эдгээр дүгнэлт нь илт зөрүүтэй, эргэлзээтэй, энэ нь маргааны үйл баримтад хамааралтай байгаа тохиолдолд шүүхээс уг нөхцөл байдлыг тодруулаагүй атлаа дээрх байдлаар дүгнэлт хийсэн нь буруу болно.

 

Хариуцагч байгууллагын томилсон үнэлгээний байгууллагын тусгай зөвшөөрлийг нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс үнэлгээ хийх эрхтэй байсан эсэх нь эргэлзээтэй болсноос гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдснаар  хэргийн баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах болон эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/01233 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

         

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

                                                    ШҮҮГЧИД                                        Ч.ЦЭНД

 

                                      Б.НАРМАНДАХ