Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00186

 

“Алтанбулаг” чөлөөт бүсийн

Захирагчийн албаны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 301 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар магадлалтай,

“Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох,

5.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Уламбаяр, хариуцагчийн төлөөлөгч С.Баяраа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн алба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С ХХК нь газрын төлбөрт 2011 онд 2.240.000 төгрөг, 2012 онд 2.240.000 төгрөг, 2013 онд 1.120.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу төлөх байсан. Гэтэл төлбөрөө төлөөгүй учир 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчийн захирамж гаргасан. Иймд С ХХК-иас газрын төлбөрт нийт 5.600.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.                                                 

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компанийн хувьд газар дээрээ үйл ажиллагаа явуулахаар Мастер төлөвлөгөө гаргасан байсан боловч тус Алтанбулаг худалдааны чөлөөт бүс нь үйл ажиллагаа явуулах, хэрэгжүүлэх орчин нөхцөлийг бүрэн хэмжээгээр хангаж өгөөгүйгээс болж үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Газрын төлбөрийн хувьд манай компаниас маргах зүйл байхгүй. Харин газар эзэмших гэрээг цуцалсан нь үндэслэлгүй, хууль бус үйлдэл гэж үздэг. Учир нь нэхэмжлэгч талыг төлөөлж үүрэг гүйцэтгэгч нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Манай компанид гэрээ цуцалсан захирамж гарсан талаар мэдэгдээгүй, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Тус компани нь Мастер төлөвлөгөөний дагуу бүрэн боломжоор хангаад өгсөн бол үйл ажиллагаа явуулах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 301 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг С ХХК-иас гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Алтанбулаг чөлөөт бүсийг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар, хариуцагчаас 104.550 төгрөг гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод /данс: 100130000957/ оруулж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 301 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1. Газрын тухай хуулийн 35 дүгээр зүйлийн 35.3.3-д зааснаар хариуцагч С ХХК-аас газрын төлбөрт 3.360.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.240.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж 2 дахь заалтыг 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 68.710 төгрөг гаргуулан төрийн сангийн төсвийн орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгчийн төлөөлөгч Г.Одбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08-р сарын 29 ны өдрийн 48-дугаартай магадлалыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 3.360.000 төгрөгийг “С” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөөр хэлбэл магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. “С” ХХК нь 2010 оны 03-р сард Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчтай гэрээ хийж 1 га газрыг эзэмших болсон ч энэ газрыг ашиглаж чадаагүй. Тус компани нь эзэмшиж буй газраа ашиглаж, үйл ажиллагаа явуулах гэтэл цахилгаан, ус байхгүй дэд бүтэц хөгжөөгүйн улмаас ямар ч боломжгүй байсан. Захирагчийн алба нь ажиллах орчиноо бүрдүүлж өгөөгүйгээс ганц манай компани ч биш газар эзэмших эрх бүхий ААН-үүд үйл ажиллагаа явуулж чадахгүй хохирч байсан шүү дээ. Газрыг эзэмшиж ашиглаж чадаагүй явдал нь гэрээний нэг тал болсон Алтанбулаг сумын захирагчийн албанаас болсон учир бид татвар төлөх үндэслэлгүй гэж үзнэ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын захирагчийн алба нь газар эзэмших эрхийг цуцлахдаа хуульд заасны дагуу бидэнд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Тэгээд ч хилийн бүсэд газрыг үнэ төлбөргүйгээр ашиглуулах хуулийн заалт байдгийг зөрчиж газрын төлбөр авахаар гэрээнд тусгаж төлбөр нэхэмжилж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь “С” ХХК-с 5.600.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа 2011, 2012, 2013 онуудын газрын төлбөр гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч үйл ажиллагаа явуулах орчин нөхцлийг хангаагүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээ шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 118 дугаар зүйлийн 118.5-т заасантай нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж хяналтын шатны шүүх үзэв.

Зохигчийн хооронд 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Газар эзэмшүүлэх гэрээгээр “Алтанбулаг” чөлөөт бүсийн захиргаа нь тус худалдааны чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт худалдаа, агуулах, үйлдвэрлэлийн зориулалтаар 1 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх, хариуцагч газрын төлбөрт жилд 2.240.000 төгрөг төлөхөөр харилцан тохирчээ.

Түүнчлэн талуудын хооронд мөн өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч нь 2014 оны 7 дугаар сарын 10-ний өдрийн А/78 дугаар тушаалаар дээрх гэрээнүүдийг цуцалсан, энэ талаар маргаагүй байна

Харин хариуцагч газрын төлбөр төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

Газар эзэмшүүлэх гэрээний 3.5-т зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Татварын Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-т зааснаар Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэх ба мөн зүйлийн 5.7.-т төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ гэж тодорхойлжээ.

Түүнчлэн мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.11-т газрын төлбөр нь орон нутгийн татварт хамаарахаар зохицуулжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл газрын төлбөр нь татварт хамаарах тул Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байхаар Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тул хариуцагч газрын төлбөр төлөх үүрэгтэй.

Харин Татварын Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-т татвар нөхөн ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар заасан, 2011, 2012 оны газрын төлбөрийг нэхэмжлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Иймд нэхэмжлэлээс 2013 оны газрын төлбөрт нэхэмжилсэн 1.120.000 төгрөгийн шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1. Газрын тухай хуулийн 35 дүгээр зүйлийн 35.3.3-д зааснаар хариуцагч С ХХК-аас газрын төлбөрт 3.360.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.240.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай”, гэснийг “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3., Татварын Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг баримтлан С ХХК-аас 1.120.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд олгож, нэхэмжлэлээс 4.480.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, “...68.710...” гэснийг “...31.430...” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 68.710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ