Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/00889

 

Г.Иын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/03039 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 422 дугаар магадлалтай,

Г.Иын нэхэмжлэлтэй

НШГАнд холбогдох

Анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ болон үнэлгээчний тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: НШГАны тасгийн дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Н.Уранчимэгийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3/1927 дугаар “Мэдэгдэл”-д төлбөр төлөгч Н.Наранцогт, Д.Аварзэд нарт 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэнийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдсэн. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээний саналыг Н.Наранцогт, Д.Аварзэд нарт мэдэгдээд бусад өмчлөгч нарт мэдэгдэхгүй байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6045 дугаар захирамжаар Н.Наранцогтоос 36 388 289 төгрөг, Д.Аварзэдээс 36 388 289 төгрөгийг гаргуулж “Газар партнерс ББСБ” ХХК-д тус тус олгуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч бидний үүргийн гүйцэтгэлд миний бие нь хамтран өмчилдөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000, Г-0000000000дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 09 дүгээр гудамны 153 тоот, 138 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 404 м.кв талбайтай газрыг барьцаалсан. Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгөөр гэрээний үүргийн биелэлтийг хангах ажиллагаа хийгдэж байгаа боловч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон 233 498 200 төгрөгийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлэхийн сацуу, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг хамтран өмчилдөг өмчлөгчийн эрхийн ноцтой зөрчиж байна. Бид анх 2014 онд тус үл хөдлөх хөрөнгө болон газрын үнийн саналыг 3.5 тэрбум төгрөгөөр өгч байсан. Гэтэл зөвхөн үл хөдлөх хөрөнгийнх нь бодит үнэд хүрэхгүй үнээр үл хөдлөх хөрөнгө болон газрыг хамтад нь үнэлсэн үндэслэлгүй байна. Үнэлгээчний тогтоосон үнэ нь анх бидний санал болгосон үнийн 20 хувьд ч хүрэхгүй байна. Мөн тус газар, үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын нэгдүгээр зэрэглэл бүхий бүсэд байрладаг, тус бүс хэсэгт 138 м.кв талбайтай орон сууцны үнэ 250 000 000-600 000 000 төгрөгийн үнэ хүрдэг. Гэтэл 138 м.кв талбайтай орон сууцны байрны үнэ хүрэхгүй үнээр үл хөдлөх хөрөнгө болон газрыг үнэлж өмчлөгч бидний эрхийг ноцтой зөрчиж байна. Мөн надаас үнийн саналыг аваагүй. Иймд анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ болон үнэлгээчний тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6045 дугаар захирамжаар Н.Наранцогтоос 36 388 289 төгрөг, Д.Аварзэдээс 36 388 289 төгрөг гаргуулж Газар партнерс ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу НШГА 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч Н.Наранцогт, Д.Аварзэд нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 9 дүгээр гудамжны 153 тоот 138 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 404 м.кв талбайтай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжилж, хураасан. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээ 233 498 200 төгрөгийн 70 хувиар тооцон 163 448 740 төгрөгөөр 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181 /Ш32017/01687 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага төлбөр төлөгч нараас барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, тус ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа тул хариуцагчийн татгалзлыг дэмжиж байна. Хэрэгт газар болон үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хоёр үнэлгээ авагдсан байгаа тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой болгож шинжээч томилуулан дахин үнэлгээ тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/03039 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.3, 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4-д заасныг баримтлан НШГАнд холбогдох, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ болон үнэлгээчний тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.Иын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Иын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 422 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/03039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь үндэслэх нь хэсэгт: “2015 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 154/6046 дугаар тогтоолоор битүүмжилж, 2015 оны 6 дугаар сарын 23-ний өдрийн 154/6048 тоот тогтоолоор хураажээ” гэж тайлбарласан байна. Гуравдагч этгээд Г.Ит уг тогтоолуудыг танилцуулаагүй, бөгөөд гуравдагч этгээд нарын эрхийг зөрчиж, барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч байхад барьцаа хөрөнгийг үнэлэх ажиллагаанд түүний эрхийн хангалгүй, үнийн санал авалгүй, оролцуулалгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, түүний эрхийг байнга хөндсөн байдаг.

 Хамгийн гол нь анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4, 37 дугаар 37.3-т заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Тухайн хуулийн заалтууд нь төлбөр авагч, төлбөр төлөгч нарын дээд шатны албан тушаалтанд болон шүүхэд гомдол гаргах хугацааг тогтоосон заалт юм. Гуравдагч этгээдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулж гомдол гаргахад 34.3 дах заалт хамаарахгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа гуравдагч этгээдэд хамаарахгүй, шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасан хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх нь дүгнэхдээ “гуравдагч этгээдийн зүгээс шүүхийн шийдвэр албадан биелүүлэх ажиллагаанд эрх хөндөгдсөн ямар ч асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж” тайлбарлаж энэхүү үндэслэлээрээ хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болно. Учир нь эрх нь хөндөгдөж буй ямар ч этгээд эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь өөрөө хувь хүний үндсэн хуульд заасан эрх билээ. Гэтэл Хөөн хэлэлцэх хугацаа гуравдагч этгээдэд хамаарахгүй гэх хуулийн агуулгыг “гуравдагч этгээд шийдвэр гүйцэтгэлтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж тайлбарласнаараа хуулийн үндсэн зарчимыг зөрчихөөс гадна хуулийг буруу тайлбарласан. Мөн анхан шатны Иргэний хуулийн 177 зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан ...тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэж заасантай нийцсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Сүхбаатар дүүргийн 11 хороо, Зүүн сэлбийн 9 дүгээр гудамжны 153 тоот, 138 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга 404 м.кв талбайтай газрыг Хөрөнгийн үнэлгээний төвийн ХХКомпанийн шинжээчийн 233.498.200 /Хоёр зуун гучин гурван сая дөрвөн зуун ерөн найман мянга хоёр зуун/ төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур болно. Тус газар, үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын нэгдүгээр зэрэглэл бүхий бүсэд байрладаг, тус бүс хэсэгт 138 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны үнэ л 250.000.000 /Хоёр зуун тавин сая/-600.000.000 /Зургаан зуун сая/ төгрөгийн үнэлгээтэй. Гэтэл нэгдүгээр зэрэглэлийн маш олон үйлчилгээний зориулалттай объектыг ийм хямдхан үнэлсэн нь хэт нэг талыг барьсан төлбөр авагчид ашигтайгаар үнэлгээ гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч өвчтэй гэж нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх хурлыг хийж байгаа нэхэмжлэгч талын мэтгэлзэх зарчмаар хангахгүй, хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлэхгүй байна. Шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Г.И нь хариуцагч НШГАнд холбогдуулан анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ болон дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6045 дугаар шүүгчийн захирамжаар А.Аварзэд, Н.Наранцогт нар 72 257 341 төгрөгийг Газар партнерс ББСБ төлөх, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн дагуу 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 154/6046 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Г.И, Д.Аварзэд, Д.Алтангэрэл, Д.Нацаг-Юм нарын хамтран өмчлөлийн үйлчилгээний зориулалттай 138 м.кв барилга, 404 м.кв газрыг битүүмжилж, 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлбөр төлөхийг мэдэгдсэн, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 153/6048 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураан авчээ.

НШГАнаас ...үл хөдлөх хөрөнгийн үнийн санал өгөхийг төлбөр төлөгч Д.Аварзэд, Н.Наранцогт, өмчлөгч Г.И, Д.Алтангэрэл, Д.Нацаг-Юм нарт мэдэгдсэн, Г.И, Д.Алтангэрэл, Д.Аварзэд нар хөрөнгийг 3 500 000 000 төгрөгөөр үнэлж, саналаа ирүүлсэн, уг саналыг төлбөр авагч Газар партнерс ББСБ ХХК зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 9 дүгээр гудамж 153 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 138 м.кв талбай бүхий барилга, 404 м.кв газрыг нийтдээ 233 498 200 төгрөгөөр үнэлж, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр уг үнэлгээг гаргажээ. Шинжээчийн үнэлгээ хийсэн ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Дуудлага худалдаанд оруулах үйлчилгээний зориулалттай барилгын хэмжээ 138 м.кв, газрын хэмжээ 404 м.кв газар байхад нэхэмжлэгч Г.Иын зүгээс дээрх эд хөрөнгийг Итгэлт Бээс ХХК-иар үнэлүүлэхдээ газрын хэмжээ 636 м.кв, үйлчилгээний барилгын хэмжээг 354 м.кв гэж хэмжиж, эд хөрөнгийг 522 000 000 төгрөгөөр үнэлсэн байх боловч уг үнэлгээнд газрын хэмжээ, үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ илүү тусгагдсан байх тул шүүх бусад баримттай харьцуулж дүгнэх боломжгүй гэж үзснийг буруутгах боломжгүй юм. Учир нь барьцааны зүйлийн хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулах тул барьцааны зүйл болох эд хөрөнгөд хамаарахгүй хэсэг барьцааны үүрэгт, улмаар үнэлгээнд хамаарахгүй болно. Иймд үнэлгээг үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/6 тоот тогтоолоор барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ. Дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн доод үнийг 70 хувиар тогтоохдоо шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчийн үнэлгээнд тулгуурласан бөгөөд шинжээчийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул доод үнийг буруу тогтоосон гэж үзэхгүй.  Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны 181/ШЗ2017/01687 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн ба анхны албадан дуудлага худалдаа явагдаагүй байна.

2017 оны 7 дугаар сарын 01-нээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ мөрдөгдөж байгаа тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа уг хуулийн дагуу явагдана. Албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан, үнэлгээний талаарх гомдлыг шийдвэрлэх шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 1 жил 5 сар болсон байх  ба шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ байдлыг анхаарч үнэлгээг дахин хийлгэх эсэх,  төлбөр төлөгч эд хөрөнгөө өөрөө борлуулах эсэхийг шийдвэрлэх боломжтой болно.

Шүүх нэхэмжлэлийн талаар шийдвэрлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/03039 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 422 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР          

                           ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА