Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч Д.Дэлгэрбаяр   

                                 Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Алтан-Уяа, Б.Батчимэг

                                 Нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн ... дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Ц.Э

 

Э.М

Г.Н

 

Ж.А

нарт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1, 247 дугаар зүйлийн 247.1 д‎эх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ц.Э, Э.М нар нь бүлэглэн, шунахайн зорилгоор, хуурамч бичиг баримт буюу мал тооллогын А данс, багийн Засаг даргын тодорхойлолтыг ашиглаж буюу хуурч мэхлэн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банкны Дундговь аймгийн Говь-Угтаал сум дахь салбараас 10000000 төгрөгийг залилан мэхэлж авсны улмаас тус банкинд үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Э, Г.Н нар нь бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар Халзангийн уул гэх газраас иргэн С.Гын 1 тооны тэмээг бэлчээр дээрээс нь хулгайлан 2000000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ж.А нь 2015 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Ц.Э, Г.Н нарын Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар Халзангийн уул гэх газраас иргэн С.Гын 1 тооны тэмээг бэлчээр дээрээс нь хулгайлан 2000000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг урьдаас амлалгүйгээр нуун далдалсан,  

 

Шүүгдэгч Ц.Э нь давтан үйлдлээр 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Рэгцэгийн 1 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух Ж.Мын хашаанд байсан микро автобус дотроос буюу агуулах савнаас эд зүйлс хулгайлж 660000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Э нь 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ буюу 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын шатнаас зайлсхийж, прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манайх мал тоолуулсан гээд байхад мал тоолуулаагүй гээд байгаа. Бусад хэргээ хүлээн зөвшөөрч байна. Банкны хүмүүс дарамтлаад байсан болохоор мөнгө олж зээлээ төлөх зорилгоор оргосон гэв.

 

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Сэжигтэн Наранбаатар намайг данс хийлгэж өгөөч гэж хэлээгүй байхад намайг тэгж хэлсэн гэж мэдүүлсэн байсан. Мал тоолуулсан тул зээл авч болдог юм болов уу гэж би асууж байсан. Тухайн үедээ бид хоёр 100 гаруй мал тоолуулсан гэв.

 

Шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг үйлдсэн нь үнэн. Этай хамт тэмээ хулгайлсан  гэв.

 

Шүүгдэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт‎ээ: Хуулийн байгууллагад хандаагүй нь миний буруу, гэв.

 

Шүүгдэгч Ц.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: ...би өөрийн эхнэр Мгийн хамт Говь-Угтаал сумын төвд 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Говь-Угтаал сумын 3 дугаар багийн Засаг дарга Наранбаатараар малын А данс хуурамчаар үйлдүүлэн малчны зээлийг Говь-Угтаал сумын Төрийн банкны салбараас 10 000 000 зээлж авсан. ...М бид хоёр хоорондоо ярьж байгаад малчны зээлийг авсан байгаа гэсэн мэдүүлэг /хх-57/,

...Тэр орой Н ах надад эндээс зүүн хойшоо жоншны уурхайгаас наахан хориод тэмээ байна лээ. Чамд мөнгөний хэрэгцээ байгаа бол ахад нь бас буузны мах хэрэгтэй байна. Хоёулаа нийлээд 1 тэмээ хийгээд таллаад авчихъя гэж хэлсэн. Тэгээд бид 2 орой 22 цагийн үед А, манай эхнэр 2-т юу ч хэлэлгүй Агийн гэрээс гарч ирээд уяан дээр уяатай байсан 2 морийг, уяаны хажууд байсан эмээлийг тохоод унаад явсан. Тэгээд тэр тэмээнүүд дундаас 1 тэмээг нь би Н ахаас уургыг нь авч байгаад шидэж уургалсан. … Бид хоёр шөнө 2 өнгөрч байхад Агийн гадаа ирсэн. Агийн гэрийн гадаа, жорлонгийнх нь хажууд мал хийгээд асгадаг сэвсний үлдэгдэл хэсэг байсан. Тэрний хажууд … тэмээгээ хийсэн. Н ах бид 2 хамжаад тэмээгээ янзалсан. ... Нар мандах гээд үүр гэгээрч байх үед бид 2 тэмээгээ янзалж дууссан. ...Цэнгэл гэдэг эгчийн дэлгүүрт очсон. Цэнгэл эгч надад 250 000 төгрөг бэлнээр тоолоод өгсөн. … гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-71-72/,

...эсгий дээвэр 4 ш, эсгий туурга 1ш, хөвөнтэй туурга 3 ш, өрх 1 ширхэгийг хулгайлсан. Тухайн үед би ганцаараа хулгай хийж байхдаа хэд хэдэн удаа зөөж Охиноогийн хашаанд оруулж тавиад өдөртөө зарчихсан гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-7/,           

...Би батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга зөрчиж шалгагдаж байхдаа оргон зайлсан үйлдэлдээ их гэмшиж байна. Би оргон зайлж явахдаа 2015.08.05-наас хойш би оргож прокурорын хяналтаас болон мөрдөн байцаалтаас оргон зайлсан. Би 2015.08.05-наас оргож эхлэхдээ хаа сайгүй байсан. Би тэгээд хамгийн сүүлд Баянхошуунд хадам аав Эрдэнээгийн гэрт эхнэрийн дүү Мөнхсарнай өөрийн 2 хүүтэйгээ байж байгаад Дундговь аймгийн төвийн Төрийн банкны захиралд баригдаж цагдаад хүргэгдсэн. ... гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-5-7/,

 

Шүүгдэгч Г.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Э бид 2 шонгоос уячихсан байсан Агийн 2 морийг нэг, нэгээр нь унаад хойшоо Халзан уулаас зүүн тийш арваад км явсан. Хээр олон бараан тэмээ харагдаж байсан. Гадаа харанхуй болчихсон байсан. Очоод наана байсан тэмээг Э авч явсан бугуйлаараа бугуйлдсан. Тэгээд тэр бугуйлаараа ногтлоод Э морьтойгоо урд гараад чирээд явсан. … бид 2 буцаад Агийн гэрийн гадаа очсон. Тэгээд гэрийнх нь баруун урд байсан овоолсон малын сэвстэй мал хийдэг газарт тэмээгээ 2-уулаа нийлээд тэмээгээ янзалсан. Махыг нь Агийн гэрийн хажуу талын ёмкость хийсэн. Э надад та олон хүүхэдтэй юм чинь тал махыг нь ав гэж хэлсэн юм. ... Э надад хэлэхдээ би банкны өртэй, хэдэн цаасны хэрэг байна. Хойд талд хэдэн тэмээ байна. Хоёулаа очоод нэг тэмээг нь аваад ирье. Та надад туслаач гэж хэлсэн юм, ... Тэгээд өөрөө 2015 оны 02 дугаар сарын 06-ны шөнө ирэхдээ тал махаа аваад тал махыг нь үлдээгээд явчихсан байсан... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-81/,

 

Шүүгдэгч Ж.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 02 дугаар сарын 06-ны өглөө би сэрчихээд бие засах гээд гарсан. ... Гадаа нар дөнгөж мандаж байсан. Гадаа гараад ирсэн чинь Э, Н нар манай гэрийн баруун урд үнсний дэргэд тэмээ хийчихсэн махыг нь гэрийн гадаах ёмкост руу зөөж байсан. Би тэр хоёроос юу болоод байгаа юм бэ гэж асуусан чинь тэр 2 хоёулаа л айлын тэмээ авчраад хийчихсэн гэж хариулсан. Би тэр хоёрт хулгайн тэмээ юм бол надад хамаагүй шүү гэж хэлсэн чинь тэр 2 нэгэнт хийчихсэн юм чинь одоо яахав дээ гэж байсан. Дараа нь тэр өдрийнхөө шөнө Э Чойроос буцаж машинтай ирээд махаа авчихаад гэрт сууж байгаад гарахдаа Э Нд би араа даана. Та санаа зоволтгүй гэж хэлж байсан. Би зөвхөн арьс, толгой, тавхайг нь Этай хамт нүхэнд хаясан. ... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-85-87, 1 дүгээр хх-224-226/,

 

          Шүүгдэгч Э.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...зээл авч байх үед 180 гаруй толгой мал байсан. Надад зээлийг авч байхад 738 тооны мал байгаагүй гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-55/,           

          Хохирогч Б.Цэрэнчунтын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Э.Мгийн нөхөр Ц.Э нь 738 мал тоолуулсан гэсэн хуурамч баримт бүрдүүлэн банкыг залилан 10 000 000 төгрөгийн малчны зээлийг 12 сарын хугацаатай авсан байсан. ...Төрийн банкны Дундговь салбарын харилцааны албаны ахлах мэргэжилтэн А.Итгэлт нь Говь-Угтаал суманд очиж газар дээр нь ажиллахад  Ц.Э нь өөрийн гэсэн малгүй, айлын мал малладаг нь тогтоогдсон. Говь-Угтаал сумын 3 дугаар багийн Засаг дарга Наранбаатар нь өөрийгөө хуурамч малын А данс нээсэн гэдгээ хэлсэн... Нийт 10 000 000 төгрөгийг хуурамч бичиг баримт бүрдүүлж авснаас 5 839 000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт төлж барагдуулсан. Одоо 4 161 000 төгрөгний зээл төлөх шаардлагатай бөгөөд хүү, нэмэгдүүлсэн хүү 1 001 561 төгрөгийг нэмж нийт 5 162 561 төгрөг төлөх шаардлагатай байгаа... гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-13-15/,

          ... 2016 оны 03 дугаар сарын 08-ны өглөө Дундговь аймгаас Улаанбаатар хотод хуралтай, сургалттай явж байгаад 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр манай эдийн засагч Дундговиос Улаанбаатар руу хугацаа хэтэрсэн зээлдэгч нартай уулзахаар очсон байсан.  би хугацаа хэтрэлттэй Эын эхнэр болох Мгийн гэрийн хаягаар очиход оргодол Э Мгийн гэрт байж байсан. ...Эыг гэрээс нь авч гараад Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст очсон ... гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-22-23/,

               Хохирогч С.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Манайх 2015 оны 02 дугаар сарын 01-нээс 07-ны өдрийн хооронд тэмээнийхээ бэлчээр нутаг болох Халзангийн уулын хавиас улаан шар зүсмийн хоёр чих голоосоо цуулбар имтэй буруу ташаа зөв талын хонгондоо гурван нүдний чандмань тамгатай, зөв талын ташаандаа цэнхэр өнгийн будгаар тэмдэглэсэн тэмдэгтэй нэг тооны 6-аас 7 настай атан тэмээгээ алдсан. ... Би тэмээний толгойны арьсийг барьж үзэхэд манай им /чихлээс/ мөн байсан, арьсийг нь хумиад хөлдөөчихсөн болохоор тамга нь мэдэгдэж өгөхгүй байна. Миний алдсан тэмээ бол 5-6 настай ат байсан. Би тэмээгээ 2 000 000 төгрөгөөр үнэлж байна. ... бензиний мөнгө 339 500 төгрөг болсон. Миний нэхэмжилсэн хохирлын мөнгө болох 2 339 500 төгрөгийг Э, Н, А нар надад бэлнээр төлж барагдуулсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-26, 28-29/,

               Хохирогч Ж.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2015.07.26-аас 2015.08.19-ны өдрийн хооронд Рэгцэгийн 1-2 тоот хашаанд байх микро автобусны кабинаар хийсэн эд зүйл хадгалдаг амбаараас гэрийн бор эсгий дээвэр 4 ш, бор эсгий туурга 4 ш, хөвөнтэй туурга 4 ш, өрх 1 ш, эсгий шалавч 3 ш, хулдаас 10 м, модон ор 1 ш, усны тэрэг 1 ш эдгээр эд зүйлээ алдсан. … Бор эсгий дээвэрээ нэг тус бүрийг нь 4х70 000 төгрөг, бор эсгий туурга нэг тус бүрийг нь 4х50 000, хөвөнтэй туурга тус бүрийг нь 4х40 000 төгрөг, өрх 1х30 000 төрөг, 10 метр хулдаас 60 000 төгрөг, эсгий шалавч тус бүрийг 3х50 000 төгрөг, модон ор 250 000 төгрөг, усны тэрэг 50 000 төгрөгөөр тус тус үнэлж байна гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-197/, /нийт 1 180 000 төгрөг/

               Гэрч А.Итгэлтийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Эын малын А дансыг гаргаж өгөөч гэхэд Наранбаатар гэх багийн Засаг дарга надад Э.Мгийн нэр дээр хийгдсэн 738 тооны толгой мал тоолуулсан малын данс гаргаж өгсөн. ...Ц.Эын малын А данс хэрэгтэй гэхэд өмнө үзүүлсэн А данстай адил тооны толгой мал бичигдсэн Ц.Эын малын А данс гаргаж ирсэн. ...2013 оны жилийн эцсийн мал тооллогын А дансыг үзүүлээч гэхэд Наранбаатар надад хандан Ц.Э, М нарын нэр дээр мал тоолуулсан зүйл байхгүй гэсэн. ... Ц.Э, М нар нь өөрийн гэсэн хөдөө гэр, мал гэж байхгүй байсан. Айлын хажууд малыг нь маллаж байсан гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-16-17/,

               Гэрч Д.Баатархүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Э, М нар нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манайхыг Цагаандэлгэр сумын Элэгний бууц гэх газар нутаглаж байхад манайд ирж мал малласан. ... манайд малгүй ирсэн... гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-20-21/,

               Гэрч Д.Мягмардоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Э  манай Цагаандэлгэр сумын харъяат манай багийн иргэн ... Ц.Эын эзэмшилд мал байхгүй, малын А данс байхгүй. ... гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-22-23/,

               Сэжигтэн Б.Наранбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2014 оны 05 дугаар сард … М ирээд би ажлаасаа гараад хөдөө гараад мал маллаж, малчин болж байгаа, манай хөдөө гэрт малын А данс нээгээд өгөөч гэсэн. ... би Мгаас үлдсэн мал чинь хаана байгаа юм бэ гэж асуусан, тэгэхэд манай нөхрийн мал Цагаандэлгэр суманд ахынд байдаг юм, та А дансанд давхар бич гэхээр нь би итгээд Мгийн хэлснээр малын тоог А дансанд бичсэн. ...Би Мд тодорхойлолт хийж өгсөн гэсэн мэдүүлэг / 2 дугаар хх-48-49/,

               Сэжигтэн Х.Пүрэвгарамын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр … М ирээд нөхөр Э бид 2 хөдөө мал дээр байгаа, Эын ах нь Улаанбаатар хот руу шилжээд явсан, өөрийн эзэмшлийн бүх малаа нөхөр бид хоёрт өгч байгаа гэсэн. … малчны зээл авч болох уу гэж асуухаар нь би малын А дансыг үзэхэд Эын нэр дээр 738 тооны мал бүртгэгдсэн байхаар нь малчны зээлийн шаардлага хангасан байна гэж хэлсэн. Маргааш нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Э, М нар тооцооны төвд ирээд мал тооллогын А данс, 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг бусад холбогдох бичиг баримтыг авч ирж зээл авах өргөдөл өгсөн. ...Тэгээд Э, М нар нь малчны зээл гэж Төрийн банкны тооцооны төвөөс 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээл авсан. ... гэсэн тодорхойлолт байсан гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-44-45/

               Гэрч Б.Хаданчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: ... би Гтай хамт тэмээг нь тоолж бүртгэж үзэхэд улаан шар зүсмийн хоёр чих голоосоо цуулбар имтэй буруу ташаа зөв талын хонгондоо гурван нүдний чандмань тамгатай ...зөв талын ташаандаа цэнхэр өнгийн будгаар тэмдэглэсэн тэмдэгтэй нэг тооны 6-аас 7 настай ат байхгүй байсан. … гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-38/,

               Гэрч Э.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Тэр айлд манай нөхөр Э, гэрийн эзэн А гэдэг хүн, бас Н гээд хөгшин 3 байсан. … шөнө гэнэт хаалга дуугарахаар нь би сэрээд цаг харахад шөнийн 02 цаг болж байсан. Манай нөхөр Э, Н 2 орж ирсэн юм. Тэр хоёрын араас А гаднаас нимгэн цамцтай орж ирж байсан. Төрмөнх нь нөхөр бид 2 дээр өөрийнхөө цагаан өнгийн жижиг тэрэгтэй ирээд бид 3 тэр шөнөдөө /2015 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих/ Агийн гэрт очсон. Тэдний гэрийн зүүн талд байдаг ёмкостноос тэмээний мах Төрмөнхийн машин руу ачсан. Тэгээд буцаад Чойр луу гараад Чойрт 2015 оын 02 дугаар сарын 07-ны үүрээр 07 цагийн үед ирсэн. Тэр махыг Батжаргалын дэлгүүрийн зүүн талын дэлгүүрт аваачаад манай нөхөр зарсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-43/,

               Гэрч М.Төрмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Этай уулзсан чинь Шивээгээс баруун урагшаа айлаас очиж тал бодын мах авчирна гэж хэлсэн. ... шөнө 03 цаг өнгөрчихсөн байхад Түвшинөө гэдэг айлын гэрт очсон. Тэдний гэрт ороход Түвшинөө гэдэг хүн бас нэг танихгүй өвгөнтэй хамт байсан. Тэднийд ороод гэрийнх нь зүүн талд байсан ёмкостноос Э ороод тал тэмээний мах машин руу зөөж, ачсан. Махаа аччихаад шөнөдөө л буцаад Чойр луу хөдөлсөн. 2015 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг болж байхад Чойрт орж ирсэн. ... Цэнгэл эгч тэр махыг үзээд Эт 250 000 төгрөг өгсөн. … гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-46/,

               Гэрч Л.Отгонцэнгэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 02 дугаар сарын 07-ны өглөө … Э надад Цэнгэл эгчээ та тал тэмээний мах авах уу хэдээр авах вэ гэхээр нь би гайхаад чамд ямар юмны тэмээ байдаг юм бэ, чи хулгайн тэмээ хийгээд ирсэн үү гээд сэжиглээд асуусан чинь Э юу гэж дүү нь хулгай хийх вэ дээ. … Миний өөрийн тэмээ байгаа юм гэхээр нь … би Эт бэлнээр 250 000 төгрөг өгөөд худалдаж авсан юм ...  гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-45/,

              Гэрч Э.Эрдэнэтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Э гэрийнхээ эсгий дээвэр туургыг зарах гэсэн юм авах хүн байна уу хүнээс асуугаад өг гэж хэлсэн. … Энхцог авахаар болсон. Намайг анх тэнд очиход эсгий дээвэр 2 ш, эсгий туурга 1 ш, өрх 1 ш, хөнжлөөр хийсэн туурга 4 ш байсан байхаа тэр хөнжлөөр хийсэн туургыг нь Энхцог авахгүй гээд үлдээсэн. Э ярихдаа манай гэрийн дээвэр, туурга гэж хэлж байсан. Би хулгайн юм гэдгийг нь мэдээгүй ... гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-199/,

               Гэрч Д.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Э анхандаа 100 000 төгрөгөөр зарна гээд байсан гэрт орчихоод гараад ирсэн чинь 55 000 төгрөгөөр зарчихлаа гээд ярьж байсан. ... Өөр зүйл заруулаагүй. Энэ эсгийнүүдээ зарахдаа би гэрээ зарж байгаа юм гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-200/,

               Гэрч Б.Энхцогийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2 эсгий дээвэр, 1 эсгий туурга өрхийг нь нийлүүлээд 55 000 төгрөгөөр худалдаж авсан. Бэлэн мөнгийг нь тэр танихгүй хүнд шууд өгсөн. ... тэр зарсан эсгий нь хулгайн юм байсан юм байна лээ тэр эсгийг М гэх хүн ирээд энэ манай алдсан эсгий байна гэж хэлээд аваад явсан байсан. Тэр эсгийг авч явахдаа надад мөнгө төгрөг өгөөгүй. Би тэр эсгийг хулгай хийж надад зарсан хүнээс худалдаж авсан үнэ болох 55 000 төгрөгөө гаргуулж авмаар байна гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-201/,           

2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Ц.Эыг батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 96-100/,

Цагдаагийн Ерөнхий газрын Asap санд мэдээллийг нь оруулан эрэн сурвалжилсан талаарх баримт /1 дүгээр хавтаст хэргийн 247-250, 3 дугаар хх1-2/,

2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эрүүгийн 201508000051 дугаартай хэргийг түдгэлзүүлсэн болон яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай хяналтын прокурорын тогтоол /1 дүгээр хх-240- 243, 249-250, 2 дугаар хх-238-239/,

Гэрч С.Сономдашийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Ц.Э манайхаар 2016 оны эхээр 1 удаа ирсэн. Мөн цагаан сарын үеэр ирсэн. Түүнээс хойш ирээгүй. Би Баянхошуунд амьдардаг гэж сонсож байсан ... гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-9/,

Гэрч Э.Мөнхдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Ц.Э ах манай гэрт хааяа ирээд л хоноод явдаг. Хаагуур юу хийж явдагийг би сайн мэдэхгүй. Ц.Э ер нь гэр орондоо тогтдоггүй яваад л өгдөг гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-11/,

Гэрч Х.Идэрзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 12 сарын сүүлээр хөдөөнөөс ирлээ, адуу маллаж байгаад ирлээ гэж байгаад 2 хоносон мөн 2016.03.08-ны өдөр миний төрсөн өдрөөр ирж нэг хоноод явсан. Ц.Э, М нарыг их хэмжээний зээл хийгээд зугтаж алга болсон гэж хадмууд ярьдаг гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-12-13/,

Гэрч Г.Ганчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Ц.Э намайг эгчээ би хулгайн хэрэгт холбогдчихлоо та намайг батлан даалтанд аваад өг гэж гуйсны дагуу би өөрийн хүү Булганбаттай батлан даалтанд авч байсан. Тухайн үед би бичиг баримтаа өгчихөөд гарын үсэг зурж баталгаажуулахад цагдаагийн алба хаагч нар миний хүү, бид хоёрт хууль сануулж байсан. Бид ч зөвшөөрч авч байсан. Би одоо хаана байгааг мэдэхгүй байна. Ерөөсөө 2015 оны 08 сараас хойш тааралдаагүй гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 17-18/,

          Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт  /1 дүгээр хх-ийн 7-11-р хуудас/

          Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд   /1 дүгээр хх-12-18/,

          Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-104/,

          Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт  /2 дугаар хх-192-194/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 152/ зэрэг болно.

 

          Шүүгдэгч Ц.Эыг мөрдөн байцаалтын шатнаас болон прокурорын хяналтаас 2015 оны 08 дугаар сарын 05 ны өдрөөс оргосон гэж ялласан нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Ц.Эыг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Г.Лхагвагарам нь 2015 оны 09 дүгээр сарын 08 ны өдөр байцаалт авсан, түүнд холбогдох эрүүгийн хэргүүд өөр өөр газар шалгагдаж байсан, Дорноговь аймгийн Прокурорын газраас түүнийг эрэн сурвалжлуулахаар 2015 оны 09 дүгээр сарын 22 ны өдөр тогтоол гаргасан зэрэг нөхцөл байдлуудаар түүнийг 2015 оны 09 дүгээр сарын 22 ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 11 ны өдөр хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаа болон прокурорын хяналтаас оргосон гэмт хэргийг үйлдсэн гэж шүүхээс үзлээ.

 

          Мөн шүүгдэгч Ц.Э нь хохирогч Б.Мын өмчлөлийн агуулах савнаас эд зүйл хулгайлсан гэмт хэргээс 210 000 төгрөгийн үнэ бүхий хулдаас, эсгий шалавч, модон ор, усны тэрэг гэх эд зүйлийг хулгайлж авсан нь хэрэгт авагдсан гэрч Эрдэнэтогтох, Г, иргэний нэхэмжлэгч Энхцог нарын мэдүүлгүүдээр тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийг дээрх эд зүйлийг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Э, Э.М нар нь бүлэглэн, мал тооллогын А данс, багийн Засаг даргын тодорхойлолтыг хуурамчаар үйлдүүлэн ашиглаж буюу хуурч мэхлэн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банкны Дундговь аймгийн Говь-Угтаал сум дахь салбараас 10000000 төгрөгийг залилан мэхэлж авсны улмаас тус банкинд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ манайх мал тоолуулсан гээд байхад мал тоолуулаагүй гээд байгаа. Бусад хэргээ хүлээн зөвшөөрч байна. Банкны хүмүүс дарамтлаад байсан болохоор мөнгө олж зээлээ төлөх зорилгоор оргосон гэв, шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ сэжигтэн Наранбаатар намайг данс хийлгэж өгөөч гэж хэлээгүй байхад намайг тэгж хэлсэн гэж мэдүүлсэн байсан. Мал тоолуулсан тул зээл авч болдог юм болов уу гэж би асууж байсан. Тухайн үедээ бид хоёр 100 гаруй мал тоолуулсан гэв, шүүгдэгч Э.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...зээл авч байх үед 180 гаруй толгой мал байсан. Надад зээлийг авч байхад 738 тооны мал байгаагүй гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Цэрэнчунтын мөрдөн байцаалтанд өгсөн ...2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Э.Мгийн нөхөр Ц.Э нь 738 мал тоолуулсан гэсэн хуурамч баримт бүрдүүлэн банкыг залилан 10 000 000 төгрөгийн малчны зээлийг 12 сарын хугацаатай авсан байсан. ... Ц.Э нь өөрийн гэсэн малгүй, айлын мал малладаг нь тогтоогдсон. Мөн Говь-Угтаал сумын 3 дугаар багийн Засаг дарга Наранбаатар нь өөрийгөө хуурамч малын А данс нээсэн гэдгээ хэлсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч А.Итгэлтийнийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Эын малын А дансыг гаргаж өгөөч гэхэд Наранбаатар гэх багийн Засаг дарга надад Э.Мгийн нэр дээр хийгдсэн 738 тооны толгой мал тоолуулсан малын данс гаргаж өгсөн. ... Ц.Эын малын А данс хэрэгтэй гэхэд өмнө үзүүлсэн А данстай адил тооны толгой мал бичигдсэн Ц.Эын малын А данс гаргаж ирсэн. ...2013 оны жилийн эцсийн мал тооллогын А дансыг үзүүлээч гэхэд Наранбатаар  надад хандан Ц.Э, М нарын нэр дээр мал тоолуулсан зүйл байхгүй гэсэн. ... Ц.Э, М нар нь өөрийн гэсэн хөдөө гэр, мал гэж байхгүй байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Баатархүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн ...Э, М нар нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манайхыг Цагаандэлгэр сумын Элэгний бууц гэх газар нутаглаж байхад манайд ирж мал малласан. Э, М нар нь надад хандан бид хоёр Төрийн банкинд зээлтэй, та зээлээс төлөлцөөд өгөөч, бид 2 танай малыг маллаж өгье гэхээр нь би зөвшөөрөөд малаа маллуулсан... манайд малгүй ирсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Мягмардоржийн мөрдөн байцаалтанд өгсөн ...Э  манай Цагаандэлгэр сумын харъяат манай багийн иргэн ... Ц.Эын эзэмшилд мал байхгүй, малын А данс байхгүй. ... гэсэн мэдүүлэг, сэжигтэн Б.Наранбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2014 оны 05 дугаар сард манай багийн иргэн М гээд Төрийн банкинд теллер байсан эмэгтэй ирээд би ажлаасаа гараад хөдөө  гараад мал маллаж, малчин болж байгаа, манай хөдөө гэрт малын А данс нээгээд өгөөч гэсэн. ... би Мгаас үлдсэн мал чинь хаана байгаа юм бэ гэж асуусан, тэгэхэд манай нөхрийн мал Цагаандэлгэр суманд ахынд байдаг юм, та А дансанд давхар бич гэхээр нь би итгээд Мгийн хэлснээр малын тоог А дансанд бичсэн. ...Би Мд тодорхойлолт хийж өгсөн гэсэн мэдүүлэг, сэжигтэн Х.Пүрэвгарамын мөрдөн байцаалтанд өгсөн ...2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манай тоооцооны төвийн теллер байсан М гээд хүн орж ирээд надад хандан нөхөр Э бид 2 хөдөө мал дээр байгаа, Эын ах нь Улаанбаатар хот руу шилжээд явсан, өөрийн эзэмшлийн бүх малаа нөхөр бид хоёрт өгч байгаа гэсэн. ...  Засаг дарга Наранбаатар манай гэрт очиж  малыг харсан байгаа, тэгээд малын А данс нээж өгсөн, одоо малчны зээл авч болох уу гэж асуухаар нь би малын А дансыг үзэхэд Эын нэр дээр 738 тооны мал бүртгэгдсэн байхаар нь малчны зээлийн шаардлага хангасан байна гэж хэлсэн.. ... Э, М нар нь малчны зээл гэж Төрийн банкны тооцооны төвөөс 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээл авсан. ... би хуурамч бичиг баримт үндэслэн зээл авч байгааг мэдээгүй. ... гэсэн мэдүүлэг, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл зэр‎эг нотлох баримтуудаар,

 

                 Шүүгдэгч Ц.Э, Г.Н нар нь бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар Халзангийн уул гэх газраас иргэн С.Гын 1 тооны тэмээг бэлчээр дээрээс нь хулгайлан 2 000 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Ж.А нь 2015 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Ц.Э, Г.Н нарын Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар Халзангийн уул гэх газраас иргэн С.Гын 1 тооны тэмээг бэлчээр дээрээс нь хулгайлан 2000000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг урьдаас амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч Ц.Эын мөрдөн байцаалтанд өгсөн ... тэр тэмээнүүд дундаас 1 тэмээг нь би Н ахаас уургыг нь авч байгаад шидэж уургалсан. Тэр тэмээгээ Н ах бугуйлаараа ногтлоод морьтойгоо урд гараад чирээд явсан, би ардаас нь морьтойгоо хөөгөөд явсан. … Агийн гэрийн гадаа, Н ах бид 2 хамжаад тэмээгээ янзалсан. гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Тэгээд тэр бугуйлаараа ногтлоод Э морьтойгоо урд гараад чирээд явсан. … Агийн гэрийн гадаа очсон. Тэгээд гэрийнх нь баруун урд байсан овоолсон малын сэвстэй мал хийдэг газарт тэмээгээ хийсэн. гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ж.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Э, Н нар манай гэрийн баруун урд үнсний дэргэд тэмээ хийчихсэн махыг нь гэрийн гадаах ёмкост руу зөөж байсан. Би тэр хоёроос юу болоод байгаа юм бэ гэж асуусан чинь тэр 2 хоёулаа л айлын тэмээ авчраад хийчихсэн гэж хариулсан. гэсэн мэдүүлэг, хохирогч С.Гын мөрдөн байцаалтанд өгсөн ...Манайх 2015 оны 02 дугаар сарын 01-нээс 07-ны өдрийн хооронд тэмээнийхээ бэлчээр нутаг болох Халзангийн уулын хавиас улаан шар зүсмийн хоёр чих голоосоо цуулбар имтэй буруу ташаа зөв талын хонгондоо гурван нүдний чандмань тамгатай, зөв талын ташаандаа цэнхэр өнгийн будгаар тэмдэглэсэн тэмдэгтэй нэг тооны 6-аас 7 настай атан тэмээгээ алдсан. ... Би тэмээний толгойны арьсийг барьж үзэхэд манай им /чихлээс/ мөн байсан ...  гэсэн мэдүүлэг, гэрч Б.Хаданчулууны мөрдөн байцаалтанд өгсөн ... би Гтай хамт тэмээг нь тоолж бүртгэж үзэхэд улаан шар зүсмийн хоёр чих голоосоо цуулбар имтэй буруу ташаа зөв талын хонгондоо гурван нүдний чандмань тамгатай ...зөв талын ташаандаа цэнхэр өнгийн будгаар тэмдэглэсэн тэмдэгтэй нэг тооны 6-аас 7 настай ат байхгүй байсан. … гэсэн мэдүүлэг, гэрч Э.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Агийн гэрт очсон. Тэдний гэрийн зүүн талд байдаг ёмкостноос тэмээний мах Төрмөнхийн машин руу ачсан. ... тэр махыг Батжаргалын дэлгүүрийн зүүн талын дэлгүүрт аваачаад манай нөхөр зарсан гэсэн мэдүүлэг, гэрч М.Төрмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн ... тэднийд ороод гэрийнх нь зүүн талд байсан ёмкостноос Э ороод тал тэмээний мах машин руу зөөж, ачсан. Махаа аччихаад шөнөдөө л буцаад Чойр луу хөдөлсөн. ... 2015 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг болж байхад Чойрт орж ирсэн. … Цэнгэл эгч тэр махыг үзээд Эт 250 000 төгрөг өгсөн. ... гэсэн мэдүүлэг, гэрч Л.Отгонцэнгэлийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2015 оны 02 дугаар сарын 07-ны өглөө … Э юу гэж дүү нь хулгай хийх вэ дээ. … Миний өөрийн тэмээ байгаа юм гэхээр нь … би Эт бэлнээр 250 000 төгрөг өгөөд худалдаж авсан юм ... гэсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,  

 

              Шүүгдэгч Ц.Э нь давтан үйлдлээр 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Рэгцэгийн 1 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух Ж.Мын хашаанд байсан микро автобус дотроос буюу агуулах савнаас эд зүйлс хулгайлж 450 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ц.Эын мөрдөн байцаалтанд өгсөн ... эсгий дээвэр 4 ш, эсгий туурга 1ш, хөвөнтэй туурга 3 ш, өрх 1 ширхэгийг хулгайлсан. Тухайн үед би ганцаараа хулгай хийж байхдаа хэд хэдэн удаа зөөж урд хашаа болох Охиноогийн хашаанд оруулж тавиад өдөртөө зарчихсан гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Мын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2015.07.26-аас 2015.08.19-ны өдрийн хооронд Рэгцэгийн 1-2 тоот хашаанд байх микро автобусны кабинаар хийсэн эд зүйл хадгалдаг амбаараас гэрийн бор эсгий дээвэр 4 ш, бор эсгий туурга 4 ш, хөвөнтэй туурга 4 ш, өрх 1 ш, эсгий шалавч 3 ш, хулдаас 10 м, модон ор 1 ш, усны тэрэг 1 ш, эдгээр эд зүйлээ алдсан. ... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Эрдэнэтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн ... Э гэрийнхээ эсгий дээвэр туургыг зарах гэсэн юм авах хүн байна уу хүнээс асуугаад өг гэж хэлсэн. … Энхцог авахаар болсон ... намайг анх тэнд очиход эсгий дээвэр 2 ш, эсгий туурга 1 ш, өрх 1 ш, хөнжлөөр хийсэн туурга байсан тэр туурга 4 ш байсан байхаа тэр хөнжлөөр хийсэн туургыг нь Энхцог авахгүй гээд үлдээсэн. ... мөнгийг нь Э өөрөө авсан байхаа ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Гын мөрдөн байцаалтанд өгсөн ... Э анхандаа 100 000 төгрөгөөр зарна гээд байсан. Гэрт орчихоод гараад ирсэн чинь 55 000 төгрөгөөр зарчихлаа гээд ярьж байсан ... эсгийнүүдээ зарахдаа би гэрээ зарж байгаа юм гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг, гэрч Б.Энхцогийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би тэндээс 2 эсгий дээвэр, 1 эсгий туурга, өрхийг нь нийлүүлээд 55 000 төгрөгөөр худалдаж авсан. Бэлэн мөнгийг нь тэр танихгүй хүнд шууд өгсөн. ... тэр зарсан эсгий нь хулгайн юм байсан юм байна лээ тэр эсгийг М гэх хүн ирээд энэ манай алдсан эсгий байна гэж хэлээд аваад явсан байсан. ...  гэсэн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Ц.Э нь 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ буюу 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ц.Эын мөрдөн байцаалтанд өгсөн ...Би батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга зөрчиж шалгагдаж байхдаа оргон зайлсан үйлдэлдээ их гэмшиж байна …  Би оргох болсон шалтгаан гэвэл ажил хийж хохирлоо төлж барагдуулна гэж бодож яваад л архи дарс ууж өөртөө гай тарьлаа гэсэн мэдүүлэг,  хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Цэрэнчунтын: “... би хугацаа хэтрэлттэй Эын эхнэр болох Мгийн гэрийн хаягаар очиход оргодол Э Мгийн гэрт байж байсан. ...Эыг гэрээс нь авч гараад Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст очсон ... гэсэн мэдүүлэг, гэрч С.Сономдашийн мөрдөн байцаалтанд өгсөн ...Ц.Э манайхаар 2016 оны эхээр 1 удаа ирсэн. Мөн цагаан сарын үеэр ирсэн. ... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Мөнхдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн ...Ц.Э ах манай гэрт хааяа ирээд л хоноод явдаг. Хаагуур юу хийж явдагийг би сайн мэдэхгүй. Ц.Э нь ер нь гэр орондоо тогтдоггүй яваад л өгдөг гэсэн мэдүүлэг, гэрч Х.Идэрзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн ...2015 оны 12 сарын сүүлээр хөдөөнөөс ирлээ, адуу маллаж байгаад ирлээ гэж байгаад 2 хоносон. 2016.03.08-ны өдөр миний төрсөн өдрөөр ирж нэг хоноод явсан. Ц.Э, М нарыг их хэмжээний зээл хийгээд зугтаж алга болсон гэж хадмууд ярьдаг гэсэн мэдүүлэг, гэрч Г.Ганчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ...Ц.Э намайг эгчээ би хулгайн хэрэгт холбогдчихлоо та намайг батлан даалтанд аваад өг гэж гуйсны дагуу би өөрийн хүү Булганбаттай батлан даалтанд авч байсан. ... Би одоо хаана байгааг мэдэхгүй байна. .. гэсэн мэдүүлэг, 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Ц.Эыг батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, баталгаа, Цагдаагийн Ерөнхий газрын Asaр санд мэдээллийг нь оруулан эрэн сурвалжилсан талаарх баримт, 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эрүүгийн 201508000051 дугаартай хэргийг түдгэлзүүлсэн болон яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай хяналтын прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Иймд Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Эыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан үйлдлээр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, мөн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориулд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд, шүүгдэгч Э.Мг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Нг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Аг гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж урьдаас амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.М, Г.Н, Ж.А нарын үйлдсэн гэмт хэрэг нь  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хамаарч байх тул шүүгдэгч Э.М, Г.Н, Ж.А нарын үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч Ц.Эын шүүгдэгч Э.Мтай бүлэглэн бусдын 10000000 төгрөгийг залилан мэхлэж авсан, шүүгдэгч Г.Нтэй бүлэглэн бусдын 1 тооны тэмээ хулгайлан авсан гэмт хэргүүд нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хамаарч байх тул шүүгдэгчид ашигтай байдлын үүднээс дээрх гэмт хэргүүдийг уг хуулинд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч Ц.Эыг ялтай байхдаа 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Рэгцэгийн 1 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух Ж.Мын хашаанд байсан микро автобус дотроос буюу агуулах саванд нэвтэрч хулгайлан 450 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ буюу 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа, прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Э, Э.М нараас зээлийн үлдэглэл 4 161 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 001 561 төгрөг, нийт 5 162 561 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 2 581 280,5  гаргуулан Төрийн банкны Дундговь аймгийн Говь-Угтаал суман дахь салбарт, шүүгдэгч Ц.Эаас 55 000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Энхцогт тус тус олгох нь  зүйтэй байна.

 

Хохирогч Ж.М нь өөрийн алдагдсан эд зүйлээсээ ямар ямар эд зүйлийг буцаан авсан болон ямар эд зүйлийн хохирол нь төлөгдөөгүй байгаа нь тодорхойгүй байх тул хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч Ж.А нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.М, Г.Н, Ж.А нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.  

Шүүгдэгч Г.Н , Ц.Э нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан унааны үнэ болох 2 сая төгрөгийг тус бүрд 1 сая төгрөгөөр тооцож шүүгдэгч нараас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Нгийн ХААН банкны 5990275288 тоот дансанд байгаа 200 700 төгрөгийг битүүмжилсэн, мөрдөн байцаагчийн гэмт хэргийн хохирол болох махыг зарсан гэх 226 800 төгрөгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, 226800 төгрөгийг төлбөр барагдуулах зорилгоор шүүгдэгч Ц.Эын 113 400 төгрөг, шүүгдэгч Г.Нгийн 113 400 төгрөгөөр тооцон шүүгдэгч Г.Нгийн Төрийн банкны 5990275288 тоот дансанд байгаа 200 700 төгрөгийн хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Эын цагдан хоригдсон 88 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь ялтай байхдаа гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

     ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Цэгмэдийн Эыг бусдын эд хөрөнгыг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн 210 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.      

 

2.Шүүгдэгч Боржигон овогт Цэгмэдийн Эыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан үйлдлээр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, мөн мөрдөн байцаалтын ажиллагаа, прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд,

            Шүүгдэгч Боржигин овогт Эрдэнээгийн Мг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Гэлэгшаравын Нг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Жамъянсүрэнгийн Аг гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж урьдаас амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

 

3.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2, шүүгдэгч Э.Мд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, шүүгдэгч Г.Нд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, шүүгдэгч Ж.Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хорих ял, мөн хуулийн Тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтаан, нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хорих ялаар тогтоосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эын цагдан хоригдсон 88 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

8.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 1 000 000 төгрөгийг шүүгдэгч Г.Нгээс, 1 000 000 төгрөгийг шүүгдэгч Ц.Эаас тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.М нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх ‎‎‎болохыг дурдсугай.

 

10.Шүүгдэгч Г.Н, Ж.А нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.М, Г.Н, Ж.А нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн тогтоолоор шүүгдэгч Г.Нгийн ХААН банкны 5990275288 тоот дансанд байгаа 200 700 төгрөг, хэрэгт бэлнээр ирсэн 226 800 төгрөгийг тус тус битүүмжилснийг хүчингүй болгож төлбөр барагдуулахаар Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

12.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эаас 2 581 280.5 төгрөг, Э.Мгаас 2 581 280,5 төгрөгийг гаргуулан Төрийн банкны Дундговь аймгийн Говь-Угтаал суман дахь салбарт, шүүгдэгч Ц.Эаас 55 000 төгрөгийг гаргуулж иргэний хариуцагч Б.Энхцогт тус тус олгосугай.

 

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 68 дугаар зүйлийн 68.2.2, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М, Г.Н, Ж.А нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ц.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

            14.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    

ДАРГАЛАГЧ                                 Х.ГАНБОЛД