Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 402

 

Хэнтий аймгийн Ардчилсан намын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Октябрь нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 653 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Хэнтий аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 154.4, 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.1, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т тус тус заасныг баримтлан Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Хэрлэн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” №03 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Ө.Цогбадрахыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 653 дугаар магадлалаар: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.1...” гэснийг “...Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.2...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цогбадрах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №03 тоот тогтоол нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байдаг. Хэнтий аймгийн Ардчилсан намаас нэр дэвшигч Ө.Цогбадрах нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг аймгийн иргэдийн хуралд гаргасан бөгөөд тус хурлын зүгээс хүсэлтийг тухайн өдөр хүлээн авч шийдвэрлэсэн ба Ө.Цогбадрахыг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. Ө.Цогбадрахын 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтэд ажлаас чөлөөлөгдөх болон ажил хүлээлцэх тухай хугацааг тодорхой заагаагүй ба хүсэлтийг шийдвэрлэх тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд мөн оролцоогүй байдаг. Гэвч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Ө.Цогбадрахын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг гаргахдаа ажил хүлээлгэн өгөх болон ажлаас чөлөөлөх хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хэмээн дур мэдэн тогтоосон ба ийнхүү дур мэдэн тогтоосон болох нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогддог.

Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг гаргасан ба энэхүү хугацааны цалин хөлсийг нь Ө.Цогбадрахын картын дансанд шилжүүлсэн байсан. Гэтэл хариуцагч Хэрлэн сумын сонгуулийн хорооны зүгээс нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Ө.Цогбадрахыг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсэн хэмээн хууль зүйн үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсан ба шүүхийн зүгээс ч мөн маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, дээрх шийдвэрийг гаргасан.

Шүүхийн зүгээс дээрх нөхцөл байдлыг дүгнэхдээ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг үндэслэсэн. Гэтэл Ө.Цогбадрах нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасны дагуу эрүүл мэндийн шалтгааны улмаас төрийн албанаас чөлөөлөгдөж буй этгээд юм.

Нөгөөтэйгүүр шүүхийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2 дахь хэсгийг тус тус үндэслэсэн ажил үүргээ гүйцэтгэж байсан нотлогдож байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2 дахь хэсгийн зохицуулалт нь ажлаас халах тухай хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хэм хэмжээ бөгөөд ажлаас чөлөөлөгдөх эрх зүйн харилцаанд хэрэглэгдэхгүй бөгөөд Ө.Цогбадрахаас гаргасан өргөдөл болон хурлын хуралдааны тэмдэглэлд зэргээс үзэхэд Ө.Цогбадрах нь ажлаас нэн даруй чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаас биш 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй. Ө.Цогбадрахаас 2016 оны 8 дугаар сарын 19-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан нь түүнийг ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд захиргааны зүгээс төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээрх байдлаар хөндөж, ажлаас чөлөөлөх хугацааг дур мэдэн тогтоож болохгүй юм.

2. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т "нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй" бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахаар хуульчилсан. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т хуульчилсан. Харин Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан зохицуулалт нь нэр дэвшигчид тавигдах нийтлэг, эсхүл тусгайлсан шаардлага биш юм. Нэр дэвшүүлж буй намын зүгээс сонгуульд оролцохоо илэрхийлсэн нэр дэвшигчдийн баримтуудыг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасны дагуу сумын сонгуулийн хороонд ирүүлэх ба сумын сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157.2-т заасан баримт бичгийг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасан намаас бүрдүүлж, сумын сонгуулийн хороо шалгах нэр бүхий 7 төрлийн бөгөөд баримт бичигт Сонгуулийн тухай хуулийн 154.4-т заасан баримт бичгийг сумын сонгуулийн хороонд ирүүлэх талаар хуульчлаагүй.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад “Ө.Цогбадрах нь 2016 оны 8 дугаар сарын 19-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн бол түүнийг нэр дэвшигчээр бүртгэх хууль зүйн боломжтой байсан. Хэрлэн сумын тухайд нийт 3 нэр дэвшигч дээрх байдлаар бүртгэгдсэн” хэмээн тайлбар гаргасан байдаг.

Тухайн орон нутагт сонгуулийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж буй сумын сонгуулийн хорооны зүгээс 2016 оны 8 дугаар сарын 19-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн бусад төрийн жинхэнэ албан хаагчдыг бүртгэсэн атлаа Ө.Цогбадрахыг уг өдөр ажлаас чөлөөлөгдөөгүй тул бүртгээгүй, мөн өдөр чөлөөлөгдсөн бол бүртгэх ёстой байсан хэмээн эрх тэгш бус хандаж буй нь ойлгомжгүй бөгөөд Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан тэгш байх зарчмыг ноцтой зөрчөөд байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 154.4, 157 дугаар зүйлийн 157.2, 158 дугаар зүйлийн 158.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан зохицуулалтуудыг тус тус буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй ба иргэн Ө.Цогбадрахын Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгогдох үндсэн эрхийг ноцтой зөрчөөд байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Ардчилсан намаас тус аймгийн Хэрлэн сумын Сонгуулийн хороонд холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 3 дугаар тогтоолын Ө.Цогбадрахад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, түүнийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Маргаан бүхий тогтоолоор “төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаагүй” гэсэн үндэслэлээр Ардчилсан намаас нэр дэвшигч Ө.Цогбадрахыг Иргэдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байх бөгөөд нэхэмжлэгчээс “хуулийн хугацаанд төрийн албан хаагч бус иргэн хүний хувьд нэр дэвшүүлсэн” гэж маргажээ.

Ө.Цогбадрах нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд биеийн эрүүл мэндийн шалтгаанаар 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар тогтоолоор 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11 дэх хэсэгт зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал байх бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар төрийн захиргааны албан хаагч нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ёстой.

Гэтэл нэхэмжлэгч нь хуулийн энэхүү шаардлагыг биелүүлээгүй, хуульд заасан хугацаанд төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байх тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан захиргааны байгууллагын шийдвэр хуульд нийцжээ.

Нэхэмжлэгчээс “төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн байсан” гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийн дээрх заалтад төрийн албан хаагч хэрвээ улс төрийн сонгуульд оролцохыг хүсвэл хэзээ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргах талаар хугацааг тодорхой хуульчилсан нэхэмжлэгч нь хуульд заасан тодорхой хугацаа буюу 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй буюу 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гаргасан байх тул түүнийг нэр дэвшигчээр бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “адил хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн бусад нэр дэвшигчийг бүртгэсэн” гэх тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө чөлөөлөгдөх өргөдлөө гаргахаар зохицуулсан.

Гэвч сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг Сонгуулийн ерөнхий хуулиар зохицуулсан тул илүү нарийвчилсан зохицуулалт агуулсан Сонгуулийн ерөнхий хуульд заасан хугацааг энэхүү маргаанд хэрэглэх ёстой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэхээр заасан байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 653 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ