Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1587

 

Н.Лхагвадоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01388 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Лхагвадоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Ганхуягт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэвээнцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Лхагвадорж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэвээнцэрэн нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Н.Лхагвадорж нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Н.Ганхуягт 10 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн. Зээлийн гэрээг харилцан тохиролцож, байгуулсан бөгөөд хариуцагч нь 10 000 000 төгрөгийг хүлээн авлаа гэж гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний хугацаа дууссан учир талууд 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дахин 6 сарын хугацаагаар гэрээг сунгаж, өмнөх 5 сарын зээлийн гэрээний хүүг тооцок 13 500 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүрэг 6 сарын хугацаанд биелэгдээгүй. Н.Ганхуягтай өмгөөллийн    гэрээтэй, гэрээ байгуулахгүйгээр хамтран ажиллаж байсан учир зээлийн гэрээний дагуу авах   мөнгөнөөс түүнд өгөх өмгөөллийн хөлсөнд 5 000 000 төгрөгийг нь суутгаад үлдэгдэл 5 000 000   төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Н.Лхагвадорж, Н.Ганхуяг нар гэрээ, баримтгүйгээр зээл авч, өгдөг байсан. Ингэж цувуулж зээл авч явсаар 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, мөнгө хүлээж авсан гэдгээ зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Уг 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хариуцагч анх шүүх хуралдаанд тайлбарлахдаа "өмгөөллийн хөлсөнд авах ёстой мөнгөө зээл маягаар бичиж байсан'' гэдэг. Хэрвээ ийм бол гэрээнд зээлдэгч нь Н.Лхагвадорж, зээлдүүлэгч нь Н.Ганхуяг байх ёстой байсан. Гэтэл энэ гэрээнд ззэлдуүлэгч нь Н.Лхагвадорж, зээлдэгч нь Н.Ганхуяг гэж гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Н.Ганхуягийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Би Н.Лхагвадоржтой Зар мэдээ сонины зараар танилцаагүй. Түүний хумүүст зээлсэн мөнгийг гаргуулж өгөхөөр хамтран ажиллаж, эрх зүйн туслалцаа үзүүлсэн. Н.Лхагвадоржид өмгөөллийн хөлс, төлбөрийн талаар ярихад бүх мөнгөө хүмүүст зээл болгож өгчихсөн, урьдчилгаа мөнгө өгч чадахгүй байна, харин таны бусдаас гаргуулах мөнгөнөөс өмгөөллийн хөлсийг төлөөд явья, би таныг гомдоохгүй гэсэн учир 2013 оны 6 дугаар сараас өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг байгуулж, 10 000 000 төгрөг хүлээн авлаа гэж гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 284.2-т зааснаар мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог. Н.Лхагвадорж нь яг одоо мөнгө алга, цөөхөн хэдэн төгрөг хүнээс авах гэж байгаа тэгэхээр нь би танд шилжүүлье гэхээр нь би гарын үсэг зурсан. Туүнээс биш бодитоор авсан зүйлгүй.

Нэхэмжлэгч нь хүнд мөнгө өгөхдөө дансаар эсвэл баримт үйлдэж өгдөг. Энэ мөнгийг авсан, өгсөн гэж үйлдсэн нь 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөг бэлнээр авсан баримт байдаг. Ийм маягаар бид нэр бүхий хүмүүсийн мөнгийг шилжүүлдэг байсан. Гэрээ хийснээр мөнгө авсан гэсэн үг биш бөгөөд заавал шилжүүлж өгснөө баталж 2 тал гарын үсэг зурснаар баталгаажих ёстой. Энэ гэрээний төлбөрийг дансаар хийх юм байна гэж бодож гарын үсэг зурсан. Гэрээний дагуу 1 550 000 төгрөгийг тухайн үед Голомт банкны дансаар шилжүүлсэн. Энэ гэрээ нь зээлийн гэрээ биш. Тухайн үед Н.Лхагвадорж надад хандан, С.Мөнхжаргалд 3 сая төгрөг, У.Ууганбаярт 4 сая төгрөг, О.Сарангуад 4 сая төгрөг зээлдүүлсэн боловч зээлийн гэрээ байгуулалгүйгээр, баримт үйлдэхгүйгээр мөнгө өгсөн, та миний энэ асуудлыг шийдээд өгөөч гэж гуйсан. Нийт гаргуулсан мөнгө болон эрх зүйн туслалцаа үзүүлсний эцэст бодитойгоор гаргуулсан нийт дүнг тусад нь тооцож, зээл дээр байгаа мөнгийг хасах буюу нэмэх асуудлыг шийдэх болно гэж хэлсэн. Эцсийн хувилбараар юмаа хаагаад тооцоогоо хийнэ шүү гэсэн боловч одоо хүртэл тооцоо хийгээгүй, шүүхэд хандсан байна. Яагаад 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 13 500 000 төгрөгийн гэрээ хийсэн бэ гэхээр 1 550 000 төгрөгийг өгөөд үүнээс хойш О.Сарангуа, С.Мөнхжаргал, У.Ууганбаяр, н.Тогтох, н.Даваасүрэн нараас мөнгийг гаргуулах юм бол 13 500 000 төгрөгийг өгнө гэсэн. Эдгээр хүмүүсээс мөнгийг гаргуулах эсэх нь тодорхой бус учраас өмгөөллийн хөлсийг зээлийн гэрээ гэж хийж дараа нь хүмүүсээс тооцоог хийгээд гэрээгээ хаахаар тохиролцсон байсан. Н.Лхагвадорж анхны шүүх хуралдаанд "би танд 10 сая төгрөгийг бэлнээр өгсөн" гэсэн.   Бэлнээр өгсөн баримт байхгүй, гарын үсэг зурсан болохоор бэлнээр өгсөн гэж  гүтгэж байна. Мөн нотариатч мэдүүлэг өгсөн бөгөөд үндсэн материал дээр тэмдэглэгээ, ар талд тэмдэг, мөнгө өгсөн, авсан гарын үсэг байхгүй гэдэг. Би тухайн үед Н.Лхагвадоржийг танд шилжүүлье гэхээр нь авлаа гээд гарын үсэг зурсан. Үүнийг нотариатч авсан, өгсөн гэсэн зүйл байхгүй гэж гэрчилж байна. Нэхэмжлэгч 2014 оны 12 дугаар сарын үед архивт хадгалагдаж байгаа гэрээний эх хувь дээр 10 сая төгрөг авлаа гэж гарын үсэг байна уу үзээд өгөөч гэж явсан байсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Ганхуягаас 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Лхагвадоржид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын   тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаap нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн,  хариуцагчаас 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Лхагвадоржид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Н.Ганхуягийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй, хариуцагч миний хэлж яриагүй үгийг хэлсэн, зөвшөөрсөн болгож бичиж, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг үндэслэн “хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 7 550 000 төгрөг авсан байна” гэж дүгнэж, 5 000 000 төгрөгийг надаас ямар үндэслэлээр гаргуулж байгаа, 2 550 000 төгрөгийг нь яаж шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй шийдвэр гаргасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалттай нийцэхгүй байна. Учир нь шүүх нэхэмжлэгч тал хариуцагчид хуульд заасан шаардлагын дагуу 10 000 000 төгрөг бодитойгоор шилжүүлж өгснөө бүхэлд нь нотлож чадаагүй байхад 7 550 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан байна гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргалаа.

Бодит байдал дээр бидний 2013.11.01-ний өдрийн 10 000 000 төгрөгийн болон 2004.04.03-ны өдрийн 13 500 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг байгуулах болсон үндэслэл Н.Лхагвадорж нь У.Ууганбаяр, С.Мөнхжаргал, О.Сарангуа нартай холбоотой ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг өгөх, авах баталгаа болгож хийсэн. Хэрэв шүүх Н.Лхагвадорж, Н.Ганхуяг нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэж байгаа бол уг зээлийн гэрээнүүдийн дагуу мөнгө хариуцагчид бодитойгоор шилжсэн эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх байсан. Гэтэл шүүх үндэслэлгүй баримт, нотолгоог иш, үндэс болгож нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн талд ашигтай шийдвэр гаргахын тулд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Иргэний хуулийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог. Мөнгө зээлдүүлэгчээс зээлдэгчид бодитойгоор шилжсэнийг үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтад үндэслэх ёстой. Гэтэл шүүх эргэлзээтэй, үндэслэл бүхий биш баримтуудаар мөнгө шилжсэн гэж үзэж байгаа нь шийдвэр хууль ёсны биш болсон. Зээлийн гэрээ байгуулсан болон мөнгө авсан гэсэн нэг талын гарын үсэг нь мөнгө авсныг нотлохгүй бөгөөд мөнгийг Н.Лхагвадорж гэрээ байгуулах болгондоо “мөнгийг дансанд чинь хийнэ" гэж хэлээд миний Хаан болон Голомт банкны дансны дугааруудыг авдаг байсан. 2013.11.01-ний өдрийн 10 сая төгрөгийн гэрээгээр Н.Лхагвадорж нь миний Голомт банкны дансанд 1 550 000 төгрөг, 2013.09.27-ны өдрийн гэрээгээр 09.23-ны өдөр Хаан банкны дансанд 100 000 төгрөг, нийт 1 650 000 төгрөгийг л бодитойгоор өгсөн. Эдгээр нь хэрэгт авагдсан Хаан,  Голомт банкны дансны хуулбараар батлагдах бөгөөд бусад зээлийн гэрээ болон тэмдэглэлд   бичсэн мөнгөнүүдийг аваагүй гэдгээ тайлбарласан. Яагаад мөнгө аваагүй атлаа "авлаа" гэж бичсэн бэ гэхээр Н.Лхагвадорж мөнгийг дансаар шилжүүлнэ гэхэд нь итгэж авлаа гэж бичдэг байсан бөгөөд боломж гарахаар дансанд чинь хийнэ гэдэг байсан. Хэрэв мөнгийг бодитойгоор бэлнээр авах тохиолдолд мөнгө өгч, авалцсан тухай баримт үйлдэж, мөнгө өгсөн, авсан гэж нэрээ бичээд хоёр тал гарын үсэг зурдаг байсан. Энэ талаар өмгөөллийн хөлс 2 сая төгрөг бэлнээр авч өгөлцсөн тухай Н.Лхагвадорж, Н.Ганхуяг бид хоёрын гарын үсэг бүхий 2013.08.15-ны өдрийн "мөнгө авч, өгсөн тухай баримт" гэсэн бичиг баримт хэргийн 30-р хуудсанд бий. Энэ 2 сая төгрөгийг авсан талаар ярьсан байхад шүүх энэ мөнгийг авсан гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, илт алдаатай дүгнэлт боллоо.

Мөн шүүх 2 500 000 төгрөг шилжүүлж авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нийт 1 500 000  төгрөг  гэсний  дээд талд байгаа  тэмдэглэлд 2013.08.15-нд  1 000 000, 2013.08.23-нд 100 000, 2013.08.27-нд 400 000, нийт 1 500 000 төгрөг авав гэж бичсэн нь тухайн өдөр болгон дансанд чинь мөнгө хийнэ гэж Н.Лхагвадорж хэлсэн тул тэмдэглэл хийж байсан бөгөөд  эдгээрээс 2013.08.23-нд 100 000 төгрөгийг л нэг удаа миний дансанд шилжүүлсэн нь хэрэгт байгаа Хаан банкны дансны хуулгаар батлагдана. Бусад 1 400 000 төгрөг болон 1 000 000 төгрөгийг дансанд хийнэ гэх болгонд нь би тэмдэглэж, гарын үсэг зурсан боловч дансанд шилжүүлээгүй. Гэтэл шүүх нэг талын гарын үсгийг үндэслэж, мөнгийг авсан гэж эргэлзээтэй   баримтыг нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Н.Лхагвадорж нь 2013.11.01-ний өдрийн 10 сая төгрөгийн зээлийн гэрээгээр надад 10 сая төгрөгийг нэг дор бэлнээр өгсөн гэж нэхэмжлэл болон анхны шүүх хуралдаан дээр хэлж, гүтгэж байснаа намайг ямар дэвсгэртээр, яг хаана мөнгө өгснийг асуухад хэлж чадахгүй байсан бөгөөд У.Ууганбаяр, С.Мөнхжаргал, Ө.Сарангуа нараас мөнгө гаргуулахаар туслалцаа авах зорилгоор урьдчилгаа мөнгө өгье гэж тохирч, эдгээр хүмүүсээс мөнгө гаргуулах болон гэрээ хийлгэж чадахгүй бол өгсөн мөнгөө буцааж авах баталгаа болгож зээлийн гэрээгээр мөнгө өгье гэж тохиролцсоны дагуу 2013.11.01-ний өдөр 10 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагч би энэ байдлыг нотлуулахаар У.Ууганбаяр, С.Мөнхжаргал, О.Сарангуа нарыг гэрчээр байцаалгахаар хүсэлт гаргахад Н.Лхагвадорж нь үнэн бодит байдал илрэхээс айж цаашид шүүх хуралд оролцохгүй болсон. Шүүхэд гэрчээр У.Ууганбаяр мэдүүлэг өгөхдөө Н.Лхагвадорж ирж уулзах болгондоо "... би чамаас мөнгө авахын тулд энэ хүнд мөнгө төлөөд явж байгаа. Тэгээд гэрээ контракт хийсэн гэж сүүлд ярьж байсан. Надад чамаас мөнгө авч өмгөөлөгчид өгөх  байтал би түрүүлээд өгсөн гэж байсан...". 2014 оны хавраас хэд хэдэн удаа уулзсан гэж мэдүүлэг өгсөн нь Н.Лхагвадорж нь эдгээр 3 хүний асуудлыг шийдүүлэхийн тулд надтай 2013.11.01-нд гэрээ хийсэн болон 1 550 000 төгрөгийг ажлын хөлсөнд урьдчилан өгснийг, мөн 2014 онд би эдгээр хүмүүстэй уулзаж ажил гүйцэтгэж байсныг гэрчилж байна гэж үзэх нотолгоо болно. Гэтэл шүүх гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв талаас нь үнэлж үзээгүй, хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж  байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Лхагвадорж нь хариуцагч Н.Ганхуягаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгийг бодитоор шилжүүлж аваагүй, дараа шилжүүлнэ гэснээр мөнгийг хүлээн авав гэж бичсэн” гэж маргажээ.

 

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

Н.Лхагвадорж, Н.Ганхуяг нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, 6 300 000 /100,0+1000,0+100,0+400,0+1000,0+2000,0+150,0+1550,0/ төгрөгийг зээлдүүлэгч зээлдэгчид хэсэгчлэн шилжүүлсэн үйл баримт нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, /хх-5,128-129/ орлогын мэдүүлэг, /хх-75/ дансны дэлгэрэнгүй хуулга, /хх-97, 124-125/ зохигчдын тайлбар /хх-68 дугаар талд хариуцагч шүүх хуралдаанд 9 дүгээр сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөг авсан талаар тайлбарласан/ зэргээр тогтоогдсон болно. Энэ талаар шүүхээс хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

 

Харин дээрх нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид 6 300 000 төгрөг шилжүүлэн өгсөн нь тогтоогдсон байхад 7 550 000 төгрөг гэж дүгнэсэн нь алдаатай болжээ. Учир нь хэргийн 5 дугаар талд авагдсан зээлийн гэрээний арын бичвэрт 10 сая төгрөгийг бэлнээр хүлээн авав гэж бичсэн байгаа хэдий ч зээлдэгчид 10 сая төгрөгийг тухайн өдөр өгөөгүй, 128-129 дүгээр талд авагдсан зээлийн гэрээний ард мөнгө зээлсэн тухай зарим хэсгийг нэхэмжлэгч дангаар өөрөө бичиж тэмдэглэсэн тул 6 300 000 төгрөгөөс бусад мөнгийг хариуцагчид шилжүүлж өгсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна.  

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагыг хэрэгжүүлсэн болно.

 

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 5 000 000 төгрөг гаргуулан шийдвэрлэснийг буруутгах, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.

 

Иймд хариуцагчийн “зээлийн гэрээг байгуулсанд тооцохгүй, мөнгийг бодитойгоор шилжүүлсэн эсэхэд  дүгнэлт хийж чадаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

.           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                   Б.НАРМАНДАХ