Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/851

 

 

     2021         07           26                     2021/ШЦТ/851

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 1235 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Туул гарден" амралтын газрын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч иргэн О.Болорзул, М.Баянжаргал нарт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу 2 цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Б.А нь хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

Хохирогч О.Болорзулын мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 06 цагийн үед манай найз Баянжаргал сэрээд ширээн дээр байсан өөрийнх нь гар утас байхгүй байна гэсэн. Тэгээд нөхөр Баттулгынхаа утсаар залгаад холбогдох боломж байна гэж хэлж байсан. Тэр үед манай найз Болортуяа шөнө манай гэрт дээгүүрээ цагийн өнгийн хувцастай эрэгтэй хүн орж ирээд гар утасныхаа гэрлийг асаагаад явж байхаар нь юун хүн бэ, гэр рүүгээ яв, гэр андуурчихсан байна гэж хэлсэн чинь гараад явсан. Тэр залуу гар утсыг чинь авсан юм биш биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийн баруун хойморт байрлах өөрийнхөө унтаж байсан орныхоо толгойн дээрээс өлгөсөн байсан хар өнгийн үүргэвч рүүгээ хартал цахилгаан нь онгорхой дэлгээстэй байсан. Ингээд цүнх доторхоо үзэхэд миний хөх өнгийн ээмэгний хайрцаг онгорхой тодор нь байсан алтан ээмэгний өрөөсөн ээмэг нь байхгүй байсан. Ингээд бид нар ярьж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөөр болж Баянжаргалын нөхөр Д.Баттулга нь өөрийнхөө утаснаас дуудлага өгсөн, Дуудлага өгснийхөө дараа Болортуяа, Баянжаргал бид гурав Болортуяагийн шөнө харсан гэх цагаан хувцастай залууг байж магадгүй гэж бодоод хамгийн хойд талын гэр рүү ороход дотор нь 3 эрэгтэй хүн байсан. Хоёр нь орон дотроо, 1 залуу нь босчихсон байхаар нь та нар эд зүйлээ алдаагүй биз, өнөө шөнө манай гэрт хулгай ороод юмаа алдчихлаа, цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Тэгээд гэрийнхээ үүдэнд ирээд цагдаа ирэхийг хүлээгээд 1 цаг орчим суусан. Ингээд цагдаа ирэхийн өмнө хойд гэрт амарсан 3 залуу явах гэж байгаа бололтой бид гурвын хажуугаар үлдсэн ус, ундаагаа тэврээд зөрөөд ус аваад үлд гээд бид нарт ус өгөөд явснаа амралтын газрын гадаа байрлах рестораны хажуу талын саравч доор суугаад байсан. Тэгсэн чинь тэр гурван залуугийн нэг нь буцаж ирээд бид гурвын хажуугаар зог тусаж өнгөрснөө унтсан гэр рүүгээ явж орсноо буцаж гараад явсан. Тэр залуу дээгүүрээ цагаан өнгийн хувцас өмсчихсөн байсан. Тэгэхээр нь тэр залууг цагаан хувцас өмсчихсөн байсан болохоор бид нар энэ арай шөнө манай гэрт орж ирсэн залуу биш байгаадаа гэж ярилцаад өнгөрсөн. Тэгээд удалгүй цагдаагийн бүрэлдэхүүний алба хаагч нар ирээд гэр дотор хэргийн газрын үзлэг хийж, гэр доторх зургийг аваад надаас болон бусад хүмүүсээс мэдүүлэг тайлбар авч, хяналтын камер үзсэн. Хяналтын камер үзэх үед нь Болортуяа хамт үзээд өглөө бид нарын хажуугаар өнгөрсөн цагаан өнгийн хувцастай залуугийн яваад байгаа бичлэг мөн байна гэж хэлсэн. Намайг сэрэх үед манай гэрийн хаалга хаалттай боловч доторх уяа нь тайлагдсан байсан. Харин уяаг тасалж барьсан зүйл байгаагүй. Миний санаж байгаагаар хамгийн сүүлд манай найз Болортуяа унтсан. Тэгээд унтахдаа Болортуяа хаалганы доторх уяаг уяад унтсан гэж ярьж байсан. Цагдаагийн бүрэлдэхүүний алба хаагч нар ирээд хэргийн газарт үзлэг хийж, мөн камер үзэж, бид нараас мэдүүлэг тайлбар авчхаад бид нарыг явж болно гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш 17 цагийн үед залгаад ээмгийг чинь өвс рүү шидчихсэн гэж байна, хайлцаж өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Иймд би нөхөр Бат-Эрдэнийн хамтаар Туул гарден амралтын газарт очсон. Намайг очих үед цагдаагийн бүрэлдэхүүний алба хаагч нар дээгүүрээ цагаан өнгийн хувцас 3 өмссөн /сүүлд нэрийг нь мэдэхэд А/ гэх залуугийн хамт байж байсан. Тэгээд А гэх залуугаар ээмгийг хаашаа шидсэн гэж заалгахад өөрийнхөө амарч байсан гэрийнхээ ертөнцийн зүгээр баруун тийшээ өвс рүү шидсэн гэж байсан. Ингээд тэнд байсан цагдаагийн бүрэлдэхүүний алба хаагч нар болон А гэх залуу, би, манай нөхөр бид нар ээмгийг хаясан гэх газрын орчимд ээмгийг хайж эхэлсэн. Бид нар ээмгийг хайж байхад манай найз Баянжаргал, нөхөр Баттулга нар ирсэн. Тэгээд мөн хайлцсан. Бид нар ээмгийг бүр орой харанхуй болох хүртэл хайсан. Ээмгийг хайж байх хооронд олдохгүй байсан болохоор металл хайгчийг цагдаагийн гуравдугаар хэлтсээс авч ирэхээр явсан. Тэгээд металл хайгчийг ирэх хооронд манай найз Болортуяа нөхөр Адъяабаатарынхаа хамтаар ирсэн. Тэгээд металл хайгчийг ирсний дараа удаагүй олчихлоо гэж хэлсэн. Миний хувьд ээмгийг яг олох үед нь хажууд нь байгаагүй. Тэгээд тэнд байсан нэг нь металл хайгчаар амархан олчихлоо гэж хэлж байсан. Яг хэн тэгж хэлснийг нь мэдэхгүй байна. Тэгээд бүр оройн 21 цаг өнгөрч байхад цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирж ээмгээ хүлээн авсан. Металл хайгчийг хэн ажиллуулсан талаар нь хэлж мэдэхгүй байна. Би металл хайгчийг ажиллуулах үед машин дээрээ ирээд сууж байсан. Би хулгайд алдагдсан ээмгээ тухайн үед хүлээн авсан учраас ямар нэгэн санал гомдол байхгүй. Намайг очиход Баянжаргалын гар утсыг А гэх залуугаар заалгаад олчихсон байсан. Бид нар ээмгийг А гэх залуугийн заасан газрын ойр орчимд хайсан. Тэр газар нь манай амарч байсан гэрээс хойшоо А гэх залуугийн амарч байсан гэрийн ертөнцийн зүгээр баруун талд байсан. Би А гэх залууг тэр өдөр л анх харсан. Ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р ххийн 216-217/,

 

Хохирогч М.Баянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 06 цагийн үед би сэрээд ширээн дээр нөхрийн утасны хамт тавьсан байсан самсунг эсэ-8 плас маркийн гар утсаа хартал байхгүй байсан. Тэгээд нөхөр Баттулгын утсаар өөрийнхөө дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэр үед манай найз Болортуяа шөнө манай гэрт дээгүүрээ цагийн өнгийн хувцастай эрэгтэй хүн орж ирээд гар утасныхаа гэрлийг асаагаад явж байхаар нь юун хүн бэ, гэр рүүгээ яв, гэр андуурчихсан байна гэж хэлсэн чинь гараад явсан. Тэр залуу гар утсыг чинь авсан юм биш биз дээ гэж хэлсэн. Гэхдээ тэр залуугийн царайг харж чадаагүй, тэр залуу манай найз Болортуяагийн нөхөртэйгөө унтаж байсан орон дээр очоод rap утасныхаа гэрлийг асаагаад юм хайгаад явж байсан гэсэн. Тэгэхээр нь манай найз Болортуяа сэрсэн гэсэн. Ингээд утас яачхав аа гээд байж байтал манай найз Болорзул цүнх онгорхой байна. Өрөөсөн алтан ээмэг нь байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би амралтын газрын манаачийн хаалгыг нүдээд камер байна уу, юм аа алдчихлаа гэж хэлтэл өглөө 11 цагаас ресторан онгойхоор камер шүүх боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар зөвшилцөөд хэрэв амралтын газарт амарч байсан хүмүүсээс манай гэрт орж ирж хулгай хийсэн бол 11 цаг болох үед яваад өгчихнө гэж ярилцаад хүмүүсийг явахаас нь өмнө цагдаад дуудлага өгөхөөр болсон. Иймд би өөрөө утасгүй байсан учраас нөхөр Д.Баттулгаар цагдаагийн байгууллагад дуудлага өгүүлсэн. Дуудлага өгснийхөө дараа Болортуяа, Болорзул бид гурав Болортуяагийн шөнө харсан гэх цагаан хувцастай залууг байж магадгүй гэж бодоод хамгийн хойд талын гэр үү ороход дотор нь 3 эрэгтэй хүн байсан. Хоёр нь орон дотроо, 1 залуу нь босчихсон байхаар нь та нар эд зүйлээ алдаагүй биз, өнөө шөнө манай гэрт хулгай ороод юмаа алдчихлаа, цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Тэгээд гэрийнхээ үүдэнд ирээд цагдаа ирэхийг хүлээгээд 1 цаг орчим суугаад хүлээсэн. Ингээд цагдаа ирэхийн өмнө хойд гэрт амарсан 3 залуу явах 4 гэж байгаа бололтой бид нарын хажуугаар явж өнгөрөөд амралтын газрын гадаа байрлах рестораны хажуу талын саравч доор очоод суусан. Тэр гурван залуу бид нарын хажуугаар өнгөрөхдөө тэвэрчихсэн явж байсан уснаасаа ав гээд бид гуравт өгсөн. Тэр үед тэр гурван залуугийн нэг залуу нь дээгүүрээ цагаан өнгийн хувцас өмсчихсөн байсан. Тэгснээ тэр гурван залуугийн дээгүүрээ цагаан өнгийн хувцас өмссөн байсан залуу буцаж ирээд бид гурвын хажуугаар зог тусаж өнгөрснөө унтсан гэр рүүгээ орсноо буцаж амралтын газрын хаалга руу явсан. Тэгээд удалгүй цагдаагийн бүрэлдэхүүний алба хаагч нар ирээд гэр дотор хэргийн газар үзлэг хийж, гэр доторх зургийг аваад надаас болон бусад хүмүүсээс мэдүүлэг тайлбар авч, хяналтын камер үзсэн. Хяналтын камерыг Болортуяа цагдаагийн хамт үзээд өглөө бид нарын хажуугаар өнгөрсөн цагаан өнгийн хувцастай залуугийн зургийг камерын бичлэг дээрээс дараад үзүүлсэн. Би камерын бичлэгийг үзээгүй. Хулгайд эд зүйлээ алдсаны өглөө би хамгийн түрүүнд сэрсэн. Намайг гэрийн хаалгыг харахад хаалттай байсан. Гэхдээ доторх уяа нь тайлагдсан байсан. Ямар нэгэн уяаг тасалсан зүйл байгаагүй. Хамгийн сүүлд манай найз Болортуяа унтсан. Унтахдаа гэрийн хаалгыг уяагаар ханатай нь уячхаад унтсан гэж ярьж байсан. Миний санаж байгаагаар цагдаагийн бүрэлдэхүүний алба хаагч нар ирээд хэргийн газарт үзлэг хийж, мөн камер үзэж, бид нараас мэдүүлэг тайлбар авчхаад бид нарыг явж болно гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш 17 цаг өнгөрч байхад найз Болорзул яриад “хулгай хийсэн хүнийг олсон, мөн гар утсыг чинь олчихсон байна, завтай бол ээмэг хайлцаад өг, утсаа мөн ирж ав” гэж байна гэж хэлсэн. Тэгээд би 19 цагийн үед нөхөр Баттулгын хамтаар Туул гарден амралтын газарт очсон. Намайг очиход цагдаагийн бүрэлдэхүүний алба хаагч нар болон А гэх залуу манай найз Болорзул, Бат-Эрдэнэ нар байсан. А гэх залуу өвс зулгааж овоолчихсон хоёр гараараа өвсөө шүүрдээд ээмэг хайж байгаа байдалтай байсан. Харин Болорзул, Бат-Эрдэнэ нар өвс сөхөж, нэг бүрчлэн ээмгээ хайж байсан. Цагдаагийн бүрэлдэхүүний алба хаагч нар зүгээр сууж байсан. Тэгээд нөхөр бид хоёр мөн өвс сөхөж хамаг хувцсаа шороо болтол нэлээн удаан хайсан. Хайж байх явцад металл хайгч авч ирэхээр болоод Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс рүү явсан. Металл хайгч авч ирэхээр явахаас өмнө металл хайгч ажиллуулж чаддаг хүн байна уу гэж асуухаар нь манай найз Болороо тэр цагдаад Адъяабаатар ажиллуулж чадаж магадгүй гэж хэлж байсан. Тэгсэн чинь цагдаа нь Адъяабаатарыг дуудуулж байсан. Харин Баттулга, Болорзул хоёр ээмгээ хайгаад үлдсэн, Тэгээд металл хайгчийг гуравдугаар хэлтсээс аваад Туул гарден амралтын газарт очсон чинь Адъяабаатар, Болортуяа нар ирж таарсан. Би очоод Болортуяа, Болорзул нарын хамтаар ресторан руу орж дулаацаж кофе уухаар орсон. Харин цагдаагийн бүрэлдэхүүний алба хаагч нар болон А, Адъяабаатар нар ээмгийг хайхаар явсан. Тэгээд удалгүй ээмгийг олчихлоо гэж хэлсэн. Тэд нарын ярьж байснаар металл хайгчаар олсон гэж ярьж байсан. Миний санаж байгаагаар ээмгийг харанхуй болчихсон байхад 21 цаг өнгөрч байхад олсон. Тэгээд Болорзул бид хоёр цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирж ээмэг, гар утсаа хүлээж авсан. Металл хайгчийг хэн ажиллуулсан болохыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ манай найз Адъяабаатар ажиллуулж чадаж магадгүй гээд очсон. Сүүлд миний сонссоноор металл хайгч нь дуугараад байсан гэж байсан. Ээмгийг металл хайгчаар олсон байх. Металл хайгч авч ирээд удалгүй олсон. Түүнээс биш бид нар гараараа ээмгийг зөндөө удаан 4-5 цаг орчим хайсан. Тухайн үед Аг цагдаагийн алба хаагч нар зодсон, ямар нэгэн байдлаар дарамталсан зүйл болоогүй. А гэх залуу өөрөө ээмгийг хайлцаад сууж байсан. 5 Бид нар ч гэсэн А гэх залууг хүний урамд яагаад авчихсан юм гэж ч хэлээгүй, би загнаж ч чадаагүй. Гар утсыг яаж олсныг би хараагүй. Намайг очих үед ээмгийг хайгаад эхэлчихсэн байсан. Миний гар утсыг олчихсон гэж Болорзул манай нөхөр Баттулгын утсаар дамжуулж хэлсэн. А гэх залуу ээмгийг хаясан газраа өөрөө зааж өгсөн. Тэр газарт нь бид нар хайсан. Тэрнээс биш бид нар ээмгийг олохооргүй байсан. Миний хувьд гар утсаа хүлээгээд авчихсан учраас анхнаасаа гомдолгүй гэж хэлсэн. Тэгтэл хэргээ хүлээхгүй намайг ажилтай байхад цагдаад дуудагдаж ажил удаж байгаад гомдолтой байна. Бид нар 2020 оны 05 дугаар сарын 03-ны өглөө эрт явах гэж байсан хүмүүс тэр өдөр өдөржингөө мэдүүлэг тайлбар өгч, ээмгийг хайж маш их чирэгдэл учруулсан. Нэгэнт болоод өнгөрсөн юмны хойноос юм яриад яах вэ дээ гэж бодоод гомдолгүй гэж хэлсэн. А гэх залууг хийсэн хэрэгтээ гэмшихгүй байгаад дургүй хүрч байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 219-220/,

 

Гэрч М.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б.А болон түүний хууль ёсны төлөөлөгч П.Рэнцэнмядаг нартай №24 тоот хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж өмгөөлөгчөөр оролцсон. Надтай тухайн өдөр Б.Агийн ээж утсаар холбогдож би танаас өмгөөллийн туслалцаа авах гэсэн юм гэхээр нь Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн хажууд байрлах Аривжих худалдааны төв доторх өөрийнхөө өмгөөлөгчийн албан өрөөнд хүлээн авч Б.А болон түүний хууль ёсны төлөөлөгч П.Рэнцэнмядаг нартай харилцан тохиролцож өмгөөллийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол танилцуулж яллагдагчаар мэдүүлэг авах, хавтаст хэргийн материалтай танилцах зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгч, яллагдагч нарын хамт оролцсон. Мөрдөгч нь Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн уулзалт мэдүүлгийн №212 тоот өрөөнд Б.Агаас яллагдагчаар татсан тогтоол танилцуулж мэдүүлэг авсан. Яллагдагчаар татсан тогтоол танилцуулж мэдүүлэг авах ажиллагаанд хөтөлж, тулгаж мэдүүлэг авах, зодож хүнлэг бус харьцсан, эрүү шүүлт тулгасан болон бусад хууль зөрчсөн зүйл болоогүй. Намайг гэрээ байгуулж мөрдөн шалгах ажиллагаанд оролцсоны дараа /хэдэн өдрийн дараа болон яг өдрийг нь санахгүй байна/ хууль ёсны төлөөлөгч П.Рэнцэнмядаг нь хүү Б.Агийн хамтаар миний албан өрөөнд орж ирж уулзсан. Тэгээд надаас П.Рэнцэнмядаг нь миний хүүг ямар нэгэн хорих ялгүй гаргаж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь миний хувьд мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон учраас прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зүйл анги нь 2-8 жилийн хорих ялаар шийтгэгдэх зүйл ангитай байсан учраас шүүхээр ороод хорих ялгүй өнгөрөх боломжгүй болохыг тайлбарлаж хэлж өгсөн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэвэл 1 жилийн хорих ялаар шийтгүүлэх боломжтой гэж Б.А, П.Рэнцэнмядаг нарт тайлбарлаж өгсөн. Тэгсэн чинь Рэнцэнмядаг нь танаас татгалзлаа өөр өмгөөлөгч авна гэсэн. Тэгээд надтай гэрээгээ цуцалж би өмгөөлөгчөөр уг хэрэгт оролцохоо больсон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-212/,

 

Гэрч Б.Адъяабаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

 ... тэр үед бид нар ярилцаад энэ залуу манай гэрт шөнө орж ирсэн залуу юм биш үү, хувцас нь таараад байх юм гэж ярилцаад өнгөрсөн. Цагдаа ирсний дараа мэдүүлэг өгчхөөд явцгаасан. 17-18 цагийн үед хулгай хийсэн хүнийг олсон гэж байна. Ээмгийг өвс рүү хаячихсан байна. Амралтын газарт ирээд металл хайгч ажиллуулаад өгөөч гэсэн. Болортуяа бид 2 түгжирч явсаар бүрий болж байхад очсон. Металл хайгчийг авч ирж таарсан бөгөөд асааж үзэхэд хэвийн ажиллаж байсан. Тэгээд хайж байх явцад металл хайгч дуугарахаар нэг эрэгтэй цагдаа тэр газарт гараараа үзэж шалгахад ээмэг гэрийн баруун урд талын өвс дундаас олдсон. Тухайн үед хулгай хийсэн гэж залуу, Баттулга, Бат-Эрдэнэ, цагдаагийн бүрэлдэхүүний хүмүүс бүгд байсан. Тухайн үед харанхуй болчихсон байсан болохоор металл хайгчаас өөр зүйлээр олох боломжгүй байсан. Намайг очиход хүмүүс ээмгийг гараараа хайж байгаад зарим өвсийг нь зулгаачихсан, сэндийлчихсэн байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 222-224/,

 

Гэрч Г.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

... Туул гарден амралтын газрын гэрээс хүн эд зүйлээ алдсан гэх дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу тухайн өдөр жижүүрийн бүрэлдэхүүнд гарч байсан мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Болдбаяр, криминалистикийн шинжээч, цагдаагийн ахмад М.Очтуяа нарын хамт хэргийн газарт очсон. Хэргийн газарт очиход Туул гарден амралтын газрын гэрт /хэдэн номерын гэрийг нь санахгүй байна/ дотроо 3 эрэгтэй, 3 эмэгтэй нийт 6 хүн амарч байсан гэрт хулгай орж самсунг эс-8 маркийн гар утас, алтан ээмэг 1 ширхэг хулгайд алдагдсан талаар нөхцөл байдал тогтоогдсон. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэрт мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Болдбаяр, криминалистикийн шинжээч М.Очтуяа нар хэргийн газрын үзлэгийг явуулсан. Миний хувьд алтан ээмэг 1 ширхгийг хулгайд алдсан гэх эмэгтэй О.Болорзулаас хохирогчийн мэдүүлэг авсан, мэдүүлгийн явцад уг гэрт амарч байсан 6 хүн нь гэр бүлийн найзууд, мөн уг хүмүүс дотроос хулгайн гэмт хэрэг хийх хүн байхгүй, шөнө унтаж байхад нь гэрт нь хүн орж ирсэн байхаар нь найз Болортуяа нь хөөж гаргасан талаар мэдүүлсэн. Иймд би Болортуяатай уулзаж ярилцахад шөнө унтаж байхад нь цагаан өнгийн цамцтай, өндөр, туранхай эрэгтэй хүн гар утасныхаа гэрлийг тусгачихсан гэр дотор нь явж байхаар нь гэрээс гаргасан, уг эрэгтэй хүн нь амарч байсан гэрээс нь хойшоо гэрт амарч байсан 3 залуугийн нэгэнтэй нь адилхан харагдсан. Тэр 3 залуу өглөө бид нарын хажуугаар гараад явчихсан. Тэгэхэд цагаан өнгийн хувцастай залуугийн хувцас нь шөнө орж ирсэн залуугийн хувцастай адилхан харагдаж байна лээ гэж хэлсэн. Ингээд уг амралтын газрын харуул ажилтай О.Амартүвшин гэх хүнтэй уулзаж мэдүүлэг авахад шөнө 02:30 цагийн үед №2 гэрт амарч байсан хүмүүс машин гаргая гэж хашааны хаалга онгойлгуулсан. Тэр хүмүүсийн тал нь цагаан өнгийн хариэр маркийн машинд сууж яваад 3 залуу нь үлдсэн. Удаагүй 02:50 цагийн орчим манай гэр хариуцсан Юрагаас гэр орчмоор хүн яваад хаалга татаад байна гээд гомдол ирээд байна, гараад шалга гэсэн. Тэгэхээр нь би гэр хооронд явж шалгахад №2 дугаартай гэрт байсан цагаан хувцастай хүн нойлоос гараад явж байсан, өөр хүн харагдаагүй. Тэгээд би №2 дугаартай гэрт орж шалгахад 2 хүн унтаж байсан гэж тайлбарласан. Иймд би Туул гарден амралтын газрын хяналтын камерыг үзэхэд дээгүүрээ цагаан өнгийн хувцастай эрэгтэй хүн гэр дээр гараад бууж байгаа, хүмүүсийг машинд суулгаж өгч байгаа, нойл ороод явж байгаа, амралтын газрын харуултай уулзаж байгаа бичлэг бичигдсэн байсан. Ингээд амралтын газрын амрагч нарын бүртгэл болон төлбөр тооцоо хийсэн бүртгэл судалгааг үзэж байгаад цагаан өнгийн хувцастай хүнтэй хамт амарсан 7 хүний утасны дугаарыг авч яриад цагаан өнгийн хувцас өмссөн байсан А гэх залуугийн утасны дугаарыг олж авсан. Ингээд А гэх залуугийн утас руу /одоо дугаарыг нь санахгүй байна/ залгаж яриад цагдаагаас ярьж байна, та уулын зам дээр зам тээврийн осол хийсэн байна, ирж уулз гэж чулуун овооны пост дээр халхавчтай дуудсан. Тэгэхэд А дуудсанаас хойш 1,2 цагийн дараа ирсэн. Тэгээд би А гэх залуутай Чулуун овооны пост дээр тэр өдрийн үдээс хойш очиж уулзаад та Туул гарден амралтын газрын гэрээс гар утас, ээмэг хулгайлсан уу гэж асуухад би санахгүй байна, нэлээн согтсон байсан гэж хэлээд хэзээ хэн, хэний хамт уг газарт очсон, хэзээ гэртээ харьсан талаараа надад хэлсэн. Би тухайн үед А гэх залуутай хамт явсан нэг хүн рүү нь утасны дугаарыг авч залгаад А хэр согтолттой байсан бэ гэж асуухад хамгийн бага согтолттой нь байсан. Тэнд байсан хүмүүсийг машинд суулгаж өгөөд, тэнд үлдээд тасарчихсан байсан хоёр залууг хараад үлдсэн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Ад Туул гарден амралтын газрын хяналтын камераас утсан дээрээ бичиж авсан /гэр дээр авирч гарч байгаа болон бусад/ бичлэгийг үзүүлээд энэ чи мөн үү гэхэд мөн гэхээр нь үнэн ээ хэлээ, одоо хулгайлсан эд зүйлээ гаргаж өгөөд хохирол төлбөрөө барагдуулчихвал чамайг гэм буруугийн хувьд хөнгөрүүлж үздэг юм гэж хэлсэн. Тэгсэн чинь А би тэр гэр рүү яаж орсноо санахгүй байна, нэлээн согтчихсон байсан, нэг мэдэхэд намайг нэг эгч айл андуурчихсан байна гэхээр нь гэрээс гараад явсан. Тэгээд өөрийнхөө амарч байсан гэрийн гадаа найзтайгаа утсаар яриад байж байхдаа халаасандаа гараа хийтэл нэг өрөөсөн ээмэг, нэг гар утас байж байсан. Би тэр үедээ сандраад гар утсыг модны ёроол руу шидчихсэн, ээмгийг гэрийн баруун талын өвс рүү шидсэн гэж хэлсэн. Ингээд би бүрэлдэхүүний алба хаагчдыг дуудаад А гэх залууг аваад шууд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туул гарден амралтын газар руу буцаж очсон. Тэгээд А Туул гарден амралтын газарт өөрийнхөө амарч байсан гэрийн гадна очоод гар утсыг гэрийн зүүн талын бургас руу хаясан гэж заагаад бургасны ёроолоос самсунг эс-8 плас маркийн гар утсыг өөрөө олсон. Тухайн олдсон газрын болон гар утас хаясан газрыг зааж байгааг криминалистикийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн. Харин ээмгийг А өөрийнхөө амарч байсан гэрийн баруун тийшээ өвсөн дунд шидчихсэн гэж хэлсэн. Тэгээд А болон жижүүрийн бүрэлдэхүүний алба хаагч нар тухайн ээмэг хаясан гэх газарт хэсэг хугацаанд хайсан боловч шар өвс ихтэй учраас амар олдохооргүй байсан. Иймд би хохирогч нарыг дуудсан, хохирогч нар ар араасаа ирсэн. Тухайн үед А болон хохирогч, жижүүрийн бүрэлдэхүүний алба хаагч нар бүгдээрээ ээмэг хаясан гэх газрын ойр орчимд өвсийг нэг бүрчлэн шүүж үзсэн, бараг ойролцоогоор 3,4 цаг гараараа хайсан. Тэгээд олдохгүй байсан, мөн харанхуй болох гээд байсан. Ингээд цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүртэй ярьж байгаад металл хайгч ашиглахаар болсон. Металл хайгчийг ашиглаж чадах хүн байна уу гэж хохирогч нараас асуухад тэр газарт амарч байсан нэг найз нь ажиллуулж чадаж магадгүй, дуудчихлаа гэж хэлсэн. Тэгээд хэлтсээс металл хайгч авч ирсэн, мөн металл хайгч ажиллуулж чаддаг гэх найз нь ч ирсэн байж таарсан. Ингээд металл хайгчийг ажиллуулаад ээмэг хаясан гэх газарт хайлт хийхэд ундааны төмөр таг, төмөр утас, хадаас зэрэг бүх л зүйл дээр металл хайгч дуугараад байсан, тэгээд нэг дуугарахаар нь очоод үзэхэд шаргал өнгийн өрөөсөн ээмэг олдсон. Тухайн үед металл хайгч дуугарахаар нь би очиж үзээд ээмгийг гаргаж ирсэн. Металл хайгч нь металл илэрмэгц дуугарч хариу үзүүлдэг болохоос гаргаж ирдэггүй, металл хайгчийн дуугарсан болгоныг хүн очиж үзэж шалгана биз дээ. Намайг металл хайгч ажиллуулж чаддаг хүн байна уу гэхэд хохирогч нараас тухайн амралтын газарт хамт амарсан нэг хүнээ ажиллуулж чадаж магадгүй гэж хэлсэн. Тэгээд металл хайгчийг авч ирсний дараа тэр залуу болон би металл хайгчийг ажиллуулж үзсэн. Ер нь яг мэргэжлийн хүн байгаагүй учраас бүгд л ингэж ажиллуулах юм байна гэж 8 ярилцаад ажиллуулсан. Хохирогч нарын найз нь гэх нэрийг нь мэдэхгүй залуу ажиллуулж ээмгийг хайсан. А гэх залууг хэргийн газарт дагуулж очиж ойролцоогоор 5, 6 цаг хайсан. Харанхуй болох хүртэл хайлт хийсэн. Тэгээд эд зүйлийг бүрэн олсны дараа хохирогч нарт хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226-227/,

 

Гэрч Ө.Болдбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

Би хэргийн газарт үзлэг хийж дууссаны дараа хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахад гэрч Болортуяа нь шөнө унтаж байхад хүн хөнжил татах шиг болохоор нь сэрээд хартал утасныхаа гэрлийг тусгачихсан хүн явж байхаар нь чи гэр андуурчихсан юм биш үү гэж хэлсэн чинь юм хэлэлгүй гараад явсан, тэр хүн цагаан өнгийн цамц өмссөн, өндөр, туранхай хүн байсан гэж мэдүүлсэн. Тэгээд бид нар хэргийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулчхаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Ингээд үдээс хойш эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Энхбаяр хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүнийг олчихлоо, хулгайлсан эд зүйлээ хаячихсан гэж байна, мэдүүлгийг нь газар дээр нь шалгамаар байна гэсэн. Үүний дагуу жижүүрийн бүрэлдэхүүний алба хаагч нар Туул гарден амралтын газарт очсон. Тэгэхэд А Туул гарден амралтын газарт өөрийнхөө амарч байсан гэрийн гадна очоод гар утсыг гэрийн зүүн талын бургас руу хаясан гэж заагаад бургасны ёроолоос самсунг эс-8 плас маркийн гар утсыг өөрөө олсон. Харин ээмгийг А өөрийнхөө амарч байсан гэрийн баруун тийшээ өвсөн дунд шидчихсэн гэж хэлсэн. Тэгээд А болон жижүүрийн бүрэлдэхүүний алба хаагч нар тухайн ээмэг хаясан гэх газарт гараараа ээмгийг 1 цаг гаран хайсан боловч шар өвс ихтэй учраас олдоогүй. Ингээд бид нарыг ээмэг хайж байхад хохирогч нар ар араасаа ирсэн. Тухайн үед А болон хохирогч, жижүүрийн бүрэлдэхүүний алба хаагч нар бүгдээрээ ээмэг хаясан гэх газрын ойр орчимд өвсийг нэг бүрчлэн шүүж үзсэн, бараг ойролцоогоор 2,3 цаг гараараа хайсан. Тэр үед хохирогч нараас металл хайгчаар хайж үзмээр байна, гомдлын мөр гэж хэлсэн. Тэгэхээр нь би жижүүрээс асуухад, металл хайгч байгаа, цэнэггүй байна, цэнэглэчихье, байж байгаад ирээд ав гэж хэлсэн. Тэгээд байж байтал жижүүрээс гэмтлийн эмнэлэг дээр зодуулсан хүн очсон байна гэсэн, тэгээд би гэмтлийн эмнэлэг явахаар болсон. Иймд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Энхбаяр хохирогч нарын хамт хэлтэс рүү явсан. Би гэмтлийн эмнэлэг орж хүнээс мэдүүлэг авахаар бүрэлдэхүүний машинтай явсан. Надтай хамт А гэх залуу гэмтлийн эмнэлэг рүү бүрэлдэхүүний машинаар явсан. Тэгээд би гэмтлийн эмнэлгээс гараад би эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Энхбаяр руу залгаж одоо гарч байна, амралтын газарт уулзъя гэж хэлээд амралтын газрын хашаагаар бүрэлдэхүүний машиныг ороход Г.Энхбаяр араас орж ирсэн. Энхбаяр ирэхдээ металл хайгчийг авч ирсэн хохирогч нарын хамт машинаас бууж ирсэн. Мөн металл хайгчийг ажиллуулж чаддаг гээд нэг эрэгтэй хүн ирчихсэн байсан. Ингээд металл хайгчийг асаагаад Туул гарден амралтын газрын бөгж хаясан гэх газарт хайлт хийж эхэлсэн. Тэр үед А гэх залуу болон жижүүрийн бүрэлдэхүүний алба хаагчид, хохирогч нар бүгдээрээ байсан. Металл хайгч нь газарт байгаа төмөр бөглөө, хадаас зэрэг бүх зүйл дээр дуугарч хариу үзүүлж байсан. Металл хайгч дуугарах бүрд бид нар тэр газарт нь гараараа шороог ухаж үзэж шалгасан. Тэгээд бид нар металл хайгчаар 1 цаг орчим хайгаад Агийн амарч байсан гэрийн баруун талаас өрөөсөн ээмгийг олсон. Ээмгийг металл хайгч дуугарсан газраас эрүүгийн мөрдөгч Г.Энхбаяр гаргаж ирсэн. Тэр үед бүрэлдэхүүний алба хаагч нар болон металл хайгчийг ажиллуулж байсан залуу, А бид нар бүгд хараад байж байсан. Тухайн үед бүрий ороод нилээн орой болчихсон байсан. Хэрэв металл хайгч ажиллуулаагүй бол олдохгүй байсан. Ингээд ээмэг 9 олдсоны дараа хэлтэс дээр ирээд хохирогч нарт гар утас, ээмгийг тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгсөн. Тухайн үед хохирогч нарыг эрүүгийн мөрдөгч Г.Энхбаярын хамт хэлтэс рүү явуулсан. Харин би шинжээч болон жолооч цагдаагийн хамт аюулгүй байдлыг хангаж албаны машинаар Б.Аг авч явсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 229-230/,

 

Гэрч М.Очтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

... тухайн хэргийн газарт очиход хохирогч нар болон хамт байсан хүмүүс нь байсан. Үзлэг хийсний дараа мөрдөгч, эрүүгийн мөрдөгч нар холбогдох гэрч хохирогч нараас тайлбар авсан. Тэгээд үдээс хойно мэдүүлэг шалгах ажиллагаа хийхэд хэргийн холбогдогч гэх залуу, хохирогч нар болон хамт амарсан хүмүүс байсан. Хэргийн холбогдогч гэх залуу хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх 7 номерын гэрийн үүдэнд зогсоод ертөнцийн зүгээр зүүн тал руу хулгайлсан гар утсаа шидсэн, мөн ээмгийг ертөнцийн зүгээр баруун тийш өвс рүү шидсэн гэж өөрөө заасны дагуу жижүүрийн бүрэлдэхүүн, холбогдогч залуу, хохирогч нар болон хамт байсан хүмүүс хаясан гар утас, ээмгийг хайсан. 7 номерын гэрийн хажуу дахь бургас дундаас гар утсыг холбогдогч этгээд өөрөө олсон. Олдсон газрыг нь 85 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлсэн. Дараа нь гэрийн баруун талд ээмгийг хайсан боловч өвстэй газар байсан болохоор олдоогүй. Металл хайгч авч ирж ээмгийг хайсан. Металл хайгч нь төмөр эд зүйл таарахаар дуугарч байсан. удалгүй ээмэг олдож 86 гэж дугаарлан гэрэл зураг авсан. Хайх ажиллагаа эхлэхээс өмнө холбогдогч этгээд хулгайлсан эд зүйлсээ хаясан газраа зааж өгсөн. Үүний дагуу заасан газрын хүрээнд хайх ажиллагааг явуулсан. Хэрэв холбогдогч этгээд хулгайн эд зүйлийг хаясан газраа зааж өгөөгүй бол хаана гэж хайлт хийх вэ дээ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 232-234/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан:

... Б.Агийн амарсан гэх амралтын газар нь БЗД-ийн 11-р хороо Туул гарден гэх нэртэй байх ба дээд хэсэгт нь гарсан гэх гэрийг өөрөөр нь заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч ажиллагааг цааш үргэлжлүүлэхэд дотогш нэвтэрч эд зүйл авсан гэх гэр нь уг амралтын газрын ертөнцийн зүгээр баруун хойд талаасаа 2 дахь гэр байх ба уг гэрийг өөрөөр нь заалгаж гэрэл зургаар бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд хулгайлсан гэх Самсунг Галакси Эс-8 плас гар утсыг өөрийн амарч байсан үүдэндээ 7 гэх дугаартай гэрийн зүүн хэсэгт байх модны ёроол руу шидсэн гэх ба уг мод нь гэрээс 11 метр зайд байрлах ба уг газрыг өөрөөр нь заалгаж, эд зүйлийг 85 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлж эд мөрийн баримтаар хураан авав. Үзлэгийг үргэлжлүүлэн гэрч Б.Агийн мэдүүлснээр шар өнгийн ээмгийг өөрийн амарч байсан 7 дугаартай гэрээс ертөнцийн зүгээр баруун тийш өвсөн дунд руу шидсэн гэх ба уг газрыг өөрөөр нь заалган гэрэл зургаар бэхжүүлэн авч Eureka Gold нэртэй металл илрүүлэгч ашиглаж үзлэгийг хийхэд уг гэрээс баруун урагш 8,29 метр зайд өвсөн дунд байсныг илрүүлж 86 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэн авч эд мөрийн баримтаар хураан авав. Ажиллагааны явцад өөр ямар нэгэн хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримт илрээгүй гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх 34-37/,

 

 “Тод үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 981 дугаартай:

 10 999 сорьцтой шижир алтан ээмэг /2018 онд мөнгөн завъяагаас хосоор нь 2.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан/ 1 ширхэг нь 1.050.000 төгрөг, самсунг эс-8 плас загварын гар утас 250.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 39/,

 

Шүүгдэгч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:

...2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орой 19:00 цагийн үед өөрийн ажлын газрын менежер Хайдавванчиг ахыг ажлаас гарч байгаатай холбогдуулан ажлынхаа газрын 11 хүмүүсийн хамтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо "Туул гарден" амралтын газарт очсон. Тэгээд бид нар тэр амралтын газраас нэг гэр аваад уг гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. Шөнө болоод хэсэг сууцгааж байгаад хүмүүс цуваад явцгаасан. Би бүх хүмүүсийг гаргаж өгсөн. Миний хувьд өөрийн найзыг амралтын газраас ирж аваарай гээд хэлчихсэн байсан. Би архи нэлээн уусан болохоор согтсон байсан. Миний санаж байгаагаар би хамгийн сүүлд ажлын газрын 3 хүнийг гаргаж өгчхөөд буцаад амралтын гэр рүү явах замдаа манай гэрийн урд байсан гэр рүү ороод ширээн дээр байсан гар утас, өрөөсөн ээмгийг нь аваад ор руу дөхөх үед нэг эмэгтэй хүн намайг гэрээ андуурсан байна гэж хэлэхээр нь би өө тийм үү уучлаарай гэж хэлээд гарсан. Тэгээд би амралтын гэр рүүгээ орохын өмнө буруу зүйл хийж байгаагаа ухаараад гар утас болон ээмгийг буцааж оруулж өгөхөөс айгаад газарт шидэж хаясан. Ингээд би амралтын гэрт унтаж байгаад өглөө нь амралтын газарт үлдсэн байсан 2 ахын ар гэрээс хүн ирсэн болохоор гэр рүүгээ хүргүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 55/, 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ажлынхаа хамт олонтой Туул гарден амралтын газарт гэр амралтад амарсан. Шөнө нь бид нар явах байсан боловч ажлын 2 ах тасарчхаад менежер намайг найзыгаа иртэл түр хараад байж байгаарай гэж үлдээсэн. Энэ хооронд би найзыгаа хүлээж байгаад унтчихсан өглөө нь сэрээд утсаа хартал намайг ирж авах байсан О.Золбоо найзаас минь 10 дуудлага ирсэн байсан. Ингээд тэр өглөө Мөнхтулга ахын эхнэр нь ирээд би хамт яваад гэртээ хүргүүлсэн. Гэртээ хариад унтаж байхад утас дуугараад авсан чинь Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсээс ярьж байна, та уулын зам дээр зам тээврийн осол хийсэн байна, яаралтай ирж уулзана уу гэж дуудсан. Дуудсан ёсоор би чулуун овооны тэнд Сансар сүлжээ дэлгүүрийн урд явж очсон чинь Энхбаяр гэх цагдаа намайг машиндаа суулгаад “авсан утас, өрөөсөн ээмэг хоёроо гаргаад ир” гэж хэлэхээр нь юун утас, ээмэг гэсэн чинь Туул гарден амралтын газрын гэрээс чи хулгай хийсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хулгай хийгээгүй, намайг зам тээврийн осол гаргасан гэж цагдаа дуудсан шүү дээ, та хүн андуураад байх шиг байна гэж хэлсэн. Тэгтэл би чамайг зам тээврийн осол гаргасан гэж дуудсан юм, чи хулгайлсан юм аа гаргаж өгөхгүй юм бол явъя гээд Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр авч ирсэн. Тэгээд намайг өрөөндөө оруулаад миний утас болон машины түлхүүр, түрүүвч зэргийг аваад миний утсыг шалгасан. Тэгснээ чи авсан юм аа гаргаж өгөхгүй юм уу гэж дахиж хэлэхээр нь би аваагүй гэж хэлсэн. Тэгсэн чинь шууд намайг тохойлдож, элэгдэж, шанаадаж байгаад камерын бичлэг үзүүлээд камерын бичлэг дээр явж байгаа чи мөн үү гэхээр нь би мөн байна гэж хэлсэн чинь тэгвэл чи гэр рүү орж өрөөсөн ээмэг, гар утас хулгайлсан байна гээд дахин зодсон. Тэр үед би юм аа алдсан хүмүүсийн утас, ээмэг нь өөрсдөд нь байсан юм уу, та яг утас, ээмэгтэй байсан гэдгийг нь шалгасан юм уу гэхэд чи миний ажлыг заадаг хэн юм гээд уурласан. Тухайн үед би өмгөөлөгч авъя гэсэн чинь хувийн өмгөөлөгч байгаа юм уу гээд асуухаар нь надад одоо хувийн өмгөөлөгч байхгүй, ээжтэйгээ юу ч болсон ярья гэж хэлсэн. Тэгээд би ээжтэйгээ яриад өмгөөлөгч авч ирүүлэх талаар ярьж хэлсэн. Тэгтэл Энхбаяр байцаагч одоо өмгөөлөгч хотын төвөөс ирэх гэсээр 11 байтал орой болно, чи хулгай хийгээгүй юм бол өмгөөлөгч аваад яадаг юм гэж хэлэхээр нь би ээж рүү яриад өмгөөлөгч хэрэггүй болчихлоо гээд хэлчихсэн. Тэгээд байж байтал хэргийн газар дээр очно гээд намайг Туул гарден амралтын газар руу Энхбаяр байцаагч өөрийнхөө машинаар авч явсан. Амралтын газарт очоод байж байтал араас нь цагдаагийн бүрэлдэхүүний алба хаагч нар машинтайгаа ирсэн. Тэгээд Туул гарден амралтын газарт очоод би болон цагдаагийн бүрэлдэхүүний алба хаагч нар, Энхбаяр байцаагч, амралтын газрын манаач бид нар бүгдээрээ гар утас, ээмгийг хайж эхэлсэн. Ингээд хайж байхад Энхбаяр байцаагч хулгай орсон гэх гэрээс 20-30 метр зайд гар утсыг өөрөө олсон. Олсныхоо дараа буцааж гар утсыг тавиад ийшээ гараа заа гэж хэлэхэд нь би гараараа утас байгаа газар руу заасан чинь нэг цагдаа зураг дарсан. Тэгээд үргэлжлүүлээд ээмгийг хайж байх хооронд гурван цагдаа нь гэмтлийн эмнэлэг рүү өөр дуудлагад явахаар болоод намайг гэмтлийн эмнэлэг рүү дагуулж явсан. Харин Энхбаяр байцаагч хохирогч нарын хамт металл илрүүлэгчээр өрөөсөн ээмгийг хайна гээд амралтын. газарт үлдсэн. Тэгэхэд металл илрүүлэгч нь ирээгүй байсан. Ингээд гэмтлийн эмнэлэг дээр байж байхад металл илрүүлэгч ирчихлээ гээд нөгөө гурван цагдаа намайг дагуулаад Туул гарден амралтын газарт очсон. Намайг амралтын газарт очиход металл илрүүлэгчийг ажиллуулаад өөрсдийнхөө бөгжийг тавиад металл илрүүлэгчийг ажиллаж байгаа эсэхийг шалгаж байсан. Тэгээд металл илрүүлэгчээр ээмгийг хайж эхлээд нэг их удалгүй ойролцоогоор 5- 10 минутын дараа металл илрүүлэгчээс зайтай газрын өвсөн дундаас Энхбаяр байцаагч өрөөсөн ээмгийг та нар чинь өдөржин юугаа харж байдаг юм бэ гэж хэлээд гараараа барин өрөөсөн ээмгийг гаргаж ирсэн. Тэгээд буцааж өвсөн дунд өрөөсөн ээмгийг тавиад намайг ийшээ за гэж хэлэхэд би гараараа өрөөсөн ээмэг рүү зааж байхад нэг цагдаа нь зураг дарсан. Металл илрүүлэгчээр өрөөсөн ээмгийг олоогүй байж Энхбаяр цагдаа өөр нэг цагдаатай ярилцан нэгэнт металл илрүүлэгч авч ирсэн юм чинь металл илрүүлэгчээр олсон гэж зураг даран хавтаст хэрэгт хавсаргавал яадаг юм гэж хоорондоо яриад металл илрүүлэгчийг ажиллуулж байсан хүнийг ийшээ зогсож бай гэж хэлэн ээмэг дээр металл илрүүлэгчийг барьж байгаад зураг дарсан. Тэгээд хохирогч нарыг дуудсан цагт ;ирээрэй гээд явуулсан, тэгээд намайг хэлтэс дээр авч ирээд Энхбаяр байцаагч мэдүүлэг авсныхаа дараа манай ээжид батлан даалтаар тэр оройдоо өгч явуулсан. Би тухайн үед ажлынхаа хүмүүсийг гаргаж өгөөд хамгийн сүүлд менежерийг гаргаж өгсөн. Тэгээд үүнээс хойш би нэмж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Нэг мэдэхэд би гэр дээр гараад тооноор хараад ажлынхаа хоёр ахыг хаалга онгойлгоорой гээд дуудаж байснаа санаж байна. Тэгээд хүн дуугарахгүй байхаар нь би гэр дээрээс буугаад шууд хойшоо өөрийнхөө амарч байсан гэрийг олж очсон. Тухайн үед манай гэрийн гэрэл асаалттай, хаалган нь онгорхой дэлгээстэй байсан. Тэгээд би гэртээ орж унтсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглэдэггүй учраас согтох тийшээ болчихсон байсан. Гэхдээ тасартлаа бол согтоогүй байсан гэх мэдүүлэг /2-р ххийн 3-5/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 7-10/,

-хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх 12-13/,

-Б.Агаас самсунг галакси эс-8 плас загварын гар утас 1 ширхэг, ягаан өнгийн шигтгээтэй 995 сорьцтой алтан ээмэг 1 ширхгийг хураан авсан эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх 14-16/,

-Б.Агаа хураан авсан ягаан өнгийн шигтгээтэй 995 сорьцтой алтан ээмэг 1 ширхгийг хохирогч О.Болорзулд, самсунг галакси эс-8 плас загварын гар утас 1 ширхгийг хохирогч М.Баянжаргалд тус тус хүлээлгэн өгсөн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 17-18/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 58/,

-хохирогч М.Баянжаргал, О.Болорзул нарын “эд зүйлээ бүрэн хүлээж авсан. Гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтүүд /хх 81-82/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс Б.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 71- 78/, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ЦХШЗ/30/ө дугаартай шүүгчийн захирамж /1-р хх-ийн 245-247/, ШШЕГн харьяа 405 дугаар хаалттай хорих ангиас мөрдөгчид Б.Аг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, ялын тооцоо /1-р хх-ийн 248/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.

 

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн байр нь амралтын газрын үйл ажиллагаа явуулах зориулалтаар бэлдэж тохижуулсан Монгол гэр байна.

 

Үйл ажиллагаа явуулах зориулалтаар ашигладаг байгууламж нь нэг субъектийн эрх ашиг, орон зайг нөгөө субъектийн орон зай, хууль бус үйлдлээс тусгаарлаж байдаг учир үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байр, тусгайлан хамгаалсан байр гэх ойлголтод хамаарна.

 

Амралтын газрын гэр нь түрээслэн амрагчийн эрх ашиг, орон зайг түрээсэлсэн хугацаанд буюу амрагч тухайн гэрт байгаа үед бусдаас хамгаалж байх зориулалттай юм. Дээрх хугацаанд хөндлөнгийн хэн боловч тухайн гэрт амрагч нарын зөвшөөрөлгүйгээр нэвтэрч орох ёсгүй юм.

 

Амралтын газрын гэр нь бусдын үйлдэл, орон зайнаас хохирогч нарын эд хөрөнгө, эрх ашиг, орон зайг тусгаарлаж байсан учир шүүгдэгчийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий хохирогчийн орон байр, тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар буюу мэдэгдэхгүйгээр нэвтэрч орон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ёстой.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогч нарын тусдаа амарч байсан гэрт нэвтэрч тус гэрт хохирогч нарыг унтаж байгааг мэдсэн дариу бусдын эд зүйлийг хулгайлж авах санаа сэдэл төрж улмаар гүйцэлдүүлсэн. Энэ үйлдэл нь түүний хүсэл зоригийн дагуу хүсэж хийгдсэн санаатай үйлдэл юм.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд хохирогч нар нь өөрсдөө согтуу хөлчүү явж байгаад гар утсаа, өрөөсөн ээмгээ гэрийн гадаа хаясан гэж үзэх үндэслэл болон боломжит баримтгүй бөгөөд хэрэв тийнхүү хаясан бол цагдаагийн байгууллагад хохирогч нар мэдээлэл гаргах ёсгүй.

Ийнхүү хаясан гэж тооцоход тухайн эд зүйлсийг хайж байгаа, улмаар олж байгаа ажиллагааг зохиомол, зориудаар урьдчилан бэлдсэн гэж үзэх ямар ч логик боломжгүй. Хэрэв ээ хохирогч нар өөрсдийн эд зүйлийг яагаад байхгүй болсон гэдгийг мэдэхгүй байгаа тохиолдолд хөндлөнгийн хэн ч болов тухайн эд зүйлсийг энэ хавьд байгаа гэж тооцоолон эрж хайх ажиллагааг явуулах газрыг зааж тогтоох боломжгүй. Заавал хэн нэгний мэдээллийн дагуу дээрх газар орчинд эд зүйлсийг хайх ажиллагаа явагддаг ёстой.

 

 Хохирогч нарын эд зүйлсийг хаана байгааг хохирогч нар, гэрч нар, цагдаагийн байгууллагын ажилтнууд мэдэхгүй байсан нь тэдний мэдүүлгээр тогтоогдож, харин уг эд зүйлсийг хаана байгаа талаарх мэдээллийг шүүгдэгч Б.Агаас гаргасныг мөрдөгч мэдэж авснаар мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явагдсан байна. Уг ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болно.

 

Шүүгдэгч Б.Аг тухайн эд зүйлсийг хулгайлж аваагүй гэж тооцох үндэслэл дээрх байдлаар үгүйсгэгдэх бөгөөд түүний өгсөн мэдээллийн дагуу тухайн эд зүйлсийг байгаа газарт эрж хайх ажиллагааг явуулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургаар тогтоогдож байна.

 Хэргийн газраас бэхжүүлсэн гэрэл зурагт “хохирогчийн цүнхний онгорхой байгаа байдлыг харуулсан болон гутлын мөрийн” зураг байх бөгөөд хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлсэн гутлын мөрийн зураг одоо ч хавтаст хэргийн 10 дугаар талын ард авагдсан 9, 10 дугаартай гэрэл зургаар илэрхийлэгддэг. Гутлын мөрийг заавал Б.Агийн гутлын мөртэй нь харьцуулан үзэх шаардлагагүй байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон болно.

 

Харин шүүгдэгч Б.Агийн “мөрдөгч Энхбаяр намайг зодож дарамталсан, гар утас болон ээмгийг нээх удаан хайлгүйгээр өөрөө шууд газраас аваад надаар заалгаж байхад нэг цагдаа нь зураг аваад байсан” гэх утга бүхий мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон, хэрэгт гэрчээр асуугдсан хүмүүсийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

 

Мөрдөн байцаалтын явцад хулгайд алдагдсан эд зүйл болох өрөөсөн ээмгийг бөгж хэмээн зарим нэг баримтад ташаа бичсэн нь мөрдөгчийн хариуцлагагүй андуурч бичсэн ажиллагаа байх бөгөөд хэргийн үйл баримт болох халдлагын зүйл нь өрөөсөн ээмэг гэдэг нь хэрэг дэх бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ байдал нь хэргийг шийдвэрлэхэд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй юм.

 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хохирогч, гэрч нар бодит байдлаар, нэмж хассан зүйлгүйгээр мэдүүлдэг ба өөрт ашигтай байдлыг үүсгэхийг эрмэлздэггүй. Харин гэмт этгээд нь гэмт хэргийн талаарх нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар бүрдүүлж эрүүгийн хариуцлага, ял шийтгэлээс мултарч өнгөрөх, хөнгөн ял шийтгэлээр шийтгүүлэхийг хүсэж байдаг учир мэдүүлэг нь тогтворгүй байх нь их байдаг. Иймд хохирогч, гэрчийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлийг үнэн зөвд тооцох эрх зүйн нөхцөл үүсдэг.

 

Шүүгдэгч болон түүний ар гэрийн зүгээс холбогдсон хэргийг шийдвэрлэхэд хорих ялыг биечлэн эдлэхгүй, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлэх сонирхолтой байсан болох нь гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан түүний гомдол, тайлбаруудаар тогтоогдож байдаг бөгөөд түүний ийнхүү гомдол тайлбар гаргасан нь түүний өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл болно.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан сиди дэх бичлэг нь шүүгдэгч Б.Агийн тус шөнө тухайн орчинд биеэ хэрхэн авч явж байгааг илэрхийлсэн байна. Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх боловч өөрийн үйлдлийг удирдах чадвартай байсан байх бөгөөд бичлэгт авагдсанаар тэрээр амралтын газрын гэр дээр авирах, авирч гараад зөөлөн хитэж явах, тооноор дотогш харж байгаа, гэрүүдийн дундуур явахдаа орчны байдлыг ажиглаж байгаа зэрэг нь өөрийн хийж байгаа үйлдлийг хянаж, мэдэж байгааг тод илэрхийлж байна.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогч нарын амарч байсан Туул гарден амралтын газрын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд түр хугацаанд эзэмшигч болох амрагч хохирогч нарын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр, нууц аргаар нэвтэрч, тэнд байсан эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн болгон авч, захиран зарцуулах бололцоог бий болгосон 1 удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эдэлж буй эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Шүүгдэгч нь хүний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Аг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч М.Баянжаргал, О.Болорзул нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хойшлуулшгүйгээр явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад алба хаагч нар олж хохирогч нарт хүлээлгэн өгсөн болох нь хохирогч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй болохоо илэрхийлснээр тогтоогдож тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Ад ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг олоход тусалсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Б.Агийн үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс 5 жилээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх учир түүнд оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан хорих байгууллагад биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг хугацаанд хуульд заасан тодорхой үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид дүйцүүлэн оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд зааснаар хариуцах ёстой.

 

Шүүгдэгч Б.А нь хэргийн учир 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хэргийн учир цагдан хоригдсон байх тул уг хугацааг түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанаас 1 хоногоор тооцож хасаж эдлэх ялыг тогтоолоо. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.108 37.1, 38.1 дүгээр зүйлүүд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бн Аг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Аг хоёр жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож дүйцүүлэн сольсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агийн цагдан хоригдсон 202 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг нэг жил есөн сар арван нэг хоногийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ