Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102

 

М.Жавхлан, О.Энхтулга, Б.Пүрэвдорж

Б.Бат-Очир, Б.Баяржаргал нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 113 дугаар магадлалтай, 201601000103 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мөнхтүвшингийн Жавхлан нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, 2011 онд Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Гөрөөчин овогт Отгонбаатарын Энхтулга нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, эрэгтэй, 2015 онд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Жанцан овогт Батжаргалын Баяржаргал нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах”, 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах, борлуулах” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Урианхай овогт Билэгдэмбэрэлийн Пүрэвдорж нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэгт,

5. Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дайртан овогт Бат-Эрдэнийн Бат-Очир нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Жавхлан, О.Энхтулга, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, Б.Баяржаргалыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар М.Жавхлан, О.Энхтулга нарыг тус бүр 6 сар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Баяржаргал, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарыг тус бүр 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар Б.Баяржаргалыг 5 жил 01 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Баяржаргалд оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 5 жил 01 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Баяржаргалд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Б.Баяржаргалаас 300,000 төгрөгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Жавхлан, түүний өмгөөлөгч Д.Алтанцэцэг нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Пүрэвдоржийн өмгөөлөгч Р.Оюунбадам, шүүгдэгч Б.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баярсайхан, шүүгдэгч Б.Баяржаргал, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь заалтад заасныг зөрчиж хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг дутуу тогтоосон, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсгийг зөрчиж, зарим яллагдагчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй байхад шүүгдэгч Б.Баяржаргалыг хүнд гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэл болгон яллаж Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсгийг буруу хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Шүүгдэгч Б.Баяржаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байгаа боловч Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан “...борлуулсан” үйлдэл нотлогдоогүй, энэ хэрэгт хамтран оролцогчоор татагдсан шүүгдэгч М.Жавхлангийн ямар ч нотлох баримтгүй мэдүүлгээр Б.Баяржаргалыг гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Хэрвээ М.Жавхлангийн мэдүүлгийг туйлын үнэн гэж бусад шүүгдэгчийн гэм бурууг нотлох гол баримт гэж үзэж байгаа бол түүний мэдүүлгийг бүхэлд нь үнэн гэж үзэх ёстой болох бөгөөд ажилгүй, орлогогүй этгээд болох М.Жавхлангийн “...Би урьд нь энэ зүйлийг хэрэглэж байгаагүй” гэсэн мэдүүлгээс харахад М.Жавхлан хэн нэгнээс өндөр үнээр уг бодисыг хэрэглэх зорилгоор хууль бусаар олж авах үйлдэл хийх шалтгаант холбоо тогтоогдохгүй буюу түүний мэдүүлгийн үнэн зөвд ноцтой эргэлзээ төрж байна. Харин М.Жавхлан өөрийг нь цагдаад хэлж бариулсан гэдэг хувийн шалтгаанаар Б.Баяржаргалаас өндөр үнээр “Мөс” гэх бодисыг худалдан авсан гэж мэдүүлсэн байх хангалттай нөхцөл байдал харагдаж байгаа бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар “Мөс” гэх нэршилтэй ямар ч бодис Б.Баяржаргалаас илрээгүй, бусад нотлох баримтаар ч уг бодис Б.Баяржаргалд байсан эсэх нь тогтоогдоогүй болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хамгийн гол эрх бол гэм буруугүй болохоо нотлох үүрэг хүлээхгүй буюу хэрэгт өгч буй мэдүүлгийг заавал үнэн зөв байх, эсхүл бусад нотлох баримтаар нотлогдоогүй бол гэм бурууг хөдөлбөргүй тогтоох нотлох баримт болгож болохгүй гэсэн үндэслэл бөгөөд Б.Баяржаргалыг “Мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис борлуулсан гэм бурууг нотлох цорын ганц баримтаар М.Жавхлангийн мэдүүлгийг авсан нь шийтгэх тогтоол үндэслэлгүй, хэт яллах талыг барьсан гэж үзэж гомдолтой байна. Хэрэг гарсан гэх огноо нь 2016 оны 04 дүгээр сарын 27 гэж тогтоогдсон байтал цагдаад баригдсан огноо нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр буюу даруй 9 хоногийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд шийтгэх тогтоолд зориуд цохож оруулсан шиг шүүгдэгч Б.Баяржаргал нь шүүгдэгч О.Энхтулга, М.Жавхлан нарт хамтад нь мансууруулах бодис борлуулсан гэсэн үйлдлийг О.Энхтулга мэдүүлэгтээ огт дурдахгүй байгаад анхаарал хандуулах ёстой гэж үзэж байна. Иймд Б.Баяржаргалын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан “...борлуулсан” гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, тохирох ял шийтгэлийг оногдуулж хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч М.Жавхлан, О.Энхтулга, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нар нь мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь, шүүгдэгч Б.Баяржаргал нь мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр бэлтгэсэн, олж авсан, хадгалсан мөн хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдсон. Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн М.Жавхлан, О.Энхтулга, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир, Б.Баяржаргал нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч М.Жавхлан, О.Энхтулга нар 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Аман хуур” хотхоны орчим Б.Баяржаргалаас НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламж бүхий 2 хэсэг нийт 0.6 грамм “мөс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар худалдан авч 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл биедээ болон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баянмонгол” хорооллын 408-58 тоотод хадгалсан,

шүүгдэгч Б.Баяржаргал нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Аман хуур” хотхоны орчим НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламж бүхий 2 хэсэг нийт 0.6 грамм “мөс” гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч биедээ хадгалан, улмаар М.Жавхлан, О.Энхтулга нарт 300,000 төгрөгөөр борлуулсан, мөн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” болон 2.8 грамм “өвс” гэх бодисыг Б.Пүрэвдоржоос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл биедээ хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Баяржаргалыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2 дахь хэсгүүдэд заасан хорих болон баривчлах ялуудыг оногдуулж хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Харин прокуророос шүүгдэгч М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэж яллаагүй, нэр бүхий 3 шүүгдэгчийн хувьд бэлтгэсэн гэх үйл баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй, энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дүгнэлт хийгээгүй атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэм буруутайд тооцсон хэсэг нь буруу байх тул зөвтгөх нь зүйтэй.

Мансууруулах бодисыг борлуулах гэдэг нь дан ганц төлбөртэйгөөр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй бөгөөд хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлж байгаа /худалдах, бэлэглэх, солилцох, эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцох, өрөнд өгөх гэх мэт/ аливаа хэлбэр, түүнчлэн мансууруулах бодисыг тодорхой хүний биед нь тарих гэх мэт бүхий л арга хэрэгслээр түгээж байгаа үйлдлийг багтааж буй ойлголт бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс үл хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн хүн мансууруулах бодисыг бодитойгоор эзэмшсэнээр борлуулсан гэмт хэргийг төгс үйлдсэнд тооцдог тул шүүгдэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн “...Б.Баяржаргал нь мөс гэх бодисыг худалдан борлуулаагүй тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Пүрэвдоржийн Тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” болон 2.8 грамм “өвс” гэх мансууруулах бодисыг Б.Баяржаргалд шилжүүлсэн, мөн шүүгдэгч Б.Бат-Очирын дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх мансууруулах бодис, дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах бодис, дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 435.9 грамм “өвс” гэх мансууруулах бодисыг Б.Пүрэвдоржид шилжүүлсэн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийлгүй орхиж, яллах дүгнэлтийн хүрээгээр хязгаарласан нь шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүсгэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 321 дүгээр зүйлийн 321.1.1 дэх заалтыг зөрчсөн байх тул шүүгдэгч Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарын үйлдэлд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар борлуулах гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал нарт холбогдох хэргээс Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарт холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтад буцааж, шийтгэх тогтоол, магадлалын шүүгдэгч М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэсэн гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 113 дугаар магадлалын тогтоох хэсгийн шүүгдэгч М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэсэн гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын шүүгдэгч М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал нарт холбогдох бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсгийг баримтлан шийтгэх тогтоол, магадлалын шүүгдэгч Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал нарт холбогдох хэргээс шүүгдэгч Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарт холбогдох хэргийг тусгаарлаж, тэдэнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН