Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1537

 

З.Болдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2017/01181 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч З.Болдын хариуцагч Ж.Чулуундолгорт холбогдуулан автомашин өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагч Ж.Чулуундолгор, түүний өмгөөлөгч Ц.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ж.Чулуундолгор нь 2015 оны 12 сарын 30-ны өдөр Атарбаясгаланд 1 500 000 төгрөг зээлсэн. Уг зээлийг  авсан Атарбаясгалан нь тухайн үед  "Атарбаясгалан зам” ХХК-ийн захирал байсан бөгөөд надад уг хүнээс мөнгө зээлж байгаа тул чиний автомашиныг нэр дээр нь түр шилжүүлье гэсэн. Би Чулуундолгорын нэр дээр автомашин түр шилжих юм байна, барьцааны гэрээ юм байна гэсэн ойлголттой өөрийн компанийн захирлын үгнээс зөрж чадалгүй нэр шилжүүлсэн. Гэвч Ж.Чулуундолгор нь өөрийн нэр дээр автомашиныг түр шилжсэн гэж үзэхгүйгээр одоо энэхүү автоамшиныг 1 500 000 төгрөгийн зээлийн төлбөртөө шилжүүлэн авсан тул зарна гэсэн шаардлага тавьж байна. Өөрийн автомашиныг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээг хийж, бусдын зээлсэн 1 500 000 төгрөгийн оронд өөрөө ч мэдэхгүйгээр шилжүүлэх үйлдэл хийсэн. Иймд Ж.Чулуундолгорт автомашины өмчлөлийг шилжүүлсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Гэрээг заавал бичгээр хийх ёстой байтал зохигчид уг хуулийн заалтыг зөрчсөн.

Сөрөг шаардлагын хувьд хариуцагч нь зээлийн гэрээгээр 1,5 сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.  Тус 1,5 сая төгрөгийн зээлдэгч нь З.Болд биш С.Атарбаягалан. Зээлийн гэрээг Ж.Чулуундолгор, С.Атарбаягалан нар хийсэн бөгөөд З.Болдын данс руу шилжүүлсэн мөнгийг С.Атарбаягалан авсан юм.  Ж.Чулуундолгор нь С.Атарбаягалангаас мөнгөө нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Иймд зээлийн гэрээг халхавчилсан “автомашиныг өмчлөлд шилжүүлэх” хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Чулуундолгор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: З.Болд нь өөрийн нэр дээр байх Верна маркийн УНС24-41 улсын дугаартай автомашинаа миний нэр дээр сайн дураараа шилжүүлж, надаас 1 сарын хугацаатай 1 500 000 төгрөгийг зээлж авсан. Зээлийг төлж дуусгаад машинаа өөрийн нэр дэр буцаан шилжүүлэх аман хэлцэл хийсэн юм. Гэтэл тэрээр миний нэр дээр автомашинаа шилжүүлсэн хэлцлээ хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Минйи бие нь 2015 оны 12 сарын 22-ны өдөр З.Болдын ХААН банк дахь 5606009250 тоот дансанд 1 500 000 төгрөг шилжүүлсэн. Атарбаясгалан гэдэг хүнд мөнгө зээлдүүлээгүй. Зээлж авсан 1 500 000 төгрөгийг одоо болтол надад өгөөгүй байгаа бөгөөд өгсөн тохиолдолд би машиныг нь түүний нэр дээр нь шилжүүлнэ. Нэхэмжлэгч нь уг автомашинаа одоо  хүртэл өөрөө эзэмшиж ашиглаж байгаа. Иймээс З.Болдоос 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөнгөө авсан тохиолдолд автомашины нэрийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Автомашин эзэмших эрх шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Болдоос 1 500 000 төгрөг гаргуулан хариуцагч Ж.Чулуундолгорт олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцлийн тал болох хариуцагч Ж.Чулуундолгорт 24-41 УНС улсын дугаартай Accent Verna маркийн тээврийн хэрэгслийг эзэмших эрхийг Ж.Болдын нэр дээр шилжүүлэхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 39,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 38,950 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, нэхэмжлэгч, хариуцагч нараас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад нийцээгүй.  Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа үйл баримтыг ямар ч нотлох баримтгүйгээр үгүйсгэсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй. Хариуцагч нь иргэн С.Атарбаясгалантай зээлийн гэрээ байгуулсан, уг зээлийн гэрээний барьцаа болгож нэхэмжлэгч З.Болдын өмчлөлийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болохоо иргэний хэрэг маргаан үүсэхээс өмнө хангалттай тодорхой илэрхийлж байсан бөгөөд энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдсан байгаа.  Хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй, бодит үнэнд нийцээгүй, тайлбараа нотолсон зүйлгүй. Зээлийн мөнгө шилжүүлснийхээ дараагаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамт автомашины гэрчилгээг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэр дээр шилжүүлсэн бөгөөд мөн өдөр зээлдэгч С.Атарбаясгалан нь хамт байж зээлийн төлбөрийг төлөх баталгаа гаргаж өгсөн байгаа. Гэтэл шүүхээс эдгээр баримтыг үнэн зөв гэж үзэх үндэслэл байхгүй гэж дүгнэсэн. Нотлох баримтуудад цаг хугацааны ямарч зөрүүтэй байдал байхгүй. Нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлээгүй.

Шүүхийн сөрөг нэхэмжлэлийг хангах болсон нотлох баримт нь зөвхөн хариуцагчийи тайлбар, хаан банкны зээлийн хуулга, автомашин шилжүүлсэн баримт.  С.Атарбаясгаланд дамжуулан өгсөн болохоо тайлбарласаар байхад сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч З.Болд нь хариуцагч Ж.Чулуундолгорт холбогдуулан авто машин өмчлөлд шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч зээл 1 500 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан бөгөөд зээлийг төлсөн тохиолдолд автомашиныг шилжүүлж өгөхөд татгалзахгүй гэжээ. 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасан. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Чулуундолгор нь хариуцагч З.Болдын дансанд 1 500 000 төгрөг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон Ж.Чулуундолгорын Хаан банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байна. Нэгэнт өмчлөлдөө шилжүүлэн авсан 1 500 000 төгрөгийг  цааш дамжуулан бусдад зээлдүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 Хариуцагч Ж.Чулуундолгорын “2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Амарбаясгаланд 1 500 000 төгрөгийг 200 000 төгрөгийн хүүтэй зээлдүүлэв” гэсэн тодорхойлолтоор Ж.Чулуундолгор С.Атарбаясгалан нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй тул нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбар татгалзал үндэслэлгүй байна.

Харин  нэхэмжлэгчийн өмчлөлийн УНС 24-41 улсын дугаартай верна маркийн авто машиныг хариуцагч ямар үндэслэлээр  өмчлөлдөө  шилжүүлэн авсан нь тодорхойгүй, энэ талаар бичгээр байгуулсан хэлцэл хэрэгт авагдаагүйгээс уг хэлцлийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуци, эсхүл мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дах хэсэгт заасан хөдлөх хөрөнгийн барьцааны аль агуулгаар байгуулагдсан нь  тодорхойгүй болжээ. Иймд дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. 

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох  хэсэгт  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг баримталсан нь буруу болсон бөгөөд залруулах шаардлагатай гэж үзлээ. 

 

Түүнчлэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хоёр салгаж шийдвэрийн тогтоох хэсэгт 1, 2 дах заалтуудаар тус тусад нь шийдвэрлэснийг агуулга, найруулгын хувьд залруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2017/01181 дугаар шийдвэрийн удирдлага болгосон хэсгийн “115.2.2” гэснийг “115.2.1” гэж, 1 болон 2 дах заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлаж “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар   хүчин төгөлдөр бус хэлцлийн тал болох хариуцагч Ж.Чулуундолгорт 24-41 УНС улсын дугаартай Аксент верна /аccent Verna/ маркийн тээврийн хэрэгслийг эзэмших эрхийг Ж.Болдын нэр дээр шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэгч З.Болдоос 1 500 000 төгрөг гаргуулан хариуцагч Ж.Чулуундолгорт олгосугай” гэж, 3 дах заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж  тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүний давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ТУЯА

         ШҮҮГЧИД                                                     Ч.ЦЭНД

                                                                              Ш.ОЮУНХАНД