Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 01204

 

2018 оны 06 сарын 05 өдөр

   Дугаар 182/ШШ2018/01204

             Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                   

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн  хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МА ХХК-д холбогдох

      Ажилгүй байсан хугацааны олговорт 34.854.534 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Энхболд, хариуцагчийн төлөөлөгч П.Нямхүү, Д.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Н.Н нь Төрийн өмчит МА ХХК-ны гүйцэтгэх захирлын 2015 оны 14 тоот тушаалаар дэд захирлын ажлаас халагдаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн  2015.11.19-ний өдрийн 7920 дугаартай шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгосон юм.Үүнээс хойш шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн авахгүй байсаар 2018.01.15-ны өдрийн Б/07 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилсон боловч би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Иймд 2015.11.19-ний өдрөөс 2018.01.15-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт урьд авч  байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээ буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн  2015.11.19-ний өдрийн 7920 дугаартай шийдвэрт тусгасан аргаар цалинг тооцоолж, 1 сарын дундаж цалин 1.350.000 төгрөг, нэг өдрийн дундаж цалинг 61.363 төгрөгөөр бодож, ажилгүй байсан дээрх хугацааны олговорт 34.854.534 төгрөгийг МА ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Н нь тус компанийн дэд захирлаар ажиллаж байгаад хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу удаа дараа сахилгын зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байсан ба, 2015 онд ажлаас чөлөөлөгдсөн юм.Түүнд шүүхийн шийдвэрийн дагуу олгогдохоор заасан 23.685.606 төгрөгийг өгсөн ба уг баримтан дээр дахин хууль тогтоомжид заасан ямар нэгэн гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргахгүй, тус компанитай үүсгэсэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрч баримт үйлдэж бүх тооцоог бүрэн дуусгавар болгосон. 2018.01.15-нд ажилд авах тушаал гаргах болсон үндэслэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг биелүүл гэдэг шаардлага тавьсан учраас тушаал гаргасан ба, Н.Н 2018.01.24-нд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн учраас чөлөөлсөн тушаал гаргасан. Иймд түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

      Шүүх   хуралдаанаар  хэрэгт авагдсан   бичгийн  нотлох  баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Нын ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай хариуцагч МА ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх  хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Н.Н МА ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 14 тоот тушаалаар дэд захирлын ажлаас чөлөөлөгдөж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн  2015.11.19-ний өдрийн 7920 дугаартай шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч МА ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх байдал нь зохигчийн тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн  2015.11.19-ний өдрийн 7920 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2016.01.29-ний өдрийн 199 дүгээр магадлал зэргээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.1, 11.2-т  “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ”,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн  тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэжээ.

Хариуцагч талаас нэхэмжлэгч Н.Н-т Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн  2015.11.19-ний өдрийн 7920 дугаартай шийдвэрийн дагуу олгогдох 23.685.606 төгрөгийг хариуцагч талаас олгохдоо “өр төлбөрийг барагдуулсан тухай баримт” гэх баримтаар “ямар нэгэн гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргахгүй, тус компанитай үүсгэсэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрч” нэхэмжлэгч Н.Н гарын үсгээ зурсан байгаа гэж маргасан.

Нэхэмжлэгч талаас уг баримтыг хариуцагч өөрсдөө үйлдэж, шүүхийн шийдвэрийн дагуу мөнгө өгөхийн тулд гарын үсэг зуруулсан гэж тайлбарласан.

Гэтэл хариуцагч талаас гаргаж өгсөн “өр төлбөр барагдуулсан тухай” нэртэй баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангахгүй баримт байна.

 

Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх  ажиллагаа дуусгавар болоогүй байсан учраас 2018.01.15-нд нэхэмжлэгч Н.Н-ыг ажилд томилсон, 2018.01.24-нд ажлаас чөлөөлсөн тушаалуудыг гаргасан болох нь зохигчдын тайлбар, хариуцагч МА ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.01.15-ны өдрийн “шүүхийн шийдвэр биелүүлэх ажилд томилох тухай” Б/07 тоот тушаал, мөн захирлын  2018.01.24-ний өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” Б/08 тоот тушаалуудаар тогтоогдлоо.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч МА ХХК нэхэмжлэгч Н.Ныг 2018.01.15-ны өдрөөс ажилд нь эгүүлэн авсан байх ба, нэхэмжлэгч Н.Н тус шүүхэд 2018.03.21-нд нэхэмжлэл гаргасан нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан  3 сарын хугацааны дотор байх бөгөөд, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.

 

Иймд нэхэмжлэгч Н.Нын 2015.11.19-ний өдрөөс 2018.01.15-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт урьд авч  байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээ буюу 34.854.534 төгрөгийг хариуцагч МА ХХК-иас гаргуулж олгохоор шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцнэ.

Дээрх олговроос нэхэмжлэгч Н.Нын заавал даатгах даатгалуудыг тооцон суутгаж, нийгмийн даатгалын дэвтэрт нь зохих бичилтийг хийх нь хуулиар хүлээсэн ажил олгогчийн үүрэг тул шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч МА ХХК ажилгүй байсан хугацааны олговорт 34.854.534 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Н-т олгосугай.

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Н.Нын дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг МА ХХК-д үүрэг болгосугай.

           

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Н улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний төлсөн 332.300 төгрөгийг буцаан олгож, хариуцагч МА ХХК-иас 332.223 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн  иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ц.АЛТАНЦЭЦЭГ