| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 105/2016/0252/э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2017-03-15 |
| Зүйл хэсэг | 215.4., |
| Улсын яллагч | Ш.Эрдэнэбилэг |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 64
Б.Ган-Эрдэнэд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
шүүгч Б.Батцэрэн даргалж,
шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор Ш.Эрдэнэбилэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Баасандорж,
нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоол,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар магадлалтай, 201624000649 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Баасандорж нарын гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2004 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, биечлэн эдлэх ялыг 4 жил хорих ялаар тогтоосон, 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдөр эдлээгүй үлдсэн 6 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж, суллагдсан, Боржин овогт Баяраагийн Ган-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хөнгөн, хүнд гэмтэл учирч, бусдын амь нас хохирсон” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ган-Эрдэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон, бусдын бие махбодид хүнд, хөнгөн гэмтэл, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар Б.Ган-Эрдэнэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандорж, Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Баасандорж нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Х.Даваахүү хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг үнэн зөв, тал бүрээс нь шалгаж тогтоогоогүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг зөрчиж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Тухайлбал Ган-Эрдэнийн жолоодож явсан автобусанд 0,3 метр тоормозны мөр гарсан байхад жолооч Дашнямын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд ямар ч тоормозны мөр байхгүй байгаа нь “аюул саад тулгарсан үед зогсоох арга хэмжээ авна” гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 9.1-д заасан заалтыг зөрчсөн нь тодорхой харагддаг. Автобусны тоормозны мөр 0,3 м байхад хурд нь 6,6 км/цаг байна. Хохирогчийн машины мөр байхгүй ч гэсэн бичлэгээр эхний автобусыг мөргөөд хоёр дахь автобусыг мөргөсөн хугацаа байдаг бөгөөд туулсан замын урт нь 14,4 метр байгаа. Иймд хурдыг бодож олох боломжтой байхад шинжээчид хурдыг тогтоох боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Т.Дашнямд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг Ган-Эрдэнэ болон бусад оролцогч нарт танилцуулж гомдол гаргах эрхийг хангаагүй. Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд иргэний хариуцагч автобусыг эзэмшигч байгууллага Зорчигч тээврийн нэгтгэлийн төлөөлөгчийг оролцуулах хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг тусгайлан авч хэлэлцээгүй. Ган-Эрдэнэ шийтгэх тогтоолд заасан хохирогч нарт төлөх төлбөрийг төлсөн. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж техникийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулах хүсэлтийг хүлээн авна уу. Хэрэгт авагдсан си ди-ний бичлэгт хэргийн гол үйл баримт харагдахгүй байгааг анхаарч үзнэ үү ...” гэв.
Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баасандорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон нөхцөл байдал нь хэт нэг талыг барьсан, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаагүй байхад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолд Б.Ган-Эрдэнийн жолоодож явсан автобус нь Дашнямын жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, учир нь Дашнямын жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь Б.Ган-Эрдэнийн жолоодон явсан автобусыг мөргөсөн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр нотлогддог. Шийтгэх тогтоолын үндэслэл болсон 475 дугаар шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт “Дашнямыг замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй” гэдэг бөгөөд энэ машинд 7 зорчигч зорчин явсан, урд суудалд бага насны хүүхдийг ямар ч хамгаалалтын бүс, тусгай зориулалтын суудал хэрэглэхгүйгээр өвөр дээрээ авч явсан нь хохирогч нарын мэдүүлгээр нотлогддог. Дашням нь үзэгдэх орчин чөлөөтэй байхад зогсоох арга хэмжээ огт аваагүй болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тоормозны мөр гараагүй байгаагаар харагддаг. Дашнямын жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох ажиллагаа хийгээгүй, түүнчлэн суудлын тэрэг автобусыг мөргөөд цааш 10 гаруй метрийн цаана өөр автобус мөргөөд зогссон байгаагаас дүгнэвэл Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтыг зөрчсөн нь харагдаж байхад энэ талаар шинжээчээс асуугаагүй, шинжээч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 162 дугаар зүйлийн 162.3 дахь хэсэгт заасан “асуулт тавигдаагүй байсан ч өөрийнхөө дүгнэлтэд заах үүрэгтэй” гэснийг зөрчсөн. Энэ нь мөрдөн байцаалтыг бүрэн гүйцэд хийсэн гэж үзэх боломжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, хэт нэг талыг барьсан, хэрэг гарсан байдлыг үнэн зөв тогтоох хуулийн шаардлагыг зөрчин, улмаар шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэн, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Иргэний хариуцагчаар татагдсан оролцогчид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.4-т заасан эрхийг эдлүүлээгүй, 212 дугаар зүйлийн 212.1, 212.2 дахь хэсэгт заасан ажиллагаа хийгээгүй, хэргийн материалын холбогдох хэсэгтэй танилцуулаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаагүй, өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан байдал, зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үндсэн шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй, мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд хийгээгүй байхад шүүх хэргийг хүлээн авч эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор хийгдсэн 475 дугаартай шинжээчийн дүгнэлт нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнийг тоочсон боловч уг осол гарахад нөлөөлсөн үндсэн шалтгааныг нарийвчлан тогтоож чадаагүй байна. Шинжээчийн дүгнэлт нь зам тээврийн ослын талаарх нөхцөл байдал, бүдүүвч зураг, хэмжилт зэрэгт тулгуурлан осол гарсан үндсэн шалтгааныг тодорхойлж, түүнийгээ физик, техникийн шинжлэх ухааны үндэслэлээр нотолсон тохиолдолд нотлох баримтын хэмжээнд тооцогдоно. Иймд зам тээврийн ослын дүгнэлтийг хөндлөнгийн байгууллага болох ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн шинжлэх ухааны эрдэмтэн, профессорын багийн бүрэлдэхүүнтэйгээр дахин гаргуулж, ослын үндсэн шалтгааныг тогтоосны үндсэн дээр холбогдох мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийж, гэм бурууг үндэслэлтэй зөв тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй тул шийтгэх тогтоол магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.
Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Б.Ган-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 3 хүний амь нас хохирч, 1 хүний биед хүнд, 3 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд хангалттай нотлогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн урд замд Зорчигч тээврийн нэгтгэлийн эзэмшлийн автобусыг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасныг зөрчсөний улмаас Т.Дашнямын жолоодож явсан Тоёота Креста маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Г.Загаржаргал, Б.Лхагвадулам, Б.Дөлгөөн-Од нарын амь насыг хохироон, зорчигч М.Батчимэгийн биед хүнд, У.Чанцалтогтох, Т.Дашням, Д.Мишээл нарын биед хөнгөн гэмтэл, бусдын эд хөрөнгөд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх Б.Ган-Эрдэнийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 3 хүний амь нас хохирсон үйл баримтад үндэслэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар зөв зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор оногдуулсан ял нь түүний гэм буруу, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохирчээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагагүй гэж үзэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн, эсхүл сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдал болон зөрчил тогтоогдохгүй байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд “... иргэний хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй ...” талаар дурьдагдсан бөгөөд давж заалдах шатны шүүх энэхүү гомдлын хэсгийг хэрхэн, ямар үндэслэлээр хангаагүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзсэн тул хяналтын шатны шүүх энэ талаар давтан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Баасандорж нарын “... дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ...” тухай гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Баасандорж нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ