Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2019/00023

 

Н.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/01204 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1754 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.Н-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “М-А” ТӨХХК--д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговорт 34 854 534 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Далайжаргалын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхболд, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Н- би “М-А” ТӨХХК--ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 14 тоот тушаалаар дэд захирлын ажлаас халагдаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7920 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоолгосон. Үүнээс хойш шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авахгүй байсаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/07 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилсон боловч би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн.

Иймд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээ буюу шүүхийн шийдвэрт заасан 1 350 000 төгрөгөөр тооцож, нэг өдрийн дундаж цалинг 61 363 төгрөгөөр бодож, ажилгүй байсан дээрх хугацааны олговорт 34 854 534 төгрөгийг “М-А” ТӨХХК--иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Н.Н- нь тус компанийн дэд захирлаар ажиллаж байгаад хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу удаа дараа сахилгын зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байсан ба 2015 онд ажлаас чөлөөлөгдсөн.

Түүнд шүүхийн шийдвэрийн дагуу олгогдохоор заасан 23 685 606 төгрөгийг өгсөн ба уг баримтад дахин хууль тогтоомжид заасан ямар нэгэн гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргахгүй, тус компанитай үүсгэсэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрч баримт үйлдэж бүх тооцоог бүрэн дуусгавар болгосон.

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажилд авах тушаал гаргах болсон үндэслэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг биелүүл гэсэн шаардлага тавьсан учраас тушаал гаргасан. Н.Н- 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн учир ажлаас нь чөлөөлсөн гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/01204 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М-А” ТӨХХК--аас ажилгүй байсан хугацааны олговорт 34 854 534 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Н-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Н.Н-ын дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг “М-А” ТӨХХК--д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Н- улсын тэмлэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний төлсөн 332 300 төгрөгийг буцаан олгож, хариуцагч “М-А” ТӨХХК--иас 332 223 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1754 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/01204 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 223 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 

...нэхэмжлэгч талаас “Өр төлбөр барагдуулсан баримт”-ыг шүүхийн шийдвэрийн дагуу мөнгө өгөхийн тулд албан хүчээр гарын үсэг зуруулсан гэх утгатай тайлбар гаргасан.

Энэхүү тайлбарыг үгүйсгэх, зарим нэг асуудлыг тодруулахын тулд шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Н-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасны дагуу гэрчээр дуудах хүсэлт гаргасан хэдий ч хүсэлтийг анхан шатны шүүх хүлээж аваагүй.

Анхан шатны шүүх шийдвэр гаргасан бол “Өр төлбөр барагдуулсан баримтыг"-ыг үйлдсэн өдөр болох 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл буюу 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд цалингийн нөхөн олговор болох 21 600 000 төгрөгөөр олгох шийдвэр гаргах ёстой гэж тус тус үзэж байна.

Тус компанийн бүтцийг "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар 5 хүний орон тоотой баталсан ба уг бүтэц, орон тоонд Дэд захирлын орон тоог тусгаагүй байсан зэрэг нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэлгүй хэт нэг талыг  барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/01204 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Н- нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7920 дугаар шийдвэрээр хариуцагч “М-А” ТӨХХК--ийн дэд захирлын ажилд эгүүлэн тогтоогджээ. Мөн шийдвэрээр шүүх хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 10 431 710 төгрөг, ажиллаж байсан хугацааны олгогдоогүй цалин 10 960 693 төгрөг, компанийн өмнөөс бусдад төлсөн төлбөрийн 2 018 200 төгрөг нийт 23 410 603 төгрөг гаргуулж, Н.Н-т олгохоор шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн уг шийдвэрт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 199 дүгээр магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээсэн байна. Шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Зохигч нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “өр төлбөрийг барагдуулсан тухай баримт”-ыг үйлдэж, хариуцагч “М-А” ТӨХХК- нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон дээрх төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн байна.

Энэхүү баримтад Н.Н- нь “дахин хууль тогтоомжид заасан ямар нэг гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргахгүй, тус компанитай үүсгэсэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж байна” гэж заасан нь шүүхийн шийдвэрийг бүрэн хэмжээгээр биелүүлэх үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Хариуцагч “М-А” ТӨХХК- нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр барагдуулсан боловч Н.Н-ыг дэд захирлын ажилд эгүүлэн тогтоох заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б\07 дугаар тушаалаар биелүүлсэн байна.

Нөгөө талаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд хууль болон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үүргээ биелүүлэх явдлыг бусдын эрхийг хязгаарлах үндэслэл болгож болохгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг төлөхдөө “хууль тогтоомжид заасан ямар нэг гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргахгүй” гэх амлалтыг төлбөр авагчаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн одоогийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт, төлбөрийн талаар бус харин энэхүү шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар шүүх ажилтныг  ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажил олгогч түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй. Хуулийн уг зохицуулалтын “ажилгүй байсан бүх хугацаа” гэх ойлголтод ажилтныг ажлаас халсан тушаал гарсанаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлэх хүртэлх нийт хугацаа хамаарах тул нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа эгүүлэн тогтоолгох хүртэл хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорыг шаардах эрхтэй болно.

“Өр төлбөр барагдуулсан баримт"-д нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор тусгагдсан тул шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс энэ баримтыг үйлдсэн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн нөхөх олговрыг шаардах ёстой гэх хариуцагчийн гомдлын үндэслэл хуульд нийцээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/01204 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1754 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 332 223 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА

        ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН