Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00408

 

Ц ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/02607 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2131 дүгээр магадлалтай,

            Ц ийн нэхэмжлэлтэй,

            Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох

           Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаатай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

            Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр сахин биелүүлж ирсэн. 2018 оны 03 сарын 01-ний өдөр ажил олгогч байгууллага түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр цуцалсан. 2018 оны 04 сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч, шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч байгууллага 2018 оны 04 сарын 17-ны өдөр уг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дахин цуцалсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээг цуцлахаар бодит үндэслэл байхгүй, хуульд заасан журмыг зөрчсөн байна. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахаас 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой боловч мэдэгдлийг гардуулаагүй. Ажил олгогчийн зүгээс Ц ийг 2018 оны 05 сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаарх 97 дугаар тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилд эгүүлэн тогтоолгох тухай шийдвэр хэвээрээ байгаа. Мөн ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж зааснаар адил чанарын ажлаар хангуулах эрхтэй байсан. Гэтэл ажил олгогч хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ц  явуулын тасалбарын аль хэсэгт багтаж байгаа нь тодорхой бус байна. Иймд Ц ийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалыг үндэслэн 2018 оны 04 сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарыг буюу ажилласан 14 хоног буюу 112 цагийн ажилласан хөлс 815,642 төгрөг, /нэг өдрийн 58,260 төгрөг/ мөн ажлын 61 хоног ажилгүй байсан хөлс 3,553,868 төгрөгийг гаргуулж, 2018 оны 05 сарын 17-ны өдрөөс хойших эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч байгууллагын даргын 2018 оны 02 сарын 07-ны өдрийн А-45 дугаар Орон тоо батлах тухай тушаалын хоёрдугаар хавсралтаар салбар нэгжүүдийн 2018 оны тоог баталсан бөгөөд Тасалбар худалдаалах төвийг нийт 98 орон тоотой, үүнээс явуулын тасалбарын няравын орон тоо 56 байсныг 53 болгож, явуулын тасалбарын няравын орон тоог цөөрүүлж баталсан. 2018 оны батлагдсан орон тоогоор явуулын тасалбарын няравын орон тоог 3 орон тоогоор цөөрүүлсэнтэй холбогдуулан 2018 оны 01 сарын 03-ны өдөр Тасалбар худалдаалах төвийн удирдлагууд явуулын тасалбарын нярвуудыг оролцуулан хурал хийж, орон тоо цөөрүүлсэн тухай мэдээлэл болон мэдэгдлийг танилцуулсан. 2018 оны 01 сарын 04-ний өдөр Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн албаны удирдлагууд өөрийн харьяа байгууллага болох Тасалбар худалдаалах төв дээр тус төвийн удирдлага болон явуулын тасалбарын няравуудыг байлцуулан хурал хийж, орон тоо цөөрүүлсэн шалтгаан, үндэслэлийг танилцуулж, мэргэжил, ур чадварын шалгалт авах замаар сонгон шалгаруулалт явуулах болсон тухай мэдэгдсэн. Шалгалт авах замаар сонгон шалгаруулах нь хэн нэгэнд давуу байдал олгохгүйгээр, мэргэжил, боловсрол, ажилласан жил, нас, хүйсээр нь ялгаварлахгүйгээр бүгдэд нь тэгш боломж олгох зорилгоор шударга ёсны зарчмыг баримтлан, нийт 56 явуулын тасалбарын няравуудын дунд шалгалт авах замаар сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү маягт итгэмжлэлийн хамт хүчин төгөлдөр байна. Үүний дагуу ажилтнуудаас мэргэжил, ур чадварын шалгалт авах удирдамжийг боловсруулж батлан, шалгалтад 65 хувиас доош оноо авсан тохиолдолд тэнцээгүйд тооцохоор заасан бөгөөд шалгалтын удирдамжийг батлах болон шалгалт авах комиссын бүрэлдэхүүнд Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл оролцсон байдаг. Батлагдсан шалгалтын удирдамжийн дагуу 2018 оны 01 сарын 22, 23, 24-ний өдрүүдэд 7 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс эхний шалгалтыг авсан бөгөөд нэхэмжлэгч Ц  нь 61,7 хувь хангалтгүй, 2 дах шалгалтыг 61,7 хувь хангалтгүй, 3 дахь шалгалтыг 50 хувь хангалтгүй өгч, мэргэжил, ур чадварын хувьд тэнцээгүй буюу 3 удаа шалгалтандаа унасан тул 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 59 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн орон тоо цөөрсөн үндэслэлээр Ц ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон байсан. Энэхүү тушаалтай холбоотойгоор нэхэмжлэгч Ц ээс Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд холбогдох баримтуудыг судлахад орон тоог цөөрүүлсэн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтнуудад урьдчилан мэдэгдсэн хэдий ч тухайлан Ц т хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай бичгэн хэлбэрээр мэдэгдэх, мэдэгдэлд гарын үсэг зуруулж, баталгаажуулах ажиллагааг хийх зорилгоор 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 59 тоот тушаалыг хүчингүй болгосон. Тасалбар худалдаалах төвийн явуулын тасалбарын няравын орон тоог цөөрүүлсэн болох нь Замын даргын 2018 оны 02 сарын 07-ны өдрийн А-45 тоот Орон тоо батлах тухай тушаал, түүний дагуу батлагдсан Тасалбар худалдаалах төвийн 2018 оны орон тоо, хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдоно. Орон тоо цөөрүүлсэнтэй холбоотойгоор явуулсан сонгон шалгаруулалтад тэнцээгүй тул Ц т Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу 2018 оны 04 сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл гардуулсан. Тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 97 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, 43.1, Хамтын гэрээний 3.14 дэх заалтуудыг удирдлага болгон орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр Ц ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/02607 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц ийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн явуулын тасалбарын нярвын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,607,324 төгрөгийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц ийн ажилгүй байсан хугацаанд Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид 55,360 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2131 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/02607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороогийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/02607 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2131 дугаар магадлалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэн, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлт тавьж, гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүх талаас нь хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт "... орон тоо цөөрүүлсэнтэй холбоотой зохигч талуудын маргааны үйл баримтын талаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул энэ үйл баримттай холбоотой маргааны гэм буруугийн талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй” гэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь үнэлээгүй байх бөгөөд баримт нь ямар үйл баримтыг нотолж, тогтоож байгаад дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/01197 дугаартай захирамжид хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай ямар ч тайлбар, шүүхийн дүгнэлт байхгүй болно. Тодруулбал, уг захирамжийн Үндэслэх хэсэгт “УБТЗ-ын Тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 81 тоот тушаалаар тус төвийн даргын 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 59 тоот тушаалыг хүчингүй болгож, Ц ийг хөдөлмөрийн гэрээний дагуу үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй” гэснээр шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Дээрх захирамжаар орон тоог цөөрүүлсэн нь үндэслэлтэй эсэх талаар шүүх болон хариуцагчаас ямар ч тайлбар, дүгнэлт хийгдээгүй, энэ тухай ямар ч үйл баримтыг тогтоогоогүй тул талууд орон тоо цөөрүүлсэн асуудлаар маргах эрхтэй болохыг шүүх анхаараасай гэж хүсч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн. Шүүгчийн захирамж ямар үндэслэлээр гарсан гэдгийг шүүх анхаараагүйд гомдолтой байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 102/ШШ2018/01197 дугаартай шүүгчийн захирамжийн үндэслэл нь 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 59 дугаартай тушаалыг хүчингүй болгосон үйл баримтыг л баталсан болохыг, энэхүү шүүгчийн захирамж биелэгдэж, эрх зүйн үр дагавар нь дуусгавар болсон болохыг, ажилтан нь 2018 оны 05 сарын 18-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж, тухайн цалин хөлсөө авч байсан болох үйл баримтыг шүүх анхаарч үзээгүй байна. Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 06 сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 97 тоот тушаалын талаар маргаж байгаа. Мөн эдгээр тушаалууд нь цаг хугацааны хувьд ч, эрх зүйн үндэслэл, агуулгын хувьд ч ялгаатай болохыг шүүх үнэлээгүй. Энэхүү үйл баримтын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд 2018 оны 10 сарын 08-ны 10/216 тоотоор давж заалдах гомдлын үндэслэлийг тодотгосон гомдол гаргаж, давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргасан атал Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдлын агуулгыг тусгаагүй бөгөөд гомдол, тайлбарт ямар ч дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Хоёр. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан зохицуулалт нь нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой зүйл заалт бөгөөд 102/ШШ2018/01197 захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй эсэх үйл баримт тогтоогдоогүй, талуудын хоорондын маргааны үндэслэлийг тогтоосон үйл баримт захирамжид тусгагдаагүй болохыг шүүх анхаарсангүй. Шүүх зөвхөн өмнөх үйл явдалтай холбож, эрх зүйн үр дагавар нь нэгэнт дуусгавар болсон үйл баримт буюу 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 59 тоот тушаалын талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Гурав. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй байсан. Нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тусгаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч орон тоо цөөрүүлэх эрхгүй гэж маргаад байна уу эсвэл орон тоог цөөрүүлсэн нь худлаа, бодитой бус гэж маргаад буй эсэх, эсвэл орон тоо цөөрүүлэхдээ сонгон шалгаруулалт явуулж түүний дүнг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь буруу гэж маргаж байгаа эсэх тодорхойгүй. Нөгөө талаас нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхой бус байгаа учраас хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг няцаах тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөх боломж буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хангагдаагүй байна гэж үзэж байна.

Дөрөв. Орон тоог цөөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй болох нь дор дурдсан баримтуудаар тогтоогдоно. УБТЗ-ын даргын 2017 оны 07 сарын 04-ний өдрийн А-259 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Тасалбар худалдаалах төвийн дүрэм”-ийн 3.2-д “Төвийн зохион байгуулалтын бүтэц, хөрөнгө оруулалт, их засвар, санхүүгийн төлөвлөгөө, орон тоо, цалингийн санг УБТЗ-ын дарга тогтоож батална” гэж заасан. /хх-92х/ УБТЗ нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар зүйлийн “з” заалтаар орон тооны жагсаалт, албан тушаалын цалинг батлах нь Ерөнхий хорооны эрх хэмжээнд хамаардаг. Гэвч “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны 2009 оны 04 сарын 17-ны өдрийн 4 дүгээр протоколын 10.6 дах заалтаар орон тоог батлах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх эрхийг Замын даргад шилжүүлсэн болно. Энэхүү эрхийнхээ хүрээнд Замын дарга нь жил бүр тухайн оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөх “УБТЗ” ХНН-ийн бүх харьяа салбар нэгж, байгууллагын орон тоог баталдаг, энэхүү орон тоог батлахын тулд холбогдох замын орлогч дарга нар, төлөвлөгөө эдийн засгийн алба, харьяалсан албаны дарга нарын зөвшөөрлийг авсны үндсэн дээр орон тоо, цалингийн санг баталдаг болно. Үүнийг үндэслэн, бүх байгууллагын 2018 оны батлагдсан орон тоог нэгтгэн баталсан “УБТЗ”-ын даргын 2018 оны 02 сарын 07-ны өдрийн А-45 дугаартай тушаал гарсан. Энэ тушаалын 2 дугаар хавсралтаар УБТЗ ХНН-ийн салбар нэгжүүдийн 2018 оны орон тоог баталсан бөгөөд жагсаалтын 20-д "Тасалбар худалдаалах төв”-ийн нийт орон тоог 98 орон тоо гэж баталсан байна. Тасалбар худалдаалах төвийн батлагдсан 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөх орон тоо, цалингийн сангийн жагсаалтын 19-д “Явуулын тасалбарын нярав”-ын орон тоо 37 байсныг 34 болгож, 3 орон тоогоор цөөрүүлсэн нь тогтоогдоно. Орон тоог цөөрүүлэхдээ эдийн засгийн тооцоо судалгаа хийсний үндсэн дээр шийдвэрлэсэн. 2017 оны 6 сард Тасалбар худалдаалах төвийн орон тооны судалгааг хийсэн. Судалгаагаар сүүлийн 10 жилийн байдлаар төмөр зам дагасан авто замууд ашиглалтад орж, иргэд автомашиныг сонгон үйлчлүүлэх болсонтой холбоотойгоор зорчигч тээвэрлэлтийн хэмжээ жил ирэх тусам буурч ирсэн. Жишээлбэл: 2006 онд 4,3 сая зорчигч тээвэрлэж байсан бол энэ тоо жил ирэх тусам буурсаар 2016 онд 2,4 сая зорчигч болтлоо буурсан. Үүнээс 2014-2016 онд эдгээр нийт зорчигчдын 11-12 хувийг л явуулын тасалбарын нярав тасалбаржуулсан үзүүлэлттэй байсан. Тодруулбал, 2015 онд 2,5 сая зорчигчийн 288,4 зорчигчид, 2016 онд 2,4 сая зорчигчийн 279,4 зорчигчид явуулын тасалбарын нярав тасалбар бичсэн байна. Мөн ажлын зураг авалт хийгдэж, явуулын тасалбарын няравуудын ажил, амралтын цагийн нормативыг шинэчилж батлах шаардлага бий болсон. Жишээ нь, 276/275 галт тэрэгний аяллын цаг нь 21 цаг байхад, явуулын тасалбарын ажилласан цагийг 30 цагаар тооцдог, 2 ажлын хооронд 2-5 өдөр амардаг атлаа илүү цаг их гардаг зэргээс үүдэн норматив цагийг шинэчилсэн, үүнтэй холбоотойгоор орон тоо илүүдэл гарч ирсэн. Ийнхүү зорчигч урсгал болон тээвэрлэлтийн орлого байнга буурч ирсэн боловч явуулын тасалбарын няравын орон тоог сүүлийн 3 жил өөрчлөөгүй, гэвч ажил, амралтын норматив цагийг шинэчилсэн зэргээс тооцоход 7 орон тоог цөөрүүлэх судалгаа гарсан боловч 2018 онд 3 орон тоогоор цөөрүүлэхээр шийдвэрлэсэн. УБТЗ-ын Тасалбар худалдаалах төвд 2017 онд орон тоогоор нийт 56 явуулын тасалбарын нярав ажиллаж байсан тул тэдгээр ажилтнуудаас хэнийг сонгож авч үлдэх, хэнийг нь орон тооны цомхтголд оруулж хөдөлмөрийн гэрээ цуцлах вэ гэдгийг шийдвэрлэхийн тулд ажилтнуудтай 2018 оны 01 сарын 03-ны өдөр болон 2018 оны 01 сарын 04-ний өдөр тус тус хуралдаж, орон тоо цөөрүүлсэн талаар танилцуулж, нийт ажилтнуудад мэдэгдсэн. Ингээд тэгш байдлыг хангах, хэн нэгэнд давуу байдал олгохгүйгээр, нас, мэргэжил, ажилласан жилээр ялгаварлахгүйгээр шударга явуулах зорилгоор сонгон шалгаруулалтыг бүх ажилтнуудаас мэргэжил, ур чадварын шалгалт авах зарчмаар явуулахаар шийдвэрлэснийг хурал дээр танилцуулж, мэдэгдсэн. Шалгалт авах удирдамжийг боловсруулж батлан, шалгалтад 65-аас бага оноо авсан тохиолдолд тэнцээгүйд тооцохоор заасан бөгөөд шалгалтын удирдамж батлах болон шалгалт авах комиссын бүрэлдэхүүнд Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл оролцон, хяналт тавьж ажилласан. Сонгон шалгаруулалтыг явуулахдаа УБТЗ-ын даргын 2013 оны 06 сарын 20-ны өдрийн А-152 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт хийх журам”-ыг удирдлага болгосон. Журмын 2.1-д зааснаар хүний нөөцийн бүрдүүлэлт, сонголт хийхдээ шударга ёс, ил тод, нээлттэй байх, тэгш эрхийн зарчмыг баримтална”, мөн журмын 2.3-д “Ажлын байранд сонгон шалгаруулалтыг анкетын арга, ярилцлагын арга, мэргэшлийн болон мэдлэгийн шалгалт авах гэх мэт 4 янзын аргаар хийх”-ээр заасан. Батлагдсан удирдамжийн дагуу бүх ажилтнууд буюу 56 явуулын тасалбарын няравууд шалгалт өгсөн, 3 удаа шалгалт өгөх боломж олгосон, гэвч нэхэмжлэгч л гурван удаа шалгалтандаа унасан буюу мэргэжилдээ тэнцээгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө буюу 2018 оны 04 сарын 17-ны өдөр Ц т орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл гардуулсан. Дээр дурдсан үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1, 43.1 дэх заалт, УБТЗ-ын даргын А-45 тоот тушаал, Хамтын гэрээний 3.14 дэх заалт, ажилтанд 2018 оны 04 сарын 17-ны өдөр гардуулсан мэдэгдлийг тус тус үндэслэн явуулын тасалбарын няравын орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан явуулын тасалбарын нярав Ц тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан УБТЗ-ын Тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 97 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/02607 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2131 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                 ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ц  нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон байхад өмнө нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан үндэслэлээр дахин ажлаас халсан нь үндэслэлгүй гэж, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа татгалзалдаа ...Ц ийг орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан явуулсан техникийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад 3 удаа хангалтгүй дүн үзүүлсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцлахаар болсон. Гэвч орон тоо цөөрүүлж хөдөлмөрийн гэрээ цуцлахдаа ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөөгүй байсан учир энэ талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн. Үүний дараа нэхэмжлэгчид хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэл өгсөн тул тушаал хуулийн дагуу гарсан” гэх тайлбар гаргасан байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 59 дүгээр тушаалаар Ц ийг орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халсныг ажилтан эс зөвшөөрч шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/01197 захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай баримт хэрэгт авагджээ.

Ажил олгогч Улаанбаатар төмөр замын тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 97 тоот тушаалаар мөн орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ц ийг явуулын тасалбарын няравын албан тушаалаас  дахин чөлөөлж, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэсэн байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/01197 захирамжийн үндэслэх хэсэгт “...Хариуцагчийн төлөөлөгч дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг нэхэмжлэгч Ц ийг хөдөлмөрийн гэрээний дагуу үргэлжлүүлэн ажиллуулж, цалинг 2018 оны 3 сарын 01-ний өдрөөс тооцож олгохоор шийдвэрлэсэн  Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 4 сарын 13-ны өдрийн 81 тоот тушаалын хамт шүүхэд ирүүлсэн” гэжээ.

Орон тоо цөөрүүлсэнтэй холбоотой зохигч талуудын маргааны үйл баримтын талаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул энэ үйл баримттай холбоотой маргааны талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчсөн  гэж үзэхгүй.

Зохигчдын хооронд үүссэн маргааны үндэслэл болсон ажилтныг ажлаас чөлөөлсөн үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байхад ажилтны хөдөлмөрийн гэрээг дахин цуцалсан нь үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь 2018 оны 4 сарын 16-ны өдрийн захирамжаас хойш дахин орон тоо цөөрүүлсэн тухай баримт шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгч Ц ийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн явуулын тасалбарын няравын ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацааны  олговор 2,607,324 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/02607 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2131 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,360.00 /тавин гурван мянга гурван зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН