| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 102/2018/02484/И |
| Дугаар | 001/ХТ2019/00426 |
| Огноо | 2019-03-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2019/00426
Л ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/02810 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2334 дүгээр магадлалтай,
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт холбогдох
Явуулын тасалбарын нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,969,880 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л а нь 1990 онд Улаанбаатар төмөр замын техникумийг техникч мэргэжлээр төгсөж, 1997 онд Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төвд мөнгөний нярав, суурийн кассир, тээшийн кассир зэрэг ажлуудыг хийж байгаад 2004 оноос явуулын тасалбарын няраваар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж ажилласан. Гэтэл 2018 оны 03 сарын 01-ний өдөр 58 дугаар тушаалаар Л ын хөдөлмөрийн гэрээг тухайн ажилтны орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр цуцалсан. Хөдөлмөрийн гэрээ цуцалсныг эс зөвшөөрч Л а нь ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Энэ нэхэмжлэлийг Улаанбаатар төмөр зам нийгэмлэг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учраас хариуцагчийн зөвшөөрлийг баталж 2018 оны 102/ШШ2018/01249 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан. Ингээд ажилдаа орох гэтэл Хуулийн албаны орлогч дарга 2018 оны 04 сарын 17-ны өдөр дуудаж уулзахад “таны орон тоо цөөрсөн” гээд хөдөлмөрийн гэрээг 2018 оны 05 сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцлах мэдэгдэл өгсөн. Мөн Л ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 58 дугаар тушаалыг хүчингүй болгосон тушаалыг гаргасан. Ингээд хариуцагч 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 96 дугаар тушаалаар Л ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаал нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Л ын хууль ёсны эрх ашгийг хохироосон тул гомдол гаргасан. Л ыг урьд нь ажлаас халахдаа мэдэгдэл өгөөгүй, хариуцагч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орох гээд очиход нь дахин мэдэгдэл өгч хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл, орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр Л ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан гомдлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангахгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус, орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2 удаа цуцалсан байна. Хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтны орон тоог цомхтгосон, цөөрүүлсэн, хасагдсан тохиолдолд ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн. Иймд Л ыг явуулын тасалбарын няравын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, түүнд ногдох нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү. Л ын цалин хөлс 501738 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр тооцоход сүүлийн 2, 3, 4 дүгээр саруудын цалин хөлс 4,193,145 төгрөг, ажлын 59 хоног байсан. Дундаж цалин хөлс нь 71,070 төгрөг, 2018 оны 05 сарын 18-ны өдрөөс хойш ажлын 84 өдөр болж байгаа бөгөөд нийт 5,969,880 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг дараах 3 үндэслэлээр зөвшөөрөхгүй. Ажилтны орон тоог цөөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, баримтаар нотлогдсон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхой дурдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 18-ны өдрийн 01249 дугаартай захирамжаар Улаанбаатар төмөр замын тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 96 дугаартай тушаалаар Л ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримтыг тогтоогоогүй. Орон тоог цөөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Орон тоог Улаанбаатар төмөр замын дарга батлах эрхтэй, энэ нь Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 07 сарын 04-ний өдрийн А259 дугаартай тушаалаар батлагдсан Тасалбар худалдаалах төвийн дүрмийн 3.2 дахь хэсэгт Төвийн орон тоо, цалингийн санг Улаанбаатар төмөр замын дарга тогтоож батална гэж заасан. Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар зүйлийн з заалт, Ерөнхий хорооны 2009 оны 04 сарын 17-ны өдрийн 4 дүгээр протоколын 10.6 дахь заалтаар орон тоо батлах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх эрхийг замын даргад олгосон. Энэ баримтуудаар замын дарга орон тоо батлах эрхтэй гэдэг нь тогтоогдож байгаа. Энэхүү эрхийнхээ хүрээнд замын дарга жил бүр тухайн оныхоо бүх байгууллагуудын орон тоог баталдаг. Үүний дагуу замын даргын 2018 оны 02 сарын 07-ны өдрийн А45 дугаартай тушаал гарсан. Энэ тушаалаар Улаанбаатар төмөр замын удирдах газрын бүтэц, ажилтнуудын орон тоо, хоёрдугаар хавсралтаар нь салбар нэгжүүдийн орон тоог баталсан. Энэ жагсаалтын 20-д Тасалбар худалдаалах төвийн орон тоог 98 орон тоотой ажиллахаар баталсан. Үүнтэй уялдуулан 98 орон тоонд ямар, ямар ажил албан тушаалтай хүмүүс, албан хаагчдын нэрсийн жагсаалт, цалин баталсан байгаа. Энэ шийдвэрийн 19 дүгээр мөрөнд явуулын тасалбарын няравын орон тоо нь 2017 онд 37 байсан бол 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 34 орон тоо болгож, орон тоог 3 болгож цөөрүүлж баталсан. Орон тоог цөөрүүлэхдээ тодорхой судалгаа, ажил амралтын дэглэмийн норматив, зураг авалт зэрэг бүх ажиллагаануудыг хийсний үндсэн дээр орон тоог цөөрүүлэх шийдвэрийг гаргасан. 2017 оны 6 сард Тасалбар худалдаалах төвийн орон тооны судалгааг хийж, зорчигч тээвэрлэлт сүүлийн 10 жилийн байдлаар ямар байсан, өнөөдөр ямар байгаа, үүнээс хичнээн хүнд нь явуулын тасалбар бичдэг талаар харьцуулан судалсан. Гэтэл 2006 онд Улаанбаатар төмөр замаар 4,300,000 зорчигчийг тээвэрлэдэг байсан бол 2016 онд 2,400,000 болж буурсан, үүнээс 11-12 хувьд нь явуулын тасалбарын нярав тасалбар бичдэг байсан. Үүнээс харахад явуулын тасалбарын няравын орон тоо илүүдэлтэй, төв алдагдалтай ажилласан. Зураг авалт хийгээд үзэхээр ажилчдын ажил, амралтын норматив цаг нь бодит байдалтай нийцэхгүй байсан. Өөрөөр хэлбэл, галт тэрэг 21 цаг ажиллаж байхад тухайн явуулын тасалбарын нярав 30 цаг ажилласан цагаар авдаг, 2 ээлжийн хооронд 2-5 цаг амарч байгаа хирнээ дандаа илүү цаг гарсан үзүүлэлттэй байсан. Иймээс ажил амралтын дэглэмийнх нь цагийг өөрчилж тогтоосон. Ингээд өөрчилж тогтоохоор ажилтнууд дээр хасах цагууд гарч, орон тоо илүүдэлтэй байгаа нь баталгаажсан. Энэ судалгаагаар 7 орон тоо илүүтэй байсан. Сард дунджаар ажилтнууд өвдөнө, амарна гэж тооцвол 2018 онд эхний ээлжинд 3 орон тоог цөөрүүлэхээр шийдвэрлэсэн. Тасалбар худалдаалах төвд нийт 56 хүн ажиллаж байсныг 53 хүн болгосон. Энэ 56 хүнээс хэнийг нь авч үлдэж, хэнийг нь явуулах вэ гэдгийг байгууллага шийдэж, сонгон шалгаруулалт явуулж, мэдлэг ур чадварын шалгалт авсан. Түүнээс хүмүүсийг ажилласан жил, боловсролын байдлаар нь ялгахыг хүсээгүй, бүх хүмүүст тэгш хандсан. Шалгалт авахдаа орон тоо цөөрүүлсэн талаар ажилтнуудад 2018 оны 01 сарын 03, 04-ний өдөр хурал хийж, мэдэгдэж танилцуулсан. Шалгалт авах удирдамжаа боловсруулж, 65-аас бага оноо авсан хүн шалгалтад тэнцэхгүй байхаар зааж, шалгалтын комиссыг 7 хүний бүрэлдэхүүнтэй томилсон. Энэ удирдамж боловсруулах, шалгалт авах комиссыг томилох бүрэлдэхүүнд Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл оролцож, санал хүсэлтийг авч, хяналт тавьж оролцсон. Энэ ажиллагаа нь шударга явагдсан. Ингээд 56 хүн бүгдээрээ шалгалтад орсон боловч зарим нь эхний ээлжид шалгалтдаа унасан. Гэхдээ шалгалтад унасан хүмүүст 3 удаа шалгалт өгөх боломж олгосон. Ингээд 56 хүнээс 3 хүн нь 3 удаа шалгалтдаа тэнцээгүй. Түүний нэг нь Л а юм. 2018 оны 01 сарын 23, 24-ний өдрүүдэд шалгалт авсан. Дараа нь 2018 оны 02 сарын 12, 2018 оны 02 сарын 21-ний өдрүүдэд тус тус 3 удаа шалгалт авсан. Л а шалгалтдаа тэнцээгүй учраас бид хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй. Бид 2018 оны 01 сарын 03, 04-ний өдрүүдэд ажилтнуудад мэдэгдэл өгсөн гэж ойлгож, байгууллага хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Гэхдээ шалгалтад тэнцээгүй 3 хүндээ орон тооны цомхтголд орж байна шүү гэдгийг мэдэгдээгүй нь процессын алдаа байсан. Үүнийг бид шүүхэд ирснийхээ дараа мэдсэн. Бид хэдийгээр бүх ажиллагаагаа хууль ёсны дагуу хийсэн боловч шүүхийн шатанд ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байсан учраас хуульд заасан нэг сарын өмнө мэдэгдэл өгөх ажиллагааг хийлгэх зорилгоор 2018 оны 03 сарын 01-ний өдрийн тушаалыг 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 82 тоот шийдвэрээр хүчингүй болгосон. Шүүгчийн 01249 тоот захирамжаас харахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ орон тоог цөөрүүлсэн нь үндэслэлгүй гэсэн нэг ч үг, үсэг, тайлбар байхгүй. Шүүхийн шийдвэр үндсэн агуулгынхаа хувьд нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, баримт материал, нотлох баримтад үндэслэн шийдвэрийг гаргадаг. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захирамжид тийм үг үсэг, утга агуулга байхгүй. Иймд бид тушаалаа хүчингүй болгож, 2018 оны 04 сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэл гардуулсан. 2018 оны 04 сарын 18-ны өдөр шүүгчийн захирамж гарсан. Бид шүүгчийн захирамж гарахаас өмнө мэдэгдлийг гардуулсан. Энэ үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэдгийг үгүйсгэнэ. Л ад 2018 оны 04 сарын 17-ны өдөр мэдэгдэл гардуулаад 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 96 тоот тушаал гаргасан. Энэ тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, мөн Улаанбаатар төмөр замын орон тоо баталсан 2018 оны 02 сарын 07-ны өдрийн А45 тушаал, 2018 оны 04 сарын 17-ны өдөр гаргасан мэдэгдэл зэргийг үндэслэн явуулын тасалбарын няравын орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан явуулын тасалбарын нярваар ажиллаж байсан Л атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ шийдвэрийн талаар нэхэмжлэгч 2018 оны 06 сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шаардлагын үндэслэлээ тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг зөрчиж байна. Нэхэмжлэгч орон тоо цөөрүүлэх эрхгүй гэж маргаж байгаа юм уу, эсвэл орон тоо цөөрүүлсэн нь бодит бус гэж маргаж байгаа юм уу, эсвэл орон тоо цөөрүүлэхдээ сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус гэж үзсэн эсэх нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байгаа учраас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг няцаах, тайлбар нотлох баримтыг гаргаж өгөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим гүйцэд хангагдахгүй байсан. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захирамжаар Л ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2018 оны 05 сарын 18-ны өдрийн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар ямар ч үйл баримтыг тогтоогоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.3 дахь хэсэгт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Шүүхийн шийдвэр ямар үндэслэлээр гарсан эсэхийг тогтоох ёстой. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захирамж нь 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 58 дугаар тушаалтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч 2018 оны 06 сарын 18-ны өдөр 2018 оны 05 сарын 18-ны өдрийн тушаалын талаар маргаж байгаа. Эдгээр тушаалууд нь цаг хугацааны хувьд болон эрх зүйн үндэслэл, агуулгын хувьд ялгаатай. Энэ захирамжийн үндэслэх хэсэгт Тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 04 сарын 13-ны 82 тоот тушаалаар тус төвийн даргын 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 58 тоот тушаалыг хүчингүй болгож, Л ыг хөдөлмөрийн гэрээний дагуу үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн. Энэ захирамжид хариуцагч орон тоог цөөрүүлсэн нь үндэслэлтэй эсэх талаар шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй. Мөн орон тоо цөөрүүлсэн эсэх талаарх үйл баримтыг ч тогтоогоогүй. Иймээс талууд орон тоо цөөрүүлсэн нь үндэслэлтэй, үндэслэлгүй гэж маргах эрхтэй гэж ойлгож байна. Энэ үйл баримтыг шүүх тогтоогоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх хэсэгт заасан заалт нь нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой заалт юм. Гэтэл шүүгчийн захирамжаар орон тоо цөөрүүлсэн эсэх талаарх үйл баримтыг тогтоогоогүй учраас бид өнөөдөр маргах эрхтэй. Шүүх нэгэнт эрх зүйн үр дагавар нь дуусгавар болчихсон баримт буюу 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 58 тоот тушаалын талаар дүгнэлт хийхгүй. Харин 2018 оны 05 сарын 18-ны өдрийн тушаалын эрх зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх юм. Улаанбаатар төмөр замын орон тоо цөөрүүлсэн шийдвэр одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. Орон тоо цөөрүүлсэн шийдвэр хууль бус болох талаар нэхэмжлэгч маргаагүй. Өөр ямар нэгэн шатанд хандаагүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захирамжийн дүгнэлт, үндэслэл хэсгээс харахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэх үйл баримт, утга агуулга байхгүй. Бид нар процессынхоо алдааг залруулсан. Ингээд хууль ёсны дагуу хүчин төгөлдөр шийдвэр гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн өнөөдөр гаргаж өгсөн цалингийн тооцооны хүснэгт дээр нэхэмжлэгчид ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж 2,112,489 төгрөгийг олгосон. 2018 оны 3 сард ажлаас халах шийдвэр гаргахдаа олгоод, буцааж тушаалаа хүчингүй болгохоор ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгох маань ч үндэслэлгүй болно. Бид нар мөнгөө буцааж суутгаж аваагүй. 2018 оны 5 сарын шийдвэр дээр тусгасан байгаа гэжээ.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/02810 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Лхамын Гантулгыг Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Тасалбар худалдаалах төвийн явуулын тасалбарын няравын ажилд эгүүлэн тогтоож, УБТЗ нийгэмлэгээс ажилгүй байсан хугацааны олговорт 5,590,860 төгрөг гаргуулж Л ад олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 379,020 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Л ад олгох олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 104,403 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2334 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/02810 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,969,880 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай Л ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгсийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2334 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг тус тус үндэслэн хяналтын шатны шүүхэд гомдол гаргалаа.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэр ИХШХШтХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагатай нийцээгүй бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тухайлбал магадлалын хянавал хэсэгт “Тасалбар худалдаалах төвийн орон тоог 100 байсныг 98 болгон цөөрүүлсэн болох нь хэргийн 23-27 дугаар тал дахь баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.” гэжээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Намайг бүтцийн өөрчлөлтийн улмаас хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар шийдвэрийг гаргаж, энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахгүй талаар шүүхэд хариуцагч УБТЗ ХНН хүргүүлж байсан. Гэтэл урьд миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээрээ дахин цуцалсныг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэж тодорхойлсон бөгөөд талуудын хооронд үүссэн маргаан нь шүүхийн хүчин төгөлдөр захирамжаар ажилд эгүүлэн тогтоогдсон байхад ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж маргажээ. Харин шүүх маргааны зүйлтэй хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийхдээ маргааны зүйлээ зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөллөө. Давж заалдах шатны шүүхээс Л а шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээ 2018 оны 03 сарын 28-ны өдөр гаргасан. Энэхүү нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хариуцагчид гардуулахад хариуцагч 2018 оны 04 сарын 13-ны өдрийн тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүх 2018 оны 04 сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШШ2018/01249 дугаар “Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай” захирамжийг гаргасан. Энэхүү үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж “Хөдөлмөрийн гэрээний дагуу үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрсөн шүүгчийн захирамжийг биелээгүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэлээ.” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шүүх ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэртэй, энэхүү шийдвэр нь хүчин төгөлдөр атал түүнийг ажилдаа орохоор ирэхэд нь ажлаас халах мэдэгдэл өгч байгаа нь нэгдүгээрт шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилд эгүүлэн авах үүрэгтэй гэж заасныг, Хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” байхыг заасныг зөрчсөн байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2334 дүгээр магадлалыг хүчингүй болгон Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Л а нь хариуцагч “Улаанбаатар Төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,969,880.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...ажилтны орон тоог цөөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, ...хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захирамж нь 2018 оны 03 сарын 01-ний өдрийн тушаалтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, ...2018 оны 05 сарын 18-ны өдрийн тушаал нь цаг хугацааны хувьд болон эрх зүйн үндэслэл, агуулгын хувьд ялгаатай гэж маргажээ.
Энэ нэхэмжлэл гарахаас өмнө Улаанбаатар Төмөр замын Тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 03 сарын 01-ний өдөр 58 дугаар тушаалаар ажилтны орон тоог цөөрүүлсэн, техникийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад 3 удаа хангалтгүй дүн үзүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч Л атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг ажилтан эс зөвшөөрч, анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагыг гаргасан байна.
Ажил олгогч буюу хариуцагч нь ажилтны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тус төвийн даргын 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 82 тоот тушаалаар дээрх тушаалыг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээний дагуу үргэлжлүүлэн ажиллуулна гэсний дагуу Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 сарын 18-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 102/ШШ2018/01249 тоот захирамж гарсан нь хүчин төгөлдөр болжээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамж 2018 оны 04 сарын 18-ны өдөр гарсан байхад ажил олгогч нь ажилтан Л ад 2018 оны 04 сарын 17-ны өдөр ажлаас халах тухай мэдэгдэл гардуулж, Тасалбар худалдаалах төвийн даргын 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 96 тоот тушаалаар явуулын тасалбарын нярвын орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дахин цуцалсан байна.
Орон тоо цөөрүүлсэнтэй холбоотой зохигч талуудын маргааны үйл баримтын талаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул энэ үйл баримттай холбоотой маргааны талаар шүүх дахин дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцэхгүй.
Иймээс зохигчдын хооронд үүссэн маргааны үндэслэл болсон ажилтныг ажлаас чөлөөлсөн үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байхад ажилтны хөдөлмөрийн гэрээг дахин цуцалсан нь үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь 2018 оны 04 сарын 18-ны өдрийн захирамжаас хойш дахин орон тоо цөөрүүлсэн тухай баримт шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгч Л ыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн явуулын тасалбарын нярвын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 5,590,860.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчжээ.
Ажил олгогч нь ажилтныг нэг үндэслэлээр хоёр удаа ажлаас халсан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад “...Л ыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 58 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай нэг сарын өмнө мэдэгдэх, мэдэгдэл өгөлгүй халсан алдаагаа шүүгчийн захирамжийн дараа залруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэл гардуулсныг хууль зөрчөөгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д нийцсэн гэж үзэхгүй.
Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2334 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/02810 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН