Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1645

 

Д.Нанзад, Д.Догсол нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                               

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00812 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Нанзад, Д.Догсол нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Сансарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 161 396 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэг, хариуцагч Б.Сансар, хариуцагчийн өмгөөлөгч М.Хувцагаан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Нанзад, Д.Догсол нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Болорцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.Нанзадаас хариуцагч Б.Сансар нь 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 19 удаагийн давтамжтайгаар нийт 162 500 000 төгрөгийг зээлж авсан. Б.Сансар нь дээрх мөнгийг зээлж авахдаа тухайлбал, өөрийнхөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 49 тоот хаягт байрлах байрныхаа үлдэгдэл төлбөрийг өгөх, өөрийн хариуцан ажиллуулдаг Сууц өмчлөгчдийн холбооны харъяа байрнуудын орцны хаалганд нууц код бүхий домофон суурилуулах төхөөрөмж авах, хөөрөг хийх чулуу гадаадаас захиалж авчруулах, газар эзэмших эрх авах, кадастрын зураг хийлгүүлэх зэрэг зүйлд зарцуулна гэж цувуулан авдаг байсан. Б.Сансарын зээлж авсан мөнгөнүүд нь Д.Нанзад, түүний эцэг Д.Догсол нарын мөнгө байсныг хариуцагч Б.Сансар нь сайн мэдэж байгаа бөгөөд буцааж өгнө гэж худал ярьсаар өнөөдрийг хүрсэн. Харин 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 600 ам.доллар буюу 1 104 000 төгрөгийг буцааж өгсөн. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир хүү шаардаагүй. Мөнгө зээлж авсан талаараа 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Б.Сансар өөрийн гараар тооцоо хийж, мөнгө зээлсэн баримтыг үйлдсэн байгаа. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдоно. Иймд хариуцагч Б.Сансараас 161 396 000 төгрөг гаргуулж, 102 000 000 төгрөгийг Д.Догсолд, 59 396 000 төгрөгийг Д.Нанзадад тус тус олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Сансарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие нэхэмжлэгч Д.Нанзадтай олон жил үерхсэн найзууд бөгөөд дээрх нэхэмжлэлд дурдсантай адил утга бүхий үйлдэл буюу нэхэмжлэгчдээс зээлийн гэрээний дагуу хүлээж авсан мөнгөн хөрөнгө байхгүй болно. Миний бие нэхэмжлэгч Д.Нанзадтай хамтран ажиллах тухай ярилцаж байсан ч ажил хэрэг болгосон зүйл байхгүй. Д.Нанзад нь хөрөнгө оруулалт хийнэ гэсэн бөгөөд хөрөнгө оруулалтаа АНУ-д байдаг өөрийн эгчээс авах тухай ярьж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар ямар нэгэн хөрөнгө оруулалт орж ирээгүй бөгөөд миний бие нэхэмжлэгчдээс ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй тул зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Б.Сансараас 161 396 000 төгрөг гаргуулж, Д.Догсолд 102 000 000 төгрөг, Д.Нанзадад 59 396 000 төгрөгийг тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийл 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 964 930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сансараас 964 930 төгрөг гаргуулж 609 739 төгрөгийг нэхэмжлэгч Д.Догсолд, 335 191 төгрөгийг нэхэмжлэгч Д.Нанзадад тус тус олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Б.Сансарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч Д.Нанзад нь 2016.04.11-ний өдөр "Мөнгө зээлсэн" гэж урьдчилан өөрийн гараар бичсэн бичгийг надад үзүүлж “Чи үүнийг өөрийнхөө гараар хуулж бичээд авсан гээд гарын үсгээ зураад өгөөч найз нь АНУ-д амьдардаг эгчдээ өгөх гэсэн юм. Би эгчээсээ мөнгө аваад эргүүлж өгөөгүй. Надад 1 удаа тус болооч” гэж гуйгаад байхаар нь “чи сүүлд нь янз бүрийн хэл ам болоод байх юм биш үү” гэж асуухад “юу гэж тийм юм байх вэ” гэхэд нь итгээд бичиж өгсөн. Д.Нанзад нь хэлсэн үгнээсээ буцаж миний бичиж өгсөн баримтыг миний эсрэг ашиглаж шүүхэд өгсөн учир би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр н.Батцэнгэл, өмгөөлөгч С.Үлэмж нартай гэрээ хийж эрх ашгаа хамгаалуулахаар болсон боловч 2016.09.28-ны өдрийн хурлын товыг миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэлд мэдэгдээгүй, хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралд оролцуулаагүй, шүүхийн шийдвэрийг гардуулж өгөөгүй байна. Миний өмгөөлөгч С.Үлэмжийн туслах н.Цэнд-Аюушид шүүхийн шийдвэрийг гардуулж өгсөн. Хариуцагч талаас итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч оролцоогүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар мэдэгдэж, баталгаажуулаагүй. Мөн хуулийн 77-р зүйлд заасан арга хэмжээг огт аваагүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд Б.Батцэнгэлийн талаар ямарч заалт байхгүй. Зүй нь итгэмжлэгдсэн төлөөлөгч нь яасан талаар шүүгч шалгаж нягтлах ёстой байхад ямар ч ажиллагаа хийгээгүй байна. Нэгэнт миний эрх ашгийг хамгаалж эрх эдлэж, үүрэг хүлээсэн хүмүүсийг шүүх хуралдаанд оролцуулаагүй бол хариуцагч надад ИХШХШ тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүхийн шийдвэр ирсэн бол би ингэж хохирч, чирэгдэхгүй байсан. Энэ нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 7.1.21а, 7.1.21ө, мөн хуулийн 26.2.2 зааснаар шүүхийн захиргааны ажилтны буруутай үйл ажиллагаанаас болсон. Сүхбаатар дүүргийн шүүхийн тамгын газраар уламжлан Шүүхийн ерөнхий зөвлөлд удаа дараа гомдол гаргасны үндсэн дээр шүүхийн шийдвэрийг гардан авлаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь нэг талыг барьсан бөгөөд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хуулийг буруу хэрэглэсэн ИХШХШ тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Нанзад, Д.Догсол нар нь хариуцагч Б.Сансарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 161 396 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, мөнгө аваагүй гэж маргажээ.

 

Хэргийн 142, 147 дугаар талд шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулсан, хүргүүлсэн тухай баримт, хүсэлт шийдвэрлэсэн тухай шүүгчийн захирамж тус тус авагдсан байна. Эдгээрээс үзвэл хариуцагч Б.Сансар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/00812 дугаар шийдвэрийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гардан авсан. Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн захирамжаар хариуцагч Б.Сансарыг давж заалдах гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан гэж дүгнэн, хугацаа сэргээлгэх тухай түүний хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзжээ. /хх.142, 147/

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн хуульд заасан эрхийнхээ дагуу гаргасан дээрх захирамжийг зөв, буруу гэж дүгнэх боломжгүй ба анхан шатны шүүхээс хэргийг ирүүлэхдээ давж заалдах гомдол гаргах хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзэхээр байх тул гомдлын дагуу хэргийг хянасан болно.

 

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч татан оролцуулсан./хх-33/ Шүүх түүнд хэргийн материал танилцуулах үүргийг биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг хүргээгүй, түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн атал шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг товлоогүй хуралдааныг хийх зэргээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 76 дугаар зүйлийн 76.1.1, 76.1.2 дах хэсэг, 77 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчжээ.

 

Гэтэл шүүх хариуцагч Б.Сансар, өмгөөлөгч С.Үлэмж нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж дүгнэж, түүнийг болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь алдаатай болсон байна. Шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцуулаагүйгээс хариуцагч тал шүүх хуралдаанд биечлэн оролцож, тайлбараа гаргах, нотлох баримт шинээр бүрдүүлэх, түүнийг судлахад оролцох, шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг татгалзах зэрэг хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон төдийгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэх үндэслэлгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.    

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс  зөвтгөн засах, хэргийн үйл баримтад эрх зүйн болон хууль хэрэглээний дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00812 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 964 930 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

         

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

 

                                                        ШҮҮГЧИД                                        Ч.ЦЭНД

 

                                                                                                                 Б.НАРМАНДАХ