Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1754

 

Н.Ня-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/01204 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Ня-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “МА-” ТӨХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны олговорт 34 854 534 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Н.Ня- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ня- би “МА-” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 14 тоот тушаалаар дэд захирлын ажлаас халагдаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7920 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоолгосон. Үүнээс хойш шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авахгүй байсаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/07 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилсон боловч би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээ буюу шүүхийн шийдвэрт заасан 1 350 000 төгрөгөөр тооцож, нэг өдрийн дундаж цалинг 61 363 төгрөгөөр бодож, ажилгүй байсан дээрх хугацааны олговорт 34 854 534 төгрөгийг “МА-” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч “МА-” ТӨХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Ня- нь тус компанийн дэд захирлаар ажиллаж байгаад хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу удаа дараа сахилгын зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байсан ба 2015 онд ажлаас чөлөөлөгдсөн. Түүнд шүүхийн шийдвэрийн дагуу олгогдохоор заасан 23 685 606 төгрөгийг өгсөн ба уг баримтад дахин хууль тогтоомжид заасан ямар нэгэн гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргахгүй, тус компанитай үүсгэсэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрч баримт үйлдэж бүх тооцоог бүрэн дуусгавар болгосон. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажилд авах тушаал гаргах болсон үндэслэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг биелүүл гэсэн шаардлага тавьсан учраас тушаал гаргаж, Н.Ня- 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн учраас чөлөөлсөн гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МА-” ТӨХХК-аас ажилгүй байсан хугацааны олговорт 34 854 534 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ня-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Н.Ня-ын дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг “МА-” ТӨХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Ня- улсын тэмлэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний төлсөн 332 300 төгрөгийг буцаан олгож, хариуцагч “МА-” ТӨХХК-аас 332 223 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нямхүү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь тус компанийн дэд захирлаар ажиллаж байгаад хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу удаа дараа сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байсан ба 2015 онд ажлаас чөлөөлөгдсөн. Мөн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр "өр төлбөр барагдуулсан тухай баримт"-аар олгогдоогүй цалин хөлс 10 960 693 төгрөг, цалин хөлсөнд ногдох алданги 10 431 710 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 2 018 200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 275 003 төгрөг нийт 23 685 606 төгрөгийг олгосон. Тус баримтаар дахин хууль тогтоомжид заасан ямар нэгэн гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргахгүй, тус компанитай үүсгэсэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрч баримт үлдэж бүх тооцоог бүрэн дуусгавар болгосон тухайгаа өөрөө илэрхийлж зөвшөөрсөн баримт байсаар байтал хэрэгсэхгүй шийдвэр гаргасан. Бид энэхүү баримт бичгийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 зааснаар хүчин төгөлдөр гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь "өр төлбөр барагдуулсан баримт"-ыг шүүхийн шийдвэрийн дагуу мөнгө өгөхийн тулд албан хүчээр гарын үсэг зуруулсан гэх утгатай тайлбар гаргасан. Энэхүү тайлбарыг үгүйсгэх, зарим нэг асуудлыг тодруулахын тулд шүүх хуралдаанд нэхэмжлэгч   Н.Ня-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасны дагуу гэрчээр дуудах хүсэлт гаргасан хэдий ч хүсэлтийг хүлээж аваагүй. Шүүх шийдвэр гаргасан бол "өр төлбөр барагдуулсан баримт"-ыг үйлдсэн өдөр болох 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл буюу 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд цалингийн нөхөн олговор болох 21 600 000 төгрөгөөр олгох шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

            Нэхэмжлэгч Н.Ня- нь хариуцагч “МА-” ТӨХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 34 854 534 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “шүүхийн шийдвэрийн дагуу олгохоор заасан 23 685 606 төгрөгийг олгосон ба нэхэмжлэгч нь дахин хууль тогтоомжид заасан ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргахгүй, тус компанитай үүсгэсэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрч баримт үйлдсэн” гэж тайлбарлан, маргажээ.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7920 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 199 дүгээр магадлалаар нэхэмжлэгч Н.Ня-ыг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг арилгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-6-14 дэх тал/

Хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын 2018 оны 59 тоот тушаал, зохигчдын тайлбараар “МА-” ТӨХХК нь шүүхийн шийдвэрийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр албадан биелүүлж, Н.Ня-ыг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон болох нь тогтоогдсон тул энэ өдөр хүртэлх хугацаагаар нэхэмжлэгчийн эрхийн зөрчил үргэлжилсэн гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч Н.Ня- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй бол түүнээс үүсэх эрх зүйн үр дагавар болох олговрыг хариуцан арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/01204 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 223 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                          ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                 Ч.ЦЭНД