Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00184

 

  Ө.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01881 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2019 дүгээр магадлалтай,

Ө.Т-ын нэхэмжлэлтэй,

“Н” ХХК-д холбогдох,

Орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

гуравдагч этгээд Ч.Энхтөрийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Цэндсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Т- түүний өмгөөлөгч Б.Нандинцэцэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Н ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдаж буй 240 айлын орон сууцны А блок, 16 давхрын 170 тоот 68,3 кв.м талбайтай орон сууцыг захиалан орон сууц захиалгаар барих, байгуулах тухай гэрээг байгуулсан. 2015 оны 12 дугаар сард Н ХХК-иас дуудаад үлдэгдэл мөнгөө төлөөд А блокийн 149 тоотод ор гэж хэлсэн. Тэгээд надад 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн он, сар, өдөртэй НА-149 тоот гэрээг өгсөн. Үлдэгдэл мөнгөө өгөөд улсын комисс хүлээн авсны дараа компаниас надад түлхүүр гардуулах зөвшөөрөл олгосны үндсэн дээр манайх 2016 оны 4 дүгээр сараас эхлэн нүүж орсон. Гэтэл одоо эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газарт хандах гэтэл Н ХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-т заасны дагуу компанийн зүгээс холбогдох шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа, мөн өөр айл өмчлөгч гээд гарч ирж байгаа нь миний сэтгэл санаа болон эд материалын хохиролд оруулсаар байна. Иймд Ө.Т-ыг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Шинэ ирээдүй хороолол, 90А байрны 11 дүгээр давхар, 149 тоот 68,3 кв.м талбайтай орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: тус компани нь иргэн Ө. Туултай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр С блок 16 давхар 170 тоотын 68.3 кв.м орон сууцыг захиалгаар барих, бариулах тухай НА-170 тоот гэрээ байгуулсан. Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөд байгаа 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний эхний нүүр нь сүүлийн хуудасны бичигтэй таарахгүй байгаа. Хэнтэй байгуулсан нь эргэлзээтэй. Намайг 2015 оны 12 дугаар сард ажилд орсны дараа А блокийн орон сууцанд орох айл, гэрээг цуцлах айл, төлбөрийг буцаан өгөх айл гэсэн жагсаалт байсан. А блок ашиглалтад ороход бэлэн болсон байсан тул мөнгөө бүрэн төлсөн захиалагчдыг А блокийн орон сууцанд оруулахаар шийдсэн байсан. Жагсаалтаар А блокийн 149 тоотод Ө.Т- орохоор нэр нь байсан тул нүүж орох зөвшөөрлийг нь өгсөн. Харин С.Энхтөр төлбөрийн 80 хувийн гүйцэтгэлтэй байсан тул гэрээ цуцлах жагсаалтад байсан. Ө.Т-ын А блокийн 149 тоот орон сууцтай холбоотой гэрээг хэнтэй байгуулсныг мэдэхгүй. С блокийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй улсын комисс хүлээж аваагүй байгаа тул өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид гаргаж өгөх боломжгүй. Мөн 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Н ХХК нар орон сууц захиалах, бариулах гэрээ байгуулж Сонгинохайран дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 48 айлын орон сууцыг дахин төлөвлөж, шинээр 240 айлын орон сууц барихаар болж захиалагч нартай гэрээ байгуулан барилгын ажил эхэлсэн. Н ХХК болон зуун мянган айлын орон сууц хөтөлбөрийн Сонгинохайрхан дахь захиалагчдын нэгдсэн холбоо төрийн бус байгууллагын хооронд 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Уг хамтран ажиллах гэрээгээр Нийслэлийн төсөвт тусгагдаж батлагдсан 1.700.000.000 төгрөгийн санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдаж байгаа 240 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Сонгинохайрхан дүүргийн тендерийн хороонд холбогдох материалыг хүлээлгэн өгөх, захиалагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалж, захиалагчдын санал хүсэлтийг үндэслэн гэрээний үнийн дүнд нэмэлт өөрчлөлт оруулж захиалагчдын төлбөрийг барагдуулах, байранд нь оруулах ажлыг хамтран зохион байгуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл захиалагч нар нэгдсэн хүсэл зоригоос татгалзаж, дангаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь бусад захиалагчдын эрх зөрчигдөх болон ажил цааш явах боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлж байна. Иймд Ө.Т-ын тус шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин А блокийн 149 тоот орон сууцны өмчлөгчөөр С.Энхтөрийг тогтоож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Энхтөр шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Би 240 айлын орон сууцын барилгын С блок, 16 давхар 170 тоот 68,З кв.м талбайтай 3 өрөө сууцыг авахаар тохиролцож орон сууц захиалгаар барих, бариулах тухай НА-170 тоот гэрээг байгуулж, төлбөрийг төлсөн байна. Энэ нь тус компанийн удирдлага Б.Тамир, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарнай нарын тайлбар болон захиалагчдын нэгдсэн холбоо ТББ дээр байгаа анхны материалуудаар нотлогдож байгаа. Ө.Т- нь Н ХХК-ийн барьж буй 240 айлын орон сууцны А блок 11 давхар 149 тоотод байр захиалсан гэж хуурамч материал бүрдүүлж нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. Иймд Ө.Т-, түүний өмгөөлөгч Г.Нандинцэцэг нар нь хуурамч материал бүрдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, А блок 11 давхарт 149 тоот 68,З кв.м талбайтай орон сууцыг анхны захиалагч Чулуунбат овогтой Энхтөр нь өмчлөгч болохыг тогтоож өгнө үү. Би гэрээний үүргээ 100 хувь биелүүлж гэрээний 2.2 дахь заалтын 2-т заасны дагуу гэрээний төлбөрт 68.300.000 төгрөг, 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар 6.830.000 төгрөг, нийт 75.130.000 төгрөгийг төлсөн гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01881 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 90 дүгээр байр, А блок, 11 дүгээр давхар, 149 тоот 68,3 кв.м талбайтай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ө.Т-ыг тогтоож, гуравдагч этгээд С.Энхтөрийн гаргасан тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532.950 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 462.750 төгрөгийг улсын орлогоос гаргуулан гуравдагч этгээд С.Энхтөрд буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2019 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01881 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Цэндсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 сарын 23-ны өдрийн 184/ШШ12018/01881 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 сарын 14-ний өдрийн 2019 дугаартай магадлалд дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2018 оны 3 сарын 16-ны өдөр хүлээн авч 2018 оны 3 сарын 22-ны өдөр 184/Ш32018/03394 дугаартай шүүгчийн захирамжаар Ө.Т-ын нэхэмжлэлтэй, “Номтын-Ам ХХК-д холбогдох “өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас агуулгын хувьд өмчлөгчөөр тогтоолгохыг хүсэж байгаа мэт боловч “Номтын-Ам ХХК-тай 2013 оны 6 сарын 18-ны өдөр НА-149 тоот “орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-г байгуулж" гэсэн нэг шаардлага, “гэрээний үүргээ 100 хувь төлж барагдуулсны дагуу Ө.Т-ыг СХД-ийн 19 хороо, Шинэ ирээдүй хороолол, 90А байр, 11 давхар, 149 тоотын 68,3 кв.м талбайтай орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох” гэсэн хоёр шаардлага гаргасан харагдаж байна. Хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийнхээ дагуу цуглуулсан баримтаас үзэхэд “өмчлөх эрхийг шударгаар олж авах”-аар, мөн Ө.Т-д өмчлөх эрх үүссэн, өмчлөх эрхтэй болохыг нотолсон баримт байхгүйн зэрэгцээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй байна.

Хариуцагчийн тайлбар нь Ө.Т-ын нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн дараах баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

            -8 дугаар талд авагдсан: 2013.6.18-ны өдөр Номтын-Ам ХХК-ны санхүүгийн тэмдэгтэй, Ө.Т-аас С блок 16 давхрын 170 тоотын байрны 20 хувийн урьдчилгаа 13,660,000 төгрөг гэсэн утгаар Ө.Т- өөрөө Номтын-Ам ХХК-нд төлбөрөө тушаасан байна. 2014.2.26-ны өдөр Хас банкны орлогын ордерт гүйлгээний утга: Ө.Т-аас С блок 16 давхар 170 тоот байрны урьдчилгаа гэсэн гүйлгээг Ө.Т-аас, 2014.3.3-ны өдөр Хас банкны орлогын ордерт гүйлгээний утга: Ө.Т-аас урьдчилгаа болк 16 давхар 170 тоот гэсэн гүйлгээг,

            -9 дүгээр талд авагдсан: 2014.3.5-ны өдөр Хаан банкны мөнгөн шилжүүлэгт гүйлгээний утга: байр урьдчилгаа, Ө.Т-аас блок-С, 16 давхар 170 тоот гэсэн гүйлгээ' мөнгө тушаагч Ө.Т-,

2014.10.5-ны Хас банкны төлбөрийн баримтад төлбөрийн зориулалт. Блок 16 давхар 170 тоот байрны урьдчилгаа гэсэн гүйлгээ, мөнгө тушаагч Ө.Т-,

-10 дугаар талд авагдсан: 2014.10.10-ны Голомт банкны орлогын мэдүүлэгт байрны урьдчилгаа гэсэн гүйлгээг Ө.Т-, 2015.2.25-ны Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, гүйлгээний утга Ө.Т-аас С блок 16 давхар 170 тоот байрны урьдчилгаа гэсэн гүйлгээг Ө.Т-,

-11 дүгээр талд авагдсан: 2015.2.12-ны Голомт банкны орлогын мэдүүлэгт төлбөрийн зориулалт: Ө.Т-аас С блок 16 давхар, 170 тоот байрны үнэ гэсэн гүйлгээг Ө.Т-, 2015.3.13-ны Хаан банкны мөнгөн шилжүүлэгт гүйлгээний утга Ө.Т-аас С блок, 16 давхар, 170 байрны урьдчилгаа гэсэн гүйлгээг Ө.Т-,

-12 дугаар талд авагдсан: 2015.3.17-ны Голомт банкны орлогын мэдүүлэгт төлбөрийн зориулалт С блок 16-170 тоот гүйлгээг Ө.Т-, 2015.3.31-ний Хаан банкны мөнгөн шилжүүлэгт гүйлгээний утга Туул С блок 16-170 тоот Ө.Т-аас гүйлгээ хийсэн,

-13 дугаар талд авагдсан: 2015.9.19-ний Голомт банкны орлогын мэдүүлэгт байрны тоо дугааргүй 2 удаагийн гүйлгээг Ө.Т-аас хийсэн байсан.

Нэхэмжлэгч нь 14 удаагийн гүйлгээг хийхдээ С блок, 16 давхар, 170 тоот байрны урьдчилгаа, байрны төлбөр гэж хийсэн байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй, мөн Ө.Т- нь А блок, 11 давхар, 149 тоотын 68.3 кв.м талбайтай орон сууцыг захиалан бариулаагүй, С блок, 16 давхар 170 тоотыг захиалсан байна. Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Энхтөр нарын хэн нь түрүүлж А блок 11 давхар 149 тоот 68.3 кв.м талбайтай орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулсан нь тодорхойгүй байхад шүүх Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх заалтыг хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Харин гэрээний хуудсыг сольсон гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэдэг нь харагдаж байна.

Ч.Энхтөр нь “Н ХХК”-тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр НА-149 тоот “Орон, сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ”-г байгуулсан. Ч.Энхтөр нь гэрээний үүргээ 100 хувь биелүүлж гэрээний 2.2 дахь заалтын 2-т заасны дагуу гэрээний төлбөрт 68.300.000 төгрөг, 10 хувийн нэмэгдсэн өртөгийн албан татвар 6.830.000 төгрөг, нийт 75.130.000 төгрөгийг төлсөн. Гэтэл анхан шатны шүүх Ч.Энхтөрийн 90А байрны 11 давхрын 149 тоот 3 өрөө, 68.3 кв.м талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр, яагаад хэрэгсэхгүй болгож байгаагаа заахгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасан худалдан эд хөрөнгийг эзэмшилдээ авах давуу эрх нь нэхэмжлэгч Ө.Т-д байна гэсэн утгаар шийдвэр, магадлалд тусгасан. Хуулийн заалтаас харахад худалдагч эд хөрөнгийг хэн хэдэн этгээдэд зэрэг худалдаж болохоор зохицуулсан боловч Ө.Т- нь түрүүлж үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ авснаар өмчлөх эрх үүссэн гэсэн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбараар няцаагдана. Учир нь гэрээний хуудсыг сольсон, Н ХХК-ны Сарнай гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төлөөлөгч нь орон сууц захиалгын гэрээний зүйлийг өөрчлөх эрхгүйн дээр хэзээ гэрээний зүйлийг сольсон нь тодорхойгүй, Компанийн эрх бүхий албан тушаалтны шийдвэр, тогтоол байхгүй, хуулийн этгээдийн тамга, тэмдэг дарагдаагүй байхад 2 шатны шүүх Ө.Т-ын хуурамч гэрээг үндэслэн өмчлөх эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүйн зэрэгцээ нотлогдохгүй байна.

Иймд худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдаагүй, анхнаасаа Ч.Энхтөртэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан тул шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01881 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 сарын 14-ний өдрийн 2019 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ           

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн, гуравдагч этгээдийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ө.Т-ын “...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хариуцагч “Н” ХХК эс зөвшөөрч маргасан, гуравдагч этгээд Ч.Энхтөр тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор бие даасан шаардлага гаргажээ.

 Хариуцагч “Н” ХХК нь Ө.Т-тай 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдах 240 айлын 16 давхар орон сууцны С блокын 16 давхрын 170 тоот орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 68.300.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ /хэргийн 63-65 дугаар тал/.

Нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлсөн тул талууд харилцан тохиролцож, гэрээний зүйлийг А блокийн 11 давхрын 149 тоотын 68.30 м.кв талбай бүхий орон сууцаар сольж гэрээ байгуулсан ба Ө.Т- нь хариуцагчийн зөвшөөрснөөр тухайн орон сууцыг 2016 оны 4 дүгээр сараас хойш эзэмшиж, ашиглаж байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна /хэргийн 4-16 дугаар тал/.

Гуравдагч этгээд Ч.Энхтөр нь хариуцагчтай 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр маргааны зүйл болох орон сууцыг 68.300.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан байх ба тэрээр тухайн байрны 109 тоотыг эзэмшиж байгаа талаар тайлбар гаргажээ.

Ө.Т- болон Ч.Энхтөр нар нь хариуцагч “Н” ХХК-тай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ.

Дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь гэрээнд заасан орон сууцны үнийг бүрэн төлсөн, энэ талаар маргаагүй ба харин хэн нь орон сууцны өмчлөгч болох эсэх нь маргааны зүйл болжээ.  

Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 250.1.-т заасан, Ө.Т- маргааны зүйл болох орон сууцыг гуравдагч этгээдээс өмнө гэрээ байгуулж, улмаар эзэмшилдээ авсан, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үндсэн нэхэмжлэлийг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.           

Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01881 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2019 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Цэндсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Гуравдагч этгээд хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ