Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00425

 

“С ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01801 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2300 дугаар магадлалтай,

            “С ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “Б ” ХХК-д холбогдох

         Даатгалын эрсдэлийн нөхөн төлбөрт 240,162,768 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Б ” ХХК-тай 2017 оны 01 сарын 27-ны өдөр PIA202170201088 тоот хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Тээвэрчдийн гудамж, Нарны зам-53/2, 53/3 тоот хаягт байрлах “С ” ХХК-ийн Саруул маркет 2 объектыг 2018 оны 01 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд даатгуулсан.  2017 оны 03 сарын 11-ний өдрөөс 2017 оны 03 сарын 12-нд шилжих шөнийн 02 цаг 30 минут орчимд даатгалын зүйл болох “Саруул маркет” худалдааны төвд гал гарч, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан бөгөөд прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэрээний 5.2-т зааснаар даатгалын үнэлгээ, хураамжийн хэмжээг талууд тохиролцсон ба даатгалын төлбөрийг даатгуулагч тал 100 хувь төлж барагдуулсан. Мөн гэрээний 13.4-т “Даатгуулагч хураамжаа гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй бол хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,3 хувийн алданги даатгагчид төлөх”-өөр даатгуулагчийн хүлээх хариуцлагыг тохиролцсон. Галын улмаас “Үнэлгээ консалтинг” ХХК-ийн гаргасан үнэлгээгээр 179,762,624 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон. Гэрээний 4.1-д гал, цахилгааны гэмтэл нь даатгалын үндсэн эрсдэл байхаар харилцан тохиролцсон, 8.2-т Даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй, 9.1-д Даатгуулагч нь даатгалын тохиолдол болсон үед хууль болон гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй байна. 2017 оны 06 сарын 09-ний өдрийн 17/48 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр авах хүсэлтийг холбогдох баримтуудын хамт хүргүүлсэн ч “Б ” ХХК гэрээний 11.7 дахь хэсэгт заасан хугацаанд нөхөн төлбөр төлөөгүй. Улмаар 2017 оны 07 сарын 25-ны өдөр 17/62 тоот албан бичгээр дахин хандсан. Гэтэл 2017 оны 09 сарын 26-ны өдрийн 04/188 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан хариу ирүүлсэн. 2017 оны 08 сарын 15-ны өдрийн 04/159 тоот албан бичгээр нэмэлт тодруулга, мэдээлэл авахыг хүссэн учир 2017 оны 09 сарын 05-ны өдөр 17/79 тоотоор хариуг баримтуудын хамт хүргүүлсэн. Санхүүгийн зохицуулах хороо 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 9/3471 тоот албан бичигт “...даатгуулагчид нөхөн төлбөрийг олгож, тус хороонд 2017 оны 12 сарын 14-ний өдрийн дотор мэдэгдэх” талаар шийдвэрлэсэн боловч үүргээ биелүүлээгүй тул гэрээнд зааснаар даатгалын нөхөн төлбөрт 179,762,624 төгрөг, алданги 60,400,144 төгрөг, нийт 240,162,768.00  төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Даатгалын гэрээний 5.2-т гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, даатгалын төлбөрийг хуваарийн дагуу төлж эхэлсэн тохиолдолд буюу хуваарийн дагуу төлөгдсөнөөс хойш гэрээ хүчин төгөлдөр болохоор заасан. Бид гэрээний 5.2-т заасныг үндэслэж нөхөн олговор олгохоос татгалзаж байна. Даатгуулагч нь гэрээгээр 2017 оны 01 сарын 30-ны дотор 7,500,000 төгрөг, 2017 оны 04 сарын 30-ны дотор 7,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэвч гэрээгээр тохирсон хугацаанд мөнгийг шилжүүлээгүй, эхний ээлжийн төлбөрөөс 4,000,000 төгрөгийг 2017 оны 02 сарын 01-ний өдөр шилжүүлсэн. Даатгалын тохиолдол 2017 оны 03 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө гарсан нь гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс өмнө болсон. Даатгалын гэрээнд талууд төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулах, даатгагчийн хувьд гэрээнд заасан даатгалын тохиолдол гарсан тохиолдолд нөхөн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээсэн боловч даатгуулагч нь гэрээний үүргээ 100 хувь биелүүлээгүй байж даатгагчаас 100 хувийн үүргийн гүйцэтгэлийг шаардах нь шударга бус юм. Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь хэсэгт даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй гэжээ. Даатгуулагч гэрээний дагуу тогтоосон хугацаанд үүргийг биелүүлээгүй тул даатгагч компани нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Мөн алданги 60,400,144 төгрөгийг даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн учир төлөх үндэслэлгүй. Даатгагч нь хуульд зааснаар даатгуулагчаас ирсэн төлбөрийг тодорхой хэмжээний төлбөрийн нөөц санд төвлөрүүлж, түүнээсээ даатгалын эрсдэл гарсан даатгуулагч нарт нөхөн төлбөр олгодог онцлогтой. Гэтэл даатгуулагч нь хураамжаа гүйцэд төлөөгүй байхад даатгалын тохиолдол гарч, түүний дараа нөхөн төлбөрөө нэхэмжилж байгаа нь бусад даатгуулагч нарын эрх ашигт хохиролтой. Нөгөө талаар даатгалын хураамжийг 100 хувь буюу 7,500,000 төгрөгийг төлсөн бол даатгалын компани тухайн үед нь үүргээ 100 хувь гүйцэтгэх боловч даатгуулагчийн төлсөн 4,000,000 төгрөгт үүргийн гүйцэтгэлийг хувь тэнцүүлэн төлж болох уу гэдэг санаа гарч байгааг үгүйсгэх аргагүй. Нэхэмжлэгч 174,000,000 төгрөг шаардсан, 7,500,000 төгрөгийн төлбөрөөс 4,000,000 төгрөг буюу 50 орчим хувь гэж үзвэл даатгагчаас хувь тэнцүүлж гаргах нь талуудын аль алинд шударга байхыг үгүйсгэхгүй гэжээ.                     

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01801 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б ” ХХК-иас 240,162,768 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,506,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 147,406 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “Б ” ХХК-иас 1,358,764 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2300 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01801 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б ” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт нийт 179,762,624 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн 60,401,144 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “1,358,764 төгрөг” гэснийг “1,056,763 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 60,401,144 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Магадлалын Хянавал хэсэгт “... нэхэмжлэгч нь даатгалын гэрээний дагуу хариуцагч компанийг нөхөн төлбөр төлөх үүргээ хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн гэж алдангид 60,400,144 төгрөг гаргуулахаар шаардах боловч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэхийг шүүх анхаарч үзээгүй байна. Иймд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар нэхэмжлэгч нь хөрөнгийн даатгалын гэрээ ёсоор даатгагч талаас алданги шаардах эрхгүй гэж дүгнэв” хэмээн дурджээ. “С ” ХХК нь “Б ” ХХК-тай 2017.01.27-ны өдөр Р1А202170201088 тоот хөрөнгийн даатгалын гэрээг байгуулж, Саруул маркет 2 объектыг даатгуулсан бөгөөд 2017.03.11-2017.03.12-нд шилжих шөнө гал гарч, даатгалын зүйл устсан юм. “С ” ХХК-ийн зүгээс 2017.01.27-ны өдөр байгуулсан Р1А202170201088 тоот хөрөнгийн даатгалын гэрээнд заасны дагуу 2017.02.01-ний өдөр 4,000,000 төгрөг, 2017.04.13-ны өдөр 3,500,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 790,500 төгрөг, 2017.04.29-ний өдөр 3,500,000 төгрөг, 2017.07.09-ний өдөр 4,000,000 төгрөг хугацаа хэтрүүлсний алдангид 120,000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд даатгалын хураамж төлөх үүргээ ийнхүү биелүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д тус тус заасны дагуу хугацаа хэтрүүлсний хариуцлагыг хүлээж, хариуцагч байгууллагатай харилцан тохиролцсоны дагуу түүний шаардсанаар хугацаа хэтрүүлсний алдангийг /2017.04.13, 2017.07.09-ний өдрүүдэд/ бүрэн төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл, “Б ” ХХК-иас шаардсаны дагуу мөнгөн төлбөрийн үүргээ хожимдуулсны хариуцлагад дээрх байдлаар алданги төлсөн тул 2017.07.10-ны өдрөөс хойших хугацаанд нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Нөгөөтэйгүүр талуудын хооронд байгуулагдсан хөрөнгийн даатгалын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.7-д “Даатгалын тохиолдол болсон үед даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор хууль болон энэхүү гэрээнд заасан хэмжээгээр нөхөн төлбөрийг олгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс нөхөн төлбөр хүсэх тухай хүсэлтийг 2017.06.09-ний өдрийн 17/48 тоот албан бичгээр хариуцагч “Б ” ХХК-д хүргүүлсэн. Гэвч “Б ” ХХК-ийн гэрээний дээрх заалт /11.7/-ын дагуу ажлын 5 өдөр буюу 2017.06.16-ны өдөр нөхөн төлбөрийг олгох ёстой /эсхүл олгох боломжгүй талаар албан ёсоор хариу өгөх/ байтал гэрээний дээрх заалтыг зөрчиж, гэрээгээр тохиролцсон хугацаанд нөхөн төлбөрийг олгоогүй. Мөн даатгалын хураамжийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүсэх үр дагаврыг талууд гэрээний 13 дугаар зүйлд харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс даатгалын хураамж төлөөгүйн үүрэг, үр дагаврыг гэрээний 13.4-т заасны дагуу хүлээсэн. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх байдлаар даатгалын хураамжийг хугацаандаа төлөөгүйн хариуцлагыг гэрээний 13.4-т заасны дагуу хүлээсэн атлаа алданги шаардах эрхээ алдсан хэмээн дүгнүүлж буй нь хуулиар тогтоосон хариуцлагыг давхардуулан хүлээж буй хэрэг бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан юм. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсгийг тус тус буруу тайлбарлан хэрэглэж, дээр дурдсан үйл баримтад дүгнэлт хийгээгүйн улмаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2300 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргилын хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхээс “Даатгуулагч нь даатгалын хураамж төлөх хуваарийг 1 хоногоор хэтрүүлж гэрээнд заасан хугацааг ялимгүй зөрчсөн байх боловч ийнхүү хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангийг нэхэмжлэгч төлсөн байх тул хураамж төлөх үүргээ биелүүлээгүй, үүний улмаас нөхөн төлбөр шаардах эрхээ алдсан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Учир нь Даатгалын хураамжийн үлдэгдлийг төлүүлэхээр хариуцагчаас шаардлага гаргаж буй хугацаа нь даатгуулагч нөхөн төлбөр авахаар хандахаас өмнө болсон үйл баримт болох нь хангалттай нотлогддог. Өөрөөр хэлбэл, даатгуулагч нь нөхөн төлбөр авахаар хандах эсэх нь тодорхойгүй, даатгалын тохиолдлын шалтгаан тогтоогдоогүй, нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн эсэхийг тогтоох боломжгүй, даатгалын тохиолдлыг шалгах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байх үед даатгагч гэрээний үүргийн биелэлтийг шаардах нь хураамжийг төлөөгүй байх үед үүссэн даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй холбоогүй юм. Түүнчлэн Даатгалын хураамж төлөгдөөгүй байх үед үүссэн даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийг зөвхөн алданги төлсөн байна гэх үндэслэлээр хураамж төлөх үүрэг гүйцэтгэгдсэн байна гэж үзэх нь мөн л даатгалын эрх зүйн үндсэн зарчимтай харшлах юм. Тодруулбал, Даатгуулагчдаас төлсөн даатгалын хураамжаар даатгалын нөөц сан бүрдүүлдэг бөгөөд энэхүү нөөц сангаас даатгуулагчдад нөхөн төлбөрийг олгодог. Даатгуулагч даатгалын хураамжийг нэг дор төлөх бололцоогүй үед даатгагч нь тодорхой хугацаанд хураамжийг хуваан төлөх нөхцөлийг санал болгож, нөөц санд оруулснаар, даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээ даван туулах боломжийг олгож байхад даатгуулагч нь хураамж төлөх үүргээ бүрэн гүйцэд, шударгаар, тогтоосон хугацаанд биелүүлэхгүй байхыг хураамжийг огтхон ч төлөөгүйтэй адилтгаж үзэх нь шударга юм. Түүнчлэн даатгалын гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад үүссэн тохиолдлын нөхөн төлбөрийг хожим нөхөн гүйцэтгэж төлсөн хураамжид үндэслэн шаардах нь үүргийн шинж чанартай ч зөрчилдөж байгааг анхаарах нь зүйтэй юм. Учир нь даатгалын хураамж төлүүлэх үүрэг нөхөн гүйцэтгэгдэх боломжгүй үүрэг болох нь Иргэний хуулийн 437.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлогдох юм. Бусад төрлийн буюу эд хөрөнгө шилжүүлэх, худалдах гэх мэт төрлийн гэрээний үүрэг нь нөхөн гүйцэтгэгдэх боломжтой байж болох ч энэ талаар талууд харилцан тохиролцсон байхыг буюу үүргийг нөхөн гүйцэтгэж байгааг талууд харилцан зөвшөөрсөн байхыг шаарддаг. Гэтэл маргаж буй даатгалын гэрээний хувьд нөхөн гүйцэтгэгдэж буй хураамж төлөгдөх үүрэг нь зөвхөн тухайн цаг хугацаанаас хойших даатгалын тохиолдолд үйлчлэх болохыг талууд гэрээгээр хангалттай тохиролцсон бөгөөд энэ талаар ч хуульд тодорхой заасан байдаг нь уг үүрэг нөхөн гүйцэтгэгдэх боломжгүй үүрэг байсныг нотлох юм.

Эдгээрээс дүгнэж үзвэл нэгдүгээрт, даатгагчийн алданги шаардаж байгаа нь даатгалын тохиолдол үүссэн эсэхийг шалгах боломжгүй цаг хугацаанд болсон үйл явдал тул нөхөн төлбөр төлөхийг шаардах эрхтэй хамааралгүй, хоёрдугаарт, даатгалын хураамж төлөх үүрэг нь бусад төрлийн гэрээний адил нөхөн гүйцэтгэгдэж түүнийг нь талууд хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болох боломжтой үүрэг биш байхад шүүхийн зүгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги төлсөн учир даатгалын тохиолдол гарах үед хураамжийг төлсөн байсан гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шинжтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс даатгалын хураамжийг хугацаандаа төлөгдөөгүй байх үед буюу даатгалын тохиолдол болсноос хойш алданги нэхэмжилсэн үйлдэл нь даатгалын гэрээг цаашид хүчин төгөлдөр болгох алхам бөгөөд даатгуулагч нь хураамжийг бүрэн төлснөөс хойш гарсан даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байгаа бөгөөд энэ тухайгаа хоёр шатны шүүхэд үндэслэлтэйгээр тайлбарласан боловч Давж заалдах шатны шүүхээс хураамж 2017 оны 02 сарын 01-ний өдөр төлөгдсөн учир буюу “Эхний төлбөр даатгалын эрсдэл болохоос өмнө төлөгдсөн, бусад хураамжийг даатгагч талын нэхэмжлэхийн дагуу төлсөн учир даатгалын эрсдэл үүсэх үед даатгалын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Энд “хуваарийн дагуу” гэсэн гэрээний нөхцөлийг орхигдуулж зөвхөн хураамж төлөгдөж “эхэлсэн” гэдэг үгээр гэрээг тайлбарласан байгаа нь үндэслэл бүхий болоогүй байна. Гэрээ болон хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлах гэдэг нь тэдгээрийн эрх зүйн ач холбогдол бүхий утга санааг тодруулахыг хэлнэ. Гэтэл шүүх гэрээ тайлбарлах аргыг бүтээлчээр ашиглаж талуудын тухайн үеийн хүсэл зоригийн илэрхийллийг тодруулахыг зориогүй байна. Гэрээг тайлбарлах хэд хэдэн аргууд байх бөгөөд ИХ-ийн 198.1-д “үгийн шууд утгыг анхаарах” хэл зүйн үүднээс тайлбарлавал “хуваарийн дагуу төлж эхлэх” гэдэгт 2017 оны 01 сарын 30-ны өдрийн дотор даатгалын хураамжийн 50 хувийн төлбөр төлөгдсөн байхыг ойлгох юм. Гэтэл шүүхийн зүгээс гэрээний 5.2 дахь заалтыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах аргыг ашигласан боловч “хуваарийн дагуу” гэх нөхцөлийг орхигдуулсан байх бөгөөд хэрэв шүүх уг нөхцөлийн утга нь бүрэн ойлгомжгүй байна гэж үзсэн бол Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-д заасныг баримтлах ёстой байсан. Талууд Гэрээний 5.1 дэх хэсэгт Хураамжийн хэмжээ болон Хуваарийг тохиролцсон байдаг. Иймд талуудын маргааны үндсэн агуулга нь Гэрээний 5.2 дахь заалтыг хэрхэн тайлбарлахаас хамаарч байгаа учир шүүхийн зүгээс гэрээний 5.2 дахь заалтыг тайлбарлахдаа 198.1-д заасан арга хангалтгүй гэж үзвэл 198.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний 5.1 болон 5.2 дахь заалтуудыг гэрээний ерөнхий агуулгатай харьцуулан үзсэний үндсэн дээр тайлбарлах шаардлагатай юм. Гэрээний ерөнхий агуулга болон бусад нөхцөлтэй гэрээний 5.2 дахь заалтыг харьцуулан үзвэл талуудын хүсэл зориг нь нэхэмжлэгчийн хувьд өөрийн хөрөнгөө гэрээнд заасан эрсдэлээс даатгуулах, даатгагчийн хувьд ийнхүү даатгасныхаа хариу төлбөрт хураамж авах юм. Иймд талуудын энэхүү хүсэл зоригийг гэрээний 5.1-д заасан хураамжийн хэмжээ хуваарь тогтоосон заалтуудтай холбож үзвэл “хуваарийн дагуу” гэх үгийг заавал анхаарч үзэх ёстой бөгөөд “даатгуулагч нь 2017 оны 1 сарын 30-ны өдөр нийт хураамжийн 50 хувийг буюу 7,500,000 төгрөгийг даатгагчид шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болно” гэж ойлгох нь зөв болох юм. Эдгээрээс үзвэл даатгуулагч нь 2017 оны 1 сарын 30-ны өдөр нийт хураамжийн 50 хувийг буюу 7,500,000 төгрөгийг даатгагчид шилжүүлэх гэрээний 5.1-д заасан үүргээ үнэхээр биелүүлсэн үү гэдэгт анхаарал хандуулах ёстой юм. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан байдаг бөгөөд энэхүү заалтын агуулгаас үзвэл үүрэг нь бүрэн дүүрэн биелэгдсэн байхыг л гүйцэтгэгдсэн гэж үзэхийг ойлгохоор байна. Тодруулбал, Даатгуулагч нь “үүргийг гүйцэтгэж эхэлсэн буюу үүргийг зарим хэсгийг гүйцэтгэсэн учир үүргээ биелүүлсэнтэй адилтган үзнэ” гэсэн шүүхийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу гэрээгээр тохирсон хугацаанд бүрэн төлөөгүй байхад даатгалын зүйл галд өртөж хохирол учирсан байхад хураамж төлөгдөж “эхэлсэн” нь л гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх хангалттай үндэслэл болно гэж үзэж байгаа нь 100,000,000 төгрөгийн хураамжтай даатгалын гэрээг 10 төгрөг төлсөн байсан ч хүчин төгөлдөр болсон гэж үзэж байгаатай адил хэрэг юм. Иймд нэхэмжлэгч нь даатгалын зүйл галд өртсөний дараа гэрээгээр тохирсон үүргээ нөхөн гүйцэтгэсэн байхад түүнийг нь үндэслэл болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдсэн нь Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2-т заасан даатгалын хураамж төлөгдөөгүй байхад даатгалын тохиолдол гарвал даатгагч нь нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй гэсэнтэй илтэд зөрчилдсөн, даатгалын эрх зүйн үндсэн ойлголт, суурь зарчмыг илтэд үгүйсгэж нураасан шинжтэй шийдвэр болжээ. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2300 дугаар магадлалын “Б ” ХХК-иас нөхөн төлбөрт нийт 179,762,624 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С " ХХК-д олгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                 ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул хяналтын шатны шүүхээс  хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгч “С ” ХХК нь хариуцагч “Б ” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 179,762,624.00 төгрөг, алданги 60,400,144.00 төгрөг нийт 240,162,768.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,  даатгуулагч хураамжийг хуваарийн дагуу төлөөгүй тул Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2-т зааснаар нөхөн төлбөр олгохгүй, алданги төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хэрэгсэхгүй болгосон байна.

            Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх тухай, харин хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар тус тус гомдол гаргажээ.

“С ” ХХК нь “Б ” ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Тээвэрчдийн гудамж Нарны зам 53/2, 53/3 тоот хаягт байршилтай “Саруул маркет”-ыг гал, тэсрэлт, дэлбэрэлт, байгалийн эрсдэл, сантехникийн шугам хоолойн гэмтлээс шалтгаалж учирсан хохирол, цахилгааны гэмтэл зэрэг эрсдэлээс даатгуулахаар “Хөрөнгийн даатгалын гэрээ” байгуулжээ.

2017 оны 03 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 12-ны шилжих шөнийн 02 цаг 28 минутад даатгалын гэрээний зүйл болох “Саруул маркет” худалдааны төвийн 2 давхарт гал гарч шатсан, хөрөнгийн үнэлгээ, санхүүгийн зөвлөх үйлчилгээний “Үнэлгээ консалтинг” ХХК-аас хохирлын үнэлгээний тайлангаар даатгуулагч “С ” ХХК-д гал түймрийн улмаас 179,762,624.00 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

Даатгуулагч нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр даатгалын хураамжид 4,000,000.00 төгрөг төлсөн, даатгагч нь  2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр даатгалын хураамжийн урьдчилгааны үлдэгдэл 3,500,000.00 төгрөг, алданги 790,500.00 төгрөг,  2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үлдэгдэл төлбөр 4,000,000.00  төгрөг, алданги 120,000.00 төгрөг шаардсан нэхэмжлэхийг нөгөө талдаа хүргүүлсэн байх бөгөөд даатгуулагч “С ” ХХК нь даатгалын хураамж болон алдангийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Хөрөнгийн даатгалын PIA202170201088 тоот гэрээний 5.2-т “Гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, даатгалын хураамж хуваарийн дагуу төлөгдөж эхэлсэн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ” гэсний дагуу талууд гарын үсэг зурж, даатгалын хураамж 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлөгдөж эхэлсэн, мөн гэрээний 13.4-т “Даатгуулагч хураамжаа гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй бол хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0,3 хувийн алданги даатгагчид төлөх, даатгалын тохиолдол болсон үед даатгагч гэрээгээр тохирсон хугацаанд нөхөн төлбөр олгох бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0,3 хувийн алданги даатгуулагчид төлнө”  гэж тохиролцсон, “С ” ХХК нь даатгалын хураамж болон алдангийг төлсөн байх тул “даатгуулагчийг хураамж төлөх үүргээ биелүүлээгүйгээс нөхөн төлбөр олгохгүй”  гэсэн даатгагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д нийцсэн боловч  хэргийн  үйл баримтад дүгнэлт хийхдээ талуудын харилцааны зохицуулалт болж буй даатгалын гэрээний маргаанд хамаарах нөхцөлийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т зааснаар тайлбарлаж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд даатгуулагч нь даатгалын тохиолдол болохоос өмнө буюу гэрээнд зааснаар даатгалын хураамжийн эхний хэсэг болох 7,500,000.00 төгрөг төлөхөөс 4,000,000.00 төгрөгийг хуваарьт хугацаанаас 1 хоногоор хэтрүүлж  2017 оны  2  сарын 01-ний өдөр төлсөн, 2017 оны 03 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 12-ны шилжих шөнө даатгалын тохиолдол бий болсон, даатгуулагч нь даатгалын үлдэгдэл төлбөр болон алдангийг 2017 оны 4 дүгээр сарын 13, 2017 оны 4 дүгээр сарын 29, 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төлжээ. Иймээс нэхэмжлэгчийг хөрөнгийн даатгалын гэрээний 4.1.1-т заасан галын эрсдэлд хамаарах нөхцлөөр даатгагчаас нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж үзнэ.

Гэвч даатгуулагч нь гэрээнд  заасан  хуваарийн дагуу төлөх 7,500,000.00 төгрөгийг даатгагчид бүрэн шилжүүлээгүй буюу 4,000,000.00 төгрөг төлсөн үед даатгалын тохиолдол  бий  болсон  байхад  даатгагчаас  хохирлыг бүрэн хэмжээгээр гаргуулах, эсхүл даатгагчийг нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4.5, 437 дугаар зүйлийн 437.2-т нийцэхгүй.

Хэрэгт авагдсан “Хөрөнгийн даатгалын PIA202170201088 тоот гэрээ”-ний 5.1-д “Даатгуулагч даатгалын хураамжийг даатгагчийн ... дансанд хуваарийн дагуу төлнө. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 50 хувь 7,500,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 50 хувь 7,500,000 төгрөг нийт 15,000,000 төгрөг, 5.2-т “Гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, даатгалын хураамж хуваарийн дагуу төлөгдөж эхэлсэн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж талууд тохиролцсон, даатгуулагч эхний хуваарийн дагуу төлбөрийн зарим хэсгийг төлсөн байна.

            Гэрээний дээрх нөхцөл, хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг харьцуулан үзвэл даатгуулагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу 7,500,000.00 төгрөг төлөх үүргээс 4,000,000.00 төгрөг төлснийг тухайн хугацаанд гүйцэтгэх үүргийн 53 хувийг биелэгдсэн гэж тооцно. Даатгалын тохиолдол бий болсноос хойш даатгуулагч нь хураамжийн үлдэх хэсгийг төлсөн байх тул даатгагчийн нөхөн төлбөр төлөх үүргийг 95,274,190.00 төгрөгөөр тогтоож, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь даатгалын гэрээний дагуу хариуцагч компанийг нөхөн төлбөр төлөх үүргээ хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн гэж алдангид 60,400,144.00 төгрөг гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч “Б ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/01801 дүгээр шийдвэрийн нэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2300 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б ” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт  95,274,190.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 144,888,578 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн 2 дахь заалтын “1,358,764” гэснийг “634,320.95” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч “С ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 460,000.00 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Б ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 1,056,764.00 /нэг сая тавин зургаан мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН