Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Баярмаа |
Хэргийн индекс | 184/2017/00010/И |
Дугаар | 1290 |
Огноо | 2017-05-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 1290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Ногоон чулуутын 3 дугаар гудамжны 33 тоотод оршин суух, Яруу Ихт овогт Норовсүрэнгийн Нарангэрэл/РД-ХВ72041766/-ийн,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 21 хороолол 87-б байр 95 тоотод оршин суух, Эрдэмт овогт Лхагвын Алтантуяа/РД-ХК61121802/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 21 хороолол 87-б байр 95 тоотод оршин суух, Эрдэмт овогт Эрдэнэбаярын Ундрал /РД-ХК86102209/ нарт холбогдох
Н.Нарангэрэл, Э.Ундрал, Л.Алтантуяа нарын хооронд байгуулсан 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 87 дугаар байр, С-95 тоот орон сууцнаас одоо амьдарч байгаа Э.Ундрал, түүний ээж Л.Алтантуяа нарыг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2016 оны 12 дугаар 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Нарангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бүрнээ/ШТЭҮ-0315/, хариуцагч Л.Алтантуяа, хариуцагч Э.Ундралын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2002 оны 07 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Мах Импекс ХХК-ийн ажилчдын нэгдүгээр дан байрны 16 тоот нэг өрөө байрыг 450.000 төгрөг бэлнээр өгч, тогны өр 237.000 төгрөгийн өрийг дарж худалдаж авсан. 2002 оны 08 дугаар сараас эхлэн нөхөр н.Хүрэлбаатар бид 2 тусдаа амьдарсан. Хариуцагч Л.Алтантуяа манайд орж ирээд байраа зарах уу гэж асуухад н.Хүрэлбаатар бид 2 зарахгүй ээ гэж хэлээд гаргасан. Хариуцагч Л.Алтантуяаг энэ үеэс эхлэн таньдаг болсон. Би нөхрөөсөө тусдаа амьдарч эхэлснээс хойш уг байрандаа амьдрахаа больсон. Байраа эргэж очихдоо байрны дарга, Л.Алтантуяа хоёрт “би эндээ амьдрахгүй байгаа. Манай нөхөр н.Хүрэлбаатар байрыг минь хүнд түрээслүүлэх вий. Хэрвээ хүнд түрээслэвэл надад хэлээрэй гэж гуйгаад ажлын газрынхаа утасны дугаараа үлдээгээд явсан. Байрны дарга, Л.Алтантуяа 2 “надад туслана” гэж хэлсэн. 2006 оны 05 дугаар сард байрныхаа гадаа явж байгаад хариуцагч Л.Алтантуяатай таарсан. Тэгэхэд Л.Алтантуяа “би хүнд хүүтэй мөнгө зээлдүүлж байгаа. Надаас мөнгө зээлээч” гэж санал тавьсан. Би тухайн үед Л.Алтантуяагаас 200.000 төгрөг зээлж авсан. 2006 оны 05 дугаар сараас 2006 оны 11 дүгээр сарыг хүртэл хариуцагч Л.Алтантуяа манай ажил дээр ирж мөнгөнийхөө хүүг авдаг байсан. 2006 оны 11 дүгээр сард би байраа эргэхээр очиход хариуцагч Л.Алтантуяа надад хаалга тайлж өгсөн. Л.Алтантуяа нь манай нөхөр н.Хүрэлбаатараас уг байрыг 800.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлэхэд нь би уурласан. “Байрны гэрчилгээ нь надад байдаг. Би байраа зарахгүй. Та н.Хүрэлбаатартай тооцоогоо хийгээрэй гэж хэлээд явсан. Л.Алтантуяа нь надад зээлдүүлсэн 200.000 төгрөгийн хүүг сар бүрийн 14-ний өдөр ирж авдаг байснаа 2,3 сараар хүүгээ авахгүй таг алга болсон. 2007 оны 10 дугаар сараас эхлэн манай байрныхан “Бүргэд констракшн” ХХК-тай гэрээ байгуулж, газарт орсон. 2007 оны 10 дугаар сараас эхлэн манай нөхөр н.Хүрэлбаатар миний ажил дээр ирэх болсон. Би тухайн үед лангуу ажиллуулдаг байсан. Манай нөхөр лангууны ард орж ирж суучихаад явдаггүй байсан. Намайг “байрны гэрчилгээг өг” гэж эрүүлдээ согтуудаа байнга дарамталдаг байсан. Нөхөр маань “би байраа Л.Алтантуяад зарчихсан. Надад байрны гэрчилгээ хэрэгтэй байна” гэж дарамталдаг байсан. Нөхөр маань ажил дээр ирж дарамтлахад нь хамгаалалтын ажилтнаар хүчээр гаргуулж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр тухайн үед хамгаалагчаар ажиллаж байсан хүнийг гэрчээр асуулгах гэсэн боловч олдоогүй. Манай нөхөр н.Хүрэлбаатарын ээж, эрэгтэй дүү нар нь манай лангуун дээр ирж, намайг дарамталдаг байсан. Тухайн үед би маш их стресстэй амьдарч байсан. 2 хүүхэд болон өвчтэй ээжийгээ асардаг байсан. 2007 оны 10 дугаар сард өвчтэй байхад маань Л.Алтантуяа над дээр ирж “байрны ордерыг надад өг” гэж нэхдэг байсан. Тухайн үед миний чихний сонсгол алдагдаад ажлаа ч хийж чадахгүй байдалд орсон байсан. 2007 оны 12 дугаар сард худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурснаа би санахгүй байгаа. Тухайн үеийн биеийн байдлаасаа болж дарамт шахалтанд орж худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байсан. Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас байрныхаа бичиг баримтыг авч очоод газарт орсон эсэхийг лавлаж асууж байсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дараа хариуцагч надад 300.000 төгрөг өгсөн. Дараа нь би Сонгинохайрхан дүүргийн газрын албан дээр очиход “уг байрыг Э.Ундрал гэх хүнд зарсан байна гэж хэлсэн. Хариуцагч Л.Алтантуяатай гэрээ байгуулахдаа ямар ч мөнгө аваагүй. Мөнгө аваагүй байж худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Л.Алтантуяа нь н.Хүрэлбаатарыг архи уудгаар, намайг өвчтэй байснаар далимдуулж, байрыг маань авсан. Би 2008 оны 01 дүгээр сараас өдийг хүртэл Л.Алтантуяагаас байраа авах гэж хөөцөлдөж байна. Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би олон жилийн турш, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирч байна. Энэ хүн намайг БНСАУ-руу явах гээд мөнгө асуусан гэж хэлж байна. Би 83 настай эхээ асарч, 2 хүүхдээ хичээл сургуульд нь хүргэдэг байсан. Хэзээ ч БНСАУ-руу явах бодол надад төрж байгаагүй. Би Э.Ундралтай ямар ч гэрээ байгуулаагүй. Надад Л.Алтантуяагаас зугтах ямар ч шаардлага байгаагүй. Би өдрийн 200.000 төгрөгийн орлоготой лангуу ажиллуулдаг, санхүүгийн боломжтой хүн байсан. Надад зээлдүүлсэн 200.000 төгрөгөө ирж авахгүй байхаар нь Л.Алтантуяад 200.000 төгрөгийг нь өгөөрэй гээд худалдагчдаа мөнгө үлдээгээд явж байсан. Би ээжийнхээ байшинг ямар нэгэн зээлийн барьцаанд тавиагүй. Гэрээ байгуулах гэж очсон нотариатч нь Л.Алтантуяагийн таньдаг хүн байсан байх гэж таамаглаж байна. Би тухайн үед өвчний улмаас хийж байгаа үйлдлээ ойлгохгүй дарамт шахалтанд орж, ямар гэрээ байгуулж, байгаагаа ч мэдэхгүй гарын үсэг зурсан. Хавтаст хэрэгт өвчний картаа нотлох баримтаар өгсөн байгаа. Би тухайн үед худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурж байгаагаа ойлгоогүй зурсан тул Н.Нарангэрэл, Э.Ундрах, Л.Алтантуяа нарын хооронд байгуулсан 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 87 дугаар байр, С-95 тоот орон сууцнаас одоо амьдарч байгаа Э.Ундрал, түүний ээж Л.Алтантуяа нарыг албадан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Алтантуяа, хариуцагч Э.Ундралын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтантуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх энэ байрыг худалдаж авахдаа газарт орох талаар огт мэдээгүй. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Мах Импекс ХХК-ийн ажилчдын нэгдүгээр дан байранд 2-3 зарах байр байсан. Нэхэмжлэгчийн нөхөр н.Хүрэлбаатар өөрөө надаас “манай байрыг аваач” гэж хүссэн. Би нэхэмжлэгчид зээлдүүлсэн 200.000 төгрөгөө аваагүй байсан. 12 дугаар сарын 07-ны өдөр манай охин Э.Ундрал, Н.Нарангэрэл нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн. Би нэхэмжлэгч Н.Нарангэрэлтэй нэр шилжүүлэх гэж уулздаг байсныг Н.Нарангэрэл намайг дарамталдаг байсан гэж тайлбарлаж байна. Н.Нарангэрэл нь БНСАУ-руу явах гэж байгаа тул бэлэглэлийн гэрээ байгуулахыг надад санал болгосон. Би уг саналыг зөвшөөрөөгүй учраас худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь намайг уг байрыг луйвардаж авсан мэтээр гүтгэж байна. Нотариатч дээр гэрээ хийх гэж Н.Нарангэрэл өөрөө очсон. Н.Нарангэрэл өөрөө худалдах, худалдан авах гэрээнд гарын үсгээ зурсан. Н.Нарангэрэл одоо энэ байрнаас ашиг олох боломжтой болсныг мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Н.Нарангэрэл, Э.Ундрах, Л.Алтантуяа нарын хооронд байгуулсан 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 87 дугаар байр, С-95 тоот орон сууцнаас одоо амьдарч байгаа Э.Ундрал, түүний ээж Л.Алтантуяа нарыг албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Нарангэрэл нь хариуцагч нарт холбогдуулан Н.Нарангэрэл, Л.Алтантуяа нарын хооронд байгуулагдсан 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 87 дугаар байр, С-95 тоот орон сууцнаас одоо амьдарч байгаа Э.Ундрал, түүний ээж Л.Алтантуяа нарыг албадан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Нарангэрэл нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “Мах импекс” ХК-ийн ажилчдын 1 дүгээр дан байрны 16а тоот 15 метр квадрат талбайтай 1 өрөө нийтийн зориулалттай орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцсон 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Н.Нарангэрэл, Э.Ундрал нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, уг гэрээг хийхэд Н.Нарангэрэл нь ямар гэрээнд гарын үсэг зурж байгаагаа ойлгоогүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6 дахь хэсэгт зааснаар сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй гэж тайлбарладаг ба уг орон сууц нь газарт орж, одоо Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол/18081/, 87в дугаар байрны 95 тоот хаягт байршилтай 17,8 метр квадрат талбайтай 1 өрөө орон сууц болсон тул хариуцагч Э.Ундрал, түүний ээж Л.Алтантуяа нарыг одоо амьдарч байгаа энэ орон сууцнаас албадан гаргуулах шаардлага гаргах эрхтэй гэж маргадаг.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “Мах импекс” ХК-ийн ажилчдын 1 дүгээр дан байрны 16а тоот 15 метр квадрат талбайтай 1 өрөө нийтийн зориулалттай орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцсон 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Н.Нарангэрэл, Э.Ундрал нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч өөрөө ирж энэхүү гэрээнд гарын үсгээ зурсан, бид дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй, энэ гэрээ хүчин төгөлдөр учраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан гээд энэ 16а тоот орон сууц одоо байхгүй дахин барилгажуулах төлөвлөгөөнд орж, бидэнд барилгын компаниас Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол/18081/, 87в дугаар байрны 95 тоот хаягт байршилтай 17,8 метр квадрат талбайтай 1 өрөө орон сууцыг олгож, одоо миний охин Э.Ундралын өмчлөл, эзэмшил ашиглалтанд байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргадаг.
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “Мах импекс” ХК-ийн ажилчдын 1 дүгээр дан байрны 16а тоот 15 метр квадрат талбайтай, Ү-2201019520 дугаартай, 1 өрөө нийтийн зориулалттай орон сууцны анхны өмчлөгчөөр иргэн Н.Нарангэрэл /ХВ72041766/, Х.Номин-Эрдэнэ/УП94111928/, Х.Нарантуул/УП00260402/ байсан байх ба 2007 онд тус орон сууц иргэн Э.Ундрал/ХК86102209/-ын өмчлөлд шилжсэн байдаг.
Тус орон сууц нь нэхэмжлэгч Н.Нарангэрэлийн өмчлөлд Мах импекс компанийн гүйцэтгэх захирлын 2004 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 045 тоот тушаалын дагуу түүний өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэж, 2005 оны 07 дугаар сарын 04-ний өдөр түүнд “Орон сууц эзэмших эрхийн бичиг” олгогдож, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Нийслэлийн өмч хувьчлах товчоонд өргөдөл гаргасны дагуу 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Нийслэлийн өмч хувьчлах товчооны 02 дугаар тогтоолоор Н.Нарангэрэлд 517.500 төгрөгөөр хувьчлахаар шийдвэрлэж, 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо түүнд хувьчлагдсан орон сууцны 0107505 дугаартай гэрчилгээ бичиж олгон, мөн өдрөөс Н.Нарангэрэлийн өмчлөх эрхийг баталгаажуулж, уг гэрчилгээнд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эрхтэй гишүүдээр Х.Номин-Эрдэнэ/УП94111928/, Х.Нарантуул/УП00260402/ нар бүртгэгдсэн байна.
Үүний дараа 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Э.Ундрал болон Н.Нарангэрэл нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг иргэн Эрдэмт овогт Эрдэнэбаярын Ундрал/РД-ХК86102209/ гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “Мах импекс” ХК-ийн ажилчдын 1 дүгээр дан байрны 16а тоот 15 метр квадрат талбайтай, Ү-2201019520 дугаартай, 1 өрөө нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгчөөр бүртгэн өмчлөх эрхийн гэрчилгээ Э.Ундралд олгогдсон байдаг.
Нэхэмжлэгч шүүхэд уг өмчлөх эрх Э.Ундралд шилжсэн буюу 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Э.Ундрал болон Н.Нарангэрэл нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6 дахь хэсэгт зааснаар сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлтэй гэж маргадаг ч Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан насанд хүрсэн байх үедээ болон мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар шүүхээс эрх зүйн чадамжгүй гэж тооцогдоогүй, асран хамгаалалт тогтоолгоогүй байх үедээ хийсэн болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, эсвэл түр сааталд орсон үедээ хийсэн хэлцлийг нотлохоор нэхэмжлэгч нь “Ачтан-Элит” клиникийн эмнэлгийн гар картыг шүүхэд үнэлүүлэхээр ирүүлсэн байх боловч уг дэвтрээс сэтгэцийн өвчний онош тавигдсан болон сэтгэцийн тусгай эмнэлэгт эмчлүүлж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц, худалдах худалдан авах гэрээнд өөрийн биеэр гарын үсэг зурсан болохоо хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч 2007 онд сэтгэцийн өвчтэй байсан болон энэ үеийн сэтгэцийн байдлыг тодуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй зэргээс үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6, 56.1.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Н.Нарангэрэл, Э.Ундрал нарын хооронд байгуулсан 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр байх ба Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “Мах импекс” ХК-ийн ажилчдын 1 дүгээр дан байрны 16а тоот 15 метр квадрат талбайтай, Ү-2201019520 дугаартай, 1 өрөө нийтийн зориулалттай орон сууцыг 1.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, насанд хүрээгүй 2 хүүхэд Х.Номин-Эрдэнэ, Х.Нарантуул нарын өмнөөс хууль ёсны асран хамгаалагч буюу ээж Н.Нарангэрэл зурж баталгаажуулсан гэрээ нь хуульд харшлаагүй байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээ ёсоор худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч үнийг төлж, эд хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээдэг байна. Үүний дагуу худалдагч Н.Нарангэрэл хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, орон сууцыг Л.Алтантуяад хүлээлгэн өгсөн байдаг ба харин худалдан авагч тал 1.300.000 төгрөг өгсөн гэж маргадаг, нэхэмжлэгч 1.000.000 төгрөг аваагүй 300.000 төгрөг л авсан гэж маргадаг.
Нэхэмжлэгч Н.Нарангэрэл нь уг нийтийн зориулалттай орон сууцыг худалдах үед Н.Хүрэлбаатартай гэр бүлийн харилцаатай байсан байх ба тэдний дундаас Х.Номин-Эрдэнэ, Х.Нарантуул нар төрсөн байх ба шүүхийн журмаар 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 97 дугаартай шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Уг шүүхийн шийдвэрт гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн маргаангүй гэж тусгасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Н.Хүрэлбаатар гэрчээр оролцохдоо уг орон сууцанд амьдрахаа больж Нарангэрэлийн эзэмшилд шилжүүлсэн би орон сууцны үнэнээс 770.000 төгрөгийг Л.Алтантуяагаас авч архи уухад зарцуулсан гэж гэрчилдэг, нэхэмжлэгч Н.Нарангэрэл нь Л.Алтантуяагаас 200.000 төгрөг зээлдэж авсан, хариуцагч Л.Алтантуяа тус орон сууцыг худалдан авахад 300.000 төгрөгийг нотариатын үйлдэл хийлгэх үед бэлнээр Н.Нарангэрэлд өгсөн гэж тайлбарладаг. Эндээс үзвэл зохигчдын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үүрэгт хөрөнгө шилжсэн, орон сууцны үнийг гэрээнд дурьдсан хэмжээгээр хариуцагч Л.Алтантуяа төлсөн болох нь зохигчдын тайлбар, гэрч Н.Хүрэлбаатарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Н.Нарангэрэл, Э.Ундрал нарын хооронд байгуулсан 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 87 дугаар байр, С-95 тоот орон сууцнаас одоо амьдарч байгаа Э.Ундрал, түүний ээж Л.Алтантуяа нарыг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч Н.Нарангэрэл нь 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хорооны 1 дүгээр дан байрны 16а тоот орон сууц нэхэмжлэгчийн нэр дээр байсан тул энэ байр нь газарт орж Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол/18081/, 87в байрны 95 тоот орон сууц болсон тул одоо амьдарч байгаа хариуцагч нарыг албадан гаргах эрхтэй гэж маргадаг. Хариуцагч нар нь 16а тоот орон сууц нураагдсан, дахин төлөвлөлтөнд орж, хариуцагч бид “Бүргэд констракшн” ХХК-тай хууль ёсоор гэрээ байгуулан шинээр уг орон сууцны суурин дээр боссон 95 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч, анхнаасаа бид 16а тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчиж хийгээгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 95 тоот орон сууцнаас албадан гаргуулах эрхгүй гэж маргадаг.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол/18081/, 87в байрны 95 тоот хаягт байршилтай 17,8 метр квадрат талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2201042429 дугаартай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр иргэн Эрдэмт овгийн Эрдэнэбаярын Ундрал/ХК86102209/ болохыг улсын бүртгэлийн байгууллага 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэн 000400469 дугаартай гэрчилгээ олгосон байдаг.
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “Мах импекс” ХК-ийн ажилчдын 1 дүгээр дан байрны 16а тоот 15 метр квадрат талбайтай, Ү-2201019520 дугаартай, 1 өрөө нийтийн зориулалттай орон сууц болон Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол/18081/, 87в байрны 95 тоот хаягт байршилтай 17,8 метр квадрат талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201042429 дугаартай, 1 өрөө орон сууцуудын өмчлөл нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж, улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болохоор заасан байх тул хууль ёсны өмчлөгч Э.Ундрал мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч Н.Нарангэрэл нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол/18081/, 87в байрны 95 тоот хаягт байршилтай 17,8 метр квадрат талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2201042429 дугаартай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бус болох нь тогтоогдож, Н.Нарангэрэлийг тус орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул тус орон сууцнаас Э.Ундрал, түүний ээж Л.Алтантуяа нарыг албадан гаргуулах шаардлага гаргах эрхгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 87 дугаар байр, С-95 тоот орон сууцнаас одоо амьдарч байгаа Э.Ундрал, түүний ээж Л.Алтантуяа нарыг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Нарангэрэл нь уг орон сууцыг хууль ёсоор өмчлөх эрхтэй болохоо нотлоогүй тул бусдын хууль бус эзэмшил, ашиглалт, захиран зарцуулалттай холбоотой шаардлага гаргах эрхгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хавтаст хэргийн 17, 38-40, 42-44, 53, 10-14, 16 дугаар хуудсуудад авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг тус тус баримтлан Н.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй Л.Алтантуяа, Э.Ундрал нарт холбогдох Н.Нарангэрэл, Э.Ундрал, Л.Алтантуяа нарын хооронд байгуулсан 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 87 дугаар байр, С-95 тоот орон сууцнаас одоо амьдарч байгаа Э.Ундрал, түүний ээж Л.Алтантуяа нарыг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Нарангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРМАА