Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2018/0185/З |
Дугаар | 255 |
Огноо | 2019-04-25 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 255
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “МК” ХХК.
Хариуцагч: СХДХААА, ҮХ .
Нэхэмжлэлийн шаардлага: “СХДХААА, тус тендерийг зохион байгуулсан ҮХ нд холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр зарласан ЭМСЯ/201811029 дугаар бүхий “эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл” /Улаанбаатар, СХД/-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй цахим тендер сонгон шалгаруулалтыг үнэлсэн ҮХ ны 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Н нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Манай байгууллага нь СХДХАААнаас 2018 оны 11-р сарын 29-ний өдөр зарласан ЭМСЯ/201811029 дугаар бүхий “Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл” /Улаанбаатар, СХД/-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй цахим тендерт 2019 оны 12-р сарын 31-ний өдөр тендерийн материалыг тавьсан шалгуурын дагуу бүрэн хүргүүлсэн.
Гэтэл СХДХАААнаас ирүүлсэн 2019 оны 02-р сарын 02-ны өдрийн 22 тоот албан бичгээр “ирүүлсэн ажлын төсөвт салхивчийн автоматик ажлын ажилбарын нэр зөрүүтэй мөн ажлын тоо хэмжээ дутуу”; “ажлын төсөвт барилгын дотор цэвэр бохир, галын усан хангамжийн ажил тусгагдаагүй” гэсэн шалтгаанаар үнэлгээний тендерийн материалыг шаардлага хангаагүй тул шалгараагүй болохыг мэдэгдсэн.
Иймд бидний зүгээс 2018 оны 02-р сарын 04-ний өдөр 19/75 тоот албан бичгээр Сангийн яаманд “ҮХ ны шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэх тухай” албан бичиг хүргүүлэхэд Сангийн яамнаас 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/959 тоот албан бичгээр “Салхивчийн автоматик ажлын төсвийг тооцохдоо ажлын тоо хэмжээг дутуу тооцсон гэх үндэслэлээр татгалзсан шийдвэр үндэслэлгүй байна. Харин тус компанийн тендерт ажлын төсвийн нэгдсэн товчоонд цэвэр бохир усан хангамжийн ажлын төсөв тусгагдсан боловч уг ажлын төсвийн задаргааг ирүүлээгүй нь ажлын зургийн дагуу төсвийг тооцсон эсэхийг хянан үзэх боломжгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн хариу ирүүлсэн болно.
Барилгын дотор цэвэр, бохир галын усан хангамжийн ажил нь манай компанийн тендерийн иж бүрдлээр илгээсэн төсөвт багтсан байдаг.
Сангийн яам болоод СХДХАААнаас ирүүлсэн албан тоотуудад ҮХ нь цахим нээлттэй тендертэй холбогдох эрх зүйн баримт бичгийн хэддүгээр зүйл заалтыг баримтлан манай компанийн хүргүүлсэн тендерийн материалыг шаардлага хангахгүй гэж үзсэн нь тодорхойгүй, тусгагдаагүй тул бид тендерийн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд дээрх үндэслэлийн дагуу СХДХАААнаас томилсон ҮХ ны 2019 оны 02-р сарын 02-ны өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “СХДХААА 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр манай тендерээс 2 үндэслэлээр татгалзсан байдаг. Эхний үндэслэл нь ажлын төсөвт салхивчийн ажилбарын нэр зөрүүтэй, тоо хэмжээ дутуу, дараагийн үндэслэл нь цэвэр, бохир усан хангамжийн ажил төсөвт тусгагдаагүй гэсэн үндэслэлүүд байдаг. Энэхүү тендерээс татгалзсан шийдвэрт манай компанийн зүгээс 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам гомдлыг хянаад 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажлын төсөвт салхивчийн ажилбарын нэр зөрүүтэй, тоо хэмжээ дутуу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 2 дахь үндэслэл болох цэвэр, бохир усан хангамжийн ажил төсөвт тусгагдаагүй гэдгийг төсөвт тусгагдсан байна. Харин тухайн ажлын зургийн дагуу төсвийг тооцсон эсэхийг хянан үзэх боломжгүй гэж тендерээс татгалзсан нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл “гэж тендерээс татгалзсан нь үндэслэлтэй байна” гэдэг нь ҮХ ны үндэслэлд дурдагдаагүй, байхгүй байгаа зүйлийг байгаа байдлаар тэмдэглэсэн байдаг. Гэвч ҮХ ны 2 дахь үндэслэлийг үндэслэлтэй гэж дүгнэсэн. Үүнийг жишээгээр тайлбарлахад шүүх хуралдаанд “авсан” гэж халсан байхад “аваагүй” гэж хэлж байгаа нь үндэслэлтэй гэж үзсэнтэй адил зүйл юм. Маргааны зүйл маань цэвэр, бохир усан хангамжийн ажил төсөвт тусгагдсан эсэх асуудал болж байна. Хариуцагчийн тендерээс татгалзсан нөгөө үндэслэлийг Сангийн яамнаас хүчингүй болгосон.
ҮХ ны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан гэж хариуцагч хариу тайлбартаа дурдсан байдаг. Гэвч үүнтэй холбоотой шийдвэрүүдэд ямар нэгэн хуулийн зүйл заалт байхгүй, ямар үндэслэлээр татгалзсан нь тодорхойгүй байгаа. Захиргааны ерөнхий хуульд зааснаар төрийн байгууллагын шийдвэр хуульд үндэслэх ёстой. Хуульд үндэслэсэн эсэхийг үзэхэд хуульд үндэслэсэн зүйл байдаггүй.
ҮХ цэвэр, бохир усан хангамжийн ажил төсөвт тусгагдаагүй гэж үздэг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг зөрчсөн бол тендерээс татгалзах үндэслэлтэй гэж заасан. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 14.1.ж-д ажлын зураг, ажлын тоо хэмжээний дагуу тооцсон төсөвтэй байна гэж заасан. Энэхүү заалтын дагуу төсөвтэй байгаа эсэхэд ҮХ ны гишүүд ямар нэгэн асуудал байхгүй, материалаа бүрэн 100 хувь ирүүлсэн гэж тус тусын шийдвэртээ тусгасан байгаа. “МК” ХХК нь төсөвтэй байх хуулийн бүх шаардлагыг хангасан асуудалгүй байна гэж ҮХ шийдвэрлэсэн байдаг.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д ҮХ ноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна гэж заасан. ҮХ ны хурлын тэмдэглэлийг харахад “МК” ХХК нь цэвэр, бохир усан хангамжийн ажил төсөвт тусгагдаагүй байгаа талаар ямар нэгэн тодруулга авахгүйгээр 100 хувийн саналаар төсөвт тусгагдаагүй гэж шууд шийдвэрлэсэн. Үнэхээр төсөвт тусгагдаагүй юм уу гэдгийг харахад тендер ирүүлсэн материалын 465-д төсөвт өртгийн задаргаа, цэвэр, бохир усан хангамжийн ажилд 154.837.500 төгрөгийн ажил хийнэ гэсэн бүх баримт ирсэн байдаг. Энэ нөхцөл байдлыг Сангийн яам харгалзан үзээд “МК” ХХК нь ҮХ ны үзэж байгаагаар төсөвт огт тусгаагүй гэсэн үндэслэл нь байхгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Иймд ҮХ ны төсөвт тусгаагүй гэсэн үндэслэл нь хууль зүйн үндэслэл байхгүй.
Сангийн яам нь ҮХ г хамгаалах, хаацайлах, алдааг засах үүднээс хэлээгүй зүйлийг хэлсэн болгон тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл төсөвт задаргаа хийгээгүй байна гэж тайлбарласан. Гэтэл Зам,тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны тушаалын хавсралтаар батлагдсан дүрэмд барилгын төсвийг ямар зааварчилгааны дагуу бодох вэ гэдгийг зааж өгсөн. Тус дүрмийн 3.18.б-д төсөв ямар задаргаатай байх вэ гэдгийг заасан. Энэ задаргааны дагуу төсөв зохиох программ байдаг. Энэ нь манайх өөрсдөө зохиосон программ биш. Программд тоо хэмжээг оруулахад тооцоо гардаг. Манайх программыг өөрчлөх боломж байхгүй. Тооцоог холбогдох журмын дагуу хүргүүлсэн. Сангийн яамнаас задарсан задаргааг дахин задлуулж авна гэсэн шаардлага тавиад байгаа. Үүнийг хууль тогтоомжид заасан шаардлага биш гэж үзэж байна. Тендерийн хууль тогтоомжид заасан шаардлагын хүрээнд бичиг баримт ирүүлэх үүрэгтэй. Үүнээс давсан бичиг баримтыг өгөх үүрэг байхгүй. Төрийн байгууллага хуульд үндэслэх зарчимыг баримталдаг. Иргэн хүний хувьд хуульд зааснаас бусад зүйлийг хүлээн зөвшөөрөгддөг. Тэгэхээр хуульд зааснаас бусад бичиг баримтыг манай байгууллага өгөх эсэх нь өөрийн шийдвэрлэх боломжит хүрээ юм. Хуульд заагаагүй үндэслэлээр нэмэлт үндэслэл гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. Хуульд заасан ямар шаардлага байна түүнийг л хангах ёстой. Үүнээс давсан материалыг заавал өгөх ёстой гэсэн үүрэг хүлээхгүй. Маргааны гол зүйл маань цэвэр, бохир усан хангамжийн ажил төсөвт тусгагдсан эсэх юм. ҮХ шийдвэрээ хуульд үндэслэлгүйгээр гаргасан. Төсөвтэй байхад төсөвгүй гэсэн үндэслэлээр манай тендерээс татгалзсан. Хуульд заасан материалыг л манай зүгээс өгнө. Түүнээс давсан материалыг өгөх шаардлагагүй. Иймд ҮХ ны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүхээс ҮХ г хамтран хариуцагчаар татсан, бид ҮХ ны хурлын шийдвэртэй маргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага тодорхой бөгөөд зөрчил арилсан гэж үзэж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Тендерээс ямар тохиолдолд татгалзах вэ гэсэн асуултад хариулах ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд тендерийг хянан үзэх үе шатыг зааж өгсөн бөгөөд 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3-д заасан үндэслэлээр тендерээс татвалзах боломжтой. Тус хуулийн 27.1.1-д заасан шаардлагыг хангасан нь ҮХ ны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд үүнтэй талууд маргаагүй. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан техникийн тодорхойлолтын шаардлагыг мөн хангасан. Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасан тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага гэсэн шаардлагыг хангасан эсэхийг шалгаж үзье. Тендерийн баримт бичигт гэдэг нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт юм. Төсвийн тухай асуудлыг дээрх баримт бичгийн 14.1.ж-д зааснаар төсөвтэй байх, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан байх, хүчин төгөлдөр үйлчилж буй программаар тооцсон байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Энэ 3 шаардлагыг хангасан. Манайх төсөвтэй. Эрх бүхий төсөвчнөөр хийлгэсэн болохыг хүлээн зөвшөөрч ҮХ ны бүх гишүүд гарын үсэг зурсан байдаг. Мөн программын дагуу хийгдсэн төсвийн тооцоолол байгаа. Тэгэхээр тендерээс татгалзах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
ҮХ ны шийдвэр үндэслэл бүхий байх ёстой. Үгүй гэсэн хариуг өгөөд асуудал дуусчихгүй. Захиргааны байгууллага иргэдэд үндэслэл бүхий хариу өгөх ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д ҮХ ноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна гэж заасан. Тэгэхээр цэвэр, бохир усан хангамжийн ажил төсөвт тусгагдаагүй яагаад тусгагдаагүй талаарх бүх мэдээлэл нь байх ёстой. Гэтэл ҮХ ны хурлын тэмдэглэл үндэслэл бүхий тайлбар байдаггүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлах ёстой. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасан. Дээрх хуульд заасан зарчмуудыг үл биелүүлсэн татгалзлаа гэсэн шийдвэрт бид гомдож байгаа.
ҮХ дүүргийн иргэдийн эрх ашгийг хамгаалж тендерийг яаралтай явуулах ёстоя гэж тайлбарладаг. Захиргааны байгууллага дүүргийн иргэдийн эрх, ашгийг хамгаалж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор тендерийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Тендерт оролцогчдод тендерийн баримт бичгийг дутуу, хагас өгсөн. “МК” ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 11, 14-ний өдрүүдэд тендерийн баримт бичиг дутуу байгаа талаар тодруулга авахаар албан бичиг хүргүүлсэн. Гэтэл дээрх албан бичгүүдэд хариу өгөөгүй. ҮХ тендерийг шударгаар, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж чадахгүй байгаа нь манайд илт хохиролтой байна гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “СХДийн Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл СХД, 13 дугаар хороо/ СХД/А/131/ЭМБ-01/ тоот барилгын ажлыг 2018 оны 11-р сарын 29-ний өдөр цахим тендерээр зарлаж 2018 оны 12-р сарын 31-ний өдөр тендер хүлээж авсан. Тендер хүлээж авах хуулийн хугацаанд хоёр компани үнийн санал ирүүлсэн ба уг тендерүүдийг 2019 оны 02-р сарын 02-ны өдрийн ҮХ ны хуралдаанаар хянан үзэхэд ТБОНӨХБАҮХАТХуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасны дагуу шаардлагад нийцсэн нэг чтендер ирээгүй гэж үзэн бүх тендерээс татгалзсан байна.
“МК” ХХК-ийн тендерийг хянан үзэхэд ТОӨЗ 14.1 (ж)-д заасан ажлын төсөв ирүүлэхдээ салхивчийн автоматик ажлын ажилбаруудын нэр зөрүүтэй, ажлын тоо хэмжээ дутуу ирүүлсэн. Мөн ажлын төсөвт барилгын дотор ““Цэвэр бохир, галын усан хангамжийн ажил”-ын төсөв тусгаагүй тул ҮХ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан аавах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг үндэслэн уг тендерээс татгалзсан болно. Улмаар “МК” ХХК 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан.
Сангийн яамны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/959 тоот албан бичгээр гомдлыг хянасан тухай хариу манайд ирүүлсэн. Уг бичигт “МК” ХХК-ийн тендерт Салхивч автоматик ажлын төсвийг тооцохдоо тодруулгаар ирсэн ажлын зургийн дагуу тооцсон байх тул ажлын төсвийг тооцохдоо ажлын тоо хэмжээг дутуу тооцсон гэх үндэслэлээр татгалзсан шийдвэр үндэслэлгүй, харин тус компанийн тендерт ажлын төсвийн нэгдсэн товчоонд “Цэвэр бохир усан хангамжийн ажил”-ын төсөв тусгагдсан боловч уг ажлын төсвийн задаргааг ирүүлээгүй нь ажлын зургийн дагуу төсвийг тооцсон эсэхийг хянан үзэх боломжгүй гэх татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
Иймд “С*******” ХХК-ийн тендерээс тендерийн баримт бичигт заасан тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангагүй, “МК” ХХК-ийн тендерээс “Цэвэр бохир усан хангамжийн ажил”-ын төсөв тусгагдаагүй гэх үндэслэлээр тус тус татгалзсан нь үндэслэлтэй байх тул тендер шалгаруулалтыг хууль, журмын дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн тэрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг тул зөн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно’’ гэж заасныг үндэслэн ҮХ уг ажлын худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Сангийн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тушаалын дагуу тендер цахим хэлбэрээр явагдсан. Цаасаар ямар нэгэн баримт хүлээн авахгүй, цахим хэлбэрээр тендерийн баримтыг хүлээн авдаг. Сангийн сайдын 7 дугаар тушаалын 4.1.4-д “Цахим тендерт оролцохыг хүссэн этгээд нь тендерийн баримт бичигт заасны дагуу өөрийн тендерийг боловсруулан бусад шаардлагатай материалын хамт электрон хэлбэрээр буюу "pdf" форматад хөрвүүлэн илгээснээр цахим тендер шалгаруулалтад оролцоно” гэж заасан. Тэгэхээр ҮХ цахимаар ирүүлсэн баримт, материалын хүрээнд сонгон шалгаруулалтын ажлыг явуулна. Тендерийг нээж шалгаж үзэхэд нэхэмжлэгч компанийн тендерт цэвэр, бохир ус, галын усан хангамж гэсэн ажлын төсөв ирүүлээгүй байсан. Энэ нь нийт төсөвт өртгөөс 172.000.000 төгрөгийн өртөг бүхий том ажил юм. Эмнэлгийн байгууллагын дотор цэвэр, бохир ус, галын усан хангамжийн ажлын төсөв огт ирээгүй байдаг.
Хавтаст хэргийн 32 дугаар хуудаст Барилгын хөгжлийн төвийн гаргасан Барилгын магадлалын ерөнхий дүгнэлт байгаа. Уг дүгнэлтийн 37 дугаар хуудаст цэвэр, бохир усан хангамж, галын усан хангамжийн нийт ажлын төсөв нь 172.000.000 төгрөг байна гэж заасан. Магадлалын ерөнхий дүгнэлтээр барилгын зураг төслийн ерөнхий гүйцэтгэгч нь “К*******” ХХК байдаг. Эмнэлгийн барилгын бүх зураг төсөл, ерөнхий төсвийг захиалагч тал гүйцэтгүүлсэн. Энэ компаниар гүйцэтгүүлж байгаа учир нь төсвөө энэ хэлбэрээр өгөөрэй гэдгийг зааж байгаа. “К*******” ХХК нь цэвэр, бохир усан хангамж, галын усан хангамжийн төсвийн задаргааг гаргасан. Уг төсвийн задаргаа 2 дахь хавтаст хэргийн 94 дүгээр хуудаст байгаа. Нэхэмжлэгч төсвөө өгсөн гэж байгаа боловч 154.000.000 төгрөг гэсэн зүйлийг л 1 хуудаст багтаан тусгасан байгаа. Гэтэл “К*******” ХХК-ийн цэвэр, бохир усан хангамж, галын усан хангамжийн төсвийн задаргаа нийт 11 хуудас баримт болж байна. Программын дагуу дээрх байдлаар төсөв гарах ёстой. Захиалагч задаргааг харж байж гүйцэтгэгчээс гүйцэтгэлийн шаардлагыг тавьдаг. Жишээлбэл материалын жагсаалтад цэвэр, бохир усны шугамын хаалт 12 ширхэг байх ёстой гэж төсөвт зааж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч компанийн баримтад ямар ч задаргаа байхгүй. Тэгэхээр 12 шугамын хаалт хийх үү?, эсхүл 9 шугамын хаалт хийх үү? гэдэг нь тодорхойгүй. Дараа нь шаардах боломжгүйгээр тендерийн материал ирүүлсэн.
Тендерт 2 компани оролцсон. Нөгөө оролцогч болох “С*******” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримтууд дутуу ирүүлсэн учраас тендерээс татгалзсан. “МК” ХХК нь нэг багц ажил буюу цэвэр, бохир ус, галын усан хангамж гэсэн ажлын төсөв ирүүлээгүй учраас тендерээс татгалзсан. Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэрээ хуульд үндэслээгүй гэж тайлбарлаж байна. Шүүхэд өгсөн хариу тайлбартаа хуулийн үндэслэлээ тодорхой заасан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг үндэслэн тендерээс татгалзсан. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 14.1.ж-д ажлын зураг, ажлын тоо хэмжээний дагуу төсөвтэй байх ёстой гэж заасан. Хийж буй төсөв нь ажлын зураг, ажлын тоо хэмжээнд үндэслэх ёстой. Зүгээр 154.000.000 төгрөг гэж тэмдэглэчхээд үүнийгээ төсөв гэж байгаа бол энэ нь төсөв биш. Ажлын зураг, ажлын тоо хэмжээг үндэслэсэн төсөв байх ёстой. Сангийн яам урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэгч “МК” ХХК нь уг ажлын төсвийн задаргааг ирүүлээгүй гэж дүгнэсэн. Төсөв задаргаатай байх ёстой, задаргаа нэгтгэгдэж байж нэгдсэн төсөв гардаг. Ажлын зургийн дагуу төсвийг тооцсон эсэхийг хянан үзэх боломжгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж Сангийн яам үзсэн. Задаргаа байхгүй учраас 5 ширхэг байх ёстой зүйлийг 3 ширхэг хийчихвэл бид шаардлага тавих боломжгүй болно. Бид ирүүлсэн задаргааны дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээн авах ёстой. Иймд Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 14.1.ж-д ажлын зураг, ажлын тоо хэмжээний дагуу төсөвтэй байх гэж заасан” гэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны өмнө тодруулахдаа хариуцагчаар СХДийн Худалдан авах ажиллагааны газрыг татсан байна. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т ҮХ байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна, 47.2.2-т тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэж заасан. Өөрөөр хэлбэл тендерийг үнэлэх ажлыг ҮХ хийдэг. Гэтэл хариуцагчаар Худалдан авах ажиллагааны газрыг татсан байгаа. Худалдан авах ажиллагааны газарт даалгах шийдвэр гарлаа гэхэд шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй. Худалдан авах ажиллагааны газар нь байнгын үйл ажиллагаатай бөгөөд тендерийг үнэлэх үйл ажиллагааг явуулдаггүй. Мөн Худалдан авах ажиллагааны газраас 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ямар ч шийдвэр гараагүй.
ҮХ ны хурлын тэмдэглэлээс харахад цэвэр, бохир усан хангамж, галын усан хангамжийн нийт ажлын төсвийн задаргаа байхгүй байгаа учраас тендерээс татгалзахаар 100 хувийн саналаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн Сангийн яам баталгаажуулсан. Задаргааг гаргаснаар хөдөлмөрийн хөлсний тооцоо, материалын зардлын тооцоо, захиалагчийн шаардсан материалыг бүрэн тусгасан эсэх нь тодорхой болно. Энэ баримт байхгүй учраас ҮХ цаашаа нарийвчилсан үнэлгээг хийх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Хариуцагч СХДХАААнаас зарласан ЭМСЯ/201811029 дугаар тендерийн ҮХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “СХДийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны А/131 тоот захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт баригдах “Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл”-ийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбоотойгоор манай ҮХ г байгуулсан.
Тус барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 2 компани үнийн саналаа ирүүлсний нэг нь “МК” ХХК юм.
Сонгон шалгаруулах ҮХ ны хурал 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болж тус хурлаар “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул
тендерийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.
Барилгын ажлын төсвийг Захиалагчийн зүгээс “К*******” ХХК-аар гүйцэтгүүлсэн. “К*******” ХХК-ний холбогдох хууль, журмын дагуу боловсруулсан ажлын төсөв нь нийт 8.2 тэрбум байгаагаас барилгын дотор цэвэр бохир ус, галын усан хангамжийн ажил нийт 172 сая төгрөгийн төсөвтэйгээр, мөн нарийн задаргаатайгаар хийгдсэн.
Гэтэл тус ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад оролцогч “МК” ХХК нь үнийн саналдаа барилгын дотор цэвэр бохир ус, галын усан хангамжийн ажлын төсвийг огт ирүүлэлгүй орхигдуулсан байсан.
Энэ нь тэдний ирүүлсэн үнийн саналын дагуу сонгон шалгаруулсан тохиолдолд бүхэл бүтэн 172.000.000 төгрөгийн ажил хийгдэхгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Тийм учраас комиссын гишүүд 100 хувь санал нэгдэж тус компанийн ирүүлсэн үнийн саналаас татгалзсан билээ.
ҮХ ны дарга болох О.Гэрэлт Од миний бие СХДХАААны дарга Х.Б*******гийн 2019.03.20-ны өдрийн 28 тоот итгэмжлэл олгох албан бичгийн дагуу мөн Худалдан авах ажиллагааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр СХДийн Засаг даргын А/131 дүгээр захирамжаар тус ҮХ байгуулагдсан. ҮХ тендер ирүүлсэн материалыг дүгнээд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй учраас тендерээс татгалзсан. Эрүүл мэндийн төвийн барилга нь СХДт нэн шаардлагатай байгаа. Тус дүүрэг 320 мянган хүн амтай, ганц эмнэлэгтэй. Энэ нь хангалтгүй үзүүлэлт юм. Гэвч бид тендерийг хуулийн хүрээнд явуулах, тендерт ирүүлсэн материал бүрэн байх ёстой. Бид цахимаар ирүүлсэн материалыг үнэлж шийдвэрээ гаргасан. Түүнээс тендерийг хүлээн авснаас хойш ямар нэгэн тодруулга авах эрхгүй. “МК” ХХК нь цэвэр, бохир усан хангамжийн ажлын төсвийг суулгаагүй учраас ҮХ 100 хувийн санал нэгтэйгээр тендерээс татгалзсан” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч “МК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* СХДХАААнаас зарласан ЭМСЯ/201811029 дугаар бүхий “Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл” /Улаанбаатар, СХД/-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй цахим тендерт хүргүүлсэн материалыг хүлээн аваагүй ҮХ ны 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч энэхүү цахим тендерт барилгын дотор цэвэр, бохир галын усан хангамжийн ажил нь манай компанийн иж бүрдлээр илгээсэн төсөвт багтсан байхад уг ажлын төсвийн задаргаа ирүүлээгүй гэж татгалзсан нь хууль бус гэж, харин хариуцагч дээрх ажлын төсвийн задаргааг ирүүлээгүй нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүсэлтийн 14.1(ж)-д заасныг зөрчсөн материал ирүүлсэн гэж татгалзсан нь үндэслэлтэй гэж маргажээ.
Шүүх хуралдаанаар СХДХААА, тус тендерийг зохион байгуулсан ҮХ нд холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр зарласан ЭМСЯ/201811029 дугаар бүхий “эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл” /Улаанбаатар, СХД/-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй цахим тендер сонгон шалгаруулалтыг үнэлсэн ҮХ ны 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэсэн тайлбар, хэргийн оролцогчдын шүүхийн мэтгэлцээний явцад тодруулсан тайлбаруудад үндэслэн тэмдэглэлд тусгаж дээрх байдлаар томъёолсон болно.
СХДХАААнаас тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл /СХД, 13 дугаар хороо/ СХД/А/131/ЭМБ-01/ тоот барилгын ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цахим тендерээр зарлаж, тендер хүлээн авах хугацаанд 2 компани үнийн санал ирүүлсэн бөгөөд ҮХ ны 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасны дагуу шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэж үзэн бүх тендерээс татгалзсан байна.
ҮХ ны “МК” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзээд ТШӨХ-ийн 14.1 (ж)-д заасан ажлын төсөв ирүүлэхдээ салхивчийн автоматик ажлын ажилбаруудын нэр зөрүүтэй, ажлын тоо хэмжээ дутуу ирүүлсэн, барилгын дотор “Цэвэр бохир, галын усан хангамжийн ажил”-ын төсөв тусгагдаагүй гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг үндэслэн шалгараагүй тул уг тендерээс татгалзсан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар мэдэгдлийг хүлээн авч нэхэмжлэгч компани 2019 оны 02 дугаар сарын 04-нийөдөр Сангийн яаманд гомдол гаргасан.
Сангийн яам гомдлыг хянаад 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/959 дугаар албан бичгээр “МК” ХХК-ийн тендерт Салхивч автоматик ажлын төсвийг тооцохдоо тодруулгаар ирсэн ажлын зургийн дагуу тооцсон байх тул ажлын төсвийг тооцохдоо ажлын тоо хэмжээг дутуу тооцсон гэх үндэслэлээр татгалзсан шийдвэр үндэслэлгүй, харин тус компанийн тендерт ажлын төсвийн нэгдсэн товчоонд “Цэвэр бохир, усан хангамжийн ажил”-ын төсөв тусгагдсан боловч уг ажлын төсвийн задаргааг ирүүлээгүй нь ажлын зургийн дагуу төсвийг тооцсон эсэхийг хянан үзэх боломжгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд......”МК” ХХК-ийн тендерээс “Цэвэр бохир, усны хангамжийн ажил”-ын төсөв тусгагдаагүй гэх үндэслэлээр татгалзсан нь үндэслэлтэй байх тул тендер шалгаруулалтыг хууль, журмын дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн хариу хүргүүлжээ.
Тендерийн ҮХ ны 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэр хууль зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэв.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “тендерийн баримт бичиг гэж” захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг;”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана,”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана.” гэсний дагуу захиалагч Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-ны 2 дугаар бүлэг болох Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүсэгт /ТШӨХ/-ийн 14.1 (ж) -д “Тендерт оролцогч дараахь нэмэлт материалуудыг өөрийн тендерт ирүүлнэ. Үүнд: 1.Ажлын зураг, ажлын тоо хэмжээний дагуу тооцсон төсөвтэй, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан байна. /Төсвийг Зам тээвэр, барилга, хот байгуулалт/ЗТБХБ/-ын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18 тоот, 2012 оны 181 дүгээр тушаалуудаар батлагдсан төсөв зохиох дүрмийн дагуу тооцно. Монгол улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй төсөв зохиох программаар гүйцэтгэнэ./ Эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан байх:, Барилга хот байгуулалт/БХБ/-ын сайдын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 185 дугаар тушаалын дагуу зохиогчийн хяналтын зардлын үнийг тооцож ирүүлнэ.Монгол улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй төсөв зохиох программаар гүйцэтгэнэ.” гэж заасан байна.
Ийнхүү ТШӨХ-ийн 14.1(ж)-д заасны дагуу барилгын дотоод “Цэвэр бохир, галын усан хангамжийн ажил”-ын төсөв тусгагдсан боловч уг ажлын төсвийн задаргааг ирүүлээгүй нь ажлын зургийн дагуу төсвийг тооцсон эсэхийг хянан үзэх боломжгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч төсөвт өртгийн нэгдсэн тооцоонд “Цэвэр бохир усан хангамжийн ажил” гэж бүлэг ажил болгон төсвийг тусгаж ирүүлсэн хэдий ч энэхүү төсвийн задаргааг ирүүлээгүй, төсөв задаргаагүйгээс захиалагч гүйцэтгэлийн хяналт тавьж шаардах боломжгүй байдал үүсгэдэг,тухайлбал энэ нэгдсэн төсвөөс сан техникийн хаалтад хэдэн төгрөг зарцуулах, цэвэр бохир усны хэдэн кранттай байх гэх мэт тодорхой төсвийн задаргаатай байхыг шаарддаг бөгөөд энэ бүхнийг тооцох үүднээс хяналтын төсвийг хүргүүлсэн боловч ТШӨХ-ийн 14.1(ж)-д заасан шаардлагыг хангасан байдлаар ирүүлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.
Түүнчлэн уг тендер нийт 19 бүлэг ажил байгаагаас нэхэмжлэгч маргаан бүхий дээрх цэвэр бохир, галын усан хангамжийн ажлын төсвийн задаргааг ирүүлээгүй атлаа бусад ажлуудын төсвийн задаргааг захиалагчийн шаардсан хэмжээнд ирүүлсэн нь тус компанийн цахим тендерийн баримт бичгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд судлах үед хамт судлагдсанаар нотлогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч “МК” ХХК-ийн тендерт ирүүлсэн цахим баримт бичгээс барилгын дотоод цэвэр бохир, галын усан хангамжийн ажлын төсвийн задаргааг ирүүлээгүй гэсэн үндэслэлээр татгалзсан хариуцагч ҮХ ны шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага.”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” гэсэн зохицуулалттай нийцсэн гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч энэ хуулийн 27.1.3-д заасан тендерийн баримт бичиг /ТШӨХ/-т заасан бусад нөхцөл шаардлага болох барилгын дотоод цэвэр бохир, галын усан хангамжийн бүлэг ажлын төсвийн задаргааг захиалагчийн шаардлагын хэмжээнд ирүүлээгүй буруутай.
Тодруулбал барилгын дотоод галын аюулгүй ажиллагааны талаар төсөв тусгагдаагүй байхад тендерийн иж бүрдлээр илгээсэн төсөвт багтсан, төсвийн өртгийн нэгдсэн товчоонд цэвэр бохир усан хангамжийн ажлын төсөв ирүүлсэн гэж үзэж тооцох боломжгүй байна.
Харин хариуцагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэж үзэж уг худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч дахин шинээр зарлагдсан тендерт оролцож өрсөлдөх боломж нь нээлттэй байна.
Хариуцагч 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэр гаргахдаа хуулийн үндэслэлээ заагаагүй, Захиргааны ерөнхий хуулийн хуульд үндэслэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан ил тод өрсөлдөх зарчмыг зөрчсөн гэж нэхэмжлэгч маргаж байгаа хэдий ч энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгах боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 12 дугаар зүйлийн 12.2, 16 дугаар зүйлийн 16.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.3, 27.4, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан СХДХААА, тус тендерийг зохион байгуулсан ҮХ нд холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр зарласан ЭМСЯ/201811029 дугаар бүхий “эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл” /Улаанбаатар, СХД/-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй цахим тендер сонгон шалгаруулалтыг үнэлсэн ҮХ ны 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах “МК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР