Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 102/2018/01541/И |
Дугаар | 001/ХТ2019/00126 |
Огноо | 2019-01-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2019/00126
“Э Н Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01882 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1907 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “Э Н Б” ХХК--ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Т.Б-д холбогдох,
Гэрээний үүрэгт 6 751 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Э Н Б” ХХК- нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлөлттэй шатахуун олгох журмын дагуу хүсэлт гаргаж, 7 000 литр түлшийг 1 литр түлшийг 1 920 төгрөгөөр тооцон нийт 13 440 000 төгрөгийн түлш олгохоор 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ТШ2015/31 тоот зээлийн гэрээ байгуулсан.
Гэтэл тариалан эрхлэхээр захиалсан үр тариа нь хугацаандаа ирэхгүй нь тодорхой болсон. Энэ үед газар тариалангийн ажил эрхэлдэг Т.Б- үр тариа бэлэн байна, шатахууны хөнгөлөлтөд ороогүй учраас шатахууны эрхээ шилжүүлж тус болооч гэсэн тул манай компани зөвшөөрсөн. Ингээд зээлийн гэрээний дагуу Т.Б- урьдчилгаа 6 720 000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлж, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 300 000 төлсөн. Үлдэгдэл 4 420 000 төгрөгийг Т.Б- төлөөгүйн улмаас Хүнс хөдөө аж ахуйн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан “Э Н Б” ХХК--ийг шүүхэд өгч, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 156/ШШ2018/00172 тоот шийдвэр гарч дээрхи төлбөрийг алдангийн хамт нийт 6 630 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж шийдсэн. Т.Б-эс шатахууны үнийг яаралтай төлж дуусгахыг удаа дараа шаардаж байсан боловч янз бүрийн тайлбар хэлж зугтаах болсон.
Иймд хариуцагч Т.Б-эс шатахууны төлбөр болон манай компанид учирсан хохирол болох 6 751 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Т.Б- тухайн үед шатахуун авсан, энэ талаар маргахгүй. “Э Н Б” ХХК--ийн захирал С.Гансүхтэй харилцан тохиролцож, 50 хувийн төлбөрийг бэлнээр төлж, бусад төлбөрийг бие биендээ туслах байдлаар хийнэ гэж тохиролцсон. Үүний дагуу 50 хувийн төлбөр 6 720 000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн. 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 300 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500 000 төгрөгийг тус тус төлсөн. Ингээд нийтдээ 13 440 000 төгрөгийн шатахуун авч, 9 520 000 төгрөгийг өгсөн.
Үлдэгдэл төлбөрийг 2016 оны 08 дугаар сард нэг бүр 500 төгрөгийн үнэтэй 5300 ширхэг шуудай өгсөн. Мөн “Э Н Б” ХХК--ийн эзэмшлийн 400 га газрыг н.Батжаргал Т.Б- нар өөрийн тоног төхөөрөмжөөрөө хагалж өгсөн. 1 га газар хагалахад 25 000 төгрөг байдаг. Тэгэхээр 400 га газрыг тоног төхөөрөмжөөрөө хагалахад түрээсийн төлбөр нь 10 000 000 төгрөг болж байгаа.
Ер нь ажил үйлчилгээ үзүүлэх маягаар төлбөр тооцоогоо бүрэн төлсөн. Төлбөр тооцоо дууссан учраас 2016 оны 09 дүгээр сараас хойш “Хас банк” ХХК-ийн зүгээс шатахууны үлдэгдэл төлбөрөө төлөөч гэсэн шаардлага тавиагүй. С.Гансүх нь 2018 оны 03 дугаар сард Т.Б-эр шатахуун авсан нь үнэн гэсэн тайлбарыг Тариалангийн эрхлэх санд хэрэг болоод байна гэж бичүүлж авсан байдаг.
Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01882 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Товуудоржийн Т.Б-ээс6 630 000 /зургаан сая зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн “Э Н Б” ХХК--ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1907 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01882 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Б-эс 6 630 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э Н Б” ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 121 030 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын 56.1 гэсний дараа 56.2 гэж нэмж, үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Т.Б-эс 121 030 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э Н Б” ХХК--д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э Н Б” ХХК--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан тайлбар, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй, Гэрч Б.Батжаргалын тайлбарыг үгүйсгээгүй. Энэхүү нөхцөл байдлаас нь шалтгаалан анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээд болох С.Гансүх нь гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх нэг ч тайлбар, мэдүүлгийг гаргаагүй нь түүний мэдүүлгийг үнэн зөв хэмээн үнэлж, хэргийг шийдвэрлэснийг буруутгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн байхыг шаардаж байна. Гэтэл “Э Н Б” ХХК- болон Т.Б-ийнхооронд бичгээр байгуулагдсан гэрээ байхгүй бөгөөд авсан шатахууныхаа төлбөрийг эргэн төлөх хугацааг тохироогүй байдаг. Өөрөөр хэлбэл, Т.Б- нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргийн зөрчил байхгүй байхад давж заалдах шатны шүүхээс хүлээсэн үүргээ зөрчсөн хэмээн үзэж, “Э Н Б” ХХК--ийн бусдын өмнө хүлээсэн үүрэгт төлсөн төлбөрийг хариуцуулсан нь үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс уг хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болоогүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч “Э Н Б” ХХК- нь хариуцагч Т.Б-эс хэрэглэсэн шатахууны төлбөр болон компанид учирсан хохиролд 6 751 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч Т.Б- нь шаардлагыг эс зөвшөөрч, төлбөрөө төлсөн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Э Н Б” ХХК- нь 2015 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлөлттэй нөхцөлөөр 7000 л шатахуун авах эрхтэй болсон боловч үр тариа хугацаандаа ирээгүйгээс тариалалт хийх боломжгүй болжээ. Харин хариуцагч Т.Б- шатахууны хөнгөлөлтөд орж чадаагүй тул нэхэмжлэгч компанийн нэр дээр гарсан зээлийн гэрээний дагуу урьдчилгаа 6 720 000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлж, шатахууныг аван 2016 оны 03 дугаар сарын 11-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 28-нд 300 000 төгрөг төлжээ. Үлдэх 4 420 000 төгрөг төлөгдөөгүй учир Хүнс хөдөө аж ахуйн яамны харъяа, тариалан эрхлэлтийг дэмжих сан “Э Н Б” ХХК--иас дээрх төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр “Э Н Б” ХХК--иас 6 630 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Шатахуун авсан талаар зохигч маргаагүй байна. Харин хариуцагч Т.Б- нь шатахууны төлбөрт 11 020 000 төгрөг төлж, үлдэх төлбөрт нэхэмжлэгч компанид 500 төгрөгийн үнэ бүхий 5 300 ширхэг шуудай өгч, “Э Н Б” ХХК--ийн эзэмшлийн газар дээр өөрийн техникийг үнэ төлбөргүй ажиллуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Эдгээр баримтыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагчийг зээлээр авсан шатахууны үнийн үлдэгдэл төлбөрийг ажил гүйцэтгэх, бараа нийлүүлэх журмаар барагдуулсан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүх хариуцагчийн ашигласан шатахууны үлдэгдэл төлбөрийг шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч “Э Н Б” ХХК- төлөх болсон учир хариуцагч энэ үнийн дүнгээр нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээнэ гэж үзэхдээ төлбөрийг барагдуулсан тухай үйл баримтыг анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирлыг зохицуулсан 227 дугаар зүйлийн 227.1., зээлийн гэрээний харилцааг зохицуулсан 281 дүгээр зүйлийн 281.1. дэх заалтыг баримталсан нь зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамааралгүй байна.
Дээрх үндэслэлээр “Э Н Б” ХХК--ний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1907 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01882 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 281 дүгээр зүйлийн 281.1. дэх хэсэгт заасныг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 121 030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН