Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 00032

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               

                                                П.Б-д холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 132/2016/0032/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

                  Шүүх хуралдаанд:

                   Шүүгдэгч                                           П.Б

                   Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Оюунчимэг, Э.Ганбат 

                   Хохирогч                                           Д.Ү

                   Хохирогчийн өмгөөлөгч                П.Ган-Очир

                   Нарийн бичгийн дарга                  Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаар шийтгэх тогтоолтой П-ийн Б-д холбогдох, 201506000301 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Д.Оюунчимэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,  О овгийн П-ийн Б.

 

Шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнө Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг дэвсгэрт Н.Шын гэрт иргэн Д.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүн рүү сандал шидсэний улмаас 1 нас 08 сартай П.М-ийн толгойн тус газар цохиж түүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч О овгийн П-ийн Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч П.Б-ыг 8 /найм/ жил хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 8 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч П.Б-ын цагдан хоригдсон 283 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-ыг цагдан хорьж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 СД-г хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгах,

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй, төлөх төлбөргүйг дурьдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1.721.951 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Б давж заалдах гомдолдоо:

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Миний бие сандлыг орон дээр хэвтэж байгаа хүмүүс рүү чиглүүлж шидээгүй. Орны хөлд байсан айрагны сав руу чиглүүлж шидсэн. Орон дээр 2 том хүн, 2 жоохон хүүхэд унтаж байсан тул төмөр хөлтэй сандал тэднийг гэмтээх байтугай нам цохиод алчихана шүү дээ.

 

Би эрх биш энэ байдлыг ухамсарлах чадвартай эрүүл, саруул ой ухаантай хүн учраас ийм үйлдэл хийхгүй, хийх ч үгүй. Хохирогчийн янз бүрийн худлаа ярьсан зүйлийг үндэслээд шүүх намайг шийтгэсэнд гомдолтой байна.

 

Хүний үгээр бусдыг буруутгаж болохгүй. Тэр нялх амьтны толгойд тэр сандал хүрсэн бол тийм жижигхэн гэмтэл яагаад ч үүсэхгүй. Тэр сандал Н-ын чиг  онох байсан. Н нь сандал хүүхдийг оноогүй, онохыг хараагүй гэдэг. Бас оносон байж магадгүй гэсэн зүйлийг ярьсан байхад оносон байж магадгүй гэсэн зүйлийг үндэслээд намайг буруутай гэж үзсэнд гомдолтой байна.

 

Сандлыг шидэж хаана унаж байгааг тогтоох зорилгоор хийсэн туршилтаар сандалд орон дээр хэвтэж байгаа хүүхдийг цохиж онохгүй байгаа нь тогтоогдсон шүүх үүнийг анхаараагүй орхисонд нь гомдолтой байна.

 

Шүүх миний хадам эгч түүний нөхөр хоёрын мэдүүлгийг үнэлээгүй мөртлөө Нын мэдүүлгийг үнэн гэж үзсэнд гомдолтой байна. Н нь өөрөө хүүхдийг унагааж гэмтээсэн нь тогтоогдсон байгаа. Тэр хэзээ ч үнэнээ хүлээхгүй нь тодорхой шүү дээ.

 

Иймд миний хэргийг хянаж намайг гэм буруугүй гэдгийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

 

Шүүх П.Быг 2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнө Н.Ш-ын гэрт 1 нас 08 сартай П.М-г өвөртөлж орон дээр хэвтэж байсан Д.Н руу сандал 2 удаа шидсэний 2 дахь удаагийн шидсэн сандал М-ийн толгойн тус газарт цохиж гэмтэл учруулж М нас барсан гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй.

 

Гэрч Н.Ш, Г нарын мэдүүлгээр –Б-ын 2 удаа шидсэн гэх сандал нь Н, М нарын хэвтэж байсан орны хөл хэсгийн доод буюу гэрийн баруун хажуу хэсэгт байсан цэнхэр усны савны хэсгийг оносон болох нь тогтоогдсон байхад уг гэрч нарын мэдүүлгийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, худал гэж няцаасан үндэслэлийг шийтгэх тогтоолд огт дурдаагүй байна

.

  Н-ын удаа дараа өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй, эх сурвалжаа заагаагүй байгааг анхаарч түүний мэдүүлэгт байгаа М-г энгэртээ тэвэрч өөрөө хана руу харж хэвтэж байхад хананд цохьсон гэсэн боловч удаа дараа хийсэн туршилтаар зөвхөн хүүхдийн толгой 1 удаа цохигдож биеийн бусад хэсэг болон Н, Ш нарын (орон дээр хэвтэж байсан) биед сандал огт цохихгүй байх боломжгүй нь тогтоогдсон.

 

Хохирогч М-ийн дух хэсэгт сандал цохьсон тохиолдолд хүүхэд уйлахгүй байх үндэслэлгүй гэдгийг шинжээч эмч шүүх хуралдаанд мэдүүлсэн. Мөн духны баруун урд хэсгийн ил гэмтэл нь Эд мөрийн баримтаар хураагдсан сандалны ирмэг хэсгээр цохигдсон тохиолдолд нүүрний бусад хэсэгт ямар ч шалбаралт зулгаралт үүсэхгүй байх боломжгүй зайнаас, хана цохиж тодорхой өндрөөс доош унаад сандал гулсах зэрэг нөхцөл үүсэхгүй байх боломжгүй болох нь туршилтаар тогтоогдсон. Гэрч Н, Ш нар нь “Намайг сандалаар онож цохиогүй” талаар ч тогтвортой мэдүүлснийг шүүх туршилттай харьцуулж үнэлээгүй.

Гэрч Ш-ын мэдүүлгээр (ХХ-32-33 хуудас): ... Хүүхэд уйлаагүй хэвтэж л байсан. Н нь хөхөхдөө тэврээд баруун гараа дээгүүр нь давуулж тэврэн цээжиндээ наагаад хэвтэж байсан. ... Намайг эхэлж гэрээс гарсны дараа Н гэрт үлдээд араас гарч ирэхээс өмнө гэрт түмпэн шанага түжигнэх чимээ гараад хүүхэд “Ай” гэж 1 удаа уйлах чимээ гарсан... ... Н нилээн халамцуу байсан (ХХ-487 хуудас) гэж мэдүүлсэн бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд “... Н-ыг Тогтохынд нь хүргэж өгөхөд машинаас буухгүй байхад нь би хашааны хаалгыг нь нүдэж онгойлгоход Тогтох гарч ирж Н--ыг авч орсон...” гэж мэдүүлсэн. Н нь согтуугаар хүүхдийг тэвэрч гарахдаа унасан байдалтай өндийж байх агшинд Ш гэрт орж ирж хамт гарч хүүхдийн хамт машиндаа суулгасан талаар мэдүүлсэн. Дээрхи нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийгээгүй бөгөөд Н согтуу үедээ хүүхдийг тэвэрч гарахдаа унагаж духаар нь 1 удаа мохоо зүйл мөргүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Үүнийг шалгахгүй орхисон.

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч М-ийн духны баруун урд төвгөр хэсэгт цөмөрсөн хугаралтай боловч арьс хэсэгт хавдаж цус хурснаас өөр зулгаралт, шарх огт үүсээгүй болох нь цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургаар (фото №8-ХХ-11 хуудас) тогтоогдсон. Хэрэв Эд мөрийн баримт болох сандлын тавцангийн аль нэг ирмэг, эсвэл төмөр хөлний ирмэг хэсгээр 1 удаа духны хэсэгт цохигдсон бол хугарлын харалдаа няцарсан шарх, шалбаралт, зулгаралт үүсэх 100% магадлалтай.

 

Гэтэл үүсээгүйг шүүх анхаарч зөв үнэлээгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтэд дурьдсан “сандлын булан болон төмөр хөлний ирмэгээр үүсгэгдэх боломжтой” гэсэн ойлголтыг шууд үнэн гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлт нь үнэн магадлалтай, эсвэл таамагласан байж болох гэсэн хувилбараар гарч болох бөгөөд хэргийн бусад нотлох баримттай нягт нямбай харьцуулж зөв үнэлэх шаардлагатай.

 

Гэрч Ж-ын мэдүүлгээр “2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03 цагийн үед сувилагч Лхагважав залгаад ухаангүй хүүхэд ирсэн гэсэн ба тодорхой зүйл хэлээгүй” гэсэн нь Н хүргэн Тогтохынд очоод хүүхдийг сандлаар Б цохьсон гэж хэлээгүй болохыг нотолж байна.'

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргаж байна.

 

Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгоод байгаа нотлох баримтууд нь П.Б-ыг хохирогч охины толгойн тус газарт сандал шидэж гэмтэл учруулсаныг нотолдоггүй юм. Шүүх гэрч Нармандхын олон удаагийн мэдүүлгүүдээс 2-ыг нь энэ хэргийг нотлох баримт гэж салгаж авч үзжээ. Түүний мэдүүлгүүд зөвхөн өөр хоорондоо эрс зөрүүтэй байдгийг шүүх анхаараагүй. Түүний мэдүүлгүүдээс салган авч нотлох баримт болгон үнэлсэн 2 мэдүүлгийн аль нь ч П.Бын шидсэн 2 дахь сандал П.М-ийн толгойд унасан гэж гэрчлээгүй байна. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт П.Бын шидсэн 2 сандалын аль нь ч охиныг оносон тухай үг өгүүлбэр алга.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Н-ын мэдүүлэгт ... эхний сандал цохисон байж магадгүй, 2 дахь сандал Шижирийн мөрөн дээгүүр даваад орон дээр унасан гэсэн байна. Гэрч Н олон удаагийн мэдүүлэгтээ нэг ч удаа “Сандал охиныг оносон” тухай яриагүй юм. Тэр тусмаа 2 дахь сандал оноогүй гэж ярьдаг хүн.

 

Гэрч М, гэрч Ж, хохирогч Ү нарын хэн нь ч сандалаар хохирогч охиныг цохисон тухай шууд ба шууд бусаар зааж мэдүүлдэггүй. Эдгээр хүмүүсийн мэдүүлгээр П.Б-ыг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Гэрч Г-г шүүх Б-ын төрөл садангийн хүн тул түүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Г Ш нар нь мэдүүлэг өгөхөөс огт татгалзаагүй, бөгөөд тэдний мэдүүлгийг хэрхэн үнэлж байгаагаа шүүх шийтгэх тогтоолд дурдаагүй. Тэгсэн мөртлөө сандал хүүхдийг оноогүй гэсэн мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл буюу гэм буруутайд тооцох нотлох баримт болгосон нь гайхмаар.

 

Иймд хэрэгт цуларсан нотлох баримтуудаар П.Б-ыг 1 нас 8 сартай М-ийн толгойн тус газар санадлаар цохиж гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон нь нотлогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Б-ыг  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнө Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг дэвсгэрт  оршин суух Н.Ш-ын гэрт иргэн Д.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүн рүү сандал шидсэний улмаас 1 нас 08 сартай П.М-ийн толгойн тус газар цохиж түүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгчид   8  / найм/ жил хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.

 

        Хэргээс үзвэл ....2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч П.Б   нь  Булган аймгийн Баяннуур суманд хадлан хадаж байгаад  орой 20 цагийн үед буцаж явахдаа Н.Ш-ынд очиход тэнд Ш, түүний эхнэр С.Г, талийгаач охины эмээ Н нар  архи ууж байсан .., энэ үед Ш зээгээ тэврээд орон дээр хэвтсэн…, орны нөгөө тал руу /хөлний хэсэгт/ нэг хөнжилд Н зээ охиноо тэврээд хэвтэж байхад нь П.Б Н-ыг босоочээ гэж хэлээд  дугарахгүй болохоор нь ...сандал шидлээ шүү гээд 1, 2, 3... гэж тоолоод  шидсэн..., Тэгээд дахиад сандал шидлээ шүү гээд  шидсэн...,Үүнээс болж Ш П.Б хоёр хэрэлдээд барьцалдаж авсан.., Ш, Г нар ноцолдсон..,Г зээ хүүгээ аваад гарсан..., П.Б зугатаагад гарсаны дараа Н зээ охиноо тэвэрхэд  дуу гарахгүй , эвгүй болсон  байхаар нь Ш-ыг босгоод хүүхдээ сумын төв рүү эмнэлэг рүү авч явсан..., тэндээс хот руу гэмтлийн эмнэлэг рүү явж хагалгаа хийлгэж 5 хоногийн дараа нас барсан үйл баримт болжээ.

 

            Энэ үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох :

 

            Шүүгдэгч П.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 

 

        ... Би Баяннуур суманд улсын нөөцийн хадлан хадаж байгаад  орой 20 цагийн үед буцсан бөгөөд  Ш ахынд очиход тэнд Г, Н нар согтуу байсан..., тэгээд  Н нилээн согтсон дуулаад хүүхдээ тэврээд сууж байсан...,  Ш ах зээгээ тэврээд  орон дээр хэвтээд  намайг “чи эр хүн байж наад архиа тойруул” гэсэн...,  удалгүй би гарч машиндаа ор дэрээ засаад унтах гэж байхад гэрт хүн уйлхаар нь ортол Г эгч зуухны ард суусан эгчийг нь энэ хоёр ингээд доромжлоод байна гэсэн.... хартал Н  Шижрээ ахын хэвтэж байгаа  орон дээр хөл хэсэг рүү толгойгоо харуулаад нэг жөнжилд зээгээ тэврээд  хэвтэж байсан...,   би Ныг босооч ээ та юу болоод байгаа юм гээд татаж чангаагаад байхад хариу юу ч дугараагүй...,  Тэгээд сандал шидлээ шүү гээд 1, 2, 3 гэж тоолоод орны хөлний доор байсан айрагны сав руу шидсэн...,  Ныг дуугархгүй болхоор дахиад сандал шидлээ шүү гээд ахин 120 литрийн айрагны сав руу шидсэн...,  Тэгтэл Шижирээ ах яах гээд байна гээд хараагаад намайг эгчийгээ аваад гар зайл гэж хэлэхээр нь бид гэрээс гарсан...., удалгүй  Шижир ах гарч ирээд машинаа асаагаад сум руу явсан...,  Тэгээд шөнө ирээд 00 цаг болж байхад чи хүн унтуулахгүй хөөж туугаад байх юм, би хүргэж өгөөд ирлээ гээд эргэж ирж байсан..., би хүүхэд рүү шидээгүй...,   гэсэн мэдүүлэг,

 

          -Хохирогч Д.Ү-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 

          ...Нөхөр бид хоёр  тухайн үед Улаанбаатар хотод байсан..., Шөнө утсаар  хүүхдийг чинь согтуу хүн сандалаар цохиод бие нь муу байна гэж хэлхээр нь  эмээлтээс тосоод шууд гэмтлийн эмнэлэгрүү явсан...,  Тэгээд яаралтай хагалгаанд орж хагалгаа 1 цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд толгойноос нь гавлын ясны хэлтэрхий авсан гээд эмч нь гаргаж ирж харуулсан.., Тэгээд сэхээн амьдруулах тасагт 5 хоног хэвтээд миний хүүхэд нас барсан. Эмнэлэгт байх хугацаанд П.Б-ын талаас мөнгө өгсөн.., нас барсны дараа мөнгө өгсөн..., Өдий насны хүн ийм жаахан хүүхэд рүү сандал шидэж амь насыг нь хохироосон .., Араатан шиг энэ хүнд маш их гомдож байна. .., Тэгтэл өнөөдөр би алаагүй шидээгүй гэж хэлж байдаг..,Ямар хүйтэн сэтгэлтэй хүн бэ, маш их гомдолтой..., гэсэн мэдүүлэг, 

 

          - Гэрч Д.Н-ын шүүх хуралдаанд өгсөн

 

          ... Тэр өдөр Ш, Г нар манайхаар очсон ба тэд согтуу байсан..., Тэгтэл Г машин барьж явна зам мэдэхгүй гээд манай нөхөр бид хоёрыг хамт явъя гэхээр нь  нөхөр  гэртээ үлдээд би явахаар болж зээ охин ханиад хүрсэн учир төв орж эмчид үзүүлээд буцаад Шынд ирсэн...,  Тэгээд биднийг монгол архи ууж байхад П.Б хадлангаасаа бууж байгаа гээд ирсэн..., архи ууж байгаад Ш хүүхдээ аваад орон дээрээ хэвтсэн.., Манай зээ бас унтах гээд байхаар нь Ш-ын хөлд зээгээ аваад хэвтсэн...,  Гэтэл  П.Б дуу чимээ гаргаад  намайг л бос гээд байсан..., Тухайн үед би түүнийг согтсон юм байхдаа гэж бодоод хэвтэж байтал 1, 2, 3 гээд сандал аваад шидсэн..., Тэгээд Ш өндийгөөд хоорондоо барьцалдаж аваад П.Б ална гээд Ш чи аллаа гэж хашгираад Ш, Г нар ноцолдоод Ш орон дээр хэвттэл зээ нь өвөө гээд орилоод босоод ирсэн..., Тэгсэн Г зээ хүүгээ шүүрч аваад П.Б алга гээд зугатаагад гарсан..., Тухайн үед хүүхэд уйлаагүй болохоор оносон гэж бодоогүй эргээд хүүхдээ авах гээд тэвэртэл нэг л сул болсон байсан учраас  Шижирийг сэрээгээд төв рүү авч явсан.., замд явж байхад зээ маань сул байхаар нь  хүү бэр хоёрыгоо дуудасан.., Бэр гарч ирээд хүүхдийг  орон дээр тавиад толгойг нь илснээ үс нь дотор нь хөхөрч хавдсан байна шүү дээ гэхэд л толгой руу нь Бын шидсэн сандал онож гэж мэдсэн...., Гэтэл Ш П.Быг олж ирнэ гээд гараад явсан ч буцаж ирээгүй ....,  гэсэн мэдүүлэг,

 

          - Гэрч Н.Ш мэдүүлэхдээ:

 

           ...Тэр үед би  хэвтээд унтсан.., П.Б Д.Наа бос орны хажууд байсан сандлыг 120 литрийн айрагны сав руу шидсэн..., Нэг шидчихээд ахиад өндийгөөд аваад өмнөх газар луугаа ахиад шидсэн..., сандал шидсэний дараа би эхнэр, П.Б хоёрыг гар гээд гаргасан..., Тэгтэл Д.Н хүргээд өг гэхээр нь машинаа асаагаад гэрийн үүдэнд ирж зогстол гэр дотор сав суулга түчигнэх чимээ гарсан. .., гэрт ортол Д.Н орны хөлд дөрвөн хөллөөд хүүхдээ тэвэрээд уначихсан байсан..., гэсэн мэдүүлэг,

 

              -Гэрч С.Ггийн өгсөн:

 

              ... Гэрт М.Ш, Д.Н, манай зээ хүү, талийгаач хүүхэд, П.Б бид зургуулаа байсан. П.Б орой 21 цаг өнгөрөөд хадлангаас буулаа гээд ирсэн..., тэр үед П.Б 2 удаа сандал шидсэн..,.Эхний удаа шидэхэд Д.Н хана руу хараад хүүхдээ өөрлүүгээ харуулаад хэвтсэн байсан..., Тэгээд Д.Ныг босохгүй болохоор дахин сандал аваад шидсэн.., Сандал шидсэний дараа хүүхэд уйлсан, сэрсэн зүйл болоогүй..., Тэгтэл Б бид хоёрыг Ш гар гээд хөөхөөр нь би Баянаатай гараад машин дотор нь байсан...,  Нэг их удаагүй Ш машинаа асаагаад явсан...,  Үүрээр 4 цагт цагдаа ирээд хүүхэд яаралтай хот руу явлаа гэхээр нь л мэдсэн..,  гэсэн мэдүүлэг,

 

           Гэрч Д.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

         :... 2015 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн үед  манай эмнэлгийн сувилагч Лхагважав залгаад ухаангүй хүүхэд эмнэлэг дээр ирлээ яаралтай ир гэж мэдэгдсэн...,  Тэгээд иртэл хүүхэд ухаангүй байдалтай хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, нүд рүү нь гэрэл тусгаж үзэхэд гэрлийн урвалгүй, биеийн температур буурсан бие хөрсөн, хүйтэн баруун нүд нь хөхөрсөн, баруун чамархайн дээд хэсэгт гэмтэл авсан, толгойн хэсэгт хавантай гадуураа хувцасгүй, 2 орчим насны хүүхэд байсан. .., Миний араас статистик эмч Оюун, эрхлэгч эмч Үүрийнтуяа нар ирээд сувилагч Лхагважав, асрагч Ганчимэг нарын хамтаар эмчилгээ хийсэн..., Эхлээд тархины хаван буулгах эмчилгээ, цус тогтоох эмчилгээ, хүчил төрөгчийн эмчилгээ, өвдөлт намдаах эмчилгээ зэргийг хийж Улаанбаатар хотод гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай хүргэх арга хэмжээ авч машинаар яаралтай явсан..., гэсэн мэдүүлэг /х.х-ийн  28-р хуудас/,

 

           Гэрч Д.Тогтохбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

           ...Манай эхнэр Ч.М хүүхдийн үсийг илж үзснээ хавдсан байна.., Толгойг нь юмаар цохисон байна шүү дээ гэж хэлсэн..., Тэгтэл Ш ах орж ирээд сонссоноо тэгвэл цохисон хүнийг нь олж ирнэ ээ гээд гараад явсан.., гэсэн мэдүүлэг /х.хийн  34-р хуудас/,       

 

            Гэрч Ч.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

          ...2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 02 цагийн үед  сумын төвд манай  гэрт Шижир,  ээж Д.Н, талийгаач охин болох П.М нарын хамтаар Шижир гуайн машинтай ирсэн..,  Тэгээд ээж  охины бие нь хачин болчихсон  эмнэлэг явж үзүүлнэ гээд гэрт ороод манай нөхөр Д.Тогтохбаяр, Ш, ээж Н бид хэд харсан чинь биед нь ямар нэгэн шарх сорви байхгүй, унтсан нүдээ анисан өөрийн гэсэн мэдрэлгүй байсан...,  Тухайн үед М-ийн баруун талын дух нь нилэнхүйдээ хөхөрч хавдсан байдалтай байсан.., Эмнэлэг дээр ирж үзүүлсэн чинь эмч нар гарч ирээд тархиндаа харвалт өгсөн байна яаралтай Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр авч явах шаардлагатай байна гэж хэлсэн..., Тэгээд Баяннуур сумын эмнэлгээс Улаанбаатар хот руу гэмтэл согог судлалын үндэсний төв рүү эмчилгээнд явсан..., Би тэр үед хүүхдийн толгойг цохиод гэмтээсэн байна шүү дээ гэхэд Ш гуай цохисон Баянааг авч ирнэ гээд яваад өгсөн ..., гэсэн мэдүүлэг /х.хийн  25-р хуудас/,

 

         -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1901 дугаартай:

         -Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл, баруун дух, зулайн ясны цөмөрсөн хугарал, тархи дарагдалтаас чөлөөлөх, тархины баруун тал бөмбөлгийн тархмал байрласан хатуу бүрхүүл доорх цусан хураа авах мэс заслын дараах байдал, зулайн суман заадас салсан шугаман хугарал, баруун зулайн дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, дух, зулай, чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, эдийн няцрал баруун дух зулай чамархай хэсгийн хуйхны дотор гадаргуу, ясны хальсны цус хуралт, духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий нас барахаас өмнө үүссэн гэмтлүүд тогтоогдлоо..., Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..., гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2.д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана..., Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ..., Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүрэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй... гэсэн дүгнэлт, /1 х.хийн  44-45 хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1161 дугаартай:

 

         ...Талийгаач П.М-ийн цогцост учирсан баруун дух, зулай ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь 29 см урт, 27.5 см өргөн хэмжээтэй модон тавцантай, тавцангийн зузаан 1.3 мм дөрвөн буланг нь бөөрөнхийлж тайрсан, төмөр холбоостой, 1.4 кг жинтэй сандлаар цохигдоход үүсэх боломжтой..., Зулайн суман заадсын салалт нь задлан шинжилгээ хийгдэх явцад үүссэн байх боломжтой. Баруун дух зулай ясны цөмөрсөн хугарал нь хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба эд мөрийн баримтаар хураагдсан сандлын модон тавцангийн 4 талын булан болон төмөр хөлний дугуй ирмэгтэй /хугараагүй/ хэсгүүдээр үүсгэгдэх боломжтой ...,гэсэн дүгнэлт ,/ х.хийн 335-337-р хуудас/

 

             Шинжээч Г.Ханхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

             1161 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргахад  оролцсон. Хүүхдийн духанд үүссэн ясны хугарал нь сандалаар цохиход үүсэх боломжтой гэж үзсэн. Сандалыг хэргийн материалтай хамт шинжилгээнд ирүүлснийг биетээр үзсэн. Сандалаар цохисон гэж үзвэл хүүхдэд зовиур шаналгаа илэрнэ. Гэхдээ огт зовиур шаналгаа илрэхгүй ухаан алдсан, балартсан байж болно. Хүүхдийн духны гэмтэл нь дух зулайн ясны хугарал байсан. Хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохиход гадна талаараа шарх үүсэж болно. Шарх үүсэхгүй битүү гэмтэл ч үүсэх боломжтой. Хүчний үйлчлэл, талбай, хурд зэргээс хамаараад хүүхдийн толгойд гэмтэл авангуут ухаан алдах боломжтой. Хүүхэд зүрхий хэмийн догол, гавлын ясны хугарал, эдгээрийн улмаас тархи цусан хангамжийн дутагдлаар нас барсан. Яс цөмөрч судас тасраад тархиа дараад нас барсан байсан гэсэн мэдүүлэг,

 

            Шинжээч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

           ... Гавал тархины гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээс үүснэ.., Тухайлбал хязаарлагдмал гадаргуутай буюу жижиг гадаргуутай зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ..., Дээрх гавал тархины гэмтэл нь хүүхдийн толгойг хязгаарлагдмал гадаргуутай зүйл буюу сандлын ирмэгээр цохих, эсвэл сандал шидэхэд сандлын ирмэг булангаар цохигдох үед үүсгэгдэх боломжтой..., Харин өөрийн өндрөөс болон том хүн тэвэрч байгаад хүүхдийг унагах үед үүсэх боломжгүй.., гэсэн мэдүүлэг /хх.ийн 115-116 хуудас/, болон гэрч Д.Н, Н.Ш, Д.Тогтохбаяр, Ч.М, Ш нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл / хх.ийн 105-113-р хуудас/ зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

 

           Шүүгдэгч  П.Бын үйлдсэн хэрэг нь дээрх  нотлох баримтуудаас гадна тухайн үйл баримт, түүнчлэн цаг хугацааны хувьд ч хохирогч П. Маралгаагийн биед учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь хангалттай нотлогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял оногдуулжээ.           

 

            Шүүгдэгч П.Б-д хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, хэргийн газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлсэн, дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогч, түүнчлэн шинжээч эмчээс хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох  нөхцөл  байдлыг шалгаж тогтоосон байна.

        

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, П.Бын  гаргасан ...би  сандалыг орны хөлд байсан айрагны сав руу чиглүүлж шидсэн..., Орон дээр 2 том хүн, 2 хүүхэд унтаж байсан тул төмөр хөлтэй сандал тэднийг гэмтээх байтугай нам цохиод ална шүү дээ... , надад гэм буруугүй... гэсэн..,

 

           Түүний өмгөөлөгч нарын гаргасан ...хавтаст хэрэгт сандалыг хүүхэд рүү  шидээгүй өөр зүгт шидсэн байдаг..., мөн гэрч Н олон удаагийн мэдүүлэгтээ нэг ч удаа “сандал охиныг оносон” тухай яриагүй..., гэрч М, гэрч Ж, хохирогч Ү нарын хэн нь ч сандалаар хохирогч охиныг цохисон тухай шууд ба шууд бусаар зааж мэдүүлдэггүй..., дээрхи нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийгээгүй бөгөөд Н согтуу үедээ хүүхдийг тэвэрч гарахдаа унагаж духаар нь 1 удаа мохоо зүйл мөргүүлсэн байхыг үгүйсгэхгүй.., үүнийг   шалгаагүй..., шийтгэх тогтоол  үндэслэлгүй..., гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргасныг хүлээж авах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Д.Оюунчимэг нарын давж заалдах гомдлыг тус, тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

                                                                                      

                   ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА                                                                   

                                                                                                Ц.ТУЯА