Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/00502

 

“Э Ү”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/01061 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181 дүгээр магадлалтай,

“Э Ү”ХХК-ний нэхэмжлэлтэй

С.Сд холбогдох

Орон сууцны үнэ 796 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, Ц.Мөнхтүшиг, Н.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Э Ү”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 21, 24 дүгээр зүйл, Монгол Улсын төрийн өмчийн хорооны даргын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12\2496 дугаар албан бичиг болон 2012 оны 12 дугаар сарын 06, 14-ний өдрүүдийн “Э Ү”ХХК-ийн Зөвлөлийн эчнээ хуралдааны тэмдэглэл зэргийг үндэслэн Ерөнхий захирлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар иргэн Сүрэнгийн С.Сг компанийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчоор томилж, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр түүнтэй контракт нэртэй, компанид 2012 оны 12 дугаар сарын 28- ны өдрийн 5/402-12 дугаар бүртгэлтэй, хөдөлмөрийн гэрээг байгуулсан. С.Стай байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/402-12 бүртгэлтэй Контракт нэртэй хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр бүлэгт Компанийн ажлын үр дүн сайн тохиолдолд, энэ контрактын дагуу компанид 3 жил ажилласны дараа, ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчид Улаанбаатар хотод 3 өрөө орон сууцыг мебелийн хамт, тухайн худалдан авах үеийн зах зээлийн ханшаар компанийн хөрөнгөөр олгох шийдвэрийг компанийн Зөвлөл гаргана гэж заасан байна. Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажлыг үнэлж дүгнэх эрх бүхий субъект болох Компанийн Зөвлөл ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд үнэлэлт дүгнэлт гаргаагүй, С.С компанид 3 жил ажиллаагүй, компанийн Зөвлөлийн шийдвэр гараагүй байхад С.С өөрөө компанийг төлөөлөн Будын эх ХХК-тай гэрээ байгуулан, 796.700.000 төгрөг шилжүүлэн Улаанбаатар хотод 180,3 метр квадрат талбай бүхий 4 өрөө байр, автомашины 2 зогсоол худалдан авсан нь контрактын дээрх заалтыг илт зөрчсөн байна. С.С “Э Ү”ХХК-д 2 жил ажилласны дараа, өөрөө компанийг төлөөлөн Будын эх ХХК-тай 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр КО 411319502 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд төлбөр болох 796.700.000 төгрөгийг нь 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1896 дугаартай төлбөрийн даалгавраар “Э Ү”ХХК-ийн Орхон Худалдаа хөгжлийн банк дахь 407016667 дугаар данснаас Будын эх ХХК-ийн Голомт банк дахь 2105019084 дугаар дансанд шилжүүлсэн байна. Иймд эрх бүхий байгууллагын шийдвэргүй авсан орон сууцны үнэ болох 796.700.000 төгрөгийг иргэн Сүрэнгийн С.Сгаас гаргуулан төлүүлж, “Э Ү”ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.С шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан “...компанид 3 жил ажиллаагүй, компанийн Зөвлөлийн шийдвэр гараагүй байхад...” гэсэн үндэслэлийн тухайд: 2012 онд “Э Ү”ХХК-ийн Ерөнхий захирал С.Стай Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Хөдөлмөрийн контракт /Өндөр ур чадварыг ашиглах гэрээ/-ийг байгуулан ажиллаж ирсэн ба үүний агуулгыг хуульд заасны дагуу талууд өөрсдөө тодорхойлж, 4 жилийн хугацаатайгаар байгуулсан байна. Мөн ...С.С өөрөө Будын эх ХХК-тай гэрээ байгуулан орон сууцны төлбөр болох.... мөнгийг шилжүүлсэн... гэх үндэслэлийн тухайд: С.С нь өөрөө дур мэдэн өөрөө өөртөө шийдвэр гаргаагүй, бусад орлогч нартай ижил хугацаанд ижил хэлбэрээр эрх бүхий удирдлагын шийдвэрээр шийдүүлсэн гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд олон нийтэд анхлан тараагдаж, ил болсон, 2014 оны 12-р сард Даваасамбуу, Б.Алтанхуяг, Б.Намхайнямбуу, Х.Өлзий-Орших, С.С нарын орлогч захирлууд, зарим хэлтсийн дарга /санхүүгийн хэлтсийн дарга 5 Батжаргалсайхан/ нарын орон сууцны асуудлыг шийдвэрлэсэн төлбөрийн шилжүүлгийн болон худалдагч байгууллагуудтай хийсэн орон сууцны гэрээ гэх баримтууд нотлох болно. Нэхэмжлэлд дурдсан ...эрх бүхий байгууллагын шийдвэргүй авсан гэх тухайд: Гүйцэтгэх удирдлагын багийн тэдний контрактад заасан асуудлыг Ерөнхий захирал Ц.Даваацэрэн шийдвэрлэхдээ ганц С.Сд зориулсан шийдвэр гаргаагүй, нийтлэг шийдвэр гаргасан байх бөгөөд Ерөнхий захирал Ц.Даваацэрэн энэ шийдвэрийнхээ талаар 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Уурхайчин соёлын ордонд УИХ-ын дарга З.Энхболдтой хийсэн уулзалт дээр Миний өмнө хариуцлага хүлээсэн удирдлагын багтаа, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхээр нүүрээ улайлгаж явсан захирлууддаа би энэ хэмнэлтээс байр авч өгсөн. ... Өөрсдөө баялгийг бий болгоод баялгийнхаа эх үүсвэрээс урамшуулал авсан юм. Би надад оногдсон эрхийн хүрээнд шийдсэн. Нэхэмжлэлд дурдсан ...орон сууцны үнийг ...С.Сгаас гаргуулан төлүүлж, “Э Ү”ХХК-ийг хохиролгүй болгуулах... гэх үндэслэлийн тухайд: Энэ нь “Э Ү”ХХК-ийн өмнөх олон удаагийн захирлууд орлогч нарын авч байсан одоо ч авч байгаа нэгэнт тогтсон хууль зөрчөөгүй урамшуулал бөгөөд тус компанийг орон сууцны төлбөр шилжүүлэхийг адаагүй, нэхэмжлээгүй, харин Ерөнхий захирал нь хуулийн хүрээнд шийдвэрлэж олгосон урамшуулал бөгөөд үүнийг буцаан нэхэмжилж байгаа нь хуульд заасан шаардах эрхийн үндэслэлгүй нэхэмжлэл байна. Иймээс Б.Чинбат, Н.Энхболд нарын С.Сд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/01061 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.3, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “Э Ү”ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.141.450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/01061 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.Сгаас орон сууцны үнэ 796.700.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э Ү”ХХК-д олгосугай гэж, Шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаарзүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Сгаас 4.141.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э Ү”ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Э Ү”ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.141.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хулээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар хуульчилсан. Хариуцагч нь нэхэмжлэгч “Э Ү”ХХК-ийн Ерөнхий захирлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд томилогдож 12 дугаар сарын 28-ны өдөр 5/402/-12 дугаар бүртгэлтэй хөдөлмөрийн контракт байгуулж ажилласан байна. Талуудын хооронд орон сууцны төлбөрийн талаар контрактаас өөр үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон нөхцөл байдал бий болоогүй /контрактыг цуцалсан нь хууль бус болохыг Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанаар тогтоож анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон/ байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг баримтлан С.Сг “Э Ү”ХХК-д хохирол учруулсан гэж үзэн орон сууцны үнэ 796 700 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн контрактыг байгуулахдаа зохигчид хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, ажилтанд олгох урамшуулал, хангамж хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлага зэргийг харилцан тохиролцсон, “Э Ү”ХХК-ийн зөвлөл С.Сгийн ажилд үнэлэлт дүгнэлт гаргаагүй, С.С компанид 3 жил ажиллаагүй, компанийн Зөвлөлөөс орон сууц олгох тухай шийдвэр гараагүй нь хариуцагчаас шалтгаалаагүй байна. Компанийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийн дагуу хариуцагчийн орон сууцны төлбөрийг тус компанийн Санхүүгийн холбогдох албан тушаалтнууд шилжүүлсэн байдаг. Тодруулбал, тус үйлдвэрийн Гүйцэтгэх удирдлагууд 2013-2015 онуудад жил бүр ажлын тайлангаа олон нийтэд нээлттэй хэлэлцүүлсэн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг болон Ц.Даваацэрэн захирлын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Улсын их хурлын дарга З.Энхболдтой хийсэн уулзалтын бичлэгээр тус нөхцөл байдал нь нотлогддог, Давж заалдах шатны шүүх хариуцагчийн хөдөлмөрийн гэрээг дүгнэж, дуусгавар болгох нөхцөл байдал үүсээгүй байсан болон гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байх үед Ерөнхий захирал өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд 3 жилийн туршид нийтдээ 259 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан менежментийн багаа шагнахаар шийдвэрлэхдээ 5 орлогч захирлууддаа гэрээнд заасан орон сууцыг 2014 онд олгохоор шийдвэрлэснийг анхаарч үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Монгол, Оросын хамтарсан “Э Ү”ХХК-ийн ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчтой байгуулсан контрактын 4-д Хөдөлмөрийн хөлсний нөхцөл, нөхөн олговор болон хөнгөлөлтийн асуудлыг зохицуулсан бөгөөд гурван жил ажилласны дараагаар компанийн ажилд эерэг үр дүн гарсан тохиолдолд энэхүү контрактаар Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчид компанийн хөрөнгөөр тавилгатай 3 өрөө байр Улаанбаатарт худалдаж авах үеийн зах зээлийн үнээр, мөн албаны автомашиныг улсын дугаарын хамт хувийн хэрэгцээнд нь шилжүүлэх тухай шийдвэрийг компанийг Зөвлөл гаргана” гэж заасныг давж заалдах шатны шүүх гуйвуулан хариуцагч ажлын тайлан гаргаж хөдөлмөрийн гэрээг дүгнүүлээгүй хэмээн хариуцагчийг буруутгасан нь үндэслэл муутай дүгнэлт хийхэд хүргэжээ. Контрактыг дүгнүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд: Зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн контрактын харилцаа ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болсон нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байхад “Э Ү”ХХК-ийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр уг хэргийг хянан хэлэлцэж байх үед С.Сгийн нэхэмжлэлтэй, “Э Ү”ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халсан тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хянагдаж байсан ба уг хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болоогүй байхад хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үнэлж дүгнэлгүй, нэхэмжлэгч талд ашигтайгаар тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтанд үндэслэх, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тодруулбал, “Э Ү”ХХК-иас С.Сгийн орон сууцны төлбөрт Будын эх ХХК-д сайн дурын үндсэн дээр шилжүүлсэн 796 700 000 төгрөгийг “Э Ү”ХХК-ийн санхүүгийн баримтанд заасан “Хөдөлмөрийн контрактын төлбөр” гэж үзэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар С.Сгийн нэхэмжпэлтэй “Э Ү”ХХК-д холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл “Э Ү”ХХК нь С.Сг ажлаас чөлөөлсөн тухай нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/00614 дугаартай шийдвэрээр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны оны 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 143 дугаартай магадлалаар тус тус хянаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч миний гомдлоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хянаж байхад “Э Ү”ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн бүрэн үндэслэл байтал давж заалдах шатны шүүх ийнхүү үндэслэл муутай магадлал гаргаж нэхэмжлэлийг хангасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь Ерөнхий захирлын шийдвэрийн дагуу бусад 4 орлогч захирлын адил урамшуулалд хамрагдсан. “Э Ү”ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Э Ү”ХХК-ийг 2 жилийн хугацаанд эдийн засгийн хүнд нөхцөлд үр ашигтай хэмнэлтийн горимоор ажиллуулж, үр дүнд хүргэж, хэмнэлт гаргасан менежмент /удирдлага/-ийн багийнхнаа шагнаж урамшуулахаар шийдвэрлэхдээ контрактад заасан урамшуулал, хөнгөлөлтийг олгох хэлбэрээр шийдвэр гаргасан. Ерөнхий захирлын тус шийдвэрийн дагуу 2014 оны 12 дугаар сард 5 орлогч захирлууд орон сууцны асуудлаа шийдвэрлүүлсэн байдаг. Бусад орлогч захирлуудын адилаар 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №1896 дугаартай төлбөрийн даалгавраар “Будын эх” ХХК-ийн данс руу 796 700 000 төгрөгийг 1-р гарын үсэг зурах эрх бүхий этгээд болон 2-р гарын үсэг зурах эрх бүхий компанийн санхүүгийн асуудал хариуцсан этгээдүүд С.Сгийн орон сууцны төлбөр гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Харин С.С нь төлбөрийн даалгаварт гарын үсэг зурах эрх бүхий субьект биш /гарын үсэг зураагүй/ байхад хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл биш юм. Гэтэл давж заалдах шатны шүүх С.С нь “Э Ү”ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаар ажиллаж байхдаа зохих зөвшөөрөл олгогдоогүй, гэрээнд заасан болзол биелэгдээгүй байхад ...хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь тогтоогдсон хэмээн үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч ямар нэгэн зөвшөөрөлгүй дураараа аашлан, 796 700 000 төгрөгөөр орон сууц худалдаж авсан үйлдэл байхгүй юм. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид орон сууцны талаар дарамт, шахалт үзүүлж байгаагүй, энэ талаар өргөдөл, хүсэлт гаргаагүй ба нэхэмжлэгч сайн дурын үндсэн дээр тус маргаан бүхий орон сууцыг менежментын багийн шагнал урамшуулал хэлбэрээр олгосон. Хариуцагч Эрдэнэт үйлдвэрт 796 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэх баримт нотолгоо байхгүй байна. С.С энэхүү 796 700 000 төгрөгийг хариуцан төлөх, “Э Ү”ХХК-д энэ хэмжээгээр хохирол учруулсан болон мөн төлж барагдуулах субьект биш юм. Ийм байтал давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар үнэлэхгүйгээр нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэр гаргасан нь үндэслэл муутай байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслээгүй магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Э Ү”ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч С.Сгаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, 796 700 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо “...шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, …Компани 3 жилийн турш нийтдээ 259 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан тул компанийн Ерөнхий захирал бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргаж, урамшууллын мөнгийг шилжүүлсэн, ...би өөрөө дур мэдэн шилжүүлээгүй, ...хөдөлмөрийн эрх зүйн маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байхад шүүх энэ асуудлыг шийдвэрлэсэн нь буруу тул...” магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээний дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль зөрчөөгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан контрактад заасан нөхцөл, журмыг анхаарахгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

Хариуцагч С.С нэхэмжлэлийг татгалзахдаа “...өөртөө дур мэдэн шийдвэр гаргаж аваагүй, ажил олгогчтой байгуулсан контрактын гэрээний дагуу урамшуулал 796 700 000 төгрөгөөр орон сууц худалдаж авсан... гэсэн үндэслэл заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар С.С нь “Э Ү”ХХК-ийн Ерөнхий захирлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн албан тушаалд томилогдож, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажил олгогчтой контракт байгуулж ажилласан нь тогтоогдсон ба зохигчийн байгуулсан контрактын 4 дүгээр бүлэгт “...Гурван жил ажилласны дараагаар компанийн ажилд эерэг үр дүн гарсан тохиолдолд Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчид компаний хөрөнгөөр тавилгатай 3 өрөө байр Улаанбаатарт худалдаж авах үеийн зах зээлийн үнээр...авч өгөх шийдвэрийг Компанийн зөвлөл гаргана.” гэж заажээ.

Гэрээгээр тохирсон нөхцөл бий болоогүй, компаний зөвлөлийн шийдвэр гараагүй, хариуцагч С.С нь тус компанид 3 жил ажиллаагүй, 2 жил ажилласан байхад “Э Ү”ХХКомпаниас 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр орон сууц, автомашины 2 ширхэг гаражийн үнэд 796 700 000 төгрөгийг шилжүүлсэн, эдгээр хөрөнгийн өмчлөгч С.С болсон нь контрактад заасан нөхцлийг зөрчжээ. “Э Ү”ХХКомпанийн эрх бүхий этгээд санхүүгийн баримтад гарын үсэг зурж, С.Сгийн өмнөөс 796 700 000 төгрөгийг шилжүүлсэн явдалд С.Сг буруутгах үндэслэлгүй хэдий ч уг мөнгийг шилжүүлэх үндэслэлгүй байсан гэж “Э Ү”ХХКомпани маргасан тул контрактад үндэслэж, нэхэмжлэлийн талаар хууль зүйн дүгнэлт өгөх учиртай бөгөөд контрактад заасан нөхцөл бүрдээгүй тул “Э Ү”ХХКомпани нь шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

Давж заалдах шатны шүүх маргааны зүйлийг зөв тогтоож, гэрээний нөхцөл, талуудын үүргийг үндэслэлтэй тодорхойлсноос гадна хариуцагч С.С нь ажил олгогчтой байгуулсан гэрээгээ дүгнүүлж зохих урамшуулалаа авахад энэ шийдвэр саад болохгүй эрх зүйн үр дагаврыг оновчтой дүгнэсэн байна.

Зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүй харилцаа үүссэн, С.С нь контрактад заасан нөхцлийн дагуу орон сууцаар хангагдах эрхтэй байсан боловч контрактад заасан үндэслэлээс гадуур өөрийн худалдан авсан орон сууцны үнийг “Э Ү”ХХКомпаниар төлүүлснээр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу мөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл С.Сгийн өмчлөлд шилжсэн орон сууц, гаражийн үнийг “Э Ү”ХХКомпани төлсөн боловч контрактад заасны дагуу Компанийн зөвлөлийн шийдвэр гараагүй, ажилтан тус байгууллагад 3 жил ажилласан байх нөхцлийг хангаагүй тул талуудын хооронд конткрактын дагуу үүрэг үүсээгүй, улмаар хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн тул “Э Ү”ХХКомпани шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзнэ.

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 181 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 141 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА