Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/00953

 

 

 

 

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/00953

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19-р хороолол,  37-р байр 9 тоотод оршин суух, “Хүүхдийн төлөө миний хайр” ТТБ-т дэд тэргүүн ажилтай, регистр ШЗ67120863, Алаг адуут овогтой  Дамбын Байгалийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 15-р байрны 7 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ХЙ80042114, Өлзий занги овогтой Баяржаргалын Болдод холбогдох гэм хор учруулсын хохиролд 92 969 062 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Байгаль, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр /үнэмлэх 0970/, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа /үнэмлэх 2136/, гэрч Б.Баасандорж, иргэдийн төлөөлөгч П.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Байгаль шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 10-р сарын 21-ний өдөр АНУ-ын Виржина мужийн Тоёота компаниас МЛ-350 маркийн Мерседес бенз машиныг 37 200.33 доллараар төлбөрийг 5 жилийн хугацаатай, сард 620 доллар төлөхөөр худалдаж авсан. Би өөрийн төрсөн ах Жаргалсайханыг батлан даагч болгож машиныг зээлээр авсан. Өмнө нь би Хонда маркийн машиныг ахаараа батлан даалгуулж авч байсан. Худалдан авсан машины төлбөрийг би төлж байгаа. АНУ-д байхдаа 2013 оны 05-р сарын 05-ны өдөр “Эм Жи ложистик” компаний менежер Б.Баасандоржийн танилцуулга, сурталчилгаатай танилцаад энэ компаниар машинаа Монгол руу тээвэрлүүлэхээр болсон. Гаалийн бүрдүүлэлт, харуул хамгаалттай гэсэн учраас Эм Жи ложистик компаны газрын ачаа хариуцсан Баасандорж хүлээн авч агуулахад аваачиж тавьсан гэж мэдэгдсэн. Би Монголд ирээд машин ирэхгүй болохоор нь лавлаж асуутал, таны машиныг манай компанийн ажилтан Б.Болд учрыг нь олсон гэж хэлсэн. Б.Болдтой ярихаар “таны бичиг баримт хэзээ ирнэ, тэр цагт бид машиныг чинь ачуулна” гэж хэлсэн. Тэгээд Болдыг Монгол ирсэн гэдгийг мэдээд утсыг олсон, тэгээд уулзах гэхээр янз бүрийн шалтаг заагаад уулзахгүй зугатаагаад байсан. Тэгээд эрүүгийн хэргийн журмаар шалгуулахад Б.Болд нь миний буруугаас машиныг үрэгдүүлсэн, хохирлыг төлнө гэсэн учраас түүнийг Өршөөлийн хуульд хамруулсан. Б.Болд нь миний машиныг  залилсан учраас долларын ханшийг 2 490.24 төгрөгөөр тооцож 92 969 062 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Байгаль нь АНУ-ын Виржина мужаас худалдан авсан гэх машинаа Б.Баасандоржид хүлээгэн өгсөн гэдэг. Б.Болдод машин хүлээлгэж өгсөн баримт байхгүй. АНУ-д байрлах “Эм Жи  ложистик” компанийн захирал Энхтуяа гэж хүн байдаг. Уг компани агуулахаа чөлөөлөөд нүүхдээ дотор нь байсан машинаа гаргасан мэдээлэл бий. Алдсан, ачуулсан эсэхийг Б.Болд мэдэхгүй. АНУ-аас бичиг баримтгүй, дугааргүй, арлын дугааргүй машин хилээр гарах боломжгүй. Ийм арлын дугаартай машин Монголд ирээгүй гэсэн лавлагаа хэрэгт байгаа. Б.Болдыг эрүүгийн хэрэгт шалгуулах гомдлыг Д.Байгаль гаргаж шалгуулсан, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байсан. Гэвч эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, мөрдөн байцаагчийн шахалтанд орж гэм буруугаа хүлээвэл хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн болохоор “би гэм буруутай” гэж бичсэн байдаг. Тэгээд Б.Болдод холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон боловч тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208-р зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосон. Мөн Д.Байгаль нэхэмжлэл гаргах эрхгүй, Б.Болд хариуцагч биш байна. Нотлох баримт нь гараар бичсэн бөгөөд машин эзэмшигчийн гэрчилгээ гэж үзэх нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Байгаль нь Б.Болдод холбогдох гэм хор учруулсны хохиролд 92 969 062 төгрөг гаруулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Д.Байгаль нь 2013 оны 5-р сард АНУ-аас Монгол улс руу тээвэрлүүлэхээр МЛ Мерседес бенз маркийн машиныг тээвэр зуучийн Эм Жи ложистик ХХК-д хүлээлгэн өгсөн гэх ба 37 233.66 ам.доллараар худалдан авсан машиныг тус компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж газрын тээвэр хариуцаж байсан Б.Болд үрэгдүүлснээс 92 969 062 төгрөгөөр хохирсон гэж үзэж түүнээс хохирлоо гаргуулахаар шаарджээ.

 

Д.Байгалийн гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150-р зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар Б.Болдод холбогдох 201626021388 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байх ба Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2016 оны 11-р сарын 18-ны өдрийн 144 тоот “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Б.Болдод холбогдох хэргийг Монгол улсад анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08-р сарын 11-ний өдрийн хуулийн 7-р зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон /хх 5-6/ байна.

 

Харин  Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 03-р сарын 17-ны өдрийн 03 тоот “Прокурорын гаргасан шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх тухай” тогтоолоор “...Б.Болдод эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол хүчин төгөлдөр байхад Эрүүгийн хэрэг үүсгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн субьект биш  хэрэгт хэрэг үүсгэсэн, хэргийг Өршөөлийн хуульд хамруулсан нь үндэслэлгүй” гэж дүгнэн Б.Болдод холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208-р зүйлийн 208.1.1, 24-р зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар өөрчилсөн, тогтоол хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч нь худалдан авсан машинаа АНУ-ын Лос анжелес хотод үйл ажиллагаа явуулдаг Монгол улсын хуулийн этгээд Эм Жи ложистик ХХК-д хүлээлгэн өгсөн талаар маргадаггүй бөгөөд гэрч Б.Баасандоржийн “...Б.Болд гүйцэтгэх захирлаар, би менежерээр ажиллаж байсан, Байгаль нь АНУ-ын нөгөө мужаас Лос Анжелес руу машинаа унаад Монгол руу ачуулахаар ирсэн, машиныг би хүлээж аваад захирал Болдод хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг,  нэхэмжлэгчийн тайлбараар машиныг Эм Жи ложистик ХХК-иар тээвэрлүүлэхээр шилжүүлсэн нь тогтоогдсон, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь тус компанид ажиллаж байсан гэх Б.Болдоос хохирлоо гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй болжээ.

 

Түүнчлэн алдагдсан гэх машиныг Д.Байгаль, эсхүл түүний ах Жаргалсайхан худалдан авсан эсэх нь тодорхойгүй, машины гэрчилгээ зэрэг баримт бичиггүй, нэхэмжлэгч нь  хэргийн 73 дахь хуудсанд авагдсан гар бичмэлийг өөрөө орчуулсан, машины талаарх баримт гэх боловч ямар эх үүсвэрээс хаанаас олж авсан нь тогтоогдоогүй, түүний эх баримт байхгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Нөгөө талаас, эрүүгийн хэрэгт авагдсан Б.Болдын сэжигтэн, яллагдагчаар байцаагдсан тэмдэглэл, иргэний хариуцагчаар татсан тогтоол, тэмдэглэл зэрэг баримтууд нь /хх 66-79/ тухайн эрүүгийн хэрэгт хамааралтайгаас гадна эдгээр баримтууд нь Б.Болдоос хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол” гэж үзэж улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, харин шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тухайн нэхэмжлэлийн шаардлагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл гэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баяржаргалын Болдоос 92 969 062 /ерэн хоёр сая есөн зуун жаран есөн мянга жаран хоёр/ төгрөг гаргуулахыг хүссэн Дамбын Байгалийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Д.Байгалиас улсын тэмдэгтийн хураамжид 622 795 /зургаан зуун хорин хоёр мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгосугай. 

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                            Р.АЛТАНТУЯА

     

            ШҮҮГЧИД                                        Б.АЗБАЯР

                                                                          

                                                                                           Ч.ЦЭНД