Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00133

 

 

 

 

 

 

 

 

 

                          “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00453 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Сувдаад холбогдох

“796,700,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, Н.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Ц.Мөнхтүшиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч “Эрдэнэт Үйлдвэр” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 21, 24 дүгээр зүйл, Монгол Улсын төрийн өмчийн хорооны даргын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12\2496 дугаар албан бичиг болон 2012 оны 12 дугаар сарын 06, 14-ний өдрүүдийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Зөвлөлийн эчнээ хуралдааны тэмдэглэл зэргийг үндэслэн Ерөнхий захирлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар иргэн Сүрэнгийн Сувдааг компанийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчоор томилж, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр түүнтэй контракт нэртэй, компанид 2012 оны 12 дугаар сарын 28- ны өдрийн 5/402-12 дугаар бүртгэлтэй, хөдөлмөрийн гэрээг байгуулсан. С.Сувдаатай байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/402-12 бүртгэлтэй Контракт нэртэй хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр бүлэгт “Компанийн ажлын үр дүн сайн тохиолдолд, энэ контрактын дагуу компанид 3 жил ажилласны дараа, ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчид Улаанбаатар хотод 3 өрөө орон сууцыг мебелийн хамт, тухайн худалдан авах үеийн зах зээлийн ханшаар компанийн хөрөнгөөр олгох шийдвэрийг компанийн Зөвлөл гаргана” гэж заасан байна. Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажлыг үнэлж дүгнэх эрх бүхий субъект болох Компанийн Зөвлөл ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд үнэлэлт дүгнэлт гаргаагүй, С.Сувдаа компанид 3 жил ажиллаагүй, компанийн Зөвлөлийн шийдвэр гараагүй байхад С.Сувдаа өөрөө компанийг төлөөлөн Будын эх ХХК-тай гэрээ байгуулан, 796.700.000 төгрөг шилжүүлэн Улаанбаатар хотод 180,3 метр квадрат талбай бүхий 4 өрөө байр, автомашины 2 зогсоол худалдан авсан нь контрактын дээрх заалтыг илт зөрчсөн байна. С.Сувдаа Эрдэнэт үйлдвэр ХХК-д 2 жил ажилласны дараа, өөрөө компанийг төлөөлөн Будын эх ХХК-тай 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр КО 411319502 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд төлбөр болох 796.700.000 төгрөгийг нь 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1896 дугаартай төлбөрийн даалгавраар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Орхон Худалдаа хөгжлийн банк дахь 407016667 дугаар данснаас Будын эх ХХК-ийн Голомт банк дахь 2105019084 дугаар дансанд шилжүүлсэн байна. Иймд эрх бүхий байгууллагын шийдвэргүй авсан орон сууцны үнэ болох 796.700.000 /долоон зуун ерэн зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийг иргэн Сүрэнгийн Сувдаагаас гаргуулан төлүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Төлөөлөх эрхийн тухайд: Энэхүү нэхэмжлэлийг Шинэбаатар гэх хүн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны БШ-130-12/920 дугаартай Ерөнхий захирал Ц.Даваацэрэн гэх хүний гарын үсгийн тайлалтай албан бичгийн хэвлэмэл бланкыг ашиглан итгэмжлэл олгосноор шүүхэд гаргасан байна. Энэ нь уг итгэмжлэлийг Ерөнхий захирал Даваацэрэн олгоогүйг харуулж байх ба нөгөө талаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22,23-р тогтоолоор тус үйлдвэрийн Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилсон шийдвэр гарсан гэж мэдээлсэн байх бөгөөд энэ нь өмнөх Ерөнхий захирал Даваацэрэн тус үйлдвэрийг компанийн дүрэм болон Компанийн тухай хуулийн дагуу төлөөлөх эрх нь дуусгавар болсон байсныг харуулж байна.. Шинээр томилогдсон Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 2016 оны 11 дүгээр сарын 30-нд ажлаа хүлээн авсан бөгөөд тус компанийг Ц.Даваацэрэн төлөөлөх эрх 2016 оны 11 дүгээр сарын 23-нд дуусгавар болсон, шинэ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаа хүлээж авсан өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олгосон Шинэбаатар гэх гарын үсэгтэй итгэмжлэл бүхий Б.Чинбат, Н.Энхболд нарын иргэд Эрдэнэт үйлдвэрийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэл муутай байна. Иймээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төлөөлөх эрхгүй гэж үзэж байна

Нэхэмжлэлд дурдсан “...ажлыг дүгнэх эрх бүхий субъект Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зөвлөл С.Сувдаагийн ажлыг үнэлж дүгнээгүй...” гэдэг үндэслэлийн тухайд:

2016 онд зарим орлогч нарыг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш зөвлөлийн хурал болохгүй байсаар хувь нийлүүлэгч тал өөрчлөгдөж, Монгол Зэс корпорэйшн 49 хувийг худалдаж авсан байна. Өнөөдрийн байдлаар бүх орлогч нар контрактаа дүгнүүлэх хүсэлт гаргасан байна. Ажлыг үнэлж дүгнэсэн тухайд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага жил бүр нийт ажиллагсаддаа нээлттэй тайлан тавьж ажлаа дүгнүүлдэг. Үүнийг тус компаниас эрхлэн гаргасан ажлын тайлан нотолно.

Нэхэмжлэлд дурдсан “........компанид 3 жил ажиллаагүй, компанийн Зөвлөлийн шийдвэр гараагүй байхад....” гэсэн үндэслэлийн тухайд:

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Хөдөлмөрийн контрактыг байгуулахдаа хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөнлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлага зэргийг харилцан тохиролцохыг заасан байх бөгөөд 2014 оны 12 дугаар сарын эхээр Ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг хоёр жилийн хугацаанд эдийн засгийн хүнд нөхцөлд үр ашигтай, хэмнэлтийн горимоор ажиллуулж, үр дүнд хүргэж, хэмнэлт гаргасан менежментийн багийнхандаа контрактад заасан урамшуулал, хөнгөлөлт /үүнд өөрөө эрдмийн зэрэг хамгаалах болон нэг хүүхдийн баклавр болон магистрын сургалтын төлбөр, эмчилгээ, орон сууц зэрэг орно/ зэрэг нийгмийн хамгааллын пакетыг нэг мөр шийдэх шийдвэр гаргасан.

Нэхэмжлэлд дурдсан “...С.Сувдаа өөрөө “Будын эх” ХХК-тай гэрээ байгуулан орон сууцны төлбөр болох.... мөнгийг шилжүүлсэн...” гэх үндэслэлийн тухайд:

С.Сувдаа нь өөрөө дур мэдэн өөрөө өөртөө шийдвэр гаргаагүй, бусад орлогч нартай ижил хугацаанд ижил хэлбэрээр эрх бүхий удирдлагын шийдвэрээр шийдүүлсэн гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд олон нийтэд анхлан тараагдаж, ил болсон, 2014 оны 12-р сард  Даваасамбуу, Б.Алтанхуяг, Б.Намхайнямбуу, Х.Өлзий-Орших, С.Сувдаа нарын орлогч захирлууд, зарим хэлтсийн дарга /санхүүгийн хэлтсийн дарга 5 Батжаргалсайхан/ нарын орон сууцны асуудлыг шийдвэрлэсэн төлбөрийн шилжүүлгийн болон худалдагч байгууллагуудтай хийсэн орон сууцны гэрээ гэх баримтууд нотлох болно. Мөнгө төлбөрийн даалгавраар өөрөө шилжүүлсэн гэдэг дээр С.Сувдаа нь аливаа тушаал, санхүүгийн баримт дээр гарын үсэг зурдаг эрхтэй субъект биш юм. /1,2, 3 дугаар гарын үсгийг зурдаггүй/. Орлогч захирлууд орон сууц авсан орлогын татвараа өөрсдөө төлөхөөр шийдвэрлэсэн тул С.Сувдаа нь орлогын татвар болох 79 670 000 төгрөгийг 100 хувь төлсөн байна. Удирдлагын үйлдвэрийн талаар Д.Даваасамбуу, Б.Алтанхуяг, Б.Намхайнямбуу, Х.Өлзий-Орших нарын орлогч нар болон Н.Баттулга нар болон Ерөнхий захирлаар ажиллаж байсан Даваацэрэн нараас гэрчээр мэдүүлэг авч хэрэгт хавсаргах шаардлагатай гэж үзэж байна.

Нэхэмжлэлд дурдсан “...орон сууцны үнийг ...С.Сувдаагаас гаргуулан төлүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг хохиролгүй болгуулах...” гэх үндэслэлийн тухайд:

С.Сувдаатай байгуулсан контрактын 6 дээр “Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн буруутай үйл ажиллагаанаас компанид хохирол учруулсан бол хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ. Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн бурууг зөвхөн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд зөвшөөрч болно” гэсэн байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төлөөлж буй гэх нэхэмжлэгч нар үйлдвэрийн удирдлагаас өгсөн урамшууллаа яагаад буцаан төлүүлэхээр нэхэмжпэх болсон тухай болон С.Сувдаа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хохирол учруулсан гэх үндэслэлээ нотлоогүй байна. Үүнийг нэхэмжлэгч нар С Сувдаагийн ажил хэргийн нэр хүндэд халдаж, үндэслэлгүй гүтгэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00453 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1,25.3, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаарзүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,141,450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, Н.Энхболд нар давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн үнэлж дүгнээгүй, шудрага ёсны зарчмыг илтэд зөрчсөн зэрэг алдаа гаргасан байх тул уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Шудрага ёсны зарчмыг илтэд зөрчсөн тухайд: С.Сувдаа нь 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил үүрэг, гаргасан амжилтыг дүгнүүлж, баталгаажуулсан ямар ч баримт материал байхгүй, түүнчлэн шагнаж урамшуулах тухай албан ёсны шийдвэр, тушаал гаргаагүй байхад 796,700,000 төгрөг буюу ажилтны 44 жилийн дундаж цалин хөлстэй тэнцэх үнийн дүн бүхий орон сууцыг авсан нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй байна.

Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн тухайд: Орон сууц олгож болох үндэслэлийн тухайд: Компанийн ажлын үр дүн сайн байх, С.Сувдаа нь 3 жил ажилласан байх, Компанийн зөвлөл шийдвэр гаргасан байх,  Олгох орон сууцны нөхцлийн тухайд:Улаанбаатар хотод байрлалтай 3 өрөө орон сууц /мебелийн хамт/ байна.Тухайн үеийн зах зээлийн үнэ ханштай байна гэж заажээ. Гэтэл С.Сувдаа нь дээр дурдсан нөхцөл, шаардлагуудын алийг нь ч биелүүлээгүй.

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг үндэслэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлвэл уг зохицуулалтыг хэрэглэсэн тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн Эрдэнэт үйлдвэр ХХК нь хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан С.Сувдаагаас байрны үнийн дүнг буцаан шаардах эрхтэй байхыг тогтоох учиртай байтал нэхэмжлэлийн шаардлагыг уг хуулийн заалтаар хэрэгсэхгүй болгож буй нь хууль хэрэглээний ноцтой алдаа юм.

Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт ... хэргийг хянан шийдвэрлэх үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн байна. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтанд тулгуурлан, гэрч Б.Алтанхуяг, Д.Даваасамбуу нарын гэрчийн мэдүүлэгт байхгүй зүйлийг үндэслэх хэсэгт заасан нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа зөвхөн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарт үндэслэсэн байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд тайлбар гаргахдаа тайлбарынхаа үндэслэлийг нотлох баримтаар нотлоогүй байна. Хэргийн материалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн шаардлагыг хангасан нэг ч нотлох баримтыг хариуцагчийн төлөөлөгч гаргаж өгөөгүй, байхгүй болно. Ийнхүү анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн үнэлж дүгнээгүй, шудрага ёсны зарчмыг илтэд зөрчсөн зэрэг алдаа гаргасан байх тул уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шиидвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр”-ХХКомпаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, Н.Энхболд нар хариуцагч С.Сувдаагаас  180.3 м/кв талбай бүхий орон сууц, 2 автомашины гражны үнэ - 796.700.000 /долоон зуун ерөн зургаан сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь ажил олгогчоос Контрактын гэрээнд заасны дагуу урамшуулал олгож уг орон сууц, гражны үнийг тус компаниас төлсөн гэсэн үндэслэлээр шаардлагыг эс зөвшөөрч, маргажээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригын гаргасан “Эрдэнэт үйлдвэр ХХКомпаний төрөлжсөн архив, тус компаний санхүүгийн баримтыг хадгалж буй газарт үзлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг гаргуулах” тухай хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн атлаа 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 1023 дугаар захирамжийн дагуу дээрх үзлэг хийгдээгүй, нотлох баримыг ирүүлээгүй, шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт бүрдсэн гэсэн үндэслэлээр 2017 оны 2 дугаар сарын 16 өдрийн № 1090 тоот захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна./хх-ийн 58-60 тал/

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч С.Сувдаа тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар 2012 оны 12 дугаар сарын 17- ны өдрөөс эхлэн ажиллахдаа ажил олгогчтой Контрактын гэрээ байгуулж тэрээр 2013, 2014 оны ажлын тайлангаа гаргаж ажил олгогчид танилцуулж байсан ба харин ажил олгогч уг гэрээг дүгнэж, урамшууллыг хэрхэн олгох талаар зохих шийдвэр гаргаагүй байна.

Хариуцагч С.Сувдаа ажил олгогчтой байгуулсан Контрактын гэрээгээ хэрхэн биелүүлсэн болох нь тодорхой бус энэ талаарх нотлох баримт тухайлбал хариуцагч С.Сувдаагийн ажиллаж байсан хугацааны ажлын тайлан, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн дээрх урамшууллыг тус байгууллагын санхүүгийн тайланд хэрхэн тусгагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00453 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.141.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.УРАНЧИМЭГ

 

          ШҮҮГЧИД                                            Б.БАТТӨР

                                                                       Б.ОЮУНЦЭЦЭГ