Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 148/2018/00313/И |
Дугаар | 001/ХТ2019/00254 |
Огноо | 2019-02-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2019/00254
Б гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 401 дүгээр шийдвэр,
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаар магадлалтай,
Б гийн нэхэмжлэлтэй,
Б т холбогдох
10,000.00 ам.доллар буюу 24,200,800.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд Улсын хил дээр валют арилжааны үйл ажиллагаа явуулаад олон жил болж байгаа. Б нь сүүлийн үед надтай адил төрлийн ажил эрхлэх болж улмаар бид хоёр зарим үед хамтран ажиллаж, би Улаанбаатар хотоос доллар болон бусад мөнгийг авахдаа Б т тусалж, удаа дараа ямар нэгэн эрсдэлгүйгээр түүний мөнгийг Сэлэнгэд авчруулдаг байсан. Ингээд 2018 оны 01 сарын 25-ны өдөр Б надруу яриад хотоос доллар авах хүсэлтэй байна, та туслаач гэсэн. Би тухайн үед валют авах шаардлагагүй байсан бөгөөд Улаанбаатар хотын ченжүүд бага валют авахаар хамтын ажиллагааны хувьд үр дүн бага байдаг учир Сэлэнгэ рүү мөнгө шилжүүлэхэд бэрхшээлтэй байдаг. Ингээд би 10.000 доллар өөртөө авахаар болж нийтдээ Б ийн 12.000 доллартай өөрийн 10.000 мянган долларын мөнгийг шилжүүлж Сэлэнгэ валют арилжааны ченж н.Алтангэрэлээр Улаанбаатар хотоос 22.000 долларыг өөрийн гар дээр хүлээж авч тарааж өгөхөөр байтал Б нь “Болороо эгчээ би бүх долларыг хүлээж аваад маргааш найдвартай хүн олоод хойшоо явуулчихъя, эртхэн унтаж амармаар байна, замаас нь долларыг авлаа шүү” гэж хэлээд Алтангэрэлтэй яриад авсан байсан. Маргааш нь буюу 2018 оны 01 сарын 26-ны өдөр би түүн рүү залгаад ОХУ-д доллар өссөн байна, чи хэдээр өгсөн бэ гэж асуухад шууд урдаас Батхишиг "таны мөнгийг алга болгосон, хүнд өгсөн, тэр хүн маань хил дээр алга болгосон” гэсэн зүйл ярьсан. Үүнээс хойш би Б тэй мөнгөө авахаар удаа дараа ярилцсан боловч мөнгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Би 10.000 доллараа Б т л өгсөн, энэ хүнээс л мөнгө авна. Миний биеийн эрүүл мэндийн байдал муу байнгын эмчийн хяналтад байдаг тул байнга гадагшаа эмчилгээнд явдаг, мөнгө маш их шаардагддаг зэрэг хувийн нөхцөл байдлыг минь харгалзан үзэхийг Б ээс удаа дараа гуйж мөнгийг маань өгөхийг шаардсан боловч сүүлдээ өгөх, өгөхгүйдээ тулж, хэрүүл маргааны шинжтэй болсон тул би арга буюу уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд Б ээс 10.000 доллар буюу 2018 оны 01 сарын 25-ны өдрийн Монгол банкны ханшаар 24,200,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б нэхэмжлэлдээ үндэслэлгүй зүйл бичсэн байна. Тухайлбал, Б ийн 12.000 доллартай өөрийн 10.000 долларын мөнгийг шилжүүлж Сэлэнгэ валют арилжааны ченж Алтангэрэлээр Улаанбаатар хотоос 22.000 долларыг өөрийн гар дээр хүлээж авч тарааж өгөхөөр байтал Б нь “Болороо эгчээ би бүх долларыг хүлээж аваад маргааш найдвартай хүн олоод хойшоо явуулъя, эртхэн унтаж амармаар байна, замаас нь долларыг авлаа шүү“ гэж хэлээд Алтангэрэлтэй яриад авсан гэж бичсэн нь худлаа юм. Үнэн байдал бол Б өөрөө Алтангэрэл рүү яриад долларыг Батхишигт өгөөрэй гэж хүссэн байсан. Үүнийг Алтангэрэл үнэнээр нь бичиж “Батхишиг над руу огт яриагүй, Б өөрийн биеэр над руу ярьж Батхишигт долларыг өгөөрэй гэхлээр нь би Батхишигт өгсөн нь үнэн" гэж баталгаа бичиж нотариатаар батлуулан өгсөн. Би Алтангэрэлийн бичсэн баталгааг баримт болгон энэ тайлбартаа хавсаргаж өгсөн. Б нь өөрөө худлаа зүйл бичиж өгч байгаа нь өөрөө Алтангэрэлд хэлж захиж надад доллар өгүүлсэн үнэн байдлаа нуун далдлах зорилготой байна гэж би бодож байна. Болсон явдлыг үнэн байдлаар нь шүүхэд тайлбарлах хэрэгтэй. Миний хувьд банкнаас зээл аваад маргааш өдөр нь тэр зээлийн мөнгөө 10.000 доллар болгоод Болормаагийн доллартай хамт рубль сольж авчирна гэж авч яваад Алтанбулагийн хил дээр гээгдүүлсэн гэдэг. Бид хоёрын долларыг Ганцэцэг авч яваад гээгдүүлсэн байхад Болормаа нь Ганцэцэгээс доллараа надтай хамт нэхэмжлэхгүй мөртлөө адилхан хохирсон надаас нэхэмжилж байгаад гомдолтой байна. Миний хувьд Голомт банк, Төрийн банкинд тус тус зээлтэй бөгөөд зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрч байна. Иймд Б бид хоёрын долларыг авч яваад гээгдүүлсэн М.Ганцэцэгээс шүүхийн шийдвэрийн дагуу 22.000 доллар гаргуулж авч байж Б д 10.000 долларыг өгөх боломжтой. Энэ байдлыг дүгнэн үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 401 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б ээс 24,200,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгг заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,954 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ээс 278,954 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б д олгож шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 401 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т зааснаар хариуцагч Б ээс 24.200.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаар магадлалд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 10.000 ам.доллар бусдад шилжүүлсэн үйлдлийн хувьд зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. Харин зохигчдын хооронд үүссэн маргааны хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүрэг бөгөөд Б ийн энэхүү үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаанд хамаарна. Өөрөөр хэлбэл, Б т Б нь 10.000 ам.долларыг захиран зарцуулах эрх олгоогүй байхад өөрөө дур мэдэн авч улмаар бусдад дамжуулан үрэгдүүлж, түүний эд хөрөнгө өмчлөх эрхийг нь зөрчсөн байх тул хариуцагч Б нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж гомдолтой байна. Би бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан зүйл байхгүй. Б гийн мөнгийг Алтангэрэл гэдэг хүнээс хүлээн авсан. Б нь өөрөө Алтангэрэл рүү ярьж долларыг надруу явуулсан байсан. Энэ тухай баримт хэргийн материалд байгаа. Ийм баримт байсаар атал намайг хууль бусаар бусдын эд хөрөнгийг захиран зарцуулсан гэж үзэж байгаад гомдолтой байна. Урьд өмнө нь Б бид нар итгэлцлийн үндсэн дээр доллараа хүмүүст өгч рубль болгуулдаг байсан. Тийм л байдлаар би долларыг М.Ганцэцэгт өгсөн. Би өөрөө бас банкнаас зээл авч уг мөнгөө доллар болгож солиулаад Б.Боломаагийн доллартай хамт М.Ганцэцэгт өгч алдан хохирсон. Энэ мөнгийг төлөх ямар ч боломж надад байхгүй. М.Ганцэцэгээс шүүхийн шийдвэрийн дагуу мөнгө төлөгдөж ирвэл би Б д өгнө. Миний энэ хохирсон байдлыг харгалзан үзэж М.Ганцэцэгээс Б надад мөнгө ирсний дараа Б д мөнгийг нь олгох талаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Б нь хариуцагч Б т холбогдуулан 10,000.00 ам.доллар буюу 24,200,800.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “... бид хоёрын долларыг Ганцэцэг авч яваад гээгдүүлсэн байхад адилхан хохирсон надаас нэхэмжилж байгаад гомдолтой байна. М.Ганцэцэгээс авч байж л Б д мөнгийг нь өгөх боломжтой” гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчдын хэн аль нь валютын арилжаа хийдэг бөгөөд Б нь Улаанбаатар хот руу ам.доллар худалдаж авахуулахаар иргэн С.Алтангэрэлд өөрийн болон хариуцагч Б ийн мөнгийг шилжүүлсэн, хариуцагч Б нь 22,000.00 ам.долларыг М.Ганцэцэгт өгсөн, М.Ганцэцэг нь уг мөнгийг гээгдүүлснээр маргаан үүсчээ.
Нэхэмжлэгчийн мөнгийг хариуцагч Б хүлээн авсан, тэрээр уг мөнгийг бусад этгээдэд шилжүүлсэн үйл баримтын талаар хоёр шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгчийг Иргэний хуулийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүргийн дагуу шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т нийцсэн байна.
“... нэхэмжлэгч нь иргэн М.Ганцэцэгт холбогдуулан шаардлага гаргах эрх үүсээгүй” тухай давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байх тул хяналтын шатны шүүхэд хариуцагч Б ийн энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцаанд зөрчилтэй дүгнэлт хийж, хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Б ээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 278,960.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН