Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 148/2016/00267/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Оюунцэцэг,  С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 499 дүгээр шийдвэртэй,   

           Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Ж-д  холбогдох

“Гэм хорын хохирол 10.520.000  төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг  

           Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч  Д.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мандуул нар оролцов.

            Нэхэмжлэгч Д.Б-иас:

            2007 оны 04 дүгээр сард Бойны тохой гэдэг газар авч мод үржүүлдэг чацарганы мод тарих ажлыг дэлхийн байгаль орчны сангийн тусламжтай хийж гүйцэтгээд 2012 онд тарьсан 500 ширхэг чацарганы модноос 800 кг жимс хураан авч сайхан үр дүнд хүрч байна. Гэтэл 2013 оны 6-7 сард О.Ж- гэдэг хүн миний усалгаа хийдэг нарийн салаа, Орхон гол хоёрын уулзвар дээр монгол гэр барьж 4-5 хүний хамт ховоо машинаар их хэмжээний хайрга олборлон ашигласнаас болж Орхон голын гольдирлоо өөрчлөн салаа нарийн гол руугаа хүчтэй урсан орж ирсэн тул чацаргана жимсний мод тариалж байсан 12-15 м өндөр цагаан шороон эргийг доогуур нь ус хүчтэй  урсаж эхэлсэн учир эрэг нурж миний тарьж ургуулсан 6-7 жилийн хөдөлмөр 438 ширхэг жимсний мод урсан үгүй болсон. Надад 10.520.000 төгрөгийн хохирол учирсан. Иймд хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч О.Ж-аас:

            2013 оны 6 сарын сүүлчээр “Виду” ХХК-ийн захирал Болд надтай уулзаад бойны тохой орчмоос 5 сард хуулийн дагуу хайрга олдворлосон. Уг газрыг тэгшлээд хонхор газрыг   дараад    өгөөч   гэж гуйсан.  Би  3 сая  төгрөгөөр  тохирч уг  ажлыг 4 хоног хийж

гүйцэтгээд Болдод хүлээлгэж өгсөн. Миний бие Болдын ажлыг хийх үедээ болон түүнээс урд нь дараа нь тэр газраас хайрга огт аваагүй. Д.Б- гэдэг хүн намайг худлаа гүтгэж байна. Намайг хайрга аваагүйг Болд, Онон, Батцэнгэл нар гэрчилнэ. Б- нь тухайн үед Болдоос мөнгө авч чадаагүй болохоор одоо надаас мөнгө авах зорилгоор намайг хариуцагч болгож байгаад гомдолтой байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 499 дүгээр шийдвэрээр: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч О.Ж-аас 10.520.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183.270 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б- давж заалдах гомдолдоо:

Хууль зөрчиж голын эрэг дотроос О.Ж- хайрга хулгайлан зөөвөрлөснийг сумын иргэдийн төлөөлөгчид  Д.Соёлбаатар, Ф.Серикбол, газрын албаны Биндэръяа нар ирж боль гэж албан шаардлага тавьж байгаа талаар бичлэгээр баримтжуулсан баримт хэрэгт байгаа. О.Ж- 4 өдөр ажилласан гэж огт худлаа ярьж байна. 2013 оны 6 дугаар сарын 14-нөөс 2017 оны 7 дугаар сарын 9 хүртэл сар орчим голын хайрга овоолж ухаж Сүхбаатар суманд барьж байгаа усан бассейны барилгын ажилд болон бусдад зарж байхыг голын дэргэд амьдардаг айлын хүмүүс болон төмөр замын дежурууд  сайн мэднэ.

Би үнэний төлөө явж байгаа учир үнэн зөвөөр шийдэх байх гэж бодож байна. Миний хавтаст хэрэгт байгаа нотлох баримтууд, плашид байгаа бичлэг, зурагнуудыг бүгдийг нь үзэж  үнэн зөвийг тогтоож өгөхийг хүсч байна гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч  О.Ж-д  холбогдуулан  гэм хорын  хохирол  10.520.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэл гаргасныг хариуцагч   зөвшөөрөхгүй  гэж тайлбар  гарган  маргасан.

Анхан шатны шүүх хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас  Д.Б-д  10.520.000 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын  улсын байцаагчийн  2013 оны  09 дүгээр сарын  24-ний өдрийн  13-04-335  дугаар дүгнэлтээр  үгүйсгэгдэж  байна  гэж  дүгнэн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгон  шийдвэрлэсэн  байна.

Шүүхийн  шийдвэрийг  нэхэмжлэгч Д.Б-  эс  зөвшөөрч  гомдол гаргасныг   давж заалдах шатны  шүүх хүлээн авч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  166 дугаар зүйлийн 166.4-т  зааснаар  иргэний хэргийг бүхэлд нь  хянаж  үзлээ.

Сэлэнгэ аймгийн  Шаамар сумын  Засаг даргын  2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн  194 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Д.Б-д   мод  үржүүлгийн зориулалтаар  “Бойны  тохой”-д  29330 мкв  талбай бүхий газрыг  40 жилийн хугацаатайгаар  эзэмшүүлэхээр  олгосон  \хх-12 дугаар тал\.

Газар эзэмшигч нь  газрыг зориулалтын дагуу  ашиглаж, мод  үржүүлгийн  үйл ажиллагаа эрхэлж,  чацарганы  мод  суулгасан,  2013 онд  уг  газрын  ойролцоогоос    хайрга их хэмжээгээр олборлосны улмаас  голын гольдрол  өөрчлөгдөн,  усны түвшин олон жилийн дунджаас  давж үерлэн  эрэг нурж  чацарганы  400 бут урсаж  үгүй болж, хохирол учирсан  байна.

Нэхэмжлэгч  Д.Б- нэхэмжлэлийн үндэслэлд дээрх үйл баримтыг зааж   хариуцагч  О.Ж-аас  өөрт учирсан гэм хорын  хохирлыг  арилгуулахаар  шаарджээ.

Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  гэм хорын хариуцлага   хүлээлгэхэд  дараах  үндсэн нөхцөл  шалтгаан   бүрдсэн байх ёстойг  тодорхойлсон.

Үүнд: Зөрчил  үйлдсэн обьект нь   бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгө байх бөгөөд  гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс  үйлдэхүйн улмаас  эд хөрөнгөд  хохирол учирсан байх,

Үйлдэл, эс үйлдэхүй  болон учирсан хохирлын хооронд  шалтгаант холбоотой  байх,

Зөрчил үйлдэгч гэм буруутай \санаатай, болгоомжгүй\ байхыг хуулиар тогтоосон  байх бөгөөд  эдгээр нөхцөлүүд  тогтоогдсоноор  гэм хор түүнд  ногдуулах хариуцлагын асуудлыг шүүх  шийдвэрлэдэг болно.

Хэрэгт авагдсан  баримтаас үзвэл  зөрчил буюу  хайрга  олборлосноос  голын гольдрол өөрчлөгдөн  усны түвшин  нэмэгдэж эрэг  нурсан, гэм хор буюу  үүний улмаас   чацарганы мод урсаж  10.520.000  төрөгийн хохирол  учирсан  болох нь  нотлогдож  тогтоогдсон гэж үзнэ.

Харин хариуцагч О.Ж-ы  хууль бус үйлдэл, гэм буруу  тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч Д.Б-ийн  гаргасан хүсэлтийн дагуу  2013 оны 09 дүгээр сарын 24-нд Байгаль орчны хяналтын улсын  байцаагч  М.Эрдэнэбилэг \хх-17 дугаар тал\,  2013 оны 11 дүгээр сарын  05-нд  Ургамал хорио цээрийн чанарын улсын байцаагч  Д.Цэрэндулам \хх-24 дүгээр тал\ нар  дүгнэлт гаргасан.

Дүгнэлтэд:

1.Сүхбаатар сумын Ц.Болдбаатар захиралтай  “Виду” ХХК нь ердийн  ашигт малтмал голын хайрга олборлохдоо заагдаагүй цэгээс зөвшөөрөлгүй,  хайрга  олборлосон нь Газрын хэвлийн тухай хуулийн  18 дугаар зүйлийг  зөрчсөн.

2.Дархан-Уул аймгийн Жамбал  захиралтай “Жанр” ХХК  усан бассейн  барих хайрга нэмж олборлосон нь  Газрын хэвлийн тухай хуулийн  18 дугаар зүйлийг зөрчсөн.

3.Шаамар сумын засаг даргын, Газрын даамал  гэр бүлийн  хэрэгцээнд газар эзэмшүүлэхдээ  Монгол улсын Усны тухай  хуулийн  22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4 дэх заалтуудыг тус тус зөрчин  “онцгой хамгаалалтын бүсэд газар хагалах, газар тариалан эрхлэх, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх...,  ХАА-н  бүтээгдэхүүн  үйлдвэрлэх, цэг байгуулахыг хориглоно”  гэсэн заалтуудыг  зөрчсөн нь  маргаан, гомдол, хохирол гарах үндэслэл болсон  гэсэн  байна.

Энэхүү  нотлох  баримт нь  хариуцагч О.Ж-ы  хууль тогтоомж  зөрчсөн  үйлдэл, гэм  бурууг үгүйсгэж байх тул  хохирол  арилгах  үүрэг  үүсэхгүй байна.

Өөрөөр хэлбэл  учирсан хохирол,  хууль бус  үйлдэл  хоёрын  хооронд   шалтгаант  холбоотой  байх   хуулийн  шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны  шүүх  шинжээчийн  дүгнэлтийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлснийг, мөн  гэрч  Д.Соёлбаатар, Ф.Серикбол, Д.Батбаяр нарын   мэдүүлгийг   хуульд  нийцүүлэн  дүгнэснийг  буруутгах   хууль зүйн үндэслэлгүй  байхаас гадна  эдгээр гэрчийн мэдүүлгүүд нь улсын байцаагчийн  дүгнэлтээр  мөн үгүйсгэгдэж байгаа учраас хариуцагч О.Ж-д гэм хорын учруулсаны  хариуцлагыг   хүлээлгэх  боломжгүй гэж  үзлээ.

Иймд дээрх  нөхцөл  байдлыг харгалзан нэхэмжлэгч Д.Б-ийн   давж заалдсан гомдлыг хангахгүй  орхиж  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 499 дүгээр  шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-ийн  давж заалдсан гомдлыг  хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн  хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА                                  

                                       ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                          С.ЭНХЖАРГАЛ