Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2019/00105

 

Д ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00849 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1569 дүгээр магадлалтай,

            Д ийн нэхэмжлэлтэй,

            А т холбогдох

        Нэр төр сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

          Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбарт: Хүний их эмч, эмгэг судлалын профессор Д  нь 1987 оноос эхлэн эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээч эмчээр нийт 30 жил улсад ажиллаж байгаа бөгөөд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж, үнэнчээр ажиллаж байгаа. Гэтэл 2015 оны 1 сарын сүүлээр NBS телевизийн “Хуулийн цоорхой” нэвтрүүлгээр А.Төртогтох гэдэг хүнээс авилга авч шүүх эмнэлгийн хуурамч дүгнэлт гарган Л.Хүрэлбаатар гэгч гэмгүй хүнийг хилс хэрэгт оногдуулсан мэтээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр улс орон даяар нэвтрүүлж Д ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд гэм хор учруулсан. Нэвтрүүлэг хийгдсэний дараа 2015 оны 02 сарын 09-ний өдөр Авилгатай тэмцэх газарт гаргасан гомдлын дагуу зориуд худал дүгнэлт гаргасан гэсэн үндэслэлээр Д ийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж 2015 оны 03 сарын 03-ны өдөр прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хэдийгээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хэдий ч олон нийтийн дунд тарсан авилга авч, зориуд худал дүгнэлт гаргасан гэдэг ойлголт одоо хүртэл хэвээр байна. Эмч мэргэжлийн итгэлийн галыг бөхөөж үр хүүхэд, найз нөхөд, хамт олны дунд миний нэр төрийг гутаан доромжилсон А т маш их гомдож байна. Л.Хүрэлбаатарт холбогдох хэрэгт шинжээч эмчийн 2-3 дүгнэлт гарсан. Сүүлд дахин шинээр зураг авахуулан шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь хэрэгт авагдсан. Гол үндэслэл нь 2014 оны 09 сарын 23-ны өдрийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 826 тоот магадлалаар буцсан. 2015 оны 06 сарын 11-ний өдрийн 476 тоот магадлалаар шүүх шинжээч эмчийн 238, 701, 1220 тоот дүгнэлтүүд нь зөв гэж үзэж хүнд хэлбэртэй гэдгийг тогтоон яллагдагчид ялыг өгсөн байдаг. Прокурорт гомдол гаргахад 2016 оны 01 сарын 13-ны өдрийн 02 тоот прокурорын тогтоолоор ялтны хэргийг хохирогчийн биеийн байдал дээрдсэн, эдгэрсэн гэдэг үндэслэлээр ялыг өөрчилж Л.Хүрэлбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24.1.2, 208.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон. Рентгений тусгай эмч А.Төртогтохын цээжний зураг, толгойн зургийг авсан бөгөөд хавирга хугарсан гэсэн байдаг. Шүүх эмнэлгийн шинжээч эмч зургийг хараад 7-9 дүгээр хавирга битүү хугаралттай, цус хуралттай, хамрын яс цөмөрсөн гэсэн дүгнэлт хийсэн. Энэ тухай эрүүгийн хэрэгт рентгений их эмч н.Мөнхцэцэгийг байцаасан. Тэрээр тайлбартаа Багануур дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд 2014 оны 05 сарын 19-ний өдөр А.Төртогтох шүүх эмнэлгийн бичигтэйгээ цээж, толгойн рентген зураг авахуулсан бөгөөд цахим үнэмлэх авах мөнгөгүй, өвчтэй зовиуртай байсан тул бүртгэлд хамрагдаагүй зураг авсан нь үнэн болно гэсэн гэрчийн мэдүүлэг байгаа. Прокуророос шүүхийн шатанд нотлох баримтаар ирүүлсэн хохирогч А.Төгтогтохын амбулаториор эмчлүүлэгчдийн картыг толгойн болон цээжний рентген зургийг хохирогчид буцаан олголоо гэснийг шийтгэх тогтоолд хийсэн байна. Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 сарын 09-ний өдрийн 189/385 тоот тушаал болон Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд заасныг тус тус үндэслэн Д  эмч дүгнэлт гаргасан.  3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр 9 дүгээр хавирга хугарсан гэдгийг баталсан. Иймд NBS телевизийн “Хуулийн цоорхой” нэвтрүүлгийн талаар залруулга хийлгэж, ажил хэргийн нэр хүндэд халдсан тул нэр төрөө сэргээлгэх, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч А ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Л.Төртогтох нь Л.Хүрэлбаатартай согтуугаар түүний гэрийн гадаа зодолдсон байдаг. Тэрээр Д  гэдэг хүнээр гэмтлийн зэрэг тогтоолгосон байдаг. Шинжээчийн дүгнэлт дээр 7, 8, 9 дүгээр хавирга хугарсан гэдэг. Шинжээч эмчийн дүгнэлт үнэн байсан уу, худал байсан уу гэдгийг мэдэхийн тулд рентген зургийг хайхад зураг байгаагүй. Рентген зургийг Багануур дүүргийн эмнэлэгт авахуулах ёстой. Эмнэлэгт үзүүлсэн баримт байхгүй, дэвтэр дээр нь тэмдэглэгдээгүй. Гэвч нэг зураг байдаг бөгөөд энэ асуудал ямар учиртай вэ гэвэл таньдаг шүүх эмнэлэг дээр очоод юу болсон талаараа хэлэхээр нь чиний урьд нь хаагуур чинь хурагч байсан бэ гэж байгаад таамгаар шинжээч эмч Д  бичсэн байна. Энэ хүн хуучин хугаралтай хүн байсан. Дараа нь дахин шинжээч томилогдоход 7, 8, 9, биш 9, 10, 11, 12 дугаар хавирга хугарсан гэдэг дүгнэлт гарсан. Тэгэхээр Д  эмч 20-30 жил шинжээч эмчээр ажилласан юм бол ингэж андуурах ёс байхгүй. Олон жил ажилласан эмч нар рентген зураг хараад хавирганы дугаар андуурах ёс байхгүй. 2015 онд NBS телевизээр нэвтрүүлэг хийгээд өргөдөл бичиж өгсөн. Шинжээч эмчийн 7, 8, 9 дүгээр хавирга хугарлаа гэсэн худлаа дүгнэлт гаргалаа гэж нэвтрүүлсэн. Би нэвтрүүлгийг үнэн юм дээр үндэслэж хийдэг. Өнөөдрийг хүртэл 7, 8 дугаар хавирга хугарсан гэсэн баримт эрүүгийн хэрэг дотор ч байхгүй. Хаана ч байхгүй. Хэрэгсэхгүй болгосон тухай асуудал бол хэрэг байсан эсэх дээр дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Энэ бол техниктэй холбоотой зүйлээс болж хугардаг болохоос биш 2 согтуу хүн зодолдоход хугарна гэж байхгүй. Өнөөдөр би гараараа нэг хавиргыг ч цохиод хугалж чадахгүй. Хүний эрүүл ухаанд байхгүй гажиг дүгнэлт гаргасан. Үүнийг урьд өмнө нь байсан гэмтэл гээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болгоод хэрэгсэхгүй болгосон. Хоёр хүн хоорондоо муудалцахад шинжээч эмчийн дүгнэлт гаргуулаад ирсэн зүйл байсан. Д  нь тийм туршлагатай эмч юм бол ядаж рентген зураг харж байгаад дүгнэлт гаргаж болно. Тэгэхэд рентген зураг байдаггүй. Миний нэвтрүүлэгт рентген зураг байхгүй, дүгнэлт гаргасан, 7, 8 дугаар хавирга хугараагүй гэсэн. Л.Хүрэлбаатарын ар гэрийнхэн над дээр 9, 10, 11, 12 дугаар хавирга хугарсан баримт, Л.Төртогтохын очиж засвар хийсэн айлын хүний мэдүүлэг, дээр 9, 10, 11, 12 дугаар хавирга хугарсан гэсэн дүгнэлтийг үндэслээд гаргасан. Прокурорын дүгнэлт энэ хүн 7, 8 дугаар хавирга хугараагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Д  нь “рентгений эмч дээрээ очоод за чи тэгээд хэлчих, би хэрэгт орооцолдох гээд байна” гэхэд тийм байсан гэдэг мэдүүлэг өгсөн байдаг. Тэр зураг нь Л.Төртогтохын зураг гэдгийг хэн нотолж байгаа юм. Д  шиг хүнээс болоод шинжээч нарын нэр хүнд унаж байна. Иймэрхүү хүмүүсээс болоод хуульд, шинжээч нарт иргэд итгэхээ больж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                       

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00849 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д ийн хариуцагч А т холбогдуулан гаргасан А ээр түүний ашигласан мэдээллийн хэрэгслээр буцаан залруулга хийлгэж, ажил хэргийн нэр төрийг сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1569 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00849 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдолд: БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.12-ны өдрийн 101/ШШ2018/00849 тоот шийдвэр болон НИХДЗШ-ны шүүхийн 2018.07.06-ны өдрийн 1569 тоот магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой бөгөөд давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 40.1, 40.2-т заасан болон мөн хуулийн 166.4, 166.5, 169.1-д заасан журмуудыг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлалгүйгээр шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Шүүх хэргийг бүхэлд нь хянахын тулд хэрэгт буй нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, судлан, шинжилж, шийдвэрээ гаргах ёстой боловч ийм ажиллагаа хийгдээгүйг давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл нотолно. Үүнд:

1. ИХ-ийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан ... хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ." гэж заасан бол ИХ-ийн 511.1-д “Бусдын нэр төр, алдар хүндэд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.” гэж тус тус заажээ. Харин хариуцагч А  нь “Хуулийн цоорхой” гэх нэвтрүүлэгтээ “...хамгийн эхлээд шинжээч эмч Оюунгэрэл гэдэг хүн 7, 8-р хавирга нь хугараад, бүр цөмөрсөн гээд дүгнэлт байж байхын. Дараа нь өөр эмч дүгнээд 7, 8-р хавирга бол ерөөсөө хугараагүй, цав гараач үгүй 9,10-р хавирга хугарсан гэх өөр нэг юм байж байхын... Одоо хавирганы яс хугарлаа барилаа гээд рентген зураг гараад ирнэ. Тэгээд шинжээч эмч уншаад энэ хугарал нь 7 байна, 8 байна, 9, 10 тэгээд одоо хэд байдаг юм тоолоод гаргачихдаг юм. Энэ бол тэр хүмүүсийн мэргэшсэн ажил...” гэх мэдээлэл нь бодит байдалд нийцээгүй бөгөөд тэрээр уг мэдээг тараахаас өмнө үнэн зөв гэдгийг магадлан хянаж, судлаагүй нь энэхүү ярианаас ил байна. Учир нь шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээч эмч Д ийн 2014.05.20-ны өдөр гаргасан 238 тоот дүгнэлтдээ “2014.05.19-ний өдөр хамар болон цээжний рентген зурагт хамрын яс хугарсан. Таславч зүүн тийш мурийсан. Баруун талын 7,8,9-р хавирга хугарсан. Баруун талын цээжний хөндий хаалттай, бага зэрэг шингэнтэй гэсэн байна." гэж рентгений эмчийн дүгнэлтээс дурджээ. Мөн хавтаст  хэрэгт авагдсан 75-76 хуудсанд 2014.10.14-нд рентгений эмч Ш.Мөнхцэцэгийг гэрчээр байцаасан тэмдэглэл, мөн ЭМЯ дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, хүний гавьяат эмч, АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх зэргийн эмч Р.Асайн дүгнэлт, МУ-ын Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэн 2014.12.22-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт 1220,  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3-р шүүхийн 2015.02.11-ний өдрийн 17 тоот шүүх хуралдааны тэмдэглэлийн 12-р хуудасны доод талд Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Цээжний хөндийд хий, шингэн хуримтлагдаагүй бол  гэмтлийн зэрэг өөрчлөгдөх үү?” гэх асуултад, Шинжээч эмч Асайн “Энэ миний ажил биш, шүүх эмнэлгийн мэддэг зүйл” гэсэн мэдүүлэг зэрэг нь дүрс оношилгооны эмчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн, шинжээч эмч гэмтлийн зэргийг тогтоож, дүгнэлт гаргадаг болохыг эдгээр нотлох баримтууд нотолж байна.

Дүгнэлт: Хариуцагч А ийн шинжээч эмч Д  үзлэг хийхдээ хохирогчийн биеийн гаднаас уг хугарлыг таамгаар шууд тогтоодог тухай дээрх яриа нь бодит байдал дээр огт боломжгүй ба харин нарийн мэргэжлийн рентгений буюу дүрс оношилгооны эмч нар рентген зургийг харж, уншиж, дүгнэлтээ гаргадаг бөгөөд шүүхийн  шинжээч эмч Д  нь тэдний гаргасан дүгнэлтийг үндэслэн “гэмтлийн зэргийг” тогтоодог болохыг дээр дурдсан үйл явдлууд, тэдний мэдүүлгүүд зэрэг нь нотлох баримтуудын хүрээнд үнэлэгдэх ёстой.

2. Хариуцагч А  нь шүүхийн шинжээч эмч дүгнэлтээ хэрхэн гаргадаг тухай ямар ч ойлголтгүй, аливаад хандахдаа иргэдийн өгсөн мэдээллийг өөрийн харахыг хүссэн өнцгөөрөө тайлбарлаж, ямар ч судалгаагүй, цензургүйгээр нэвтрүүлэгтээ шууд тарааж буй үйлдэл нь ҮХ-ийн 16.1-д “МУ-ын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэнэ“ 1. Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 2. Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” тус тус үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ.” хэмээн заасныг зөрчиж байна. Түүнчлэн МУ-ын иргэний ёсчлон биелүүлэх үндсэн үүрэг нь ИХ-ийн 13.1, 206.1, 186.1, 186.2 гэх хэм хэмжээгээр баталгаажуулсан үнэнч шударга байх, бусдын эрхийг хамгаалах, хүндэтгэн үзэх зэрэг онцгой үүргээр зохицуулагддаг. Шударга ёс нь тухайн нийгэмд зонхилох нийгмийн ёс зүйн үнэт зүйлс бөгөөд ҮХ-ийн 14-16-р зүйлд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөний заалтуудад тусгагдсан бусдын зайлшгүй хамгаалбал зохих эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн үзэх, үнэнч шударгаар зүй зохистой харьцах явдлыг хариуцагч н.Эрдэнэбилэг “Хуулийн цоорхой" гэх нэвтрүүлгээр гаргах мэдээлэлдээ хангах үүрэгтэй. Гэтэл хариуцагчийн дээрх нэвтрүүлгээр тараасан мэдээлэл нь бодит байдалтай огт нийцэхгүй байгааг дээрх мэдээллээс цаашлан дор сийрүүлбэл:

А  “... Оюунгэрэл эмч 7,8,9 гээд 3 хавирга хугарчихсан байна. Тэгээд цөмрөөд, цөмөрснөөс болоод ... хугарчихаар ингээд нэг юм гараад ирнэ ш дээ. Энэ аваачаад гэдэс дотрыг нь цөмлөөд, өөр бусад юмнуудыг нь эвдэлж хэмхлээд цээжний хөндийгөөр дүүрэн цус хурсан гэсэн нэг ийм сонин юм гаргаад ирсэн...” гэх мэтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудад огт ийм үг өгүүлбэр байхгүй бөгөөд мэдээллээ үнэн зөв гэдгийг магадлан хяналгүй, өөрийн сонссон, харснаа энэ мэт сэтгэлийн хөөрлөөр янз бүрээр өсгөн гүтгэж, шинжээч эмч Д ийн ажил хэргийн нэр хүндэд давхар давхар халдаж, гутаан доромжилсон мэдээг тараасан. Улмаар дээрх нэвтрүүлэгтээ “Анх эрүүгийн хэрэг үүсгэж шалгахдаа 7,8,9 гэж үүсгэсэн ...Ямар рентген зураг уншсан байх уу? Огт байхгүй гэмтлийг байгаа болгож ирсэн асуудал гарч ирж байна”, “Рентген зураг уншаад хэлсэн гэж байгаа...Нэг рентген зураг нь 7,8,9 хугараад байдаг”, харин нөгөө рентген зураг нь 9,10 хугараад байдаг” гэх мэдээллээс уншихад 2 өөр хугаралтай, 2 рентген зураг байгааг “...нэг рентген зураг нь, нөгөө рентген зураг нь...” гэж тэрээр өөрөө тодорхой ярьсан атал “...Ямар рентген зураг уншсан байх уу? Огт байхгүй гэмтлийг байгаа болгож ирсэн асуудал гарч ирж байна” гэж өөрийн дээрх яриаг үгүйсгэсэн нөхцөл нь зориудаар шинжээч эмч Д ийн ажил хэргийн нэр хүндийг гутааж, гүтгэн ярьж буйн нэг жишээ юм. Хохирогчийн биед анх гэмтэл учрах үедээ авахуулсан 2014.05.19-ний өдөр хамар болон цээжний рентген зургийг нэг рентген зураг гэж хариуцагч нь нэрлэсэн байх бөгөөд нөгөө зураг гэдэгт 2014.11.03-нд авахуулсан зураг буюу 5 сарын дараа эдгэрэл явагдсан хойно авахуулсан зураг байх ба уг зургийг Асай доктор дүгнэхдээ “хавиргын дугаарыг тогтоох боломжгүй, ... хугарал баруун талын 9, 10 байх магадлалтай гэж үзэв.” гэжээ.

Тайлбар: Хохирогч Төртогтохын биед анх гэмтэл учрах үедээ авахуулсан 2014.05.19-ний цээжний рентген зургийг харж, уншиж дүрс оношилгооны эмч нар “үнэн зөв”

дүгнэлт гаргах ёстой бөгөөд сүүлд эдгэрсэн хойно авсан зургууд анхны нөхцөл байдлыг тодорхойлох боломжгүй юм. Тиймээс ч Асай докторын дээрх 2 зурагт хийсэн дүгнэлтүүд нь тухайн нөхцөл байдлыг “үнэн зөв” тодорхойлсон байдаг. Мөн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3-р шүүхийн 2015.02.11-ний өдрийн 17 тоот шүүх хуралдааны тэмдэглэлийн 13-р хуудасны доод талд Улсын яллагчийн асуултад Шинжээч эмчийн “Ямар нэг хэлбэрээр цочрол үүсч болно, хий үүснэ гэдэг чинь уушги цоорсон үед хий, шингэн үүснэ.” гэх мэдүүлэг, мөн 14 хуудсанд ШӨ-ийн асуултад шинжээч эмч “Тэдгээр нь эхний үедээ байна, харин байнга байхгүй, дараагийн зургаар цээжний хөндийд хий, шингэн арилсан байж болно. Байнга байх боломжгүй.” хэмээх мэдүүлгүүд нь рентгений эмч болон дүрс оношилгооны эмч нар хохирогчийн биед анх гэмтэл учрах үедээ авахуулсан зургийг харж, уншиж, “хугарал болон хий, шингэн буй эсэх” тухай дүгнэлт гаргадаг бөгөөд тэдний гаргасан дүгнэлтийг үндэслэн, шүүхийн шинжээч эмч хохирогчийн биед учирсан “гэмтлийн зэрэг”-ийг тодорхойлох ёстой ба хохирогчийн бие эдгэрсэн хойно авахуулсан зургаар тухайн үеийн буюу анх гэмтэл учрах үеийн гэмтлийн зэргийг хэзээ ч тодорхойлж болохгүй зүйл... хэмээх миний тайлбарыг дээрх гэрчийн мэдүүлгүүд баталж буй хэрэг юм. Цаашлаад уг нэвтрүүлэгтээ “Энэ зүгээр санаатай хэн нэгийг шалгагдахад хүн юу яах ёстой байдаг юм. Мөнгөө өгөөгүй бол, авилгаа өгөөгүй бол ингээд чихээд явуулдаг өнөөдөр Монголын практик байдаг. Магадгүй энийг ингээд энэ чигээр нь явуулчихна. Энэ чигээрээ яваад энэ хүн ялаа аваад шорондоо ороод дуусна. Араас нь яаж яваад нэмэр байхгүй. Ингээд дуусдаг. Тэгэхээр өнөөдөр энэ асуудал дээр дөнгөж сая энэ Оюунгэрэл эмчтэй холбогдуулаад АТГ-т гомдол гаргалаа. Цагийн өмнө гомдол гаргалаа...” гэсэн нь шинжээч эмч Д ийн ажил хэргийн нэр хүндийг илт гутааж, гүтгэн халдлаа. Бас үргэлжлүүлээд “Нөгөө шинжээч эмчийн дүгнэлт нь үхлийн наагуурх шарх учраас хүнд гэмтэл. Нөгөө хүн нь хүнд зодуулсан гээд байгаа өдрөөс хойш 3 хоногийн дараа 5 давхарт амьдардаг Багануурын айлд халтуурын буюу засварын ажил хийсэн... тэр дотор эд эрхтнээс цус алдаад үхэх шахсан хүн нь 5 давхар уруу өчнөөн боодол плита үүрч гаргаад тэр айлын өрөөг плитадсан. Гэрчийн мэдүүлэг өгөгдсөн байгаа..." гэх тайлбар мэдээ нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй бөгөөд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3-р шүүхийн 2015.02.11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 9-р хуудасны доод талд хохирогчийн өгсөн мэдүүлэг, мөн 15-р хуудсанд засвар хийлгэсэн айлын эзэн болох гэрчийн мэдүүлгүүдэд хохирогч 5 давхар уруу өчнөөн боодол плита үүрч гаргаад байсан тухай нэг ч нотлох үг, өгүүлбэр алга байна. Бодит нөхцөл байдалд нийцээгүй бөгөөд Д ийн ажил хэргийн нэр хүндийг гутаах гэсэн оролдлого бас нэг гүтгэлэг болсон гэж үзэж байна.

3. Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2015.12.30-ны өдрийн 32 тоот 5 дахь удаагийн дүгнэлтийг гаргасан 5 шинжээч эмч нар ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд мөн эсэх нь эргэлзээтэй. Учир нь ЭМЯ дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, хүний гавьяат эмч, АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх зэргийн эмч Р.Асай болон манай Эмгэг судлалын профессор, онош зүйн тасгийн эрхлэгч, эс судлаач, шүүхийн шинжээч эмч Д  нарын мэргэшсэн профессоруудын гаргасан дүгнэлтийг ялангуяа 5 дахь удаагийн дүгнэлтийг зарчмын хувьд ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар “үнэн, зөв эсэх" тухай үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Дээрх дүгнэлтийг судалбал хохирогчийн бие нэг жил 7 сарын дараа илт сайжирсан буюу 2015.12.21, мөн 2015.12.25 өдрүүдэд авахуулсан 2 проекцийн зургуудаар “анх учрах үе"-ийн гэмтлийг тогтоож дүгнэлт гаргасан нь мэргэшсэн эрдэмтэн профессоруудынх биш болох нь эхний нотолгоо юм. Уг дүгнэлтийн 4-р зүйлд дурдсан мэс заслын яаралтай тусламж авах гэдэг нь шүүхийн шинжээч эмчийн хийх ажил үүрэг бус. Мөн дээрх дүгнэлтийн 5 дахь заалт нь эмчилгээ хийх үүрэг нь шинжээч эмчид байхгүй, түүний гаргах дүгнэлттэй огт холбоогүй ажил. Нүдээр харж, нөхцөл байдлыг тодорхойлж болох гэмтлийг заавал шинжилгээ хийх шаардлагагүй. Мөн цээжний гялтанг гэмтээсэн гэх гэмтлийг тухайн үед рентген зургаар нарийн мэргэжлийн эмч нар болох Мөнхцэцэг, Асай нар тодорхойлсон. Тухайн үед цээжний хөндийд хий хуралдсан гэх гэмтэл амбулторын картанд бичигдээгүй байна гэсэн нь Асай эмч рентген зургаас хийг харсан байдаг, харин Мөнхцэцэг эмч бага зэрэг шингэнийг харсан нь гэмтлийн зэргийг тогтоохдоо ХЗДХЯ/ЭМЯ сайдын 189/385 тоот тушаалын 3.1.12-д “...цээж хэвлийн хөндийд цус, агаар хуралдах гэмтэл хамаарна..." заасныг үндэслэн дүгнэлт гаргасан байдаг. Дараагийн дүгнэлт гаргах үед хүн нь биеэр ирж үзүүлээгүй гэсэн нь худал бөгөөд хохирогч Төртогтох 2014.11.03-нд авахуулсан зураг буюу 6 сарын дараа эдгэрэл явагдсан хойно авахуулсан уг зургийг харж Асай доктор дүгнэлт гаргасан ба харин хохирогчийн бие бүрэн эдгэрсэн нэг жил 7сарын дараа буюу 2015.12.25 өдрүүдэд авахуулсан 2 проекцоор авахуулсан зургаар “анх гэмтэл учрах үе”-ийн гэмтлийн зэргийг тогтоох нь хамгийн эрүүл бус үйлдэл. Уг дүгнэлтэд Д ийн эмчийн үзлэгт үндэслэн дараагийн дүгнэлтүүд гарсан гэдэг нь профессор Д , доктор Асай болон бусад 8 нэр бүхий шинжээч эмч нарын нэр хүндэд бүдүүлгээр халдсан явдал болсон. Тэд өөрсдийн гаргасан дүгнэлтийг үгүйсгэснийг мэдээгүй бөгөөд нэхэмжлэгч Д  эмч анхан шатны шүүх хуралдааны өмнө л мэдсэн. Тэдэнд өөрсдийн дүгнэлтийг хамгаалах боломж олгоогүй. Төртогтохын биед тухайн үед амь насанд нь аюултай хүнд гэмтэл учирсан шинж илрээгүй байна гэсэн нь Төртогтохын бие эдгэрсэн, нэг жил 7 сарын дараа авахуулсан 2 проекцийн зургаар тодорхойлох боломжгүй. Тухайн хүнд гэмтлийг үгүйсгэж байна гэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх гэсэн оролдлого юм. Үүнийг тэрээр хохирогч Төртогтохын бие эдгэрсэн буюу нэг жил 7 сарын дараа авсан зургаар “тэдний гаргасан дүгнэлтийг тодорхойлохгүй” хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Шүүхийн шинжээч эмч профессор Д  дээрх дүгнэлтийг бодит нөхцөл байдалтай нийцэхгүй бөгөөд “үнэн, зөв” дүгнэлт биш хэмээн үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.1, 40.2-т заасныг хангаагүй, зөрчсөн хэмээн бид гомдолтой байна. Иймд ИХШХШТХ-ийн 172-р зүйлийн 172.2.2-т “Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн.” тул дээрх шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д  нь хариуцагч А т холбогдуулан ажил хэргийн нэр төрийг сэргээлгэх, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах, түүний ашигласан мэдээллийн хэрэгслээр буцаан залруулга хийлгэх шаардлага гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч, Хуулийн цоорхой нэвтрүүлгийг хөтлөн явуулахдаа шинжээч эмч Д ийн болон шинжээч эмч нарын дүгнэлтүүдийн талаар ярьсан нь үнэн, миний бие бодитой баримтад үндэслэж нэврүүлэгтээ оруулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.      

Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний 9 дүгээр гудамжинд Л.Хүрэлбаатар гэгч согтуугаар Л.Төртогтохтой маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, шинжээч эмч Д  нь Л.Төртогтохын биед үзлэг хийж, 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 238 дугаар дүгнэлт гаргаж, уг дүгнэлтэд ... Л.Төртогтохын биед баруун талын 7-9 дүгээр хавирганы битүү хугаралт баруун талын цээжний хөндийд цус хуралт хамрын ясны хугаралт, зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдож байна. Л.Төртогтохын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна ... гэж тогтоожээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Л.Төртогтохын биед учирсан гэмтлийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 701 дугаар, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1220 дугаар, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаар дүгнэлтүүд тус тус гарсан бөгөөд хамгийн сүүлийн дүгнэлт буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаар дүгнэлтээр ... Урьд гарсан дүгнэлтүүдэд дурдсан баруун талын 7,8,9-р хавирганы хугарлын ирмэг дотогш цээжний гялтанг гэмтээж цээжний хөндийд цус хуралдсан гэмтэл учирсан нь батлагдахгүй байна. Рентген зурагт баруун 9-р хавирга суганы дунд шугамаар зөрөө үүсээгүй бороололт тогтоогдсон байна. ... хяналтын зураг авч дахин уншуулсан хариуд баруун 9-р хавирганд бороололтын шугам тогтоогдсон байна. ...Гэмтлийг эхний үзлэг хийж дүгнэлт гаргасан эмч нэмэлт шинжилгээгээр баталгаажуулдаг бөгөөд дараагийн дүгнэлт гарах үед хүн нь биеэр ирж үзүүлээгүй тул Д  эмчийн үзлэгт үндэслэн дараагийн дүгнэлтүүд гарсан байна. ...Л.Төрбатын биед тухайн үед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан шинж илрээгүй байна. ... тухайн хүнд гэмтлийг үгүйсгэж байна гэжээ.

Дээрх баримтаар шинжээч эмч Д ийн дүгнэлтийг үгүйсгэсэн байх тул нэхэмжлэгчийг буруу дүгнэлт гаргасан гэх нөхцөл байдлыг мэдээлсэн хариуцагчийн үйлдлийг бодит байдлаас зөрүүтэй буюу худал, буруу гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч А  нь 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр NBS телевизийн “Хуулийн цоорхой” гэх нэвтрүүлгээр Л.Хүрэлбаатарт эрүүгийн хэрэг үүссэн болон Л.Төртогтоход учирсан гэх гэмтлийн талаар, шинжээч эмч Д ийн гаргасан дүгнэлт, бусад дүгнэлттэй холбоотой зарим нэг этгээдүүдийн нэрийг дурдан “...ажлаа зохих ёсоор хийсэнгүй, шинжээч эмч Д ийн гаргасан дүгнэлт зөрүүтэй байсан, Авилгатай тэмцэх газарт шалгуулах агуулга бүхий мэдээ, мэдээллийг цацсан нь талуудын тайлбар, хуурцагт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогджээ. /хх-55-57/

Нэхэмжлэгчийн ажил үүргийнхээ дагуу гаргасан дүгнэлт нь зөрүүтэй байсан нь CD бичлэгт байгаа хариуцагч А ийн ярьсан зүйлүүдтэй тохирч байх бөгөөд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн хийсэн мэдээлэлд дурдагдсан “... Мөнгөө өгөөгүй бол, авилгаа өгөөгүй бол ингээд чихээд явуулдаг өнөөдөр Монголын практик байдаг юм” гэснийг зөвхөн нэхэмжлэгч Д д хамааруулан, түүнийг авилга авсан гэж хэлсэн хэмээн ойлгох нь учир дутагдалтай гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.  

Нэхэмжлэгчийг Авилгатай тэмцэх газарт шалгуулах тухай ярьсныг гэмт хэрэгт шууд гүтгэсэн, нэр төрийг нь гутаасан, бодит байдалд нийцэхгүй мэдээллийг тараасан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан, бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй, худал мэдээлэл тараасан үйл баримт тогтоогдоогүй тухай анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь  Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн   гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00849 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1569 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Нэхэмжлэгч Д ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950.00 /дөрвөн зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН