Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 1388

 

Д.Байгалийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 102/ШШ2017/00953 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Д.Байгалийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Болдод холбогдох

 

            Гэм хор учруулсны хохиролд 92 969 062 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                       Д.Байгаль

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                Т.Мөнхтуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:        Ш.Базаррагчаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Д.Байгаль шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр АНУ-ын Виржина мужийн Тоёота компаниас МЛ-350 маркийн Мерседес бенз машиныг 37 200.33 доллараар төлбөрийг 5 жилийн хугацаатай, сард 620 доллар төлөхөөр худалдаж авсан. Би өөрийн төрсөн ах Жаргалсайханыг батлан даагч болгож машиныг зээлээр авсан. Худалдан авсан машины төлбөрийг би төлж байгаа. АНУ-д байхдаа 2013 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Эм Жи ложистик” компаний менежер Б.Баасандоржийн танилцуулга, сурталчилгаатай танилцаад энэ компаниар машинаа Монгол руу тээвэрлүүлэхээр болсон. Гаалийн бүрдүүлэлт, харуул хамгаалттай гэсэн учраас Эм Жи ложистик компаны газрын ачаа хариуцсан н.Баасандорж хүлээн авч агуулахад аваачиж тавьсан гэж мэдэгдсэн. Би Монголд ирээд машин ирэхгүй болохоор нь лавлаж асуутал, таны машиныг манай компанийн ажилтан Б.Болд учрыг нь олсон гэж хэлсэн. Б.Болдтой ярихаар “таны бичиг баримт хэзээ ирнэ, тэр цагт бид машиныг чинь ачуулна” гэж хэлсэн. Тэгээд Б.Болдыг Монголд ирсэн гэдгийг уулзах гэхээр янз бүрийн шалтаг заагаад уулзахгүй зугтаагаад байсан. Тэгээд эрүүгийн хэргийн журмаар шалгуулахад Б.Болд нь машиныг үрэгдүүлсэн, хохирлыг төлнө гэсэн учраас түүнийг Өршөөлийн хуульд хамруулсан. Б.Болд нь миний машиныг  залилсан учраас долларын ханшийг 2 490.24 төгрөгөөр тооцож 92 969 062 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

 

Хариуцагч Б.Болд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Байгаль нь АНУ-ын Виржина мужаас худалдан авсан гэх машинаа Б.Баасандоржид хүлээлгэн өгсөн гэдэг. Б.Болдод машин хүлээлгэж өгсөн баримт байхгүй. АНУ-д байрлах “Эм Жи  ложистик” компанийн захирал н.Энхтуяа гэж хүн байдаг. Уг компани агуулахаа чөлөөлөөд нүүхдээ дотор нь байсан машинаа гаргасан мэдээлэл бий. Алдсан, ачуулсан эсэхийг Б.Болд мэдэхгүй. АНУ-аас бичиг баримтгүй, дугааргүй, арлын дугааргүй машин хилээр гарах боломжгүй. Ийм арлын дугаартай машин Монголд ирээгүй гэсэн лавлагаа хэрэгт байгаа. Б.Болдыг эрүүгийн хэрэгт шалгуулах гомдлыг Д.Байгаль гаргаж шалгуулсан, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байсан. Гэвч эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, мөрдөн байцаагчийн шахалтад орж гэм буруугаа хүлээвэл хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн болохоор “би гэм буруутай” гэж бичсэн байдаг. Тэгээд Б.Болдод холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон боловч тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосон. Мөн Д.Байгаль нэхэмжлэл гаргах эрхгүй, Б.Болд хариуцагч биш байна. Нотлох баримт нь гараар бичсэн бөгөөд машин эзэмшигчийн гэрчилгээ гэж үзэх нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

            Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баяржаргалын Болдоос 92 969 062 /ерэн хоёр сая есөн зуун жаран есөн мянга жаран хоёр/ төгрөг гаргуулахыг хүссэн Дамбын Байгалийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Д.Байгалиас улсын тэмдэгтийн хураамжид 622 795 /зургаан зуун хорин хоёр мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

             

            Нэхэмжлэгч Д.Байгаль давж заалдах гомдолдоо: ... Эрүүгийн 201626021388 дугаартай эрүүгийн хэргийг гэмт хэрэгтэн Б.Болдод үүсгэхдээ 2 жил гаруй хугацааны мөрдөн байцаалт, үнэн зөвийг нотлох баримттай, гэрчлэх хүмүүсийн хамтаар хэргийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Б.Болд нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч. гэм буруугаа ухаарч, миний хохирлыг барагдуулна гэдгээ өөрийн амаар хэлж, өөрийн гараар бичсэн баримтыг мөрдөн байцаалтын явцад өгсөн билээ. Ингэснээр Б.Болд нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 144 тоот тогтоолоор Монгол улсад анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8  дугаар сарын 11-ны өдрийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, өршөөлд хамрагдсан.

            Миний бие АНУ-д 10 гаруй жил шударгаар ажиллаж, хөдөлмөрлөөд хуримтлуулсан бүх мөнгөөрөө ах Д.Жаргалсайханы хамт 92 969 062 төгрөг буюу 37 233 60 америк доллараар авсан 2007 онд үйлдвэрлэгдсэн Мерседес Бенз ЭМ ЭЛ-350, арлын 4JGBB86E17А248780 дугаартай уг машиныг Монгол руугаа ачуулах үйлчилгээг "Эм Жи Ложистик" ХХК-р хийлгэхээр итгэж найдан хүлээлгэж өгөөд ирсэн билээ. Гэтэл тус компанийн газрын ачаа хариуцсан захирал Б.Болд нь тус компанийн менежер Б.Баасандоржоос машиныг аваад өнөөдрийг болтол надад өгөөгүй буюу миний бие өөрийн хөрөнгийг авч чадахгүй эд хөрөнгийн болоод  сэтгэл  санааны  асар  их  хохирлыг  амсаж  байна.  Б.Болд  нь баримтаар баталгаажиж өөрийн гэм бурууг хүлээснээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өршөөлд хамрагдан иргэний хэргийн анхан шатны шүүхээр миний хохирлыг барагдуулна гэсэн атал энэ хэрэгт холбогдох шүүх хурал 3 удаа хойшлогдож, 4 дэх удаагийн шүүх хурал дээр хохирогч надад огт мэдэгдэлгүйгээр гэнэт Нийслэлийн прокурорын газрын 144 тоот тогтоолыг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн прокурор Д.Баярмагнайгийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай /прокурорын гаргасан шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх тухай/ гэсэн прокурорын тогтоолыг гаргаж ирсэн билээ. Шүүхээс ийнхүү шууд нэг талыг барьж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар хариуцагчийн гэнэт гаргасан нотлох баримттай танилцуулж тайлбарлах, түүнийг нотлох,тэдгээрт тайлбар өгөх боломжийг хангах гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүгч нь уг шийдвэрийг гаргахдаа Б.Болдын өөрийн гараар бичиж өгсөн /миний хохирлыг барагдуулах тухай/ баримт бичгийг огт хэрэгсээгүй шийдвэр гаргасан. Б.Болд нь шүүх хурал дээр нэг ч ирж суугаагүй бөгөөд түүнийг өмгөөлөгч Ш.Базаррагчаа гэгч нь шүүх хурал дээр хохирогч намайг хууль шүүх, прокурорын байгууллагыг худалдаж авсан хэмээн илт доромжилсон нь өөрийн эд хөрөнгө болон сэтгэл санаагаар асар их хохирч яваа хохирогч надад сэтгэл санааны том дарамтыг авчирсан төдийгүй, шударга үнэнээр ажлаа хийж яваа хууль хүчний байгууллагын ажилчдыг хамруулан доромжилсон гэж үзээд гомдолтой байна. Хохирогч миний бие шүүх хуралдааныг дараа улсын прокурорын газарт гомдол гаргаж улмаар уг гомдлын хариуг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 5/671 тоот /хариу мэдэгдэх хуудас/-аар авсан. Уг хариу мэдэгдэх хуудсанд 2016 оны 11 дүгаар сарын 18-ны өдрийн 144 тоот прокурорын гаргасан тогтоолыг хуулийн үндэслэлтэй гэж үзээд хэвээр үлдээсэн ба нийслэлийн прокурор Д.Баярмагнайгийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэснийг мэдэгдсэн. Дээрх байдлаас үзэхэд шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзээд гомдолтой байна.

Миний бие нь тус эрүүгийн хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хохирогч буюу эд хөрөнгөөрөө хохирсон хуулийн этгээд юм. Гэтэл анхан шатны шүүхээс хохирогч намайг дахин хохироож Улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэх шийдвэрийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шүүхийн дугаар 102/Ш32047/06591 тоот захирамжийг гаргасан байна. Би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хохирогч этгээдийг Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуульд заасны дагуу шүүхэд хүсэлтээ гаргахдаа улсын прокурорын газраас гаргасан хариу мэдэгдэх 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 5/671 тоот хуудсыг хавсарган өгсөн. Гэвч шүүгч нь Улсын прокурорын газраас гаргасан уг хариу мэдэгдзх хуудас нь хангалтгүй гэсэн хуулийн буруу тайлбар гаргажээ. Би шүүхээс гаргасан дээрх шийдвэрүүдийг үнэн зөв шийдвэр болоогүй гэж үзэж байгаа бөгөөд 2013 оноос өнөөдрийг хүртэл 4 жилийн турш өөрийн эд хөрөнгийн хохирлоо авч чадахгүй хохирсон байтал шүүхээс гаргасан дээрх шийдвэрүүд нь зөвхөн нэг талыг баримталсан хариуцагчийн талд үндэслэлгүйгээр шийдэгдсэн гэж үзэж гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хохирлоо барагдуулах боломжийг олгож өгнө үү гэжээ.

 

                                                                ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Байгаль нь хариуцагч Б.Болдод холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 92 969 062 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Эм Жи ложистик” компанийн менежер Б.Баасандоржийн танилцуулга, сурталчилгаатай танилцаад энэ компаниар машинаа тээвэрлүүлэхээр болсон” гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч Д.Байгаль нь хариуцагчаар Б.Болдыг тодорхойлж, түүний буруугаас гэм хорын хохирол учирсан гэж үзэж автомашины үнэ 92 969 062 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 144 дүгээр прокурорын тогтоолыг үндэслэжээ.  

 

Уг тогтоолд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар шалгагдсан Б.Болдод холбогдох эрүүгийн хэргийг Монгол Улсад анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх5-6/

 

Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 03 тоот прокурорын тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 5/625 дугаар хариу мэдэгдэх хуудас зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд уг тогтоолоор прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 144 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулсан байна.

/хх 84-86/

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх нотлох баримтыг нэхэмжлэгч Д.Байгальд танилцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй гэсэн заалтыг зөрчжээ.  

 

Нэхэмжлэгч Д.Байгаль давж заалдах гомдолдоо шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримттай танилцах, хариу тайлбар өгөх боломжоор хангаагүй гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нарийвчлан тодруулаагүйгээс хэргийн үйл баримт хангалттай нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 102/ШШ2017/00953 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Байгалийн төлсөн 622 795 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ТУЯА

                                    ШҮҮГЧИД                                 Б.НАРМАНДАХ

                                                                                      Ц.ИЧИНХОРЛОО