Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 112/2016/0009/З |
Дугаар | 361 |
Огноо | 2016-11-03 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 361
Иргэн В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч В.Рэнцэндорж, В.Сүррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, өмгөөлөгч Б.Даваажанцан нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0529 дүгээр магадлалтай, В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.4, 157 дугаар зүйлийн 157.1-д заасныг баримтлан В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нарын нэхэмжлэлийг хангаж, Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолын В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, В.Рэнцэндоржийг 2 дугаар тойрогт, В.Сүррагчааг 20 дугаар тойрогт тус тус МАН-аас нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0529 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооноос хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Шүүх Сонгуулийн хороог бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж буруутгажээ. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6-д зааснаар “шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах” эрхийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвөөс лавлагаа авахад “2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1.2-т зааснаар өршөөлд хамрагджээ” гэсэн хариу албан бичиг ирүүлсэн. Нэхэмжлэгч нарыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шүүхийн шийтгэх тогтоол гарсан бөгөөд энэ нь 2016 оны 08 дугаар сард дуусгавар болохоор байна. Үүнээс өмнө Өршөөл үзүүлэх тухай хууль гарч хянан харгалзах хугацаа өршөөгдсөн боловч ялгүйд тооцох хугацаа өршөөлд хамрагдсан талаар Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн тодорхойлолтод дурдаагүй буюу тэнсэн харгалзах хугацаанд нэхэмжлэгч нар ялтайд тооцогдох байсан. Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар хянан харгалзах хугацаанаас үлдэх хугацааг өршөөсөн ба ялгүйд тооцох хугацааг өршөөсөн зохицуулалт байхгүй байх тул хянан харгалзах хугацааны үлдэх хугацаа нь ялтайд тооцох хугацаанд орж байна гэж үзэхээр байна. Шүүх Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Саранчимэгээс шүүгч Золбадрахад хэргийг шилжүүлэхдээ шүүгчдийн зөвлөгөөн хийгээгүй байсан ба сүүлд нөхөж хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд нэр дэвшүүлэх нийтлэг журмыг зохицуулсан ба 154.3.4-т “ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” шаардлагыг нэр дэвшигчид тавьсан байна.
Нэр дэвшигч В.Сүррагчаа, В.Рэнцэндорж нар хуулийн дээрх шаардлагыг хангаснаа нотлож “Ялгүй” болохыг тодорхойлсон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Тодорхойлолт”-ыг нэр дэвшигчээр бүртгүүлэх өргөдөлд хавсарган аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлжээ.
Гэтэл Аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолоор В.Сүррагчааг 20 дугаар тойрогт, В.Рэнцэндоржийг 2 дугаар тойрогт тус тус МАН-аас нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6-д “шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна”, 157.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгана” гэж заасны дагуу аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчийн талаарх мэдээллийг гаргуулан авах, ирүүлсэн баримт бичгийн бүрдэл гүйцэд эсэхийг нягтлан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс бус эрх бүхий этгээдээс өгсөн мэдээлэлд эрх зүйн дүгнэлт өгч, тайлбарлах, түүнийг үгүйсгэх эсхүл батлаж нотлох эрхгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн лавлагааны санг бүрдүүлж, лавлагаа олгох ажлыг хэрэгжүүлж буй Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төвийн үйл ажиллагаа, чиг үүргийн хүрээнд олгогдсон “ялгүй” гэсэн тодорхойлолтыг үгүйсгэн В.Сүррагчаа, В.Рэнцэндорж нарыг “ялгүйд тооцох” хугацаа дуусаагүй гэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан аймгийн Сонгуулийн хорооны шийдвэр Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.9, 157 дугаар зүйлийн 157.9, 158 дугаар зүйлийн 158.1-д заасантай нийцээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Шүүхүүд Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0529 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН