Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00252

 

К нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00409 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00089 дүгээр магадлалтай,

К нэхэмжлэлтэй,

М , М  нарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгож, М , М  нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч М ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Зиягүлийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: К.Хатран Цэнгэл сумын 2 дугаар багт амьдарч байхдаа 2003 онд Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Могойт гэх газар өөрийн хүч хөрөнгөөр хоёр тасалгаа бүхий дүнзэн модон байшин барьсан. Уг байшинд гэр бүлээрээ амьдарч байгаад ажил төрлийн байдлаас болж Өлгий суманд нүүж ирсэн. Гэтэл манай байшинг хамаатан болох М , М  нар хууль бусаар эзэмшиж, манай байшинд дур мэдэн оршин сууж байгаа бөгөөд өөрсдийн өмчлөлд шилжүүлж авахаар хууль бус нотлох баримтыг тухайн багийн Засаг дарга болон хөндлөнгийн хүмүүсээс баримтжуулан авч, өөрсдийн өмчлөлд шилжүүлж авахаар эрх бүхий байгууллагад хандаж яваа болох нь тогтоогдсон. Уг байшингийн байрлаж байгаа Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Могойт гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг учраас газар эзэмшүүлэх боломж байхгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй юм. Түүнээс болж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй. Махпозын хүүхдүүдийн хооронд эд хөрөнгө булаацалдсан асуудал гарсан тул бид өөрсдийнхөө 40 м.кв дүнзэн байшингийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Дараа нь хэнийг суулгах эсэхээ өөрөө шийднэ. Би 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод эцгийгээ эмчлүүлэх гээд явж байхад М , хойд ээж Н.Апей нь өөрөө явсан, уг байшинг бид нар нэр дээрээ буулгах гэж байна гээд бичиг баримтыг нь хөөцөлдөөд явж байгаа гэж сонссон. Миний нөхөр К.Хатранд танай байшинг М  нэр дээрээ буулгаж авах гэж байна, бид нараас бичиг баримт нэхсэн зарим нь бичиж өгч, зарим нь бичиж өгөөгүй талаар хэлсэн байна. Тусгай хамгаалалттай газар тул бид нарт ямар нэгэн гэрчилгээ олгогдохгүй. Муратхан гэдэг хүний зөвшөөрлийн дагуу мал төллүүлж байсан. Иймд Цэнгэл сумын 2-р багийн нутаг Могойт гэх газарт байрлалтай 40 м.кв талбайтай дүнзэн байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй тул өмчлөгчөөр тогтоож, хууль бус эзэмшиж байгаа М , М  нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч М ы хариу тайлбарт: Миний бие одоо Цэнгэл сумын 2 дугаар багт оршин суудаг. Уг байшинг 2004 онд миний хүргэн ах болох А.Ержан, түүний эхнэр М  нар 600,000 төгрөгөөр худалдаж авч одоо хүртэл уг байшинд хаваржиж, намаржиж байгаа болно. Уг байшинтай хамт хадлангийн талбайг авсан байсан. Би Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Могойт-д хүргэн ах А.Ержан, эгч М  нартай хамт нэг хашаа хороонд амьдарч байна. Би К.Хатранаас дээрх байшинг худалдаж авч байгаагүй, надад ямар ч хамаагүй. Иймд К надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Нэхэмжлэгч К.Хатран нь миний эцэг Махпозын төрсөн дүү юм. Миний эцэг болох А.Махпоз нь 2016 онд нас барсан. 2004 онд М  болон миний нөхөр Ержан бид хоёрт хоёр өрөө дүнзэн байшин, жижиг чулуун хашаа болон хадлангийн талбайг бидэнд 600,000 төгрөгөөр худалдсан болно. 2004 оноос хойш одоо хүртэл нөхөр бид хоёр уг байшинд хамт амьдарч байна. Харин М  нь одоо манайхтай хөрш, уг байшинг худалдаж аваагүй тул ямар ч хамаагүй. Нөхөр бид хоёр анх К.Хатранаас 5х5 м-ийн дүнзэн байшин болон уг байшинд залгаж барьсан 3х5 м-ийн дүнзэн байшин байгаа юм. Бид уг дүнзэн байшинг аваад 14 жил болж байгаа бөгөөд жил болгон хадлангийн талбайгаас өвс авч хадаж амьдарч байна. К.Хатранаас худалдаж авсан байшинд одоо М  сууж байгаа ба би нөхөртэй хамт өөр байшинд амьдарч байгаа болно. Бид 2004 онд ааваасаа уг хашаа хороог худалдаж авсан. Би айлын ууган хүүхэд тул намайг суулгаж, малыг нь маллаж байсан. Намраас хойш нэхэмжлэгч нар над руу залгаад байшин, хашаа хорооноос гар, хэнийг суулгахаа өөрөө мэднэ, худалдах гэж байна гэж утастаж хэлсэн. Байшин биш хашаа хороог суллах талаар утсаар ярьж шаардсан. Биднийг байшин худалдаж авч 14 жил амьдарсныг хөрш нар мэдэж байгаа. Бид К.Хатранаас уг байшинг худалдаж авсан болохыг Цэнгэл сумын газрын даамал Т.Нурбек сайн мэднэ. Иймд нэхэмжлэгч К нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00409 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Могойт гэх газарт байрлалтай 40 м2 / 5х5, 3х5/ хэмжээтэй хоёр тасалгаатай дүнзэн байшингийн өмчлөгч К.Хатран мөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасныг баримтлан хариуцагч М ы хууль бус эзэмшилд байгаа Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Могойт гэх газарт байрлалтай 40 м2 / 5х5, 3х5/ хэмжээтэй хоёр тасалгаатай дүнзэн байшинг чөлөөлж, уг байшингаас М ыг албадан нүүлгэж, нэхэмжлэгчийн хариуцагч М д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч К улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.                                               

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00089 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00409 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг, Могойт гэх газарт байрлалтай 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгч нь К.Хатран мөн болохыг тогтоосугай.” гэж, 3 дахь заалтын “хариуцагч М аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.” гэснийг “хариуцагч М аас 70,200.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.Хатранд олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч М ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 409 тоот, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 89 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайлбал, Цэнгэл сумын 2-р баг Могойтод байрлах маргаан бүхий 40 м.кв өвлийн байшинг 2005 оноос одоог хүртэл миний бие эзэмшиж ашиглаж өөрийн хөрөнгөөр засварлаж байгаа бөгөөд энэ хугацаанд 13 жилийн турш Хатран нь нэг ч удаа ирж байгаагүй, байшинд амьдарч байгаагүй, байшингаа шаардаж байгаагүй мөртлөө байшинг худалдан авсан аав Махпоз нас барангуут түүний нас барсныг далимдуулан нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Өмчлөгчийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нь хуульд заасан үндэслэлээр үүсэх байтал шүүх ИХ-ийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж К.Хатран байшингийн хууль ёсны өмчлөгч хэмээн тогтоосон нь үндэслэлгүй болсон. 13 жилийн өмнө К.Хатран нь байшинг барьсан нь миний өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд тэрээр байшингаа Махпозд худалдаж улмаар Махпоз надад бэлэглэснээс эхлэн миний бие дээрх хөрөнгийн хууль ёсны шударга эзэмшигч мөн тул надаас шаардах эрхгүй. Мөн би дээрх байшин нь тусгай хамгаалалттай газар нутагт байрладаг учраас энэ хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч чадаагүй юм. К.Хатран нь 13 жилийн турш нэг ч удаа байшингаа Махпозоос болон надаас шаардаж байгаагүй, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд ИХ-ийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг шүүх анхаараагүй. Давж заалдах шатны шүүх тусгай хамгаалалтад хамаарах нутаг дэвсгэрт байрлалтай дээрх маргаан бүхий байшингийн хууль ёсны өмчлөгч К.Хатран хэмээн өмчлөгчөөр тогтоосон мөртлөө энэхүү шийдвэр нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэх үндэслэл болохгүй хэмээн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлсний үндсэн дээр үүсэх байтал шүүхийн шийдвэрээр эрх үүссэн мэтээр бодит байдлаас ангид хуулийг буруу тайлбарлан хэрэглэж ойлгомжгүй байдлаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч К.Хатран нь хариуцагч М , М  нарт холбогдуулж Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг, Могойт гэх газарт байрлалтай 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгчөөр тогтоолгох, байшинг хууль бусаар эзэмшиж байгаа М , М  нарыг албадан нүүлгэх тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, байшинг хүргэн ах А.Ержан, эгч М  нар худалдан авсан гэж, хариуцагч М  нь байшинг 2004 онд бидний эцэг Махбоз нь К.Хатранаас 600,000.00 төгрөгөөр худалдаж авч өгсөн, 14 жил болж байна, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх ... хоёр тасалгаатай дүнзэн байшингийн өмчлөгч К.Хатран мөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч М ы хууль бус эзэмшилд байгаа ... хоёр тасалгаатай дүнзэн байшинг чөлөөлж, уг байшингаас М ыг албадан нүүлгэж, нэхэмжлэгчийн хариуцагч М д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх ... 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгчөөр К.Хатраныг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Цэнгэл сумын газрын даамал Т.Нурбекийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тодорхойлолт, зохигчдын тайлбарт үндэслэн маргааны зүйл болж буй дүнзэн байшинг Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газарт байршиж байгаа гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж ангилсан, түүнчлэн 3.2-т Аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно гэж заасан байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллаас хамаарч тухайн газарт хориглох болон зөвшөөрөгдөх ажиллагааг зохицуулсан байх тул маргааны зүйл болж буй дүнзэн байшин нь аль ангиллын бүст хамаарч байгаа нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн дээрх хуулиас гадна Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуульд хамаарах газар мөн эсэх тодорхой бус, хуульд заасан эрх бүхий этгээдээс тухайн газарт байшин барих зөвшөөрөл олгосон тухай баримтгүй байхад зохигчдын хооронд үүссэн тусгай хамгаалалттай газар нутаг дээр баригдсан гэх үл хөдлөх эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх боломжгүй юм.

Иймээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль хэрэглээний дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2018/00409 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00089 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч М ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.УНДРАХ

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН