Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00527

 

Б.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2018/00180 дугаар шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 216/МА2018/00024 дүгээр магадлалтай,

Б.Б-ы нэхэмжлэлтэй,

Б.Э-д холбогдох,

Гэм хорын хохиролд 2.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 05 дугаар сарын 15-нд 03 цагийн орчим Дорноговь аймгаас ирсэн. Машинаасаа буухдаа автомашин оношилгооны Launch x431 gx төхөөрөмжөө бусад багаж хэрэгслийн хамт гэртээ авч орох гээд машин дээрээ түр тавиад мартаж гэртээ орж амарсан байсан. 2018 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 11 цагийн орчим санаад авах гээд гартал төхөөрөмж алга болсон байсан. Би эхнэр Б.Цэцгээгийн хамт ОСО констракшн ХХК-ийн камерыг шүүж үзэхэд 1 дүгээр байрны 1 дүгээр орцны 4 давхрын 8 тоотод суудаг Б.Э-н охин Халиун гэдэг хүүхэд манай автомашины оношилгооны төхөөрөмжийг аваад явсан бичлэг байсан. Э.Халиун аав Б.Э-д үзүүлсэн гэвч аав хэрэггүй юм байна гаргаж хая гэхээр нь хог дээр хаясан гэсэн, бид хогийн цэг дээр ажил хариуцсан хүмүүсээр заалган үзсэн боловч хог дээрээс манай автомашины оношилгооны төхөөрөмж олдоогүй. Иймд эрх зүйн чадамжгүй Э.Халиун нь автомашины оношилгооны Launch x431 gх төхөөрөмжийг авч 2,150,000 төгрөгийн хохирол учруулсан тул түүний аав Б.Э-гаас төхөөрөмжийн үнийг гэм хорын хохиролд нэхэмжилж байна гэжээ.                                                  

Хариуцагч Б.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст иргэн Б.Бадамсамбуугийн гаргасан гомдол мэдээллийг шалгаад 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 3/37 тоот хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол үйлдсэн. Үүнээс үзэхэд миний охин Э.Халиун нь нэхэмжлэгч Б.Бадамсамбууд ямар гэм буруутай үйлдлийн улмаас гэм хорын хохирол учруулсан болох нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 503 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирлыг арилгуулах гол шаардлага нь насанд хүрээгүй буюу 7-14 насны эрх зүйн чадамжгүй иргэн гэм буруутай үйлдлээр бусдад гэм хор учруулсны улмаас тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх асран хамгаалагч нь хариуцлага хүлээх үндэслэлтэй байхаар хуульчилсан. Гэтэл охин Э.Халиун нь тухайн төхөөрөмжийг авснаараа хэрэглэсэн, ашигласан зүйл байхгүй болох нь цагдаагийн байгууллагын ажиллагаагаар тогтоогдсон. Түүнчлэн тухайн төхөөрөмж нь хэвийн ажиллагаатай байсан эсэх нь тодорхойгүй байхад үнэлгээ хийлгэх, гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд насанд хүрээгүй Э.Халиуныг Иргэний хуулийн 503 дугаар зүйлд заасан гэм хор учруулсан болох нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-23/

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2018/00180 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д заасан үндэслэлгүй тул Б.Э-д холбогдох 2,150,000 төгрөг гаргуулах тухай Б.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,510 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 216/МА2018/00024 дүгээр магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2018/00180 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Б.Э-гаас 1,075,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,075,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид 30350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймгийн Эрүү; Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04 ны өдрийн 216/МА2018/00024 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын шатны гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдлээс шалтгаалж гэм хорын хохирол бий болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Б.Б- миний бие хүүхдээ өргөж авч орох гээд төхөөрөмжөө автомашиныхаа дээвэр тавиад мартсан үйлдлээ хэтэрхий болгоомжгүй үйлдэл гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл хамгийн чухал гэсэн зүйлээ хийхийн зэрэгцээ бусад зүйлээ мартдаг үйл явц хүн болгонд тохиолддог. Миний энэ үйлдэл нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасан "гэм хор учрахад ... хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн бол бол нөхцөл байдлыг харгалзаж хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно" гэсэн хуулийн заалт нь манай тохиолдолд хамаарахгүй гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 101, 514 дүгээр зүйлүүдийг буруу хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.075.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагын 50 хувь болох 1.075.000 төгрөгийг хариуцагч Б.Э-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар 2018 оны 12-р сарын 04-ны өдөр Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 216/МА2018/00024 магадлал "Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Б.Э-гаас 1,075,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,075,000 төгрөгийг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгосугай" гэж гарсан байна.

Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсний улмаас 2018 оны 12-р сарын 04-ны өдөр Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 216/МА2018/00024 магадлалд буруу гарсан гэж үзэж буй тул гомдолтой байна. Иймд Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12-р сарын 04-ны өдөр Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 216/МА2018/00024 магадлалаар шийдвэрлэсэн хариуцагч Б.Э-гаас 1,075,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч  Б.Б- нь  хариуцагч Б.Э-гаас 2.150.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа “...Э.Халиуны үйлдлийн улмаас учирсан гэм хор” гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...охин Э.Халиун санаатайгаар гэм хор учруулаагүй, ...уг төхөөрөмжийг  ашиглаагүй, ...нэхэмжлэгч өөрийн хайхрамжгүй үйлдлээс эд зүйлээ мартсан” гэсэн тайлбар гаргаж,  маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч  Б.Э-гийн  охин Э.Халиун  2018 оны  5 дугаар  сарын 15-ний өдөр нэхэмжлэгч Б.Б-ы машин дээр  байсан  автомашин  оношилгооны  Launch x431 gх төхөөрөмжийг авч гэртээ орсон нь тогтоогдсон, энэхүү энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. Харин хариуцагч  уг төхөөрөмжийн үнийг төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

Анхан шатны шүүх “...Э.Халиун автомашин оношилгооны төхөөрөмжийг авч явсан үйлдэл нь хууль бус үйлдэлд тооцогдохгүй” гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Түүнчлэн мөн хуулийн 503 дугаар зүйлийн 503.1.-т зааснаар 7-14 хүртлэх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад  учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгах ба  энэхүү зохицуулалтыг нэхэмжлэгч шаардлагын үндэслэлд дурджээ.

Э.Халиун 12 настай, Б.Э-гийн  төрсөн хүүхэд болох нь тогтоогджээ.  

Эцэг эх, асран хамгаалагч нь хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлснээ нотолж чадвал тэдгээрийг гэм хор арилгах үүргээс чөлөөлөхөөр Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.4.-т заасан, хариуцагч  энэхүү  үүргээ  хэрхэн  хэрэгжүүлсэн нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмын дагуу үнэлж, “...хүүхэд бусдын эд зүйлийг гэртээ авчирч байхад эзнийг нь олж тогтоох, зохих газарт нь мэдэгдэх, эсвэл авсан газарт нь буцаан тавиулах зэрэг арга хэмжээ аваагүй буруутай” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл болон гэм хор учрахад нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй, хайхрамжгүй байдал нөлөөлсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг 50 хувиар бууруулсан нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1.-д заасныг зөрчөөгүй байна.  Өөрөөр хэлбэл,  Ашид билгүүн ХХК маргааны зүйл болох төхөөрөмжийг 2.150.000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч үгүйсгэж чадаагүй бөгөөд шүүх дээрх үндэслэлээр гэм хорын хэмжээг  багасгаж, нэхэмжлэлээс 1.075.000 төгрөгийн шаардлагыг хангахдаа хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул зохигчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 216/МА2018/00024 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жаргал нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 30.350 төгрөг, хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 30.350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ