Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 181/2018/02073/И |
Дугаар | 001/ХТ2019/00500 |
Огноо | 2019-04-09 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2019/00500
Л ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01919 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2284 дүгээр магадлалтай,
“Гашуун сухайт авто зам” ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14,494,038.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Л тус байгууллагад анх 2015 оны 4 сараас ерөнхий нягтлан бодогчийн ажилд ороод өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллахдаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Л нь 2017 оны 09 сарын 22-ны өдөр хүү Х.Алтан-Одыг төрүүлсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд асрах чөлөө авсан. Улмаар ажилдаа эргэж орохоор байгууллагадаа 2018 оны 06 сарын 02-ны өдөр бичгээр өргөдлөө өгсөн боловч надад 2018 оны 07 сарын 19-ний өдөр GCB-18-В/127 тоот албан бичгээр 2018 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөгөө эдэлж байхыг хүсье гэсэн хариуг өгсөн. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Тус албан бичигт дурдсан зүйлүүд надад хамаагүй бөгөөд өнөөдөр миний ажлын байр тус байгууллагад байгаа бөгөөд байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа болно. Иймд өөрийгөө ажлаас халагдлаа гэж үзээд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгоно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажилдаа орох өргөдөл өгсөн огноог буруу бичсэн байдаг. Хэрэгт байгаа баримтаар 2018 оны 05 сарын 29-ний өдрийн өргөдлийг мөн өдөртөө захиргаанд өгсөн тул ажилгүй байсан хугацааны олговорт 2018 оны 05 сарын 29-ний өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх ажлын 78 хоног, нэг өдрийн 185,821 төгрөгөөр тооцон нийт 14,494,038 төгрөгийг гаргуулна. Мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Л тус байгууллагад ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авсан. Тэрээр ажил олгогч байгууллагад гаргасан өргөдөлдөө 2017 оны 09 сарын 22-ны өдөр амаржсан. Цаашид хүүхэд асрах хүсэлтэй байгаа тул хүүхэд асрах чөлөөг хуулийн хугацаагаар олгож өгнө үү" гэж хүссэний дагуу 2017 оны 11 сарын 27-ны өдөр Б/254 дугаар тушаал гаргаж, хуульд заасан хугацаагаар чөлөө олгохоор шийдвэрлэсэн. Энэ тушаал хүчин төгөлдөр бөгөөд хуулийн хугацаа гэх асуудлын талаар ямар нэг санал, хүсэлтийг Л ирүүлээгүй. Иймд хариуцагчийн зүгээс хуулийн хугацаа гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Мөн 3 хүртэл насны хүүхэдтэй эцэг өөрөө хүсвэл чөлөө авч болно” гэж заасны дагуу хүүхэд асрах чөлөөг эдэлж байгаа болно. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзвэл, эх хүсвэл хүүхдийг 3 нас хүртэл хугацаагаар чөлөө авах эрхтэй гэж ойлгож тайлбарлана. Нэхэмжлэгч хуулийн хугацаагаар хүүхэд асрах чөлөөг хүссэн өргөдөл гаргасан тул ажил олгогч байгууллага түүнийг 3 жил хүртэл хугацаагаар чөлөө хүссэн гэж үзсэн. Иймээс түүний оронд түр ажиллаж байгаа Д.Чулуунбаттай хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг хугацаа 2018 оны 12 сарын 21-ний өдөр дуусгавар болно. Л хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд удаа дараа ирж, 60,000,000 төгрөг өгчих, би хоёр жил гэртээ хүүхдээ харна, гадаад руу сургалтад явна, төлбөрийг төл гэх зэргээр хууль бус шаардлагуудыг тавьсан байдаг. Ажил олгогч байгууллагын зүгээс Л ы өргөдөлд зааснаар хүүхэд асрах чөлөөг гурван жилээр авсан гэж үзэж, байгууллагын дотоод ажлаа зохион байгуулсан. Л сүүлд мөнгө тэтгэмж гаргуулахыг хүсэхдээ хоёр жил хүүхдээ харна гэж албан ёсоор хүсэлт тавьсан аль алины хугацаа дуусаагүй байгаа үед шүүхэд нэхэмжлэл гаргах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Л шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй. Учир нь, ажил олгогч байгууллагаас түүнийг ажлаас чөлөөлсөн, халсан аливаа шийдвэр гаргаагүй, зөвхөн чөлөөний хугацааны талаар асуудал үүссэн байхад маргааны харилцаанд хамааралгүй ажлаас үндэслэлгүй халагдсан тухай асуудлаар шүүхэд хандсан нь маргааны харилцааг зөв тодорхойлоогүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид түүнийг халаагүй, зөвхөн түүний оронд ажилд түр авсан хүний гэрээний хугацаа дуустал хүлээхийг хүссэн. Иймд Л ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01919 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 106 дугаар зүйлийн 106.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Л ыг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, “Гашуун сухайт авто зам” ХХК-иас олговорт 6,337,530 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,156,508 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг “Гашуун сухайт авто зам” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 116,350 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2284 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01919 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрхуягийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2284 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
Нэг. Шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдааны талаар: Нэхэмжлэгч Л нь ажил олгогч байгууллагад өргөдөл гаргахдаа “хүүхэд асрах чөлөөг хуулийн хугацаагаар олгохыг хүссэн учир 2017 оны 11 сарын 27-ны өдөр Б/254 дугаар тушаалаар хуульд заасан хугацаагаар чөлөө олгохоор шийдвэрлэсэн. Энэ тушаал хүчин төгөлдөр болно. Ажил олгогч байгууллагаас хуулийн хугацаагаар чөлөө олгосон асуудлын талаар Л ямар нэг санал хүсэлт нэмж гаргаагүй болно. Ажил олгогч Л д хуулийн дагуу гурван жилийн хугацаагаар чөлөө олгосон гэж үздэг. Нэхэмжлэгч Л ч мөнгөн тэтгэмж гаргуулах тухай хүсэлтдээ “хоёр жил хүүхдээ харна” гэж бичиж баталгаажуулдаг. Иймд хуульд заасан аль алины нь хугацаа дуусаагүй байгаа үед тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу Л өөрийнхөө хүсэлтээр хүүхэд асрах чөлөөг эдэлж байгаа гэж үзэж байна. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Л ыг ажлаас халсан, чөлөөлсөн, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар ажил олгогчоос тушаал шийдвэр гаргаагүй нөхцөлд түүнийг ажлаас халагдсан гэж анхан болон давж заалдах шатны шүүх хийсвэр дүгнэлт хийсэн нь алдаа гаргалаа гэж үзэж байна. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй” гэдэг нь, хүүхэд асрах чөлөө авсан хугацаанаас хэрхэн өөрчлөх болсон үндэслэлээ огт бичээгүй нөхцөлийг шүүх анхаарсангүй. Иймд дээрх маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж чадаагүй.
Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болно. Тухайлбал, 1/ Нэхэмжлэгч Л нь хүүхэд асрах чөлөөг “хуулийн хугацаагаар” гэж өөрөө тодорхойлон хүсэлт гаргасан, 2/ Ажил олгогч байгууллага түүнийг хүсэлтийг үндэслэн 3 жил хүртэл хугацаагаар чөлөө олгосон. 3/ “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 11 сарын 27-ны өдөр Б/254 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хүүхэд асрах чөлөөг хуулийн хугацаагаар олгосон зэрэг үйл баримтад нэхэмжлэгч гомдол гаргаж маргаагүй байхад түүнд үндэслэн дүгнэлт хийгээгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ. Давж заалдах шатны шүүх дээрх баримтуудыг үнэлэхдээ хүүхэд асрах чөлөөг “хуулийн хугацаа”-гаар олгосон гэж дүгнэсэн атлаа ажил олгогчийн бүтцийн өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх хүртэл тухайлбал, 2018 оныг дуустал хүлээхийг Л д албан ёсоор мэдэгдсэн зэрэг үйл баримтад дүгнэлт хийгээгүй орхигдуулжээ. Энэ нь талуудаас гаргасан баримтыг шүүх нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэх зарчмын дагуу үнэлээгүй алдаа гаргажээ. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/01919 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2018 оны 2284 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, Л ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Л нь “Гашуун сухайт авто зам” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14,494,038.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Л хүүхдээ харна гэж хүсэлт тавьсан хугацаа дуусаагүй байгаа үед ажлаас үндэслэлгүй халагдсан мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд Л нь 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр амаржиж, тус байгууллагын захирлын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/254 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хүүхэд асрах чөлөөг хуулийн хугацаагаар олгосон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эцэг, эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй ... гэж зааснаар ажилтан Л нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ажил олгогчид ажилд эргэн орох тухай хүсэлтээ өгчээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй бөгөөд ажилтан Л нь ажилдаа орох хүсэлт гаргасан байхад ажил олгогч нь хуулийн дээрх заалтыг зөрчиж, ажилд нь томилохгүй байгааг нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Ажил олгогчийн зүгээс хуулийн заалтыг биелүүлэхгүй байгаа нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, энэхүү зөрчлийг ажилтныг ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсантай адилтгаж үзэж, нэхэмжлэгч Л ыг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 6,337,530.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т нийцсэн байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, ажил олгогч ажилтны хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн ганцаарчилсан маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй гэсэн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01919 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2284 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 116,350.00 /нэг зуун арван зургаан мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН