Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2016/01194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж.Х

 

Хариуцагч: МУ

 

 Ажилгүй байсан хугацааны олговор 31.176.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын иргэн Ж.Ж.Х би Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 02- ны өдрийн 73 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 233 дугаар тогтоолоор ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн юм.

Улмаар миний бие зохих журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаартай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шийдвэрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ж.Хыг Эрүүл мэндийн яамны Төриин нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинхөлс 18.691.219 төгрөгийг хариуцагч Монгол Улсын Засгийн газраас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ж.Хт олгож, Ж.Ж.Хын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын ишмтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн билээ. Тус шүүхийн шийдвэрт талууд гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон юм.

Өөрөөр хэлбэл тус шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож ажилд эгүүлэн томилохыг хариуцагчид даалган ажилгүй байсан хугацааны хөлсний олговорыг хууль бус тогтоол гарсан 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарсан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 жил 5 cap 14 хоногийн цалин хөлсийг тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасны дагуу иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх ёстой билээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.2-д “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасны дагуу 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2018 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдэн албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа боловч өнөөг хүртэл тус шүүхийн шийдвэр бодит байдалд огт биелээгүй хэвээр байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “ажилгүй байсан хугацааны хөлсний олговорыг хууль бус тогтоол гарсан 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарсан огноо буюу 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хуртэл 1 жил 5 cap 14 хоногийн цалин хөлсийг тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн”.

Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдож ажилгүй байсан хугацааны цалин хөлсний оговорыг гаргуулахаар шийдвэрлэсэн байхад хариуцагч Монгол улсын Засгийн газрын зүгээс өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорыг олголгүй иргэн  хүний эрхийг үргэлжлүүлэн зөрчсөөр байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн  69.1 -т зааснаар ажилтныг ажил, албан шаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд  нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно ” гэж заасан. Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу нэгэнт хууль бусаар ажлаас халсан болохыг шүүхээс тогтоож ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулахаар шийдсэн бөгөөд ажилд  эгүүлэн томилоогүй нөхцөлд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгох ёстой билээ.

Тиймээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан он, cap, өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тооцож нэхэмжлэл гаргаж буй энэ өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртлэх ажилгүй байсан хугацаа буюу нийт хоёр жилийн хугацааны цалин хөлстэй тэнцэх 31.176.000 төгрөгийн олговор, ажилгүй байсан дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг МУт даалган шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгтэй холбоотой маргаан юм. Шүүхийн шийдвэр гарах хүртэл болон шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ажилгүй байсан хугацаа хамаарна. Засгийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа тул бидний нэхэмжлэх эрх нээлттэй. Засгийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн бол Ж.Ж.Х энэ хэмжээний мөнгөн дүнгээр хохирохгүй байсан. Мөн Эрүүл мэнд Спортын яаманд Эрүүл мэндийн яамны чиг үүрэг хэвээр хадаглагдаж байгаа үүнтэй хэн ч маргахгүй байх. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дэх хэсэгт заасан. Захиргааны хэргийн шүүхээр маргаан шийдвэрлэхэд хүртэл ажлын байрны тодорхойлолт хэвээр хадаглагдаж байсан.

Цалин хөлс 2005 оны 55 тоот Нийгэм хамгааллын сайдын тушаалаар баталсан журмыг шүүх баримталж цалин хөлсийг бодож олгох байх. Ажил давхрах асуудал ярьж байна. Нэг удаагийн гэрээгээр ажил гүйцэтгэсэн ч бай нийгмийн даатгал төлдөг болсон.

Ж.Ж.Х өнөөдрийг хүртэл орон тооны ажил эрхлээгүй, өөрөө нэр хүндтэй эрдэмтэн хүн тул орон тооны бус зөвлөгөө өгөх маягаар ажилласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл нь ажлаас гарснаас хойш ажилгүй байх хугацаанд хамааралтай.

 Бид яагаад шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын баримтууд өгсөн бэ гэхээр хариуцагчаас Ж.Ж.Х шүүхийн шийдвэрийг биелүүлэх байх гэсэн итгэл байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэрийг гүйцэтгүүлэхээр ажиллагаа хийсэн. Удаа дараа шаардаж байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас цалин хөлс олговор гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Ж.Хыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон боловч түүнийг Засгийн газраас дээрх албан тушаалд эгүүлэн томилоогүй болно.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх эрх нь Үндсэн хуулиар олгогдсон Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэн шийдвэрлэхдээ Засгийн газрын бүтцийг шинэчилж, 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай хууль болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хүчингүй болсонд тооцсон.

Улсын Их Хурлаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан Эрүүл мэндийн яам (хуучин нэрээр), улмаар мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоо хасагдаж, нийтийн биеийн тамир, спортын салбарын хөгжлийн асуудал, тус салбарын үйл ажиллагаанд баримтлах бодлого зэрэг шинээр нэмэгдсэн чиг үүргийг хариуцсан Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоог шинээр бий болгосон.

Нэхэмжлэгч Ж.Ж.Х нь Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон бөгөөд Улсын Их Хурлаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталснаар 2014 онд эмхлэн байгуулагдсан Засгийн газрын бүтцэд ийм нэртэй яам, мөн ийм нэртэй яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал байхгүй болсон” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг дурдаж байна. 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. 2014 оны шүүхийн шийдвэрээр 1.058.000 төгрөгийн цалинтай байна гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нэгэнт тогтоосон үйл баримтыг бид ярихгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт хоёр өгөгдөл заасан. Хоёр өгөгдөлд түүнд ажилгүй байсан хугацааны цалин, ажил хийсэн бол зөрүү мөнгийг олгоно гэж заасан. Гэтэл Ж.Ж.Х аль ч шаардлагыг хангахгүй байгаа юм. Нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх нь нээлттэй. 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойшхи өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин яригдана.

Гэтэл 2014 оны 12 дугаар сараас Монголын Санхүүгийн корпорациас өнөөдрийг хүртэл Ж.Ж.Хын нэр дээр шимтгэл төлсөн баримт нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа. Ж.Ж.Х 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажил эрхэлж байсан нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс харагдаж байна. Зөрүү мөнгөний хувьд шүүхээр тогтоогдсон шийдсэн үйл баримт нь сарын дундаж хөлс 1.058.000 төгрөг, гэтэл 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 5.000.000, 2.000.000 төгрөгөөр нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                     

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ж.Ж.Х нь хариуцагч МУт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 31.176.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч МУ нь Улсын Их хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Эрүүл мэндийн яамыг татан буулгаж, шинээр Эрүүл мэнд, спортын яам болгосон тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон, түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэж эс зөвшөөрч маргасан.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Ж.Хыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн албан тушаалд тогтоож...” шийдвэрлэсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

            Шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч МУ нь Монгол Улсын Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг эс биелүүлж, Ж.Ж.Хыг ажилд нь эгүүлэн тогтоогоогүй байна.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 2 жил 7 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Засгийн газраас шаардах эрхтэй байна.

 

            Нэхэмжлэгч Ж.Ж.Х нь Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор МУт хандаж байсан, түүнчлэн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарласныг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүнд захиргааны хэрэг үүсгэн хянаж байгаа болох нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6864 дүгээр захирамжаар тогтоогдож байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгон.” гэж заанаар нэхэмжлэгч Ж.Ж.Хт Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэр гарснаас шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа Нийгмийн даатгалын шимтгэлийг мөнгөн хэлбэрээр давхардуулан шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 5.761.848 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

            Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасан бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэрээр Ж.Ж.Хын сарын дундаж цалин хөлсийг 1.058.923 төгрөг гэж тооцжээ.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 2 жил 7 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговор /1.058.923х24 сар 7 хоног/ 25.414.152 төгрөгийг хариуцагч Монгол Улсын Засгийн газраас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ж.Хт олгох хуульд нийцнэ.

 

            Хариуцагч МУ нь шүүхийн шийдвэрийг хуульд заасан журмын дагуу биелүүлсэн бол нэхэмжлэгч Ж.Ж.Хын хувьд өөр ажил, албан тушаал эрхлэх шаардлага үүсэхгүй, Монголын санхүүгийн хөгжлийн корпораци ХХК-д ажиллаж байсныг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилсэн нь үндэслэлтэй юм.

 

Түүнчлэн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Эрүүл мэндийн яамыг эрүүл мэнд, спортын яам болгож өөрчилсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй ба Эрүүл мэндийн яамны эрх, үүрэг, хариуцлага шинээр байгуулагдсан Эрүүл мэнд спортын яамд шилжсэн байх тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Ж.Хыг Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гарч, ажилд нь эгүүлэн тогтоогоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл цалин шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй ба 2016 оны 12 сарын 19-ны өдрөөс хойш, ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорыг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Ж.Хын Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч МУт даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Засгийн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 25.414.152 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ж.Хт олгож, нэхэмжлэлээс 5.761.848 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ж.Хын Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2739/с дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч МУт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314.000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ж.Хт олгож, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 285.021 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР