Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 100

 

Л.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01596/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 460 дугаар шийдвэртэй,

           Нэхэмжлэгч Боржигон овогтой Лувсаншаравын Э-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч “Шимт агро холдинг” ХХК-д холбогдох,

          “77 сарын цалин гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Э-аас:

Би 2013 оны 04 дүгээр сард нисэхийн хашаанд нь буусан. Эзэн нь З.Батчулуун байсан. Эхний 1 жил үнэ хөлсгүй гэрээ барьж өвөлжихөөр болсон бөгөөд хавар нь нүүх гэтэл З.Батчулуун түүний эхнэр нар таныг гомдоохгүй ээ байж бай гэж намайг үлдэхийг ятгасан. Би итгэж хашаанд нь үлдэж, зунд нь 2 давхар байшингийн дээд талд нь амьдардаг байсан. Мөн өөр хашаанд буух гэтэл манайх одоо энэ барилгыг засаж, ажил явуулах гэж байгаа танд бид нар үүд хэсэгт жижиг байшин барьж өгнө гэж хэлсэн. Байшин 15.000.000 төгрөгөөр босно, ингээд орох оронтой болох нь гэж баярлаад цалин хөлс гээгүй. Гэтэл энэ намар намайг нүү гээд хэлсэн ярьсан тохирооноос буцсан тул би ажлын хөлсөө тооцож гаргуулмаар байна. Энэ хугацаанд би тухайн барилга, хашааг харж хандаж сахиул хийж байсан болно.

Би 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл “Шимт агро холдинг” ХХК-ийн хашаа буюу нисэх буудлын хашаанд манаачаар ажиллаж байсан. Би 6 жил ажиллах хугацаанд “Шимт агро” ХХК-аас ямар ч цалин хөлс авч байгаагүй. Тус хашаанд байх хугацаанд ток тавиулснаас өөр зүйл шаардаж байгаагүй. Тиймээс манаачаар ажилласан 6 жилийн хугацааны цалин 12.523.023 төгрөгийг “Шимт агро холдинг” ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Атарбаяраас:

Л.Э- манай хашаанд нүүж ирээд амьдаръя гэж бидэнд өөрөө хүсэлт тавьсан. Түүнээс Л.Э-ийг манайх хашаандаа манаачаар авч, цалинтай ажиллуулна гэж харилцан тохиролцож, гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй. Настай хүн, мөн аавын таньдаг хүн учраас хашаандаа бид буулгасан. Л.Э- нь байшин бариулна гэсэн зүйл яриад байдаг. Би болон манай гэр бүлийнхэн Л.Э-тай ямар ч садан төрлийн холбоо байхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Э-ийн хариуцагч “Шимт Агро” ХХК-д холбогдох 2013 оны 04 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэлх цалин “Шимт Агро” ХХК-ийн нисэхийн хашааны сахиул хийж байсны ажлын хөлс  77 сар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ  192.000 төгрөгөөр дүйцүүлэн 12.523.024  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Шимт Агро” ХХК-иас 6.624.000 төгрөг гаргуулан Л.Э-ид олгож 5.899.024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Э-ийг тэмдэгтийн хураамжаас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 6488 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 6.624.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 120.934 төгрөгийг хариуцагч “Шимт Агро” ХХК-иас гаргуулан төрийн сангийн 100190000941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдсан гомдолдоо:

“Шимт агро” ХХК-ийн зүгээс Л.Э-ийг компаний ажилтнаар ажилд авсан гэрээ, тохиролцоо хавтаст хэрэгт байдаггүй тул энэ талаарх бодит байдал тогтоогдохгүй байна. Хөлсөөр ажилладаг байсан нотлох баримтыг Иргэний хуулийн 368 дугаар зүйлийн 368.1 дэх хэсэгт зааснаар ажилтан өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ талаарх нотлох баримтыг баг, сумын засаг дарга болон түүний таньж мэдэх хөндлөнгийн этгээдүүд тодорхойлж гэрчлэхгүй юм. Л.Э- нь 6 жилийн хугацаанд өөрийгөө тухайн компанид хөлсөөр ажилладаг болохыг нотлох тодорхойлолтыг нэг ч шаардаж байгаагүй. Мөн хөлсөөр ажиллаж байсан тухай нотлогдоогүй байхад хөлс төлөх хэр хэмжээг ажиллуулагч, ажиллагч нарын хооронд ямар ажил үүрэг гүйцэтгэхээр тохиролцсон байсан гэж үзээд, ямар аргачлалд тулгуурлаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр дүйцүүлж төлбөр гаргуулж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн “Шимт агро холдинг” ХХК-аас 6.624.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Э- хариуцагч “Шимт Агро холдинг” ХХК-д холбогдуулан тус компаний нисэхийн хашааны сахиул хийж байсны ажлын хөлсөө 192.000 төгрөгөөр дүйцүүлэн 12 523 024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Л.Э-ийг манайх хашаандаа манаачаар авч, цалинтай ажиллуулна гэж тохиролцоогүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Л.Э- нь 2013 оны 04 дүгээр сараас  2016 оны 09 дүгээр сар хүртэл эзэн З.Батчулуунтай тохирон хашааг харж, хамгаалж байсан, одоо хүү нь компанийг  нь ажиллуулж байгаа тул компаниас нь ажлын хөлсөө сарын хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээгээр тооцож гаргуулж авна гэж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

“Шимт агро холдинг” ХХК-ийн зүгээс Л.Э-ийг компаний ажилтнаар ажилд авсан гэрээ хавтаст хэрэгт байдаггүй тул энэ талаарх бодит байдал тогтоогдохгүй байна гэж маргасан болно.

Анхан шатны шүүх “Шимт Агро” ХХК-аас 6.624.000 төгрөг гаргуулан Л.Э-ид олгож, 5.899.024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч тал “Шимт агро холдинг” ХХК-ийн зүгээс Л.Э-ийг компаний ажилтнаар ажилд авсан гэрээ байдаггүй, энэ талаарх бодит байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн “Шимт агро холдинг” ХХК-аас 6.624.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгч Л.Э-ийг “Шимт агро холдинг” ХХК, хуучин нэрээр нисэхийн хашаа, хоёр давхар обьектийг хамгаалж сахиулаар ажиллаж байгаагүй гэснийг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй, талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй болно.

Харин нэхэмжлэгч Л.Э-ийг тухайн хашаанд буухыг хариуцагч тал зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар нүүр тулан амаар гаргасан саналд нэн даруй зөвшөөрсөн хариу өгсөн байх тул гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “2013 оны 04 дүгээр сард нисэхийн хашаанд нь буусан. Эзэн нь З.Батчулуун байсан. Өвөлжөөд хавар нь нүүх гэтэл З.Батчулуун түүний эхнэр нар таныг гомдоохгүй ээ байж бай гэж намайг үлдэхийг ятгасан. Би итгэж хашаанд нь үлдэж, зунд нь 2 давхар байшингийн дээд талд нь амьдардаг байсан. Мөн өөр хашаанд буух гэтэл манайх одоо энэ барилгыг засаж, ажил явуулах гэж байгаа танд бид нар үүд хэсэгт жижиг байшин барьж өгнө гэж хэлсэн. Байшин 15.000.000 төгрөгөөр босно, ингээд орох оронтой болох нь гэж баярлаад цалин хөлс гээгүй. Энэ хугацаанд би тухайн барилга, хашааг харж хандаж сахиул хийж байсан” гэснээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1,  8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан  хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл байгуулагдаагүй  ч  нэхэмжлэлд дурдсан хугацаанд нэхэмжлэгч Л.Э-ийг тухайн хашаанд гэрээ барьж амьдарч байсан үйл явдал тогтоогдсон ба үүнийг хариуцагч тал үгүйсгээгүй.

Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд нэхэмжлэгч Л.Э- тухайн хашаа, обьектыг харж хамгаалж байсан гэж үзнэ.

Анхан шатны шүүх Иргэний  хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэж байсан тул ажиллуулагч тогтсон ажлын хөлсийг тодорхой хугацаанд төлөх талаар тохиролцоогүй ч нэхэмжлэгч Л.Э- нь “Шимт агро ходинг” ХХК-ийн нисэхийн хашааны сахиул хийж байсны ажлын хөлсийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шаардаж байгаа нь хууль зөрчөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Энэ талаар хариуцагч маргаж мэтгэлцээгүй байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч хуулийн этгээдийн нэрийг бүрэн бичээгүй /хх-71 дүгээр тал/ байх тул энэ талаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын ...“Шимт Агро” ХХК... гэснийг... “Шимт агро холдинг” ХХК... гэж  өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120.934 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЭНХЖАРГАЛ

                                      ШҮҮГЧИД                                                Л.АМАРСАНАА

                                                                                                       С.ОЮУНЦЭЦЭГ