Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1514

 

Ганрекс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01165 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ганрекс ХХК, хариуцагч Өгөөж хишиг ХХК-д холбогдуулан худалдах худалдах авах гэрээний үүрэгт 127 974 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эгиймаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Уранцэцэг, Т.Номин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ганрекс ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Өгөөж хишиг ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр авсан барааны үнэ болох 37 956 500 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлж барагдуулахаар, 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр авсан барааны үнэ болох 71 359 800 төгрөгийг 2014 оны-09 дүгээр сарын 11-ний өдөр төлж барагдуулахаар тус тус тохиролцсон. Тус гэрээнүүдийн 2.5-д худалдагч тал арматурын үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногийн 0.15 хувийн алданги төлнө хэмээн тохиролцсон. Ганрекс ХХК нь Өгөөж хишиг ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус тус тооцоо нийлсэн актыг үйлдэн хоёр тал гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан. Өгөөж хишиг ХХК 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 15 000 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 36 000 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш ямар ч төлөлт хийгдээгүй. Хоёр компанийн хооронд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус тус тооцоо нийлсэн акт үйлдэн гарын үсэг зурж, тамга дарсан. Манай компани 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан арматур зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэсэн хоёр гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 109 316 300 төгрөг, үүнээс гэрээний 2.5-д заасан алдангийг тооцоход 54.658.150 төгрөг, нийт 163 974 450 төгрөг, үүнээс төлсөн 36.000.000 төгрөгийг хасаад үлдэх 127 974 450 төгрөгийг Өгөөж хишиг ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Өгөөж хишиг ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номин, Н.Уранцэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлд дурдсанаар 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 71 359 800 төгрөгийн, 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 37 956 500 төгрөгийн арматурыг мөн л зээлээр худалдаж авсан бөгөөд арматурын үнэнд нийт 36 000 000 төгрөгийг төлсөн. Гэрээнд хариуцагчийн төлбөр төлөх хугацааг заагаагүй нь Иргэний хуулийн 263.2 дах хэсэгт заасныг хангаагүй. Өөрөөр хэлбэл зээлийн хүүг тохиролцоогүй атлаа их хэмжээний хүү нэхэмжилж байгаагийн дээр бидний төлсөн барааны үнийг зээлийн хүүд суутган тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн гэрээ гэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэх огноотой атлаа уг гэрээний 3.2-т арматурын нийт үнийг 2014 оны 9 дүгээр сарын 11-ний дотор төлж барагдуулна гэж зааснаас үзвэл төлбөр төлөх хугацааг тохиролцсон гэж үзэхгүй. Иймд 0.15 хувийн алданги төлөх заалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзнэ. Уг гэрээний 3.1-т "худалдаж байгаа арматурт тухай бүрт нь зарлагын падаан бичиж худалдан авагчаар гарын үсэг зуруулна" гэсэн боловч нэхэмжлэлд хавсаргаж өгсөн зарлагын падаан гэх баримтад худалдан авагчаар гарын үсэг зуруулаагүй байгаа нь яг ийм хэмжээний арматурыг манайд зээлээр худалдсан гэж үзэхэд эргэлзээ бүхий байдлыг үүсгэж байна. Түүнчлэн уг зарлагын падаан дээр бичигдсэн үнийн дүн зөрүүтэй байна.

Иймд 2014 оны 8 дугаар сарын сарын 11-ний өдөр авсан арматурын үнэ 71 359 800 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр авсан арматурын үнэ 37 956 500 төгрөг, нийт 109 316 300 төгрөгнөөс манай компанийн төлсөн 36 000 000 төгрөгийг хасахад 73 316 300 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй тул алданги нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Өгөөж хишиг ХХК-иас 73 316 300 төгрөг гаргуулж Ганрекс ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54 658 150 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 797 823 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Өгөөж хишиг ХХК-иас 524 532 төгрөгийг гаргуулж, Ганрекс ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эгиймаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуульд заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хариуцагч хариу тайлбартаа болон шүүх хуралдаан дээр арматур зээлээр худалдан авсан болохоо хүлээн зөвшөөрсөн, шүүгч шийдвэрийн үндэслэх хэсэгт арматурыг зээлээр худалдан авсан болох нь үнэн талаар дүгнэж бичсэн байдаг. Бид арматур зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан бөгөөд тус гэрээ нь хавтаст хэргийн 6, 7 дугаар хуудсанд байгаа болно. Мөн гэрээний Ерөнхий зүйлийн 1-т "нэг талаас "Ганрекс" ХХК, нөгөө талаас "Өгөөж хишиг" ХХК нар харилцан тохиролцож дор дурдсан нөхцөлтэйгөөр энэхүү гэрээг байгуулав" гэж талуудыг маш тодорхой бичсэн байхад "худалдагч худалдан авагч талаас хэн гэрээг байгуулж байгаа нь бичигдээгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу гэрээ байгуулах эрх бүхий этгээдүүд гэрээнд гарын, үсэг зурж тамга, тэмдэг дарж баталгаажуулсан байхад "хэн ч гарын үсэг зураагүй" хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай дүгнэлт болсон.

Гэрээний 2-т арматурын нийт үнийг 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төлж барагдуулна гэж заагаагүй. Төлбөрийн хугацаатай холбоотой заалт гэрээний 3.2-т "Арматурын нийт үнийг 2014 оны 9 сарын 11-ний дотор төлж барагдуулсан байна.", "Арматурын нийт үнийг 2014 оны 9 сарын 26-ны дотор төлж барагдуулсан байна." гэж тус тус заасан болно. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 263 дугаар зүйлийн 263.1-д заасан гэрээний хэлбэрийн дагуу гэрээг бичгээр хийсэн, мөн эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай 2 талууд Иргэний хуульд нийцүүлэн, харилцан тохиролцож, хуульд заасан хэлбэрээр гэрээ байгуулсан буюу гэрээний үндсэн шинжийг бүрэн агуулсан гэрээ байгуулсан байтал "Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан гэрээний хэлбэр, шинжийг бүрэн агуулаагүй" гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Талууд гэрээ байгуулаагүй гэж маргаагүй, алданги төлөх, төлөхгүй эсэх дээр маргаж байгаа. Иймд маргаагүй асуудал дээр дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна.

Мөн хариуцагч талын зээлээр худалдан авсан арматур нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох арматур биш болно. Энэ нь өөрийн мөн чанар, шинжээрээ төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмсын ойлголтод хамаарагддаг зүйл. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т зааснаар Арматур зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх боломжтой. Энэ тохиолдолд гэрээний нөхцөлүүдийн талаар талууд нэг бүрчлэн тохиролцсон байхыг шаарддаггүй. Бид гэрээний 3.2-т "Арматурын нийт үнийг 2014 оны 9 сарын 11-ний дотор төлж барагдуулсан байна.", "Арматурын нийт үнийг 2014 оны 9 сарын 26-ны дотор төлж барагдуулсан байна" гэж арматурын үнийг хэзээ төлж барагдуулсан байх талаарх тохиролцоог маш тодорхой тусгасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 109 316 300 төгрөгийн 50 хувь нь 54 658 150 төгрөгийн алданги болж байна. Нийт 163 974 950 төгрөг болох ба үүнээс хариуцагчийн хугацаа хожимдуулж төлсөн 36 000 000 төгрөгийг хасахаар 127 974 450 төгрөг буюу бидний нэхэмжилж буй үнийн дүн гарч байгаа юм.

Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талд үйлчилж, хариуцагч талд ашигтай шийдвэр гаргасанд гомдолтой байна. Ийнхүү шүүх маргааныг шударгаар шийдвэрлэж чадаагүй тул анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01165 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 54 658 150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Ганрекс ХХК нь хариуцагч Өгөөж хишиг ХХК-д холбогдуулан  худалдах худалдан авах гэрээний үүрэгт 127 974 450 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээг нөхөж байгуулсан, хуулийн шаардлага хангаагүй тул алдангийг төлөхгүй  гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр авсан арматурын үнэ 37 956 500 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр,  2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр авсан арматурын үнэ 71 359 800 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус тус төлж барагдуулахаар гэрээг байгуулжээ. Эдгээр гэрээнүүдийн нэг гэрээний доод хэсэгт гарын үсэг зурагдаагүй байгаа боловч батлав хэсэгт талуудыг хууль ёсоор төлөөлөх эрх бүхий захирлууд нь гарын үсэг зурсан байх тул гэрээ байгуулагдаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нийт 109 316 300 төгрөгийн арматур худалдан авснаас 36 000 000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 73 316 300 төгрөгийн биелэгдээгүй үүрэг үлдсэн талаар зохигчид маргаагүй, харин анз тооцохоор байгуулсан бичгийн гэрээг нөхөж байгуулсан, гэрээнд гарын үсэг зураагүй, хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр алданги төлөх эсэх дээр маргаантай байна.

 

Зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлбөл зохих үүргийн хэмжээг тодорхойлон, гэрээг бичгээр байгуулж, хоёр талын захирлууд гарын үсгээ зурж, тамгаа даран баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,  232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасан худалдах худалдах авах гэрээ, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад чиглэсэн анзын тохиролцоо хийсэн гэж үзэх бөгөөд анхан шатны шүүхээс зохигчдыг анзын гэрээг бичгээр байгуулаагүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Иймд гэрээний үлдэгдэл 73 316 300 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасны дагуу 36 568 150 төгрөгийн алданги, нийт 109 974 450 төгрөгийг хариуцагч Өгөөж хишиг ХХК нь нэхэмжлэгч Ганрекс ХХК-д төлөх үүрэгтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01165 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “73 316 300” гэснийг “109 974 450” гэж, “54 658 150” гэснийг “18 000 000” гэж, 2 дах заалтын “524 532” гэснийг “707 822” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эгиймаагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431 240 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

            ШҮҮГЧИД                                                      Ч.ЦЭНД

                                                                                   Ш.ОЮУНХАНД