Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00269

 

Б.М-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 505 дугаар шийдвэр,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 20 дугаар магадлалтай,

Б.М-ны нэхэмжлэлтэй,

Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Маамуу, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа  нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М-н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хурааж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон үндэслэл, журамд нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч нар миний үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхдээ тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах хүрээ, хугацааг тогтоогоогүй. Ингэсэн атлаа 3 хоногийн дараагаар худалдан борлуулахаар тухайн хөрөнгүүдийг хурааж байгаа нь эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан үйл ажиллагаа хуульд нийцээгүйг нотолж байна. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 200 дугаар шийдвэрээр миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураасан, битүүмжилсэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоосон. Шүүхийн энэхүү шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй учир шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул аливаа иргэн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан үйл ажиллагаа хууль бус болох нь тогтоогдсон ажиллагааг дахин гүйцэтгэж, нэхэмжлэгч миний эд хөрөнгийг битүүмжлэн хураасныг ямар ч зөвтгөх үндэслэлгүй юм. Гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 87 тоот шийдвэрээр 58.062.361 төгрөг гаргуулан Зоос банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэн, 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 93 тоот гүйцэтгэх хуудас бичүүлэн 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад ирүүлсэн, мөн тус шүүхээс 2009 оны03 дугаар сарын 03-ны өдрийн 138 тоот шүүгчийн захирамжаар 987.986.061 төгрөг гаргуулан Хаан банкинд олгохоор шийдвэрлэж, 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 185 тоот гүйцэтгэх хуудас бичиж 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус газарт ирүүлсэн байна. Төлбөр төлөгч Б.М-нд сайн дурын мэдэгдлээр хугацаа өгч байсан бөгөөд төлбөрийг сайн дураараа биелүүлж байгаагүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгчийн арилжааны банкин дахь дансыг хааж, дансанд төлбөр төлөх мөнгөн хөрөнгө байхгүй байгаа тул дансыг битүүмжлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4-т заасны дагуу төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгө болох Шинэ зуун худалдааны төвийн 1, 2 давхрын 1152 м.кв талбай бүхий үйлчилгээний обьект, мөн тус барилгын 2 давхар 20 өрөө бүхий 720 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасны дагуу худалдан борлуулахаар 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 20111800293/01 тоот битүүмжлэх актаар 0,6 кв дэд өртөөний барилга 720 м.кв 20 өрөө бүхий барилгыг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 20091800344/01 тоот битүүмжлэх актаар Шинэ зуун худалдааны төвийн 1, 2 давхрын 1152 м.кв талбай бүхий үйлчилгээний объектыг тус бүр битүүмжлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч хугацааг өөрөө тогтооно гэж заасны дагуу ажилласан. Дээрх битүүмжилсэн хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 заасны дагуу худалдан борлуулахаар 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор хураан авч, албадан борлуулахыг өөрт нь мэдэгдэж тэмдэглэлд тусгасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэгч хураахдаа хугацаа зааж өгөх, өгч болохгүй гэсэн хууль байхгүй тул ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Иймд Б.М-ны гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 505 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2-т заасныг баримтлан хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байрлах, 2 давхар, 20 өрөө бүхий, 720 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 0,6 квт-ын дэд өртөөний барилга, мөн хаягт байрлах 2 давхар, 1152 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг тус тус битүүмжилсэн, хураасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч С.Маамуу, Г.Ариунжаргал нарын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх тухай, мөн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.М-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М-н улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 20 дугаар магадлалаар: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.М-ны хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 505 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 20 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргалаа.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны товоо нэхэмжлэгч Б.М-н надад мэдэгдээгүй. Хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд авагдсан шүүхийн бичиг хүргэгчээс нэхэмжлэгч Б.М-н миний утасруу залгаж, менежер охинд үлдээчих гэсэн яриа болоогүй. Шүүхийн бичиг хүргэгчийн дээрх тэмдэглэл нь хавтаст хэргийн 82 дугаар хуудсанд авагдсан 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн мэдэгдэх хуудсанд “Таны залгасан дугаарын орох ярианы эрх хаагдсан” гэх тэмдэглэлтэй эрс зөрүүтэй байна. Нэхэмжлэгч Б.М-н би Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч С.Маамуу, Г.Ариунжаргал нарын үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн, хураасан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, холбогдох тогтоолуудыг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч С.Маамуу, Г.Ариунжаргал нарын нэхэмжлэгч Б.М-н миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн, хураасан үйл ажиллагаа, тогтоолууд нь хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн байгааг анхан, давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Тухайлбап: Хавтаст хэргийн 39, 45, 42, 95 дугаар хуудсанд авагдсан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Г.Ариунжаргал, С.Маамуу нарын 2018 оны 03 дугаар сарын 09, 15-ний өдрүүдийн 4 ширхэг тэмдэглэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Тэмдэглэл нь доор дурдсан шаардлагыг хангасан байна”, 13.2.2-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны товч утга” 13.2.4-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүн”, “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч болон шийдвэр гүйцэтгэгчийн гарын үсэг” гэсэн шаардлагыг хангаагүй нь илэрхий байна. Шийдвэр гүйцэтгэгч Г.Ариунжаргал, С.Маамуу нар шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй, зарим тэмдэглэлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр нэг хүний гарын үсэг зуруулсан атлаа тогтоолуудад хөндлөнгийн гэрчээр 2 хүний гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1,41.8-т заасантай нийцдэггүй. Шийдвэр гүйцэтгэгч нарын дээрх тогтоолуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх зорилгыг тусгаагүй. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч С.Маамуу, Г.Ариунжаргал нарын дээрх тогтоолуудад Б.М-н миний үл хөдлөх хөрөнгийг хураасан эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй, битүүмжлэх ажиллагаа явуулахдаа хугацаа тогтоогоогүй атлаа хураан авахдаа хугацаа тогтоосон байдаг. Нэхэмжлэгч Б.М-н би Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 138 дугаар захирамжийн дагуу төлөх 987.986.061 төгрөгийн үүргийн гүйцэтгэлээс 672.703.700 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Хаан банканд төлж, сайн дураар төлөх санаачилга гаргасаар ирсэн. Төлбөр төлөгч Б.М-н би төлбөр авагч Хаан банк, Зоос банкны эрх хүлээн авагчтай төлбөрийн графикийг харилцан тохирч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрөө төлсөөр байгаа. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 505 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 20 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн  шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.М-н нь хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол гаргаж, тус аймгийн Улаангом сумын нутагт байрлах Шинэ зуун худалдааны төвийн 1 давхрын 780 м.кв, 2 давхрын 580 м.кв талбай бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 0.6 кв дэд өртөөний барилгыг  битүүмжилсэн ба 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 02 тоот тогтоолоор дээрх нэр бүхий хөрөнгүүдийг хураажээ /хэргийн 5-12 дугаар тал/.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1., 19 дүгээр зүйлийн 19.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас байна.  

Түүнчлэн төлбөр төлөгч,  төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэх ба төлбөр төлөгч гэж төлбөр авагчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж мөн хуулийн 32  дугаар зүйлийн 32.1, 32.3-т тодорхойлсон.

Хариуцагч ямар баримтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь тодорхой бус, нэхэмжлэгчээс төлбөр гаргуулсан шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.М-ныг төлбөр төлөгч гэж үзэх, битүүмжлэх, хураах тогтоолд заасан үл хөдлөх эд хөрөнгө түүний өмчлөлийнх мөн эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах журмыг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.-т зааснаар төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна. Хариуцагч нь төлбөр төлөгч иргэнээс эсхүл хуулийн этгээдээс төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.   

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах журамтай. Нэхэмжлэгч нь  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ипотекийн гэрээ байгуулсан эсэх, барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, барьцааны зүйлээс үүргийг хангуулах талаар шүүх шийдвэрлэсэн эсэх нь тодорхой бус нөхцөлд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн 86 дугаар зүйлд заасан дарааллаар явагдсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй юм.  

Дээрх байдлаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, энэ нөхцөлд хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхэд хяналтын шатны шүүх дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 505 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 20 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.         

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ