Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00187

 

Т ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

        Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02379 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2439 дүгээр магадлалтай,

   Т ын нэхэмжлэлтэй,

            “МИАТ” ТӨХК-д холбогдох

          “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай 03/18 тоот тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т  нь “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 10 сарын 19-ний өдрийн 14/15 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад ТУЗ-ийн 2018 оны 04 сарын 19-ний өдрийн гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай 03/18 дугаар тогтоолоор үүрэгт ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Т тай 2017 оны 05 сарын 16-ны өдөр “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга 1/17 тоот контрактын гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2018 оны 05 сарын 16-ны өдөр дуусгавар болох байсан. Гэвч Зам тээврийн хөгжлийн сайдаас Т ыг удаа дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгөхийг шаардаж биечлэн уулзаж байсан тул тэрээр ажлаа хэвийн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болж, арга буюу ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө удирдах албан тушаалтны шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцооноос хамаарч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга, “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга нарт гаргасан. Т ын контрактын гэрээний хугацаа дуусгавар болоогүй, тэрээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байхад дараагийн хүнийг томилох асуудлыг ярьж, шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Т ыг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэж маргадаг боловч нэхэмжлэгч талаас шахалт үзүүлсний улмаас өргөдөл гаргах болсон гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх заалтыг баримтлаагүй хэдий ч агуулгын хувьд Т ыг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Т  гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ямар нэгэн санхүүгийн зөрчил гаргаж байгаагүй, контрактын гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ирсэн. Иймд “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 04 сарын 19-ний өдрийн гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадоржийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т  нь 2018 оны 04 сарын 09-ний өдөр ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор болон компанийн ТУЗ-ийн дарга Д.Даваасүрэн нарын нэр дээр салбарын яамны сайдтай хамтран ажиллах боломжгүй тул тодорхой болзол хангасан тохиолдолд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлж, өргөдлөө гаргасан. Ажил олгогчоос түүний хүсэлтийг хүлээн авч, ТӨБЗГ-ын 2018 оны 04 сарын 17-ны өдрийн 89 тоот Удирдамж болгох тухай тогтоол, мөн өдрийн 07 тоот хурлын тэмдэглэлээр гүйцэтгэх захирал Т  нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан контрактыг цуцлах, өргөдөлд дурдсан тэтгэмжийг хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэх гэсэн удирдамж чиглэлийг компанийн ТУЗ-д өгсөн. Түүнчлэн “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлыг чөлөөлсөн ТУЗ-ийн 2018 оны 04 сарын 19-ний өдрийн хуралд Т  өөрөө оролцсон ба тодорхой болзолтойгоор өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаагаа илэрхийлсэн. ТУЗ-ийн зүгээс гүйцэтгэх захирал Т ыг ажлаас чөлөөлөгдөхөд ямар нэгэн байдлаар шахаж шаардаагүй, дарамт шахалт үзүүлээгүй, түүнтэй хамтран ажиллаж байсан бөгөөд харин ч түүний өргөдөлд дурдсан нөхцөл болзлыг биелүүлж, холбогдох шийдвэрийг гаргаж ажилласан. Иймд Т ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаагийн тайлбарт: Контрактын гэрээг 2017 оны 05 сарын 16-ны өдөр байгуулж, 2018 оны 05 сарын 16-ны өдөр дуусгавар болох байсан учраас хугацаа дуусахаас өмнө санал солилцож, салбарын сайд дараагийн гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томилуулан ажиллуулахаа албан бичгээр илэрхийлсэн байна. Т  нь цаашид хамтран ажиллах боломжгүй байна гээд 2018 оны 04 сарын 09-ний өдөр өргөдлөө гаргасан. Яам нь ажил олгогч биш бөгөөд ажилд томилох, ажлаас чөлөөлөх процессын явцад санал солилцсон асуудал байгаа. ТУЗөвлөл Т т ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Т  өргөдөлдөө зөрүүтэй байр суурьтай байх тул цаашид хамтран ажиллах боломжгүй гээд санал тавьж эдгээр саналыг зөвшөөрсөн тохиолдолд ажлаас чөлөөлөгдөхөд татгалзах зүйлгүй гэж дурдсан. Улмаар Т ын асуудлаар ТУЗ хувьцаа эзэмшигчээс өгсөн чиглэлийн дагуу түүний гаргасан санал буюу 146,343,620 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Тиймээс Т ыг ажлаас чөлөөлсөн тогтоол хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                              Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02379 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т ыг “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “МИАТ” ТӨХК-иас 53,134,844 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч “МИАТ” ТӨХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, “МИАТ” ТӨХК-иас 423,624 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2439 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02379 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадоржийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 183/ШШ2018/02379 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2439 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

Зам, тээврийн хөгжлийн яам “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагаанд оролцох оролцоо нь Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаас үзвэл Зам, тээврийн хөгжлийн яам бол салбарын бодлого боловсруулж хэрэгжүүлдэг, олон улсын нислэгийн чиглэл, замыг тогтоодог, нислэгийн аюулгүй ажиллагааг хангуулах арга хэмжээг хэрэгжүүлдэг, холбогдох томоохон журмыг баталдаг, тухайн салбарт агаарын тээвэрлэгчийг тогтоож өгдөг, нислэгийн чиглэлийг хуваарилдаг, тарифыг баталгаажуулдаг гэх мэт бүрэн эрхтэйгээс гадна төрийн өмчит компанийн мэргэжлийн удирдлагын талаар саналаа холбогдох газарт оруулах хуулийн зохицуулалттай байна. Иймд агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчит компанийг удирдаж буй гүйцэтгэх удирдлага болон салбарын бодлого тодорхойлдог Зам, тээврийн хөгжлийн сайдын зарчмын зөрүүтэй байр суурийг зүй бус нөлөөлөл, хөндлөнгийн оролцоо гэж үзэж байгаа нь буруу юм. Т ын контрактын гэрээний хугацаа 2018 оны 05 сарын 16-ны өдөр дуусч байсан ба гэрээг сунгах, эсхүл сунгахгүйгээр дуусгавар болгох эрх нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт байсан. Анхан шатны шүүх Т ын гэрээний хугацаа дуусч байгаад дүгнэлт хийхгүйгээр шууд ажилд эгүүлэн томилсон нь Хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг давхар зөрчсөн үйлдэл болсныг шүүх анхаарч үзээгүй. Анхан шатны шүүхийн үндэслэл болгосон Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 09 сарын 07-ны өдөр 01/973 тоот албан бичиг нь салбарын сайдын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлсэн хуулийн дагуу бүрэн эрх юм. Өөрөөр хэлбэл, эрх хэмжээний хүрээнд “МИАТ” ТӨХК-ийн удирдлагын талаарх саналаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт гаргасан үйлдэл байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж салбарын сайдын хуулиар олгосон бүрэн эрхийг үгүйсгэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Сүүлийн үед интернэт болон сошиал, сайтуудад тавигдсан мэдээ, мэдээлэл ямархуу байгааг бүгд мэдэж байгаа. Аливаа ярилцлага, мэдээллийн гарчиг, доторх агуулгыг гуйвуулж, өөрчилж гаргаж болдог болсон цаг үед цахим сайтуудад гарсан ярилцлага, нийтлэлийн мэдээллийг харгалзаж үзсэн нь буруу юм.

Шүүх "... Ажил опгогч дээрх тохиолдолд буюу ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажилтанд тэтгэмж олгохоор зохицуулсан байхад контрактын гэрээний 4.5-д заасан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шаардлагатай гэж үзсэн нөхцөлд захиралд нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь зориулж 3 сарын үндсэн цалингаас хэтрүүлэхгүй мөнгөн тусламж олгож болохоор заасныг баримталж тэтгэмж олгосон нь хөдөлмөрийн хуульд нийцээгүй...” гээд Т ыг чөлөөлсөн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй, ажилтны эрх ашгийг хөндсөн, Хөдөлмөрийн хуульд заасан зохих зүйл, заалтыг баримтлаагүй, Хөдөлмөрийн хуульд нийцсэн үндэслэл бүхий тушаалгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж дүгнэжээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төлөөлөн удирдах зөвлөл түүний гаргасан хүсэлтийн дагуу хуралдаж, холбогдох шийдвэр гаргасан болохыг дурдах нь зүйтэй. Гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 04 сарын 19-ний өдрийн хурал дээр Т  биечлэн оролцсон ба салбарын сайдтай зарчмын зөрүүтэй байр суурьтай байгаа тул тохиролцоод өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа, үндсэн гурван нөхцөлийг биелүүлж өгөх талаар байр сууриа илэрхийлснээс бус ямар нэг дарамт, шахалт, хөндлөнгийн нөлөөлөл байгаа талаар огт дурдаагүй. Т т олгосон тэтгэмжийн хувьд нэгэнт нөхцөл зааж, өргөдөлдөө дурдсан тул Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 04 сарын 17-ны өдрийн 07 дугаар тэмдэглэлээр хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэх эрхийг Төлөөлөн удирдах зөвлөлд өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан Хөдөлмөрийн хуулийн дагуу өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа тохиолдолд тэтгэмж олгох зохицуулалт байхгүй тул хурлаар хэлэлцэж, контрактын гэрээний 4.5 дахь хэсгийн дагуу түүнд 3 сарын тэтгэмжийг олгосон. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 03/18 дугаар тогтоолд “...МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Т ыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас чөлөөлж...” гэж тодорхой заасан байхад зөвхөн Хөдөлмөрийн хуулийн заалтыг зааж бичээгүй гэж тогтоолыг хуульд нийцээгүй гэсэн нь явцуу дүгнэлт болсон байна. Үүнээс гадна Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд түүнтэй байгуулсан контрактын гэрээний тодорхой заалтуудад дүгнэлт хийгээгүй болно. Товчхондоо компанийн Төлөөлөн удирдах зөвлөл эрх хэмжээний хүрээнд Т ын хүсэлтийн дагуу хуралдаж, түүний тавьсан нөхцөлийг хангаж бүхий л шийдвэрийг гаргаж, дэмжиж ажилласан ба зүй бус хөндлөнгийн нөлөөний талаар тус хурал дээр байр сууриа илэрхийлээгүй, зөвхөн өөрийн тавьсан нөхцөлүүдээ шийдвэрлүүлэх асуудлыг оруулж хэлэлцсэн байхад төлөөлөн удирдах зөвлөл хууль зөрчсөн шийдвэр гаргасан байдлаар хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Т ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т  нь хариуцагч “МИАТ” ТӨХК-д холбогдуулан “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай 03/18 тоот тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг хүсч нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Т ыг “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, “МИАТ” ТӨХК-иас 53,134,844 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т т олгож, дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч “МИАТ” ТӨХК-д даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “МИАТ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч зохигч 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээг шүүхэд ирүүлжээ.

Эвлэрлийн гэрээнд хариуцагч “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нэхэмжлэгч Т т Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02379 дүгээр шийдвэрийн дагуу тогтоосон 53,134,000 төгрөгийг холбогдох татвар, хураамжийг суутган тооцож олгох, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзахаар харилцан тохиролцсон гэжээ.

Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Т , хариуцагч “МИАТ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж нар гарын үсэг зурсан байх тул эрх бүхий этгээд гэрээ байгуулсан гэж үзнэ. Түүнчлэн талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах үндэслэлтэй байна.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т “хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заажээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02379 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2439 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хариуцагч “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нэхэмжлэгч Т т Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/02379 дүгээр шийдвэрийн дагуу тогтоосон 53,134,000 төгрөгийг холбогдох татвар, хураамжийг суутган тооцож олгох, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч “МИАТ” ТӨХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 424,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН