Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2017/00453

 

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2017/00453

*******

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******д холбогдох “796,700,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Эрдэнэт Үйлдвэр ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 21, 24 дүгээр зүйл, Монгол Улсын төрийн өмчийн хорооны даргын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12\2496 дугаар албан бичиг болон 2012 оны 12 дугаар сарын 06, 14-ний өдрүүдийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Зөвлөлийн эчнээ хуралдааны тэмдэглэл зэргийг үндэслэн Ерөнхий захирлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар иргэн Сүрэнгийн Сувдааг компанийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчоор томилж, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр түүнтэй контракт нэртэй, компанид 2012 оны 12 дугаар сарын 28- ны өдрийн 5/402-12 дугаар бүртгэлтэй, хөдөлмөрийн гэрээг байгуулсан. С.Сувдаатай байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/402-12 бүртгэлтэй Контракт нэртэй хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр бүлэгт “Компанийн ажлын үр дүн сайн тохиолдолд, энэ контрактын дагуу компанид 3 жил ажилласны дараа, ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчид Улаанбаатар хотод 3 өрөө орон сууцыг мебелийн хамт, тухайн худалдан авах үеийн зах зээлийн ханшаар компанпийн хөрөнгөөр олгох шийдвэрийг компанийн Зөвлөл гаргана” гэж заасан байна. Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажлыг үнэлж дүгнэх эрх бүхий субъект болох Компанийн Зөвлөл ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд үнэлэлт дүгнэлт гаргаагүй, С.Сувдаа компанид 3 жил ажиллаагүй, компанийн Зөвлөлийн шийдвэр гараагүй байхад С.Сувдаа өөрөө компанийг төлөөлөн Будын эх ХХК-тай гэрээ байгуулан, 796700000 /долоон зуун ерэн зургаан сая долоон зуун мянга/ төгрөг шилжүүлэн Улаанбаатар хотод 180,3 метр квадрат талбай бүхий 4 өрөө байр, автомашины 2 зогсоол худалдан авсан нь контрактын дээрх заалтыг илт зөрчсөн байна. С.Сувдаа Эрдэнэт үйлдвэр ХХК-д 2 жил ажилласны дараа, өөрөө компанийг төлөөлөн Будын эх ХХК-тай 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр КО 411319502 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд төлбөр болох 796700000 /долоон зуун ерэн зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийг нь 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1896 дугаартай төлбөрийн даалгавраар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Орхон Худалдаа хөгжлийн банк дахь 407016667 дугаар данснаас Будын эх ХХК-ийн Голомт банк дахь 2105019084 дугаар дансанд шилжүүлсэн байна. Иймд эрх бүхий байгууллагын шийдвэргүй авсан орон сууцны үнэ болох 796700000 /долоон зуун ерэн зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийг иргэн Сүрэнгийн Сувдаагаас гаргуулан төлүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү

Ерөнхий захирлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/438 дугаар тушаалын хуулбар, Сүрэнгийн Сувдаатай байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 28- ны өдрийн 5/402-12 бүртгэлтэй, контракт нэртэй хөдөлмөрийн гэрээний хуулбар, түүний орчуулга, итгэмжлэл хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа болно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хуульчаар ажилладаг гэх иргэн *******, ******* нарын эхэмжлэлтэй, Шинэбаатар гэх хүний гарын үсэгтэй итгэмжлэлийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд гаргасан С.Сувдаагаас 796,700,000 /долоон зургаан сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гардаж аваад ийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү хариу г гаргаж байна.

Төлөөлөх эрхийн тухайд: Энэхүү нэхэмжлэлийг Шинэбаатар гэх хүн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны БШ-130-12/920 дугаартай Ерөнхий захирал Ц.Даваацэрэн гэх хүний гарын үсгийн тайлалтай албан бичгийн хэвлэмэл бланкыг ашиглан итгэмжлэл олгосноор шүүхэд гаргасан байна. Энэ нь уг итгэмжлэлийг Ерөнхий захирал Даваацэрэн олгоогүйг харуулж байх ба нөгөө талаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22,23-р тогтоолоор тус үйлдвэрийн Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилсон шийдвэр гарсан гэж мэдээлсэн байх бөгөөд энэ нь өмнөх Ерөнхий захирал Даваацэрэн тус үйлдвэрийг компанийн дүрэм болон Компанийн тухай хуулийн дагуу төлөөлөх эрх нь дуусгавар болсон байсныг харуулж байна.. Шинээр томилогдсон Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 2016 оны 11 дүгээр сарын 30-нд ажлаа хүлээн авсан бөгөөд тус компанийг Ц.Даваацэрэн төлөөлөх эрх 2016 оны 11 дүгээр сарын 23-нд дуусгавар болсон, шинэ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаа хүлээж авсан өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олгосон Шинэбаатар гэх гарын үсэгтэй итгэмжлэл бүхий *******, ******* нарын иргэд Эрдэнэт үйлдвэрийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэл муутай байна. Иймээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төлөөлөх эрхгүй гэж үзэж байна

Нэхэмжлэлд дурдсан “...ажлыг дүгнэх эрх бүхий субъект Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зөвлөл С.Сувдаагийн ажлыг үнэлж дүгнээгүй...” гэдэг үндэслэлийн тухайд:

2012-2016 онуудад ажиллаж байсан 5 орлогч захирлын 4 нь өөр өөр цаг хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн, Д.Даваасамбуу өнөөг хүртэл ажиллаж байгаа ч 2014 оны 12 дугаар сард орлогч захирлуудын контрактын хугацаа дуусаагүй, Зөвлөлийн хуралд орлогч захирлуудын контракт дүгнэх, аль нэг захирлын ажлыг дүгнэж, контрактыг .дуусгавар болгох санал оруулах шаардлага үүсээгүй байсан бөгөөд үйл ажиллагааны явцын дунд Ерөнхий захирал өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд шийдвэр гаргасан байна. 2016 онд зарим орлогч нарыг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш зөвлөлийн хурал болохгүй байсаар хувь нийлүүлэгч тал өөрчлөгдөж, Монгол Зэс корпорэйшн 49 хувийг худалдаж авсан байна. Өнөөдрийн байдлаар бүх орлогч нар контрактаа дүгнүүлэх хүсэлт гаргасан байна. Ажлыг үнэлж дүгнэсэн тухайд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага жил бүр нийт ажиллагсаддаа нээлттэй тайлан тавьж ажлаа дүгнүүлдэг. Үүнийг тус компаниас эрхлэн гаргасан ажлын тайлан нотолно.

Нэхэмжлэлд дурдсан “........компанид 3 жил ажиллаагүй, компанийн Зөвлөлийн

шийдвэр гараагүй байхад....” гэсэн үндэслэлийн тухайд: 2012 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал С.Сувдаатай Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Хөдөлмөрийн контракт /Өндөр ур чадварыг ашиглах гэрээ/-ийг байгуулан ажиллаж ирсэн ба үүний агуулгыг хуульд заасны дагуу талууд өөрсдөө тодорхойлж, 4 жилийн хугацаатайгаар байгуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Хөдөлмөрийн контрактыг байгуулахдаа хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөнлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлага зэргийг харилцан тохиролцохыг заасан байх бөгөөд 2014 оны 12 дугаар сарын эхээр Ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг хоёр жилийн хугацаанд эдийн засгийн хүнд нөхцөлд үр ашигтай, хэмнэлтийн горимоор ажиллуулж, үр дүнд хүргэж, хэмнэлт гаргасан менежментийн багийнхандаа контрактад заасан урамшуулал, хөнгөлөлт /үүнд өөрөө эрдмийн зэрэг хамгаалах болон нэг хүүхдийн баклавр болон магистрын сургалтын төлбөр, эмчилгээ, орон сууц зэрэг орно/ зэрэг нийгмийн хамгааллын пакетыг нэг мөр шийдэх шийдвэр гаргасан. Ерөнхий захирлын Эдийн засгийн асуудал эрхэлсэн Алтанхуягийн өрөөнд захирлуудын зөвлөлийн хурал болж байх үед энэ шийдвэрийн дагуу бүх 5 орлогч нарыг орон сууцаа сонгож, гэрээ хийх, харин хөрөнгийг нь шийдвэрлэх үүргийг Б.Алтанхуягт Ерөнхий захирал Ц.Даваацэрэн даалгасан. Тухайн өдрийн хуралд Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Даваасамбуу, Эдийн засаг эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу, Худалдаа эрхэлсэн орлогч Х.Өлзий-Орших, Ерөнхий захирлын туслах, Тамгын хэлтсийн дарга Н.Баттулга нар оролцсон. Бүх 5 орлогч нар орон сууцны асуудлаа 2014 оны 12-р сард шийдүүлсэн баримт байгаа. Зарим орлогч захирлууд орон сууцны асуудлаа үүнээс өмнө шийдүүлсэн байдаг ч С.Сувдаагийн хувьд хамгийн сүүлд нийтлэг шийдвэрийн гарсны дараа бусад гүйцэтгэх удирдлагатайгаа хамт шийдүүлсэн баримт тус компанид хадгалагдаж байгаа талаарх мэдээллийг хариуцагч өгч байна.

Нэхэмжлэлд дурдсан “...С.Сувдаа өөрөө “Будын эх” ХХК-тай гэрээ байгуулан

орон сууцны төлбөр болох.... мөнгийг шилжүүлсэн...” гэх үндэслэлийн тухайд: С.Сувдаа нь өөрөө дур мэдэн өөрөө өөртөө шийдвэр гаргаагүй, бусад орлогч нартай ижил хугацаанд ижил хэлбэрээр эрх бүхий удирдлагын шийдвэрээр шийдүүлсэн гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд олон нийтэд анхлан тараагдаж, ил болсон, 2014 оны 12-р сард  Даваасамбуу, Б.Алтанхуяг, Б.Намхайнямбуу, Х.Өлзий-Орших, С.Сувдаа нарын орлогч захирлууд, зарим хэлтсийн дарга /санхүүгийн хэлтсийн дарга 5 Батжаргалсайхан/ нарын орон сууцны асуудлыг шийдвэрлэсэн төлбөрийн шилжүүлгийн болон худалдагч байгууллагуудтай хийсэн орон сууцны гэрээ гэх баримтууд нотлох болно. Мөнгө төлбөрийн даалгавраар өөрөө шилжүүлсэн гэдэг дээр С.Сувдаа нь аливаа тушаал, санхүүгийн баримт дээр гарын үсэг зурдаг эрхтэй субъект биш юм. /1,2, 3 дугаар гарын үсгийг зурдаггүй/. Орлогч захирлууд орон сууц авсан орлогын татвараа өөрсдөө төлөхөөр шийдвэрлэсэн тул С.Сувдаа нь орлогын татвар болох 79 670 000 төгрөгийг 100 хувь төлсөн байна. Удирдлагын үйлдвэрийн талаар Д.Даваасамбуу, Б.Алтанхуяг, Б.Намхайнямбуу, Х.Өлзий-Орших нарын орлогч нар болон Н.Баттулга нар болон Ерөнхий захирлаар ажиллаж байсан Даваацэрэн нараас гэрчээр мэдүүлэг авч хэрэгт хавсаргах шаардлагатай гэж үзэж байна.

Нэхэмжлэлд дурдсан “...эрх бүхий байгууллагын шийдвэргүй авсан” гэх тухайд:  Гүйцэтгэх удирдлагын багийн тэдний контрактад заасан зсуудлыг Ерөнхий захирал Ц.Даваацэрэн шийдвэрлэхдээ ганц С.Сувдаад зориулсан шийдвэр гаргаагүй, нийтлэг шийдвэр гаргасан байх бөгөөд Ерөнхий захирал Ц.Даваацэрэн энэ шийдвэрийнхээ талаар 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Уурхайчин соёлын ордонд УИХ-ын дарга З.Энхболдтой хийсэн уулзалт дээр Миний өмнө хариуцлага хүлээсэн удирдлагын багтаа, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхээр нүүрээ улайлгаж явсан захирлууддаа би энэ хэмнэлтээс байр авч өгсөн. ... Өөрсдөө баялгийг бий болгоод баялгийнхаа эх үүсвэрээс урамшуулал авсан юм. Би надад оногдсон эрхийн хүрээнд шийдсэн. Хаана ч хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэсэн тайлбар өгсөн байдаг. 2016 оны 3-р сарын сүүлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх удирдлагууд болон зарим хэлтсийн дарга нарт олгосон цалин урамшуулал, орон байрны асуудлаар олон нийтийн цахим сүлжээгээр ташаа мэдээллүүд цацагдаж, Сангийн сайдын 2016 оны 04дүгээр сарын 19-ний өдрийн 143 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, 5 хоног хэсэгчилсэн хяналт мониторинг хийсэн бөгөөд Ажлын хэсгийг Сангийн яамны Төрийн өмчин удирдлага, тооллого, бүртгэл, хяналтын газрын дарга Б.Шинэбаатар ахалсан бөгөөд одоо Б.Шинэбаатар ‘Эрдэнэт үйлдвэр “ХХК-ийн Нэгдүгээр орлогчоор ажиллаж байна. Энэ ажлын хэсгийн дүгнэлт бүхий тайланг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас нотлох баримтаар гаргуулж авах зүйтэй байна.

Нэхэмжлэлд дурдсан “...орон сууцны үнийг ...С.Сувдаагаас гаргуулан төлүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг хохиролгүй болгуулах...” гэх үндэслэлийн тухайд:

С.Сувдаатай байгуулсан контрактын 6 дээр “Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн буруутай үйл ажиллагаанаас компанид хохирол учруулсан бол хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ. Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн бурууг зөвхөн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд зөвшөөрч болно” гэсэн байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төлөөлж буй гэх нэхэмжлэгч нар үйлдвэрийн удирдлагаас өгсөн урамшууллаа яагаад буцаан төлүүлэхээр нэхэмжпэх болсон тухай болон С.Сувдаа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хохирол учруулсан гэх үндэслэлээ нотлоогүй байна. Үүнийг нэхэмжлэгч нар С Сувдаагийн ажил хэргийн нэр хүндэд халдаж, үндэслэлгүй гүтгэсэн гэж үзэж бейна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг эдийн засгийн хүнд нөхцөлд маш амжилттай удирдаж, менежментийн багаа зөв зохион байгуулж, үр ашигтай, хэмнэлттэй ажиллуулж чадсан Ерөнхий захирал Ц.Даваацэрэн өөрийнхөө гаргасан шийдвэрээ өөрөө шүүхэд өгөх үндэслэлгүй тул түүний нэрийг төлөөлж Шинэбаатар гэх хүний гарын үсэгтэй итгэмжлэл бүхий *******, ******* нарын иргэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төлөөлөн гаргасан нэхэмжлэл нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагын шийдвэр байсан гэх үндэслэл муутай байна. Нөгөө талаас миний үйлчлүүлэгч С.Сувдаа нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гомдлоор шүүхэд хандсан бөгөөд “Эрдэнэт уйлдвэр” ХХК-д хохирол учруулсан гэсэн үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж, С.Сувдаад өөрт нь уг асуудлаар албан мэдэгдэл илгээж түүнийг сүрдүүлэх оролдлого хийлээ гэж үзэж байна. Энэ нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өмнөх олон удаагийн захирлууд орлогч нарын авч байсан одоо ч авч байгаа нэгэнт тогтсон хууль зөрчөөгүй урамшуулал бөгөөд тус компанийг орон сууцны төлбөр шилжүүлэхийг адаагүй, нэхэмжлээгүй, харин Ерөнхий захирал нь хуулийн хүрээнд шийдвэрлэж олгосон урамшуулал бөгөөд үүнийг буцаан нэхэмжилж байгаа нь хуульд заасан шаардах эрхийн үндэслэлгүй нэхэмжпэл байна.

Иймээс *******, ******* нарын С.Сувдаад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

                                                               ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь хариуцагч С.Сувдаагаас эрх бүхий байгууллагын шийдвэргүй авсан орон сууцны үнэ болох 796,700,000 /долоон зуун ерэн зургаан сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна.

Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь хариуцагч С.Сувдааг Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 21, 24 дүгээр зүйл, Монгол Улсын төрийн өмчийн хорооны даргын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12\2496 дугаар албан бичиг болон 2012 оны 12 дугаар сарын 06, 14-ний өдрүүдийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Зөвлөлийн эчнээ хуралдааны тэмдэглэл зэргийг үндэслэн Ерөнхий захирлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар компанийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчоор томилж, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр түүнтэй контракт нэртэй, 2012 оны 12 дугаар сарын 28- ны өдрийн 5/402-12 дугаар бүртгэлтэй, хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллуулах болсон байна.

              Нэхэмжлэгч нь хариуцагчтай Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д “ Хөдөлмөрийн контрактыг байгуулахдаа хугацаа,ажилтны гүйцэтгэх ажлын үр дүн,ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг,ажилтанд олгох урамшуулал,хангамж хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн,ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлага зэргийг харилцан тохирно” гэж заасныг баримтлан түүнд олгох урамшуулал,хангамж хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн,ашгаас олгох хувь хэмжээний талаар харилцан тохиролцсон байна.

             2014 оны 12 дугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ныг 2 жилийн хугацаанд эдийн засгийн хүнд нөхцөлд үр ашигтай хэмнэлтийн горимоор ажиллуулж,үр дүнд хүргэж,хэмнэлт гаргасан менежментийн багийнханд контрактад заасан урамшуулал, хөнгөлөлт үзүүлэх шийдвэр  гаргасан.

            Ерөнхий  захиралын эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Б.Алтанхуягийн өрөөнд захиралуудын зөвлөлийн хурал болж байх үед энэ шийдвэрийн дагуу Ерөнхий захиралын 5-н орлогч захиралыг орон сууцаа сонгож гэрээ хийх ,харин хөрөнгийг нь шийдвэрлэх үүргийг Б.Алтанхуягт даалгасан. болох нь гэрч Б.Алтанхуяг, Д.Даваасамбуу нарын мэдүүлгээр батлагдаж байна.

Үүний дагуу хариуцагч С.Сувдаа нь  “Будын Эх” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж  Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Их Монгол Улс гудамжинд байрлах Ривер гарден цогцолбор хотхонд 180.3 м.кв талбай бүхий орон сууцыг захиалж,нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК  орон сууцны төлбөр 796.700.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Будын Эх ХХК-ны дансанд шилжүүлсэн болох нь 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1896 дугаартай төлбөрийн даалгавар, зохигчдын тайлбар, гэрч Б.Алтанхуяг, Д.Даваасамбуу нарын мэдүүлгээр батлагдаж байна.

             Нэхэмжлэгч нь С.Сувдаатай байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/402-12 бүртгэлтэй Контракт нэртэй хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр бүлэгт “Компанийн ажлын үр дүн сайн тохиолдолд, энэ контрактын дагуу компанид 3 жил ажилласны дараа, ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчид Улаанбаатар хотод 3 өрөө орон сууцыг мебелийн хамт, тухайн худалдан авах үеийн зах зээлийн ханшаар компанийн хөрөнгөөр олгох шийдвэрийг компанийн Зөвлөл гаргана” гэж заасан.            

            Гэтэл Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажлыг үнэлж дүгнэх эрх бүхий субъект болох Компанийн Зөвлөл ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд үнэлэлт дүгнэлт гаргаагүй, С.Сувдаа компанид 3 жил ажиллаагүй, компанийн Зөвлөлийн шийдвэр гараагүй байхад С.Сувдаа өөрөө компанийг төлөөлөн Будын эх ХХК-тай гэрээ байгуулан, 796700000 /долоон зуун ерэн зургаан сая долоон зуун мянга/ төгрөг шилжүүлэн Улаанбаатар хотод 180,3 метр квадрат талбай бүхий 4 өрөө байр, автомашины 2 зогсоол худалдан авсан нь контрактын дээрх заалтыг илт зөрчсөн гэж үзэн орон сууцны үнийг буцаан гаргуулах шаардлагаа үндэслэж байна.

             Гэвч  хариуцагч С.Сувдаа нь Ерөнхий захиралын  шийдвэрийн  дагуу худалдан авах орон сууцаа сонгож Будын эх ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр № RG 411319502 дугаартай гэрээг өөрийн нэрээр байгуулан гарын үсэг зурсан байх бөгөөд нэхэмжлэгч түүнийг компаныг төлөөлөн гэрээ  байгуулсан гэж байгаа нь үндэслэлгүй  байна.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч нь төлбөр болох 796,700,000 /долоон зуун ерэн зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1896 дугаартай төлбөрийн даалгавраар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Орхон Худалдаа хөгжлийн банк дахь 407016667 дугаар данснаас “Будын эх” ХХК-ийн Голомт банк дахь 2105019084 дугаар дансанд шилжүүлсэн, хариуцагч С.Сувдаа энэ талаар эрх мэдэл албан тушаалаа ашиглан,мөнгө шилжүүлэх шийдвэр гаргасан,төлбөрийн баримтанд гарын үсэг зурсан, эсхүл худал хэлж хууран мэхэлсэн үйлдэл тогтоогдохгүй байна.

 

              Иймд хариуцагч С.Сувдааг орон сууцны үнэ болох 796,700,000 /долоон зуун ерэн зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийг эрх бүхий байгууллагын шийдвэргүй авч, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг хохироосон гэж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Хариуцагч С.Сувдаа нь Эрдэнэт үйлдвэрт контрактын дагуу ажиллаж байхдаа Ерөнхий захирлын шийдвэрээр бусад 4-н захиралын адил урамшуулалд хамрагдан нэхэмжлэгч түүнийг шагнаж урамшуулан дээрх орон сууцыг сайн дурын үндсэн дээр түүнд олгосон байх тул буцаан шаардах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Тэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д контрактын гэрээний дагуу нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захиралаар ажиллаж байсан болох нь 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/438 дугаар тушаалын хуулбар, Сүрэнгийн Сувдаатай байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/402-12 бүртгэлтэй, контракт нэртэй хөдөлмөрийн гэрээний хуулбар, түүний орчуулга,зэрэг  нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажлыг үнэлж дүгнэх эрх бүхий субъект болох Компанийн Зөвлөл ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд үнэлэлт дүгнэлт гаргаагүй, С.Сувдаа компанид 3 жил ажиллаагүй, компанийн Зөвлөлийн шийдвэр гараагүй байхад С.Сувдаа дээрх орон сууцыг авсан гэж байгаа боловч хариуцагчийн ажлыг үнэлж дүгнээгүй,Зөвлөлийн шийдвэр гараагүй нь хариуцагчаас шалтгаалаагүй байна.

 

            “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22,23 тоот тогтоолоор тус үйлдвэрийн захиралаар Х.Бадамсүрэнг томилсон шийдвэр гарсан гэж мэдээлсэн байх бөгөөд тэрээр 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаа хүлээн авч хуучин  ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн компаныг төлөөлөх эрх 2016-11-23-ны өдөр дуусгавар болсон байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн гэж Г.Шинэбаатар гарын үсэг зурсан итгэмжлэл нь шаардлага хангаагүй Ц.Даваацэрэн компаныг төлөөлж хүсэл зоригоо илэрхийлэн итгэмжлэл олгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Хэрвээ нэхэмжлэгч нь буруу шийдвэр гаргасаны улмаас компанид хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохиролоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй байх бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны тухайн үед гаргасан шийдвэрийг  хариуцагч С.Сувдаа хариуцах үндэсгүй байна.  Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.   

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1,25.3, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаарзүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,141,450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Б.БЯМБАСҮРЭН