Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 614

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2016/00614

Орхон аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, 6-16-79 тоотод оршин суух, Боржигон овгийн Сүрэнгийн Сувдаа /ФА59031866/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүрэнгийн Сувдаа нь ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд 2012 оны 12 сарын 6 өдрийн ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн Зөвлөлийн Монголын хуралдааны протокол, 2012 оны 12 сарын 06, 14-ний өдрийн ‘’ Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн Зөвлөл /Монгол, Оросын хамтарсан/-ийн эчнээ хуралдааны протоколоор 2012 оны 12 сарын 17-ны өдрөөс томилогдсоныг үндэслэн ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн Ерөнхий захирлын 2012 оны 12 сарын 20-ны өдрийн Б/438 дугаартай тушаалаар 2012 оны 12 сарын 17-ны өдрөөс уг албан тушаалд томилогдож, Ерөнхий захирал Ч.Ганзоригтой контракт байгуулсан байна. Нэхэмжлэгчийн хувьд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг дуустал архаг бронхит, уушиг хоолойн хурц үрэвсэл өвчний оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж №941 дугаартай акт авсан байсан ба өвчин нь сайн эдгэрээгүй тул дахин 2016 оны 5 дугаар сарын 30 өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 03-ныг дуустал дахин хэвтэн эмчлүүлж №945 дугаартай акт авч эмчлүүлсэн байдаг.  С.Сувдаа нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ээлжийн амралтаа авахаар ерөнхий захирлын тушаалын адил хүчинтэй ээлжийн амралтын хуудсыг зохих журмын дагуу авч амралтын олговроо бодуулсан байдаг. Нэхэмжлэгчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн Зөвлөлийн Монгол хэсгийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар тус өдрөөр ажлаас чөлөөлсөн шийдвэрийн хуулбарыг ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн хуулийн хэлтсийн ажилтан Н.Энхболд нэг хүний хамт 2016 оны 6 дугаар сарын 01-ний шөнийн 22 цаг 30 минутад эмнэлэг дээр авчирч өгсөн байна. Зөвлөлийн Монгол хэсгийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/525 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Мөн ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/329 тоот тушаалаар С.Сувдаагийн ээлжийн амралтыг хүчингүй болгосон шийдвэр гаргасан байх бөгөөд мөн өдөр С.Сувдааг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн хуулийн хэлтсийн ажилтан Н.Энхболд 99351586 дугаараас залгаж, ерөнхий захирлын тушаал гарсныг хэлж, ажил хүлээлцэх комисс төвөөс ирээд олон хонож байгаа тул ажлаа хүлээлц гэж шаардсан. 2016 оны 6 дугаар сарын 4, 5-ны өдрүүд амралтын өдрүүд байсан бөгөөд 6 дугаар сарын 06-ны 11 цагийн орчим ажил хүлээлцэх комиссын дарга Сэр-Од гэдэг хүн утсаар ярьж, ажлаа 14 цагт хүлээлц гэдэг шаардлага тавихад, нэхэмжлэгч физик эмчилгээтэй байсан тул 6 дугаар сарын 7-ны өглөөний 10 цагт өгье гэж хэлэхэд, хоёр улсын Засгийн газрын шийдвэрийн эсрэг явлаа, том толгойлж байна. Хариуцлага тооцно гэх зэргээр сүрдүүлсэн байдаг. Энэ ярианы дараа 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 15 цаг 25 минутаас эхлэн 2016 оны 6 сарын 8-ны өглөөний 10 цаг хүртэл ontslokh.mn, uls.mn, zaluu.com, olloo.mn, 24tsag.mn, time.mn, miss.mn, mongolcomment.mn, ene.mn зэрэг сайтуудаар зохион байгуулалттайгаар “Сувдаа захирал ажлаа өгөхгүй бултсаар байх уу”, “Тамга тэмдгээ авч зугтдаг явдлыг “Эрдэнэт”-ийн С.Сувдаа захирал буухиалав” гэсэн нийтлэлээр түүний нэр хүндэд халдаж, худал мэдээлэл, гүтгэлэг тараалгасныг хариуцагч байгууллагын зарим нэг албан тушаалтнууд болон хуулбарыг “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-тай сайн мэдээний аян явуулах гэрээтэй ажиллаж байгаа, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, ontslokh.mn сайтыг үүсгэн байгуулагч Ж.Жаргалсайхантай холбоотой гэж үзэж байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийг эмнэлэгт байхад ontslokh.mn 2016 оны 5 сарын 31-ний өглөөний 9 цаг 39 минутад ажлаас чөлөөлсөн шийдвэрийг олон нийтэд мэдээлсэн байна. Нэхэмжлэгч С.Сувдаа нь өөрийн хариуцсан ажилдаа хариуцлага, мэргэжлийн өндөр ур чадвартайгаар ажиллаж ирсэн. 2013-2015 онд компанийн нийгмийн хөгжлийн бодлого, стратегийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг удирдан зохион байгуулж, компанийн ажиллагсдын сэтгэл хангалуун ажиллах боломжит бүх нөхцлийг бүрдүүлэх гол зорилтыг удирдлагаар хангаж, бодлогын 2 хэлтэс, нийгмийн болон ахуйн үйлчилгээний 11 цех нэгжтэйгээр компанийн нийгмийн хөгжлийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж ирсэн. Мөн  “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн бодлогын баримт бичгүүд болох Хаалт хөгжлийн менежментийн анхны баримт бичгийн эх боловсруулж, Эрдэнэт орон сууц хөтөлбөр санаачлан Зөвлөлийн хурлаар батлуулж, компанийн нийгмийн хариуцлагын тайланг олон улсын ISO 26000 стандартаар гаргадаг болгож, ‘’ Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийг брэнд бүүктэй болгож, “Эрдэнэт үйлдвэр”-ийг 2015-2025 онд хөгжүүлэх Концепцид анх удаа нийгмийн хөгжлийн асуудлыг бүлэг болгон оруулж, хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтөй байгаа уурхайчин ээжүүдэд сарын 400 000 төгрөгийн дэмжлэг үзүүлж, ‘’Цалинтай ээж’’ санаачлагыг хамтын гэрээгээр баталгаажуулж, Монголын хамгийн урт 5.6 км эрүүл мэндийн замтай болгож, компанийн нийгмийн хөгжилд ур чадвар, сэтгэл зүрхээ зориулж ажилласан гэдгийг ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын 2013-2015 оны 3 жилийн тайлан, ажил хүлээлцэх үед тус компанийн зөвлөлийн Монгол талын дарга Сэр-Од түүнийг сайн ажилласныг цохон тэмдэглэж хэлсэн үг нотлож байна. Энэ мэтээр тус компанид ажиллаж хууль бусаар үндэслэлгүйгээр халагдах хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн ил тод байсаар байтал Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн дүрэм, нэхэмжлэгчтэй байгуулсан контракт зэргийг ноцтойгоор зөрчин Ерөнхий захирлын 2016 оны 6 дугаар сарын 3 өдрийн Б/525 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан ажил, албан тушаалыг хэвээр хадгалах хуулийн заалтыг зөрчин хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймээс С.Сувдааг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоож, 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг бөглөхийг ‘’ Эрдэнэт үйлдвэр’’ ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч С.Сувдаа нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлын албан тушаалаас үндэслэлгүй халагдсан. Нэхэмжлэгчийн хувьд уушигны хурц үрэвсэл оношоор эмнэлэгт хэвтэж акттай байсан. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хуульд зааснаар ээлжийн амралтаа авахаар амралтын мөнгөө бодуулсан байдаг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад ажлаас халсан тушаалыг нь эмнэлэг дээр ирж гардуулсан байсан. Ингэхдээ Эрдэнэт Үйлдвэрийн ерөнхий захирлын тушаал гарч ерөнхий захирлын тушаалаар ээлжийн амралтыг нь хүчингүй болгосон байсан ба 2016 оны 06 сарын 04, 05-ны өдрүүдэд амралтын өдөр байсан. Тэгээд 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 14 цагт ирж ажлаа хүлээлц гэсэн. Мөн хэд хэдэн мэдээллийн сайтаар нэхэмжлэгчийн нэр төрд халдсан худал мэдээлэл цацсан байсан. Нэхэмжлэгчийн хувьд ажилдаа хариуцлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллаж байсан. Эрдэнэт үйлдвэрийн 11 цехийн ажилчдын нийгмийн асуудлыг сайн шийдэж байсан. Мөн нэхэмжлэгч нь Эрдэнэт үйлдвэрийг анх удаа Брэнд Бүүктэй болгож, эрүүл мэндийн зам тавьсныг удирдлагууд сайшааж байсан нотлох баримтууд байна. Гэтэл хөдөмөрийн гэрээ контракт болон дотоод журмыг ноцтой зөрчиж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлд заасны дагуу ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. С.Сувдаа нь ажил олгогчтой контракт бичгээр байгуулсан. Энэхүү контракт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25-р зүйлийн 25.3-т заасан нөхцлийг хангасан байсан ба хэрвээ ажлаас чөлөөлөх байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д заасан үндэслэлээр чөлөөлөх ёстой байсан. Гэтэл С.Сувдааг контрактыг цуцлах нөхцөл бүрдээгүй байхад контрактыг цуцалсан нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Энэ хэрэг өмнө нь анхан шатны шүүхээр нэг удаа хэлэлцэгдэж шийдвэрийг хүчингүй болгож байсан. Хариуцагчийн зүгээс ерөөсөө хурал хийлгэдэггүй байсан. Энэ хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК нь Контрактыг байгуулсан. Хариуцагч талаас контрактыг ерөөсөө ойлгохгүй байна гэв.

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа: С.Сувдаа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн албан тушаалаас үндэслэлгүй халсныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Дээрх нэхэмжлэлтэй холбогдуулж дараах тайлбарыг хүргүүлж байна. Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол улсын Засгийн газар, Оросын Холбооны улсын Засгийн газар хоорондын 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хэлэлцээрийн 11 дүгээр зүйлд “Үйлдвэрийн удирдах байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн тогтоосон тоо бүхий хэлэлцэн тохирогч талуудын төлөөлөгчдөөс бүрдэх төлөөлөн удирдах зөвлөл байна. Ерөнхий захирал, түүний орлогчдыг зөвлөлөөс томилно”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлийн 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар хуралдаанаар баталсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Компанийн гүйцэтгэх удирдлага нь Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, Ерөнхий захирлын орлогчид болон ерөнхий нягтлан бодогчоос бүрдэнэ”, мөн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “Зөвлөл нь Компанийн гүйцэтгэх удирдлагыг томилно” гэж тус тус заасан байдаг. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдааг уг албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг Монгол-Оросын “Эрдэнэт Үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөлийн Монголын хэсгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар гаргасан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөл нь Компанийн ерөнхий захирал, ерөнхий захирлын орлогч нарыг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй, компанийн удирдах дээд байгууллага юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага тус компанийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг буюу “Гүйцэтгэх удирдлага нь зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг зохион байгуулна” гэсэн заалтын дагуу Ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/525 дугаар тушаалаар С.Сувдаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлсэн болно. Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаад 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс ээлжийн амралт олгох тушаал гаргах Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Б.А.Кутлины шийдвэрийг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.3 дах заалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.11 дэх заалтыг үндэслэн Ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр А/329 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Дээрх тушаал гарах үед Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа ээлжийн амралт эдлээгүй, ээлжийн амралтын олговор түүнд олгогдоогүй байсан юм. Зөвлөлийн шийдвэрийн дагуу гаргасан Ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/525 дугаар тушаал болон А/329 дугаар тушаалыг Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаад гардуулж өгөхөөр 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16.00 цагт хуулийн хэлтсийн хуульч Н.Энхболд, Хүний нөөцийн хэлтсийн ажилтан Г.Номмандах нар С.Сувдаагийн эмчлүүлж байсан гэх эмнэлэг дээр очиход С.Сувдаа эмчилгээ хийлгэж дуусаад эмнэлгээс гарсан байсан тул түүнтэй утсаар холбогдож С.Сувдаагийн зөвшөөрснөөр түүний референт нарийн бичиг Г.Оюунд хүлээлгэн өгсөн болно. Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаагийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн нэр дээр гаргасан хүсэлтийн хариуг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 116/30-к дугаартай албан бичгээр өгсөн ба түүний хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ЦД-117-12/500 дугаар албан бичгээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлийн Монголын хэсгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогтод уламжилсан билээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “ерөнхий захирлын эрх хэмжээнд зөвлөлийн эрх хэмжээнд хамааруулсанаас бусад компанийн өдөр тутмын үйл ажиллагааг энэхүү дүрэм болон зөвлөлийн шийдвэрээр түүнд олгогдсон эрх хэмжээний хүрээнд удирдана” дүрмийн 16 дугаар зүйлд “Компанийг удирдах явцад үүссэн маргааныг хэлэлцээр хийх, тухайлбал зөвлөлөөр хэлэлцэх замаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан. Компанийн тухай Монгол улсын хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.16-д “Компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох” асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр заасан байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэсэн байна. Иймд нэхэмжлэгч С.Сувдаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагч нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал биш “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөл, зөвлөлийн Монголын хэсгийн дарга байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дэх хэсэгт зааснаар иргэн С.Сувдаа шүүхэд бус “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлд ажлаас чөлөөлөгдсөн асуудлаа тавьж шийдвэрлүүлэх шаардлагатай. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан үндэслэл үүсээгүй байна. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн иргэн С.Сувдаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эрдэнэт Үйлдвэрийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан Сувдааг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь Монгол улсын Засгийн газар, Оросын Холбооны улсын Засгийн газар хоорондын 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хэлэлцээр байгаа. Энэ хэлэлцээрийг нотлох баримтаар өгсөн. Энэ хэлэлцээрийг 2004 онд УИХ соёрхон баталсан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдааг уг албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөлийн Монголын хэсгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар гаргасан. Манай тушаалын үндэслэл бол Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлсэн шийдвэр юм. Яагаад Ерөнхий захирал ажил олгогчийн зүгээс Зөвлөлийн шийдвэрийг тушаалаар хэрэгжүүлээд байна вэ гэхээр Зөвлөлд санхүүгийн хувьд ямар нэгэн эрх мэдэл байхгүй. С.Сувдаа нь Зөвлөлд хандалгүйгээр Зөвлөлийн шийдвэрийг зөв байна гэж гарын үсэг зурчихаад явсан хэрнээ гомдол гаргасан нь хууль бус байна гэв.

Шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нь хариуцагч “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-д холбогдуулан С.Сувдааг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч С.Сувдаагаас 2016 оны 8 сарын 15-нд нэхэмжлэгчийг төлөөлүүлэхээр М.Ганзоригт олгосон итгэмжлэл /хэргийн 1-р хавтасны 16-р тал/, мөн хариуцагч “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ний ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээс хариуцагчийг төлөөлүүлэхээр Н.Энхболд, Б.Чинбат нарт олгосон итгэмжлэл /хэргийн 2-р хавтасны 99, 100-р тал/ нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Сувдаа нь 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК –ний ерөнхий захирлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны  өдрийн Б/438 дугаар тушаалаар “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ний ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд томилогдож /хэргийн 108-р тал/, контрактын гэрээ /хэргийн 1-р хавтасны 5-11, 90-96-р тал/ байгуулжээ.

“Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ний ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №Б/525 дугаар “Ажилтан Сүрэнгийн Сувдаагийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар /хэргийн 1-р хавтасны 73-р тал/ нэхэмжлэгч С.Сувдааг  Монгол-Оросын  “Эрдэнэт-Үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол улсын Засгийн газар, Оросын Холбооны улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 11 дүгээр зүйл, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.3 дах заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Зөвлөлийн Монгол хэсгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн дүрмийн 12.11 дэх заалтуудыг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн /контрактын/ гэрээг цуцалсан байх бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна.

Ажил олгогч ажилтантай 2012 оны 12 сарын 17-нд 4 жилийн хугацаатай контрактын гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу байгуулж, гэрээний агуулга болон хугацаа, өөрчлөх, цуцлах үндэслэл, Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох үндэслэлүүдийг зааж баталгаажуулсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтанг ямар үндэслэл шалтгаанаар ажлаас чөлөөлснөө тушаалдаа тодорхой заагаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд авах халах асуудлыг компаний төлөөлөн удирдах зөвлөл гаргадаг, ерөнхий захирал бол ТУЗ-ын гаргасан шийдвэрийг биелүүлдэг” гэж тайлбарлаж байх боловч ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн актын хувьд түүнд тавигдах хуулийн шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль тохирох заалтыг барьж шийдвэрлэх нь хуульд нийцэх юм.

Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ний ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №Б/525 дугаар “Ажилтан Сүрэнгийн Сувдаагийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөлийн Монголын хэсгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэсэн нь Монгол-Оросын “Эрдэнэт-үйлдвэр” ХХК-ийн дүрмийн 11.1-д “Компанийн удирдах дээд байгууллага нь хэлэлцэн тохирогч талуудын тэнцүү тооны төлөөлөгчдөөс бүрдсэн Компанийн зөвлөл байх бөгөөд Зөвлөлийн гишүүдийн тоог хувь нийлүүлэгчид тогтооно. Зөвлөлийн хурлын шийдвэр нь Компанийн хоёр хувь нийлүүлэгчийн бүх төлөөлөгчид оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцогдоно” гэж зааснаар хүчинтөгөлдөр бус шийдвэр гэж үзэхээр байна. Зөвлөлийн хурлын шийдвэр нь хоёр хувь нийлүүлэгчдийн бүх төлөөлөгчид оролцож байж хүчинтэйд тооцогдох ба, зөвхөн Монголын хэсгийн шийдвэрийг үндэслэсэн нь компанийн дүрмийн 11.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Энхболд “...Сувдаатай Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ байгуулсан нь агуулгаараа хөдөлмөрийн гэрээ юм, орчуулгын хувьд учир дутагдалтай байна, контракт гэдэг үг бол гэрээ гэсэн үг юм, тэгвэл орчуулга дээр үүнийг орчуулаагүй, одоо нийгмийн асуудал хариуцсан орлогч гэсэн ажлын байр байхгүй болсон...” гэж мэтгэлцсэн боловч С.Сувдаатай байгуулсан контрактын гэрээ нь  хуульд тусгайлан заасан хөдөлмөрийн гэрээний нэг төрөл байх бөгөөд  Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуульд нэрлэгдэн заасан анхнаасаа контрактын гэрээ байгуулагдсан болох нь нотлогдож байна. Одоо нийгмийн асуудал хариуцсан орлогч гэсэн ажлын байр байхгүй болсон нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, түүнийг нотолсон баримт ч хэрэгт ирүүлээгүй болно.

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК хариу тайлбартаа : ”...Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.16-д “Компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох” асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр заасан байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэсэн байна. Иймд нэхэмжлэгч С.Сувдаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагч нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал биш “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөл, зөвлөлийн Монголын хэсгийн дарга байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дэх хэсэгт зааснаар иргэн С.Сувдаа шүүхэд бус “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлд ажлаас чөлөөлөгдсөн асуудлаа тавьж шийдвэрлүүлэх шаардлагатай. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан үндэслэл үүсээгүй...” гэсэн боловч нэхэмжлэгч С.Сувдаа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын тушаалаар ажилд томилогдсон байх ба, ерөнхий захирлын тушаалаар мөн ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг хариуцагч биш гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-с ирүүлсэн цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин, контрактын дагуух цалин нь харилцан адилгүй байх тул С.Сувдаатай байгуулсан контрактад заасан сарын цалингаар тооцож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Иймд ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 06 дугаар сарын 06-наас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртлэх хугацааг контрактад заасан сарын цалин 5 456 600 төгрөгөөр тооцож,  /12*5456600/ нийт 65479200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагчаас хуульд зааснаар 555546 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хэргийн 1-р хавтасны 4, 18, 23, 24-25, 29, 32-45, 32-67, 78-79, 106, 125, 139, 176-179,  дугаар талд авагдсан баримтууд, хэргийн 2-р хавтасны 42, 51 дүгээр талд авагдсан баримтууд  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан С.Сувдааг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 65479200 /жаран таван сая дөрвөн зуун далан есөн мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагч “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч С.Сувдаад олгосугай.

         2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар С.Сувдаагийн   ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 65479200 /жаран таван сая дөрвөн зуун далан есөн мянга хоёр зуу/  төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 555546 /таван зуун тавин таван мянга таван зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                                                 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ