Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00601

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02945 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2449 дүгээр магадлалтай,

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Х” ХХК, А.Б, Н.Өт холбогдох,

Гэрээ цуцалж, 8.047.586.020 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд “Х” ХХК-ийн хувьцаа болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Х” ХХК-ийн төлөөлөгч Н.Өлзийжаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, Б.Төрбадрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Р.Болдбаатар, П.Еркебулан, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Ч” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х” ХХК-д 2013.12.26-ны өдөр байгуулсан 0052/08/СС-2013 тоот Зээлийн гэрээгээр 5.400.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 3.8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар талууд 0052/08/РА/01-2013 тоот Барьцааны гэрээг байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, мөнгөн хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлийн гэрээгээр ногдуулсан зээлийн хүүг өөрчлөхөөр талууд харилцан тохиролцож 2014.12.15-ны Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 1 болон 2016.09.19-ний өдрийн Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 2-г тус тус байгуулсан. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 1-ээр зээлийг хугацаанаас өмнө төлүүлэхтэй холбогдох асуудал болон Зээлдүүлэгч өөрийн эх үүсвэрээр Монголбанкинд зээлийн төлбөрийг төлсөн тохиолдолд тухайн үеийн “Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл”-д заасан хүү болон хүүгийн зөрүүг төлүүлэхтэй холбогдох харилцааг, Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 2-оор Зээлийн гэрээний хугацааг 2016.12.27-ны өдрөөс эхлэн 60 сарын хугацаатай сунгах, сунгасан хугацаанаас эхлэн жилийн 22,8 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцсон.

Банк “Х” ХХК-д зээлийн өр төлбөрийг төлж барагдуулах тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, эвлэрэн хэлэлцэх санал санаачлага гарган ажилласан боловч өр төлбөрийг төлөх талаар ямар нэг арга хэмжээ авалгүй өдий хүрсэн.

Иймд зээлдэгч “Х” ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй, нэхэмжлэл гаргасан 2018.04.27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5.212.945.300 төгрөг, хүү 2.791.310.585 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43.330.135 төгрөг, нийт 8.954.208.643 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, “Ч” ХХК нь 2013 оны 12 сарын 31-нд шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Х” ХХК-тай 2014 оны 1 сарын 13-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулсан байна. Улмаар 2014 оны 2 сарын 4-ний өдөр 204 дугаартай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамж гарч 906.622.622.88 төгрөгийг 2018 онд багтаан төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг 906.622.622.88 төгрөгөөр багасгаж байна. Иймд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0052/08/СС-2013 тоот зээлийн гэрээг цуцалж, 8.047.586.020 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр, хэрэв хүрэлцэхгүй бол Х ХХК-ийн хувьцаа болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани нь Үйлдвэр хөдөө аж, ахуйн яамтай 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан. Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах төсөл хэрэгжүүлэх ТШ/13/-ДХХ-29 тоот гэрээний дагуу мах, махан бүтээгдэхүүн хадгалах зоорь, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах зорилгоор Чтай 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5.400.000.000 төгрөгийг жилийн 3,8 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатайгаар зээлэх болсон. Зээлийн гэрээний ерөнхий зүйл болон тус гэрээний 6, 12 дугаар зүйлд зааснаар зээлийг зөвхөн дээрх төслийн зориулалтын дагуу ашиглах, ашиглуулахаар талууд харилцан тохиролцсон бөгөөд энэхүү зээлийн гэрээний дагуу олгох ёстой зээлийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр олгох ёстой байсан болох нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарьт тодорхой тусгагдсан. Гэвч Ч нь дээрх зээлийн гэрээний дагуу авах 5.400.000.000 төгрөгөөс Х ХХК болон Чны хооронд 2004, 2006 онд байгуулагдаж байсан зээлийн өр, төлбөрийг төлөхийг шаардан төлөхгүй бол 5.400.000.000 төгрөгийн зээлийг олгохгүй гэж хууль бус шаардлага тавьж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин Х ХХК-д зээл олгохгүй удаашруулсан. Ч нь Х ХХК-ийн дансанд зээлийн гүйлгээг хийж тэрхүү зээлийн мөнгөнөөс өмнөх зээлийн өр, төлбөрт 3.400.000.000 төгрөгийг шууд суутган авсан. Энэ нь анхнаасаа зээлдэгчид зээлийг зориулалтын дагуу олгож ашиглуулах хүсэл сонирхолгүй байсан бөгөөд зээл төлүүлэх зорилгоор, хууль бусаар буцаан авч, зориулалтын дагуу олгож ашиглуулаагүй болно. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ ёсоор Ч нь зээлдэгчид 5,4 тэрбум төгрөгийг түүний өмчлөлд захиран зарцуулах боломжтойгоор шилжүүлэн олгож, зориулалтын дагуу ашиглуулах үүрэгтэй боловч 3.400.000.000 төгрөгийг нь өмнөх зээлийн өр, төлбөрт тооцон авч, зөвхөн 2 тэрбум төгрөгийг бодитоор олгож, ашиглуулсан байх тул тэрхүү ашиглуулсан зээлийнхээ хэмжээнд зээлийн хүү тооцож нэхэмжлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Зээлийн гэрээг нэг талаас Ч, нөгөө талаас Х ХХК байгуулсан.  Харин иргэн Н.Ө, А.Б нар нь гэрээний талууд биш юм. Гэтэл Ч нь эрх эдэлж үүрэг хүлээгээгүй, гэрээний тал болж оролцоогүй этгээдүүдээс зээлийн өр төлбөр нэхэмжилж, тэдгээрийн хувийн хувьцаа эзэмших эрх болон бусад хөрөнгөөс зээлийн өр, төлбөр гаргуулахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Чанд иргэдээс шаардах эрх үүсээгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр банкны шахалт шаардлагаар зээлдэгчид бодитойгоор шилжүүлж, зориулалтын дагуу ашиглуулаагүй 3.400.000.000 төгрөгөөс давхар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилж байгаа хэсгийг, мөн хуулийн шаардлага хангаагүй барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий хэсгийг буюу Н.Ө, А.Б нараас зээлийн өр төлбөрийг гаргуулах, тэдгээр иргэдийн хувийн эзэмшлийн хувьцаа болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Ө, А.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ч нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0052/08/СС-2013 дугаартай зээлийн гэрээг Н.Ө, А.Б нартай байгуулаагүй, тэдгээр нь гарын үсэг зураагүй. Х ХХК-ийн хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Компанийн хувьцаа бол иргэний хувийн өмч бөгөөд Н.Ө нь Ч ХХК-д хувьцаагаа ямар нэгэн байдлаар барьцаалаагүй. Иймд хувьцаанаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул Н.Ө, А.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02945 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-иас 5.541.809.938 /таван тэрбум таван зуун дөчин нэгэн сая найман зуун есөн мянга есөн зуун гучин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2.505.776.082 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Х ХХК, А.Б, Н.Ө нарын өмчлөлийн хөргөгч HP 40тн /солонгос/-1 ширхэг, ABTCKЛАВ WC RE600s их бие /солонгос/-1 ширхэг, түрдэг тэрэг-8 ширхэг, сеткэн тавиур-64 ширхэг, хянах самбар-1 ширхэг, комирессор-1 ширхэг, вакум машин HFV-600D /солонгос/-1 ширхэг, хөрөөдөгч машин HBS-250 /солонгос/-1 ширхэг, мах ясны хөрөө HBS-350 /солонгос/-1 ширхэг, цахилгаан тогоо 160л /австри/-2 ширхэг, сойх ган /австри/-1 ширхэг, вакум машин GK-289 /австри/-1 ширхэг, таглагч машин /солонгос/-1 ширхэг, таглагч машин /австри/-1 ширхэг, ачааны лифт /монгол/-2 ширхэг, ширээ /целлойдон тавцантай, австри/-1 ширхэг, ширээ /жорны жижиг, австри/-1 ширхэг, мах сойх ган /мотортой, монгол/-2 ширхэг, мах сойх ган /хуучин, монгол/-5 ширхэг, лааз ариутгагч шугам /монгол/-1 ширхэг, хөргөгч /2000х2170, хятад/-1 ширхэг, махны зэвэрдэггүй өлгүүр-3 ширхэг, шулалгааны ширээ /австри/-4 ширхэг, термастат /герман/-1 ширхэг, шинжилгээний ширээ ком /герман/-1 ширхэг, ширээ /плитатай, герман/-1 ширхэг, термастат /шинэ, австри/-2 ширхэг, давс хэмжигч-1 ширхэг, хүчил хэмжигч-1 ширхэг, арлын дугаар KWFXKS7BP3U698525, 2003 онд үйлдвэрлэсэн 37-20 УНР улсын дугаартай хюндэй портер маркийн автомашин, арлын дугаар KRGNAAC323B011977, 2003 онд үйлдвэрлэсэн, 27-46 УНЯ улсын дугаартай КИА пронтер маркийн автомашин, Чан дахь төгрөгийн 39200 10002 тоот данс, ам.долларын 39200 40002 тоот данс, Худалдаа хөгжлийн банкан дахь төгрөгийн 499125283 тоот данс, ам.долларын 499125294 тоот данс, рублийн 499136214 тоот данс, Голомт банкны төгрөгийн 1905007885 тоот дансан дахь мөнгөн хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Махимпексийн хашаанд байршилтай, 2000м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201010615 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0084788 тоот гэрчилгээтэй үйлдвэрийн зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Махимпексийн хашаанд байршилтай, 4328м2 талбайтай, нэгж талбарын 18635310050790 дугаар бүхий, 294203 тоот гэрчилгээтэй үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх, Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Тахилт гудамж 101 тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007996 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000097592 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Тахилт гудамж 101 тоотод байршилтай нэгж талбарын 18643318465275 дугаар бүхий 700м2 талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлээс үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Махимпексийн хашаанд байршилтай, 2127м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014025 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000173817 тоот гэрчилгээтэй үйлдвэрийн зориулалттай барилгаар хангуулах, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд Х ХХК-ийн хувьцаа болон бусад хөрөнгөөс үлдэгдэл өр төлбөрийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.139.593,22 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 28.007.400 төгрөг, хариуцагч А.Б, Н.Ө нараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2449 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02945 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 5,541,809,938 /таван тэрбум таван зуун дөчин нэгэн сая найман зуун есөн мянга есөн зуун гучин найм/ төгрөг” гэснийг, “7 459 483 180 төгрөг” гэж, “... 2,505,776,082 ...” гэснийг “588 102 840” гэж, 3 дахь заалтын “... 28,007,400 /хорин найман сая долоон мянга дөрвөн зуу/ төгрөг” ... гэснийг “37 455 366 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.872.239,41 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

“Х” ХХК-ийн төлөөлөгч Н.Өлзийжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2449 тоот магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт болон талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1-р зүйлд зааснаар банк нь харилцан тохиролцсон мөнгөн хөрөнгө болох 5,4 тэрбум төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд бодитойгоор, захиран зарцуулах боломжтойгоор шилжүүлсэн байх ёстой. Гэтэл Ч нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Хатансүйх Импэкс” ХХК-ийн 392001.0.002 тоот харилцах дансанд 5,4 тэрбум төгрөгийн шилжүүлсэн даруйдаа өмнөх зээлийн үлдэгдлийг төлүүлэхээр “Хатансүйх Импэкс” ХХК-д 2013 оны 11 Дүгээр сарын 08-ны өдөр хүргүүлж байсан мэдэгдэлд дурдсан үндсэн зээл 2,039,414,667.55 төгрөг, үндсэн хүү 589,094.88 ам. доллар, нэмж бодогдсон 386,163,491.44 төгрөгийн хүүгийн хэмжээгээр 3 удаа харилцагчийн зөвшөөрөл, даалгаваргүйгээр өөрсдөө дур мэдэн гүйлгээ хийж, нийт 3,4 тэрбум төгрөгийг данснаас хууль бусаар суутган авсан байдаг. Чны хувьд 3,4 тэрбум төгрөгийг өмнөх зээлд төлүүлсэн талаар огт маргадаггүй болно. Өөрөөр хэлбэл, банк нь зээлдэгчид зээлийн мөнгөн хөрөнгөнөөс 3,4 тэрбум төгрөгийг бодитойгоор, захиран зарцуулах эрхтэйгээр зээлдэгчийн өмчлөлд шилжүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх нь зөвхөн зээлдэгчийн харилцах дансны бичилтийг үндэслэн зээлийн мөнгийг олгосон байна гэж дүгнэж хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэн, бодит нөхцөл байдалтай нийцээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн давж заалдах шатны шүүх нь өмнөх зээлийн талаар “Хатансүйх Импэкс” ХХК болон “Ч”-ны эвлэрсэн эвлэрлийн гэрээг дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталж шийдвэрлэсэн байна гэж хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримтыг ойлгомжгүйгээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь маргаан бүхий 2013 оны зээлтэй яаж холбогдоод байгаа нь ойлгомжгүй байхаас гадна нотлох баримтыг үнэлж дүгнэсэн шүүхийн ажиллагаа нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий талаас нь үнэлэх хуулийн зүйл заалтыг ноцтойгоор зөрчсөн болно. Харин эсрэгээрээ “Хатансүйх Импэкс” ХХК болон “Ч” нь өмнөх зээл болох 2004 оны зээлийн гэрээний өр төлбөрийн талаар харилцан тохиролцож эвлэрсэн явдал нь Хатансүйх Импэкс” ХХК-д олгох ёстой байсан 2013 оны 5,4 тэрбум төгрөгөөс дур мэдэн 3,4 тэрбум төгрөгийг суутган авсан Чны үйлдлийг зөвтгөх үндэслэл биш юм.

Ч нь Монгол банктай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн гэрээг байгуулж, Монголбанкнаас санхүүжүүлэх мөнгөн хөрөнгийг “Хатансүйх Импэкс” ХХК-д дамжуулан зээлдүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Энэхүү гэрээний 2.5-д зааснаар хөтөлбөрт оролцогч банкнаас хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтоохоор харилцан тохиролцсон байдаг. Энэ утгаараа аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байгаа нь харин ч эсрэгээрээ Ч нь дамжуулан зээлдүүлж буй зээлийн хүүгийн хэмжээг ихэсгэх, хүүгийн хэмжээг өөрчлөх эрх олгогдоогүй болохыг харуулж юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нотлох баримтыг зөвхөн нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарласнаас болж хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байх ёстой. Гэтэл Ч нь “Хатансүйх Импэкс” ХХК-ай 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан атлаа зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад Монгол банктай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, зохих этгээдийн буюу Монгол банкны зөвшөөрөлгүйгээр аж ахуйн нэгжид дамжуулан зээлдүүлсэн зээлийн жилийн 3.8 хувийн хүүгийн хэмжээг ихэсгэж жилийн 22.8 хувь болгон өөрчилсөн нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хуулийн үндэслэлтэй юм. Тийм учраас хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн зээлийн хүүг жилийн 22.8 хувиар тооцсон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалын “Хатансүйх Импэкс” ХХК-аас 1.917.673.242.00 төгрөгийг нэмж гаргуулж Чинд олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

              ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “Ч ХХК нь хариуцагч “Х” ХХК болон А.Б, Н.Ө нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8.954.208.643 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр, хүрэлцэхгүй тохиолдолд тус компанийн 237.613 ширхэг хувьцаа, бусад хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 8.047.586.020 төгрөг болгон багасгажээ /хэргийн 1-3, 176-177 дугаар тал/. Нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзахдаа хариуцагч “Х” ХХК “...зээлээс өмнөх зээлийн төлбөр 3.400.000.000 төгрөгийг суутган авсан тул ашиглаагүй зээлд хүү төлөхгүй...”, А.Б, Н.Ө нар “...иргэний хувьд зээл аваагүй, компанийн хувьцаа барьцаалаагүй...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж, маргажээ.

1.Монгол Улсын Засгийн газар, Монгол банкны хоорондын “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол банкны Ерөнхийлөгч, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайдын “Дэд хөтөлбөр батлах” тухай тушаалуудыг удирдлага болгон захиалагч буюу төсөл хэрэгжүүлэгч Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам нь гүйцэтгэгч буюу “Х” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 5-ний өдөр “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулж, мах махан бүтээгдэхүүн хадгалах зоорь, боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг гүйцэтгэхээр харилцан тохирсон ба гүйцэтгэгч нь зээлийг зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй.

Монгол банк нь Чтай 2013 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, дээрх хөтөлбөрийн хүрээнд төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг олгохоор тохирсон, харин банк нь хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн зээлийн төлбөрийн эрсдэлээс үл хамааран зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг тогтоосон хуваарийн дагуу Монгол банкинд төлөх, хөтөлбөр хэрэгжүүлэгч энэхүү дэд хөтөлбөрийн зээлийн эх үүсвэрийг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд Монгол банк болон ҮХААЯ-д нэн даруй мэдэгдэх үүргийг хүлээжээ.

Төсөл хэрэгжүүлэгч “Х” ХХК нь Чтай 2013 оны 12 дугаар сарын 26-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 5.400.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаагаар жилийн 3,8 хувийн хүүтэй зээлэх, зөрчил үүссэн өдрөөс арилгах хүртэл хугацаанд хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийг ҮХААЯ-тай байгуулсан төслийн дагуу мах, махан бүтээгдэхүүн хадгалах зоорь, боловсруулах үйлдвэр байгуулах зориулалтаар ашиглахаар харилцан тохирсон, талууд уг гэрээнд 2014 оны 12 дугаар сарын 15, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулжээ /хэргийн 1 дүгээр хавтас 13-19, 137-139, 220-228 дугаар тал/.

2. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2013 оны 12 дугаар сарын 26-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагч “Х” ХХК-ийн үйлдвэрлэлийн зориулалттай 2000 м.кв, 2127 м.кв барилга, 4328 м.кв газрын эзэмших эрх, Н.Өын өмчлөлийн үйлдвэрлэлийн зориулалттай барилга, А.Бын өмчлөлийн дуусаагүй барилга, 700 м.кв газар, тоног төхөөрөмж, 2 автомашин, нэр бүхий банкны ам доллар, рубль, төгрөгийн данс дах хөрөнгийг барьцаалсан ба эдгээр хөрөнгийн эзэмших болон өмчлөх эрхийг тодорхойлсон нотлох баримтууд хэрэгт авагджээ /хэргийн 22-35, 213-216 дугаар тал/.

Нэхэмжлэгч дээрх гэрээнүүдийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдаж, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэн, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр шаардахдаа хүүг 2016 оны 12 дугаар сарын 26-ний өдөр хүртэл 16.39 хувиар, нэхэмжлэл гаргах хүртэл 22.8 хувиар тооцож нэхэмжилжээ.

Зээлийн гэрээнд зээлдэгчийг “Х” ХХК гэж тодорхойлсон тул банк нь хуулийн этгээдэд зээл олгосон гэж үзнэ. Зээлийн гэрээ, нэмэлт өөрчлөлт 1, 2 гэрээнд хуулийн этгээдийг төлөөлж тус компанийн ерөнхий болон гүйцэтгэх захирал Н.Ө, Н.Өлзийжаргал нар гарын үсэг зуржээ.

Банк нь гэрээний зүйл болох мөнгийг “Х” ХХК-ийн дансанд шилжүүлсэн, тус компани зээлийг захиран зарцуулж, төлбөр тооцоог гүйцэтгэж байжээ.

 Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх ба нэхэмжлэгч болон хариуцагч “Х” ХХК-ийн хооронд банкнаас олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч нь Х ХХК-ийн дансанд 5.400.000.000 төгрөгийг шилжүүлсэн, ...хариуцагч нь өмнөх зээлийн өр төлбөрийн талаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн...” гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 7.459.483.180 төгрөгийн шаардлагыг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Ч нь 2013 оны 11 дүгээр сарын 8-ний өдөр 56/125 дугаар албан бичгээр Х ХХК-с 2004, 2006 онуудын зээлийн төлбөрт 4.918.146.404 төгрөг төлөхийг шаардаж байсан ба дээрх зээлийн гэрээний зүйл болох 5.400.000.000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгчийн дансанд шилжүүлсэн боловч мөн өдөр хариуцагчийн өмнөх зээлийн төлбөрт тооцон 3.400.000.000 төгрөгийг суутган авчээ /хэргийн 74-76 дугаар тал/.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнийг зээлийн хүү” гэж тодорхойлсон бол 26 дугаар зүйлд зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Зээлийн ашиглалт, зориулалтыг зээлдүүлэгч шалгаж, зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэжээ.

Түүнчлэн Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 475/182 дугаар тушаалаар баталсан "Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-ын 2.10-т “тухайн зээлдүүлэгч нь зээл, үнэт цаас, бусад актив, тэдгээрийн хүүг нэмж зээл олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглоно. Ингэж төлүүлсэн тохиолдолд уг зээл, үнэт цаас, бусад активыг анхны нөхцөл өөрчлөгдсөнд тооцно” гэжээ.

Дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь шинээр олгосон зээлээс өмнөх зээлийн төлбөрийг суутгасан нь зээлийг бүхэлд нь зориулалтаар нь ашиглах зээлдэгчийн боломжийг хааснаас гадна Монгол банктай байгуулсан гэрээний үүргээ зөрчжээ.   

“Х” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чинд гаргасан хүсэлтдээ “...төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг 2.8 тэрбум төгрөгөөр эхлүүлэх...” талаар дурдсан байх тул зээлдэгч өмнөх зээлийн төлбөрт 3.4 тэрбум төгрөг төлөхийг зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй /хэргийн 205 дугаар тал/.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 204 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Чны 4.934.867.962 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас Хатан сүйх ХХК, Н.Ө, А.Б нар 3.400.000.000 төгрөг төлж барагдуулсныг мөн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс нэхэмжлэгч 628.245.339 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, 906.622.622 төгрөгийг хариуцагч нар 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдөр төлж барагдуулахаар тохирч, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ /хэргийн 161-166 дугаар тал/. Энэхүү үйл баримт нь зээлийн төлбөрийг суутган авсны дараа бий болсон байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.  

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, зориулалтын дагуу ашиглаагүй зээлд хүү тооцох боломжгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зүйл, заалтад нийцсэн боловч зээлийн гэрээг сунгасан эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүйгээс хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг тодорхойлж чадаагүй байна.

Талууд 2014 оны 12 дугаар сарын 15-ний өдөр зээлийн гэрээний 17 дугаар зүйлд “зээлдүүлэгч өөрийн эх үүсвэрээр Монгол банкинд зээлийн өр төлбөрийг төлсөн тохиолдолд тухайн хугацаанд мөрдөгдөж байгаа өөрийн “Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл”-д заасан зээлийн хүү болон энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан хүүгийн зөрүүг зээлдэгч зээлийг бүрэн төлж барагдуулах хүртэл хугацаанд тооцон зээлийн өр төлбөр дээр нэмж төлүүлнэ” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсныг жилийн хүүг 16.5 хувь болгосон гэж үзэхгүй.

Ч 2016 оны 12 дугаар сарын 18-ний өдөр Монгол банкинд 5.498.084.096 төгрөгийг төлснөөр тус банктай байгуулсан гэрээ дуусгавар болжээ /хэргийн 234-236 дугаар тал/.

Талууд 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэрээний хугацааг 60 сараар сунгах, 2016 оны 12 дугаар сарын 27-ний өдрөөс зээлийн хүүг жилийн 22.8 хувь болгохоор харилцан тохирч зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй талаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасан.

Хэргийн 36-37 дугаар тал авагдсан нэхэмжлэлийн тооцоололд хариуцагч нь зээл 187.054.700 төгрөг, хүү 324.729.528 төгрөг нийт 511.794.228 төгрөг төлсөн, үлдэх төлбөрийг төлөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-2 хавсралтад заасан хугацаанд үүргээ биелүүлснээ хариуцагч нотолж чадаагүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч гэрээг цуцалж, зээлийн төлбөр шаардсаныг буруутгах боломжгүй.

Иймд хариуцагчийн ашигласан 2.000.000.000 төгрөг, түүний хүүг 2016 оны 12 дугаар сарын 26-ний өдөр хүртэл жилийн 3.8 хувиар тооцвол 228.000.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр хүртэл 16 сарын хугацаанд жилийн 22.8 хувиар тооцвол 608.000.000 төгрөг нийт 2.836.000.000 төгрөг ба үүнээс төлсөн 511.794.228 төгрөгийг хасвал 2.324.205.772 төгрөг, үүн дээр 3.400.000.000 төгрөгийг нэмж тооцвол хариуцагчийн хүлээх зээлийн үүрэг 5.724.205.772 төгрөг байна.

Гэвч хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Саруул шүүхэд гаргасан тайлбартаа 5.858.996.505 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн /хэргийн 97, 99-100 дугаар тал/ байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т заасныг зөрчихгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу  гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

Түүнчлэн мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох ба эд хөрөнгөө бусдын үүрэгт барьцаалуулах эсэхийг өмчлөгч өөрөө гэрээ байгуулах, эсхүл ийнхүү барьцаалуулахыг зөвшөөрсөн байх шаардлагатай.

Барьцааны гэрээнд зээлдэгчээс гадна эд хөрөнгийн өмчлөгч А.Б гарын үсэг зурсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангажээ.

Харин нэхэмжлэлд дурдсан Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 2127 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь банкны өмчлөлд бүртгэлтэй тул уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй, мөн Х компанийн хувьцааг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.           

Барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын заримыг хангахдаа анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, зохигчид энэ хэсэгт гомдол гаргаагүй болно.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 5.858.996.505 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2449 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02945 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...5.541.809.938...” гэснийг “...5.858.996.505” гэж, “...2.505.776.082...” гэснийг “...2.188.589.515...” гэж, 3 дах заалтын “...28.007.400...” гэснийг “...29.452.933...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 9.747.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ