Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2018/02945

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ч” ХХК

Хариуцагч: “Х” ХХК

Хариуцагч: А.Б

Хариуцагч: Н.Ө

2013 оны 12 сарын 26-ны өдрийн 0052/08/СС-2013 тоот Зээлийн гэрээг цуцалж, зээлийн өр төлбөрт 8047586020 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, “Х импекс” ХХК-ийн эзэмшлийн Ч банк дахь төгрөгийн 39200 10002 тоот данс, ам.долларын 39200 40002 тоот данс, Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн 499125283 тоот, ам.долларын 499125294 тоот данс, рублийн 499136214 тоот данс, Голомт банкны төгрөгийн 1905007885 тоот данс дахь мөнгөн хөрөнгөөр зээлийн өр төлбөрийг барагдуулах, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд “Х импекс” ХХК-ийн 237,613 ширхэг хувьцаа болон бусад хөрөнгөөс үлдэгдэл өр төлбөрийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Золбоо, Б.Төрбадрах

                                хариуцагчийн төлөөлөгч Р.Б, Г.Саруул

                                   хариуцагч нарын төлөөлөгч П.Еркебулан

                                нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ч банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 'Ч банк” ХХК нь “Х импекс” ХХК-тай 2013.12.26-ны өдөр байгуулсан 0052У08/СС-2013 тоот Зээлийн гэрээний дагуу 5400000000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 3.8 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар талууд 0052/08/РА/01-2013 тоот барьцааны гэрээг байгуулж, хариуцагч нар нь дор дурдсан хөрөнгүүдийг зээлдүүлэгчид барьцаалуулсан байна. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Махимпексийн хашаанд байрлах 2127 м.кв талбайтай, Ү-2201014025 улсын бүртгэлийн дугаартай, үйлдвэрийн зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Махимпексийн хашаанд байрлах 2000 м.кв талбайтай, Ү-2201010615 улсын бүртгэлийн дугаартай, үйлдвэрийн зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Махимпексийн хашаанд байрлах 4328 м.кв талбайтай, 18635310050790 нэгж талбарын дугаартай, үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилт гудамж, 101 тоотод байрлах, 90 м.кв талбайтай, Ү-2202007996 улсын бүртгэлийн дугаартай, баригдаж дуусаагүй байшин, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Тахилт гудамж, 101 тоотод байрлах, 700 м.кв талбайтай, 18643318465275 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн зориулалттай газар. Тоног төхөөрөмж, эд хөрөнгө /Консервын цех. Шуллагааны цех, Лабораторийн өрөө/ нийт өртөг 66682281 төгрөг, тээврийн хэрэгсэл нийт өртөг 10000000 төгрөг, Хюндей портер маркийн, арлын КМFXKS7BP3U698525, улсын 37-20 УНР дугаартай автомашин, Киа пронтер маркийн, арлын KRGNAAC323В011977, улсын 27-46 УНЯ дугаартай автомашин, Ч банкин дахь: 3920010002, 3920040002 тоот дансууд, Худалдаа, хөгжлийн банкин дахь: 499125283, 499125294, 499136214 тоот дансууд, Голомт банкин дахь: 1905007885 тоот данс, зээлийн гэрээгээр ногдуулсан зээлийн хүүг өөрчлөхөөр талууд харилцан тохиролцож 2014.12.15-ны Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 1 болон 2016.09.19-ний өдрийн Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 2-г тус тус байгуулсан. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 1-ээр Зээлийг хугацаанаас өмнө төлүүлэхтэй холбогдох асуудал болон Зээлдүүлэгч өөрийн эх үүсвэрээр Монголбанкинд зээлийн төлбөрийг төлсөн тохиолдолд тухайн үеийн “Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл”-д заасан хүү болон хүүгийн зөрүүг төлүүлэхтэй холбогдох харилцааг, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 2-оор Зээлийн гэрээний хугацааг 2016.12.27-ны өдрөөс эхлэн 60 сарын хугацаатай сунгах, сунгасан хугацаанаас эхлэн жилийн 22,8 хувийн хүүтэйгээр зээлийн төлбөрийг төлүүлэхтэй холбогдох харилцааг тус тус тохиролцсон байдаг. Гэвч зээлдэгч “Х импекс” ХХК нь зээлийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй бөгөөд “Ч банк” ХХК нь зээлийн төлбөрийг хүүгийн хамт цаг тухай бүрт нь Монгол банкинд төлж байсан. Ингээд “Зээлийн гэрээ”-ний хугацаа дуусахад зээл төлөгдөөгүй байсан тул “Х импекс” ХХК-ийн төлөөлөгчтэй уулзахад “Зээлийн «гэрээний нэмэлт өөрчлөлт-1,2”-г байгуулан 2016 оны 12 сарын 27-ны өдрөөс эхэлж 5,4 тэрбум төгрөгийн зээлийн хүүг жилийн 22,8 болгож өөрчилсөн байна. Мөн “Ч банк” ХХК нь 2013 оны 12 сарын 31-нд шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Х импекс” ХХК-тай 2014 оны 1 сарын 13-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулсан байна. Улмаар 2014 оны 2 сарын 4-ний өдөр 204 дугаартай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамж гарч 906622622.88 төгрөгийг 2018 онд багтаан төлөхөөр тохиролцсон байна. Иймд нэхэмжлэгч "Ч банк" ХХК нь 2018 оны 4 сарын 27-ны өдөр Баянгол дуүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж дараах байдлаар өөрчилж байна. Хариуцагч “Х импекс” ХХК-тай байгуулсан 2013 оны 12 сарын 26-ны өдрийн 0052/08/СС-2013 тоот "Зээлийн гэрээ"-г цуцалж, зээлийн өр төлбөрт 8,954,208,643 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг 906.622.622,88 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 8,047,586,020 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулж өгнө үү. Хэрэв хариуцагч сайн дураар “Зээлийн гэрээ”-ний үүргээ биелүүлэхгүй бол 0052/08/РА/01-2013 тоот "Барьцааны гэрээ"-ний "А" хавсралт-д заасан: 2.1.Сонгинохайран дүүргийн 4-р хороо, Махимпексийн хашаанд байрлах, Улсын бүртгэлийн 000173817 Ү-2201014025 дугаартай Үйлдвэрийн зориулалттай барилгын хэсэг, Улсын бүртгэлийн 0084788 Ү-2201010615 дугаартай Үйлдвэрийн зориулалттай барилгын хэсэг, 294203 Нэгж талбарын 18635310050790 дугаартай 4328 мкв үйлдвэрийн зориулалттай газар эзэмжих эрх, Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Тахилт гудамж, 101 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн 000097592 Ү-2202007996 дугаартай 90 мкв Үл хөдлөх хөрөнгө, 18643318465275 дугаартай 700 мкв гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх эрх зэргийг албадан худалдан борлуулж 2.2. “Барьцааны гэрээ”-ний А хавсралтын 2-т заасан 66,682,281 төгрөгний үнэ бүхий 29 нэр төрлийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг албадан худалдан борлуулж 2.3 “Барьцааны гэрээ”-ний А хавсралтын 3-т заасан 10,000,000 сая төгрөгний үнэ бүхий Улсын бүртгэлийн 37-20УНР дугаартай Хюндай портер, Улсын бүртгэлийн 27-46 УНЯ дугаартай Киа пронтер маркийн автомашин, зэргийг албадан худалдан борлуулж 2.4. “Барьцааны гэрээ”-ний А хавсралтын 4-т заасан “Х импекс” ХХК-ийн эзэмшлийн “Ч банк” дахь төгрөгийн 39200 10002 тоот данс, ам.долларын 39200 40002 тоот данс, “Худалдаа хөгжлийн банк” дахь төгрөгийн 499125283 тоот данс, ам.долларын 499125294 тоот данс, рублийн 499136214 тоот данс, Голомт банкны төгрөгийн 1905007885 тоот данс дахь мөнгөн хөрөнгө зэргээс тус тус зээлийн өр төлбөрийг барагдуулж өгнө үү. Барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд “Х импекс” ХХК-ийн 237,613 ширхэг хувьцаа болон бусад хөрөнгийг албадан худалдан борлуулж үлдэгдэл өр төлбөрийг гаргуулж “Ч банк” ХХК-г хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Золбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага маань хариуцагчаас 8047586020 төгрөг гаргуулах,  хариуцагч сайн дураараар төлбөрийн үүргийг гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя, эдгээр хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэлцэхгүй байвал “Х импекс” ХХК-ийн хувьцаа болон бусад эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр  “Х импекс” ХХК нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай байгуулсан гэрээний дагуу Монгол банкнаас санхүүжүүлсэн 5400000000 төгрөгийн гэрээг “Х импекс” ХХК-тай дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу гэрээний биелэлтийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хариуцсан. Үүнтэй холбоотой албан бичгийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд өгч байсан. Мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зээлтэй холбоотой албан бичгүүдийг “Ч банк” ХХК-д ирүүлснээр тухайн гэрээ байгуулагдаж, Монгол банкнаас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5400000000 төгрөг нь “Ч банк” ХХК-ийн дансанд шилжсэнээр “Х импекс” ХХК-д тухайн өр төлбөрийг шилжүүлэх боломж бүрдсэн. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Х импекс” ХХК-тай дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу 0052/08/СС-2013 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээнээс өмнө “Х импекс” ХХК нь “Ч банк” ХХК-тай хамтарч ажиллаж байсан. Хамтарч ажиллаж байсан нь өмнө байгуулсан эвлэрлийн гэрээгээр харагдаж байгаа. Уг эвлэрлийн гэрээг 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр талууд хоорондоо тохиролцож, 4,900,000,000 төгрөгийг өгч авахаар тохирсон. Уг тохиролцооны дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёр дугаар шүүхийн шүүгчийн 204 тоот дугаартай 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гарч байсан. Ингээд хамтран ажиллаж гэрээний дагуу 5400000000 төгрөгийг барьцаатайгаар зээлүүлсэн. Уг барьцаа нь өмнө “Ч банк” ХХК-ийн барьцаанд байсан эд хөрөнгүүд байдаг. Барьцаанд байсан эд хөрөнгүүдийг мөн “Ч банк” ХХК хуулийн дагуу давхар барьцаалуулах зөвшөөрлийг олгож, уг давхар барьцаалуулах зөвшөөрлийн дагуу улсын бүртгэлийн газарт дахин барьцаалж, эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд авсан. Ингээд зээлийн гэрээний барьцаа авсны дараа “Х импекс” ХХК-иас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Ч банк” ХХК-д албан бичгээр хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтэндээ “Х импекс” ХХК нь манай байгууллага өмнөх өр зээлийн төлбөрт 2000000000 төгрөг өгөөд, үлдсэн 3400000000 төгрөгөөр ажлаа хийж гүйцэтгэх боломжтой гэж тохиролцсон. Гэвч та нартай аман хэлцлээр тохирсны үндсэн дээр бид нар 2800000000 төгрөгөөр өмнөх өр төлбөрөө хааж, үлдсэн төлбөрөөр нь бид үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэсэн тайлбаруудыг өгч байсан байдаг. Мөн эвлэрлийн гэрээнд заасны дагуу эвлэрлийн гэрээгээр талууд хоорондоо  өмнөх зээлийн өр төлбөрийг 5400000000 төгрөгөөр төлүүлж, хоорондоо тохиролцож, зохигчид хоорондоо эвлэрснээр эвлэрлийн гэрээг байгуулж, шүүгчийн захирамж гарсан. Энэ эвлэрлийн гэрээн дээр өмнөх зээлтэй холбоотой маргааныг аль нэг тал нь гаргахгүй гэсэн асуудлыг ярьсан байдаг. Ингээд эвлэрлийн гэрээ байгуулж, 5400000000 төгрөгөөс 3400000000 төгрөгийг “Ч банк” ХХК-д шилжүүлж, өөрсдөө 2000000000 төгрөгийг авсан. Ингээд хариуцагч зээлийн төлбөрөө тохирсон хуваарийн дагуу төлөх ёстой байсан боловч төлөхгүй явсаар Засгийн газрын 320 тоот тогтоол гарч, уг тогтоолын дагуу гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах нөхцөлтэйгээр зээлийн гэрээнүүдийг дахин нэг жилээр сунгая гэж шийдсэн байдаг. Үүний дагуу “Ч банк” ХХК-иас Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам руу зээлдэгч төлбөрөө төлөхгүй байна, харилцагч “Ч банк” ХХК-иас Монгол банк руу 2400000000 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлсөн байна гэдэг тайлбараа хүргүүлсэн. Эргээд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зээлийн гэрээг дахин нэг жилээр сунгахыг зөвшөөрч байна гэсэн хариу ирсэн. Иймд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Засгийн газрын тогтоолын дагуу “Ч банк” ХХК-иас зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлт 2 дугаарт “Ч банк” ХХК болон Монголбанкны хооронд байгуулагдсан гэрээний дагуу хүүгээ өөрсдөө тооцох эрх үүргийг олгосон учраас энэ үндэслэлээр “Ч банк” ХХК нь “Х импекс” ХХК-тай  нэмэлт өөрчлөлт нэгийг хийж, хүүний асуудлаар талууд тохиролцсон. Ингээд нэмэлт хүүг тогтоосноос хойш дахин зээлийн эргэн төлөлтийн асуудлыг ярьж, цаг хугацаа өнгөрсөн боловч хариуцагч талаас ямар ч мөнгө төлөөгүй. Хугацаандаа өр төлбөр төлөгдөөгүй явж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлт хоёрыг дахин хийсэн. Энэ хугацаанд 2013 онд хийсэн нэмэлт өөрчлөлт нэгт заасан банкны дундаж хүүгийн өсөлт нэмэгдсэн. Ингээд нэмэгдсэнтэй холбогдуулан хүүгээ талууд тохиролцож нэмж гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэгч, хариуцагч нар өмнө байгуулсан эвлэрлийн гэрээгээр дахин 3400000000 төгрөгийн төлөлттэй холбоотой аливаа маргааныг хийхгүй гэж эвлэрлийн гэрээ хийсэн боловч одоо хариуцагч “Х импекс” ХХК нь 5400000000 төгрөгөөс 3400000000 төгрөгийг өр төлбөрт төлсөн, бодитоор аваагүй, авсан 2000000000 төгрөг дээр зээлийн хүү төлнө гэж маргаж байгаа нь өмнөх захирамжийн тохиролцоогоо биелүүлэхгүй, өөрсдийн тохиролцсон гэрээгээ зөрчиж байна. Үүнтэй холбоотойгоор хариуцагч 3 зүйл дээр маргадаг. “Ч банк” ХХК 5400000000 төгрөгөөс хүчээр 3,4 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлүүлсэн мэтээр ярьдаг. Гэвч энэ эвлэрлийн гэрээ болон өөрсдийнх нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өгсөн албан бичгээр үгүйсгэгддэг. Мөн хариуцагч хариу тайлбартаа зээлийг зээлийн дансанд олгосон байх ёстой гэдэг үндэслэлээр маргаан үүсгэдэг. Манайх 3400000000 төгрөгийг аваагүй гэдэг. Гэвч дансанд нь 5,4 тэрбум төгрөг орсон байгаа нь харагддаг, мөн эвлэрлийн гэрээгээр 3400000000 төгрөгийг өмнөх зээлийн гэрээнийхээ төлбөрт төлсөн гэж эвлэрлийн гэрээгээ байгуулсан. Өөрсдөө өмнө авсан зээлийн гэрээнийхээ хүү, төлбөрийг сайн дураараа хүлээн зөвшөөрч төлснөө эвлэрлийн гэрээгээрээ баталгаажуулж харуулж байгаа. Иймд 3,4 тэрбум төгрөгийг аваагүй, хүү тооцохгүй гэж байгаа хариуцагчий тайлбарыг хүлээн авах боломжгүй. Хариуцагч А.Б, Н.Ө нар зээл аваагүй, зээл авсан эсэх талаар ямар нэгэн баримт байхгүй гэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Н.Ө “Х импекс” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэж байгаа. А.Б нь Н.Өын нөхөр юм. Иргэн Н.Ө, А.Б нар зээлийг авахдаа биечилж оролцоогүй байдлаар харагдах боловч бодит байдал  дээр Н.Ө, А.Б нар нь эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд байгаа. Өөрийнхөө хийсэн үйлдлийн учир шалтгааныг ойлгож, эрх зүйн харилцаанд оролцож  байгаа этгээд буюу барьцааны гэрээ байгуулж байхад эрх зүйн бүрэн чадамжтай байсан. Иймд Н.Ө, А.Б нар нь барьцааны гэрээ байгуулж, үүрэг хүлээсэн явдал нь хариуцагчийн төлөөлөгчийн хэлж байгаа тайлбартай нийцэхгүй байна. Иймд Х импекс” ХХК-иас зээлийн төлбөрт 8047586020 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, хэрэв хүрэлцэхгүй бол “Х импекс” ХХК-ийн хувьцаа болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 Хариуцагч “Х импекс” ХХК-ийн төлөөлөгч Р.Б шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь Үйлдвэр хөдөө аж, ахуйн яамтай 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах төсөл хэрэгжүүлэх” ТШ/13/-ДХХ-29 тоот гэрээний дагуу мах, махан бүтээгдэхүүн хадгалах зоорь, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах зорилгоор Ч банктай 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5,4 тэрбум төгрөгийг жилийн 3.8 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатайгаар зээлэхээр болж зээлийн гэрээ байгуулсан болно. Тус зээлийн гэрээний ерөнхий зүйл болон тус гэрээний 6, 12 дугаар зүйлд зааснаар зээлийг зөвхөн дээрх төслийн зориулалтын дагуу ашиглах, ашиглуулахаар талууд харилцан тохиролцсон бөгөөд энэхүү зээлийн гэрээний дагуу олгох ёстой зээлийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр олгох ёстой байсан болох нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваариас тодорхой харагддаг. Гэвч Ч банк нь дээрх зээлийн гэрээний дагуу авах 5,4 тэрбум төгрөгнөөс “Х” ХХК болон Ч банкны хооронд 2004, 2006 онд байгуулагдаж байсан өмнөх зээлийн өр, төлбөрийг төлөхийг шаардан төлөхгүй бол 5,4 тэрбум төгрөгийн зээлийг олгохгүй гэж хууль бус шаардлага тавьж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин “Х” ХХК-д зээл олгохгүй удаашруулж байсан болно. Тухайн үед Ч банк нь Х ХХК-ийн дансанд зээлийн гүйлгээг хийж тэрхүү зээлийн мөнгөнөөс өмнөх зээлийг өр, төлбөрт 3,4 тэрбум төгрөгийг шууд суутган авсан байдаг. Энэ нь анхнаасаа зээлдэгчид зээлийг зориулалтын дагуу олгож ашиглуулах хүсэл сонирхолгүй байсан байх бөгөөд зээл төлүүлэх зорилгоор, хууль бусаар буцаан авч, зориулалтын дагуу бидэнд олгож ашиглуулаагүй болно. /тухайн үед Ч банкны шахалт, шаардлагаар төлбөрийн даалгавар бичигдсэн болно/ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэрээний үндсэн шинж бол банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргийг хүлээдэг. Ийнхүү өмчлөлд шилжүүлснээр гэрээнд заасан зориулалтын дагуу зээлдэгч нь ашиглах, захиран зарцуулах ёстой байдаг. Гэтэл талууд анхнаасаа зээл төлүүлэх талаар харилцан тохиролцоогүй, энэ талаар гэрээнд тусгаагүй байхад Ч банк нь өөрсдийн эдийн засгийн давуу нөхцөл байдлыг ашиглан өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн өмнөх 2 зээлийн гэрээний хүү төлүүлэн, давхар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа банкны үйлдэл нь Зээлдэгчийн хүсэл зоригоо илэрхийлэх бие даасан байдал болон эдийн засгийн хувьд нөхцөл байдлыг улам хүндрүүлж зөвхөн хууль бусаар хүүлэх зорилгыг агуулсан байгаа болохыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн Ч банк нь Төв банкны тухай хууль болон Банкны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид зааснаар Монгол банкнаас гаргаж буй журам, зааврыг дагаж мөрдөж ажиллах ёстой. Гэтэл бантгнь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтран баталсан 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 475/182 тоот “Активыг ангилах, Активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.10-д заасан “Тухайн зээлдүүлэгч нь зээл. үнэт иаас. бусад актив, тэдгээрийн хүүг нэмж зээл олгох. эх үүсвэр байршуулах, зэргээр төлүүлэхийг хориглоно ” гэсэн хориглосон хэм. хэмжээ, заалтыг зөрчиж олгосон зээлээс өмнөх зээлийн өр, төлбөрийг төлүүлсэн нь хууль бус байдаг. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ ёсоор Ч банк нь зээлдэгчид 5,4 сая төгрөгийг түүний өмчлөлд захиран зарцуулах боломжтойгоор шилжүүлэн олгож, зориулалтын дагуу ашиглуулах үүрэгтэй боловч 3,4 тэрбум төгрөгийг нь өмнөх зээлийн өр, төлбөрт тооцон авч, зөвхөн 2 тэрбум төгрөгийг бодитоор олгож, ашиглуулсан байх тул тэрхүү ашиглуулсан зээлийнхээ хэмжээнд зээлийн хүү тооцож нэхэмжлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иргэн Н.Ө. А.Б нараас ээлийн өр, төлбөр гаргуулахаар шаардаж буй шаардлага болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд: Талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнээс харахад гэрээний талууд нь нэг талаас Ч банк, нөгөө талаас Х ХХК болно. Харин иргэн Н.Ө, А.Б нар нь гэрээний талууд биш юм. Гэтэл Ч банк нь эрх эдэлж үүрэг хүлээгээгүй, гэрээний тал болж оролцоогүй этгээдүүдээс зээлийн өр төлбөр нэхэмжилж, тэдгээрийн хувийн хувьцаа эзэмших эрх болон бусад хөрөнгөөс зээлийн өр, төлбөр гаргуулахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Ч банкинд иргэдээс шаардах эрх үүсээгүй болно. Мөн Талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Ч банк болон “Х” ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээний хувьд барь"цаалуулж буй үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн холбогдох байгууллагад бүртгүүлээгүй, мөн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу холбогдох газрын албанд бүртгүүлээгүй, тэмдэглэгээ хийлгээгүй байдаг. Өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон хөрөнгө барьцаалахдаа хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаж бүртгүүлсэн тохиолдолд уг гэрээ хүчин төгөлдөр болох ёстой.  Гэтэл энэхүү хуулийн шаардлага хангаагүй барьцааны гэрээг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байгаа нь хууль бус байна. Иймд дээрх үндэслэлүүдээр банкны шахалт шаардлагаар зээлдэгчид бодитойгоор шилжүүлж, зориулалтын дагуу ашиглуулаагүй 3,4 тэрбум төгрөгнөөс давхар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилж байгаа хэсгийг, мөн хуулийн шаардлага хангаагүй барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий хэсгийг буюу иргэн Н.Ө, А.Б нараас зээлийн өр төлбөрийг гаргуулах, тэдгээр иргэдийн хувийн эзэмшлийн хувьцаа болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Саруул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хандан “Ч” банкнаас “Х импекс” ХХК, Н.Ө, А.Б нарт холбогдуулан зээлийн өр төлбөр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад тооцоотой холбоотой хэсэгт дараах нэмэлт хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: “Х” ХХК нь Үйлдвэр хөдөө аж, ахуйн яамтай 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах төсөл хэрэгжүүлэх” ТШ/13/-ДХХ-29 тоот гэрээний дагуу мах, махан бүтээгдэхүүн хадгалах зоорь, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах зорилгоор Ч банктай 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5,4 тэрбум төгрөгийг жилийн 3.8 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатайгаар зээлэхээр болж зээлийн гэрээ байгуулсан болно. Тухайн үед Ч банк нь Х ХХК-ийн дансанд зээлийн гүйлгээг хийж тэрхүү зээлийн мөнгөнөөс өмнөх долларын зээлийн өр, төлбөрт 3,4 тэрбум төгрөгийг шууд суутган авсан байдаг. Энэ нь Ч банкин дахь “Х” ХХК-ийн 392001.0.002 тоот харилцах дансны хуулгаар нотлогдож байгаа болно. Тухайлбал, Ч банк нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5,4 тэрбум төгрөгийн зээлийг 392001.0.002 тоот харилцах дансанд олгосон боловч тухайн өдөр нь шууд зээл төлүүлэхээр 974421841.01 төгрөгийг 589.094.88 ам доллаот тооцон зээлийн хүүд, мөн 386163491.44 төгрөгийг зээлийн хүүд, 2.039.414.667.55 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт тус тус тооцон суутган авсан байдаг. Эдгээр суутган авсан үнийн дүн нь Ч банкнаас 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр “Х” ХХК болон барьцаалуулагч нарт хандан 2004, 2006 оны ам.долларын зээл, зээлийн хүүг төлүүлэхээр хүргүүлж байсан мэдэгдэлд тусгагдсан үнийн дүнгийн хэмжээгээр тус тус суутгагдсан байдаг. Тухайлбал, мэдэгдэлд үндсэн зээлд 2.039.414.667.55 төгрөг, хүүд 589,094.88 ам.доллар зэргийг төлүүлэхийг шаардсан байсан бөгөөд эдгээр үнийн дүнгийн хэмжээгээр харилцах данснаас хасалт хийгдсэн байдаг. Иймд тус компани нь зөвхөн бодитоор олгогдсон 2 тэрбум төгрөгийн зээлд хүү тооцож төлөх, харин бодитоор олгогдож, ашиглагдаагүй, өмнөх зээлд суутган авсан 3,4 тэрбум төгрөг нь хүү тооцогдохгүйгээр төлөгдөх нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар манай компанийн зээлж авсан 2 тэрбум төгрөгт 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд жилийн 3.8 хувийн хүү тооцогдох, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд жилийн 22,8 хувиар хүү тооцон бодоход зээлийн хүүд 538,376,004.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 107675200.84 төгрөг, үндсэн зээл 2 тэрбум төгрөг, үүн дээр 3,4 тэрбум төгрөгийг нэмж төлөхөд нийт 5,858,996,505.06 төгрөгийг төлөх ёстой болно.

Хариуцагч нарын төлөөлөгч П.Еркебулан шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0052/08/СС-2013 дугаартай “Зээлийн гэрээ”-г нэг талаас Ч банк нөгөө талаас “Х импекс” ХХК нар байгуулсан. Дээр дурдсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0052/08/СС-2013 дугаартай “Зээлийн гэрээ”-г Ч банк Н.Ө, А.Б нартай байгуулаагүй, Н.Ө, А.Б нар зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй. Нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг сонсоход зээлийн өр төлбөрийг Б, Ө нараас нэхэмжлээгүй гэж ойлголоо. Ч банк зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан иргэн Н.Ө, А.Б нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг албадан худалдан борлуулж, борлуулсан орлогоос зээлийн өр төлбөрийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд иргэн Н.Ө, А.Б нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхийг нарийвчлан шалгах зайлшгүй шаардлагатай. Хөрөнгө барьцаалсан этгээд барьцаалсан хөрөнгийнхөө хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудал яригддаг болохоос биш. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын сүүлийн шаардлага болох “Х импекс” ХХК-ийн  хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Энэ шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн хувьцаа бол иргэн Н.Өын өөрийнх нь хувийн өмч байгаа. Н.Ө “Ч банк” ХХК-д хувьцаагаа ямар нэгэн байдлаар барьцаалаагүй. Компанийн авсан зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн хувьцаагаа барьцаалаагүй. Энэ талаар ямар нэгэн гэрээ хийгээгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээн дээр хувьцааны талаар заагаагүй. Иймд хувьцаанаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хувьд үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэгчийн иргэн Н.Ө, А.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.  “Х импекс” ХХК нь авсан зээл болон авсан зээлийнхээ хүүг төлнө гэж байгаа учраас хөрөнгө барьцаалсан этгээдийг хариуцлагаас чөлөөлж шийдэх нь зүйтэй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Нэхэмжлэгч “Ч банк” ХХК хариуцагч “Х импекс” ХХК-д холбогдуулан 2013 оны 12 сарын 26-ны өдрийн 0052/08/СС-2013 тоот Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүд 8,047,586,020 төгрөг гаргуулах, уг шаардлагыг “Х импекс” ХХК-ийн барьцааны хөрөнгөөр хангуулах, хариуцагч А.Б, Н.Ө нарт холбогдуулан тэдний өмчлөлийн барьцааны эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг  хангуулах, дээрх барьцаа хөрөнгүүд үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд “Х импекс” ХХК-ийн 237,613 ширхэг хувьцаа болон бусад хөрөнгөөс үлдэгдэл өр төлбөрийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч “Х импекс” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр 5,4 тэрбум төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3,8 хувийн хүүтэй, зээлийн хүүг 365 хоногоор тооцох, зээлийг хугацаандаа төлөөгүй бол хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч “Х импекс” ХХК, А.Б, Н.Ө нарын өмчлөлийн  29 нэр төрлийн тоног төхөөрөмж, 2 автомашин, нэр бүхий 3 банкин дахь төгрөг, ам доллар, рублийн дансан дахь мөнгөн хөрөнгө, 5 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Уг гэрээнүүд талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээ, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ.   

Дээрх гэрээнүүд байгуулагдсан эсэх болон зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлийн хэмжээнд хариуцагч маргаагүй бөгөөд харин 5,4 тэрбум төгрөгийн зээлээс 3,4 тэрбум төгрөгөөр өмнөх зээлийн төлбөрийг төлүүлж уг зээлийг бодитоор олгоогүй, энэ мөнгөнд хүү тооцох үндэслэлгүй гэж маргажээ. Тухайн зээлийн гэрээгээр зээлдэгч нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд ашигласан хоногоор зөвхөн хүүг сар бүр төлөх, зээлийн үндсэн төлбөрийг 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 225,000,000 төгрөгөөр сар бүр, хүүгийн хамт төлөхөөр тохиролцжээ. Үүний дараа 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний 17 дугаар зүйлийг “Зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, зээлийн өр төлбөрийг энэхүү гэрээний дагуу төлөөгүй, зээлээр санхүүжигдэх төслийн хэрэгжилтийн талаар хуурамч мэдээ, баримт бичиг бүрдүүлэн өгсөн, эсвэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах төсөл хэрэгжүүлэх гэрээ”-ний нөхцлийг ноцтой зөрчсөн зэрэг Монгол банктай байгуулсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн гэрээнд заасан нөхцөл үүссэн тохиолдолд зээлдүүлэгч зээлийн өр төлбөрийг хугацаанаас өмнө төлүүлнэ”, “Зээлдүүлэгч нь өөрийн эх үүсвэрээр Монгол банкинд зээлийн өр төлбөрийг төлсөн тохиолдолд тухайн хугацаанд мөрдөгдөж байгаа өөрийн “Хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл”-д заасан зээлийн хүү болон энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан хүүгийн зөрүүг зээлдэгч зээлийг бүрэн төлж барагдуулах хүртэлх хугацаанд тооцон зээлийн өр төлбөр дээр нэмж төлүүлнэ” гэж, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Зээлийн гэрээний 2 дугаар зүйлд заасан хугацааг 60 сараар сунгаж байгаа бөгөөд зээлдэгч нь зээлийн өр төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө зээлдүүлэгчид бүрэн төлнө”, “Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд заасан зээлийн хүүг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн жилийн 22.8 хувь болгон өөрчилж байна” гэж тус, тус нэмэлт өөрчлөлт оруулж, уг өөрчлөлтүүдийг үндэслэн зээлийн хүүг 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд 16,39%-иар тооцож 868,692,452 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд 22,8%-иар тооцож 1,634,006,428 төгрөг шаардсан байна.     

Энэхүү зээлийн гэрээний санхүүжилтийг 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Монгол банк, “Ч банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон “Х импекс” ХХК-ийн хооронд хийгдсэн “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” төсөл хэрэгжүүлэх гэрээг үндэслэн Монгол банкнаас олгосон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч “Ч банк” ХХК нь Монгол банкны санхүүжилтээр “Х импекс” ХХК-д зээл олгож дамжуулан зээлдүүлэгчийн хувиар “Х импекс” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний нэг тал болжээ. Иймд хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ хуулиас гадна Монгол банктай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг баримтлах үүрэгтэй болно. Энэхүү гэрээгээр Монголбанк нь төслийн санхүүжилтийг авч буй оролцогч банк /ОБ/ буюу Ч банкинд олгох зээлийн хүү болон төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж буюу “Х импекс” ХХК-д олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох бөгөөд хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн гэрээнд тавигдах шаардлага, уг зээлийн гэрээгээр Ч банкны хэрэгжүүлж болох эрх хэмжээ, Ч банкны зээлдэгчийн хувиар хэрэгжүүлэх эрх, үүргийг зохицуулсан байна. Иймд Монголбанктай байгуулсан зээлийн гэрээний 2.5-д “ОБ-нд олгох зээлийн хүү, ОБ-наас хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтооно. Монголбанк зээлийн хүүг өөрчлөх тухай бүрт ОБ-нд мэдэгдэнэ”, 4.6.4-т “Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж хөтөлбөрийн зээлийн эх үүсвэрийг зориулалтын дагуу ашиглаагүй, эсвэл энэ хөтөлбөрийн хүрээнд ҮХААЯ-тай байгуулсан гэрээний нөхцлийг зөрчсөн нь тогтоосон тохиолдолд ...зээлийн гэрээг цуцлаж, зээлийг олгосон өдрөөс гэрээ цуцалсан өдөр хүртэлх хүүг банкуудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүгийн сүүлийн 12 сарын дундажаар тооцож, хүүгийн зөрүү төлүүлэх” гэж заасан нөхцлөөр Ч банк зөвхөн гэрээгээ цуцалсан тохиолдолд хүүгийн зөрүү төлүүлэх эрхтэй бөгөөд үүнээс өөр нөхцлөөр хүүгийн зөрүү төлүүлэх, Монголбанк зээлийн хүүг өөрчлөөгүй бол Ч банк зээлийн хүүг өөрчлөх эрхгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Монголбанктай байгуулсан гэрээгээр дамжуулан зээлдүүлэгчид олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн байх бөгөөд гэрээний гол нөхцөл /зээлийн гэрээний хүү 22.8%/ болон гэрээний үүргийн зөрчлөөс үүсэх хариуцлагын хэм хэмжээний талаар тохирсон тохиролцоог /хүүгийн зөрүү/ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмаар хийгдсэн гэж үзэхгүй. Иймд хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээнд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хүүгийн зөрүү, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр оруулсан нэмэлтээр зээлийн хүүгийн хэмжээг өөрчилсөн хувь хэмжээгээр нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй байна. Үүнээс гадна Ч банк нь Монголбанктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ жилийн 0.89% хүүтэй төлж 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрээний үүргээ дуусгавар болгожээ. Үүнийг Монголбанкны өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасан журмын дагуу “Ч банк” ХХК-ийн эх үүсвэрээр “Х импекс” ХХК-д зээл олгох үйл ажиллагаа явагдсан гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгч өөрийн эх үүсвэрээр зээл олгоогүй атлаа зээлийн хүүг 22.8% болгон өөрчилсөн нь хууль зөрчсөн байна. Иймд нэхэмжлэгч нь Монголбанкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн үндэслэлээр бусдын хөрөнгөөр олгосон зээлд өөрийн банкны мөрдөж буй хүүгийн хэмжээгээр хүү тооцох эрхгүй болно. Иймд нэхэмжлэлээс зээлийн хүү болох 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд 16,39%-иар тооцсон 868,692,452 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд 22,8%-иар тооцсон 1,634,006,428 төгрөг нийт 2502698880 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. 

Талууд 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 60 сарын хугацаатай сунгасныг үндэслэлгүй гэж үзэх бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөр гэрээ дуусгавар болсон гэж үзлээ. Тодруулбал бусдын хөрөнгөөр ашиг олох зорилгоор үндэслэлгүй хүүгийн хэмжээг өөрчилж гэрээний хугацааг сунгасан нь хуульд нийцэхгүй. Иймд гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 22.8%-ийн 20 хувь болох 4.56%-иар тооцсон нэмэгдүүлсэн хүү 43,330,135 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0052/08/СС-2013 тоот зээлийн гэрээг цуцлах шаардлага нь бие даасан шаардлага биш бөгөөд зээлийг хугацааны өмнө төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болно.  

Хариуцагч “Х импекс” ХХК нь зөвхөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зарласан төслийг хэрэгжүүлэх зорилгоор биш уг хөнгөлөлттэй зээлийн тодорхой хэмжээгээр Ч банктай байгуулсан 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 450,000 ам долларын, мөн өдрийн 1,000,000 ам долларын, 2006 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 400,000 ам долларын зээлийн үлдэгдэл өр төлбөрийг төлөх буюу төслийн зээлийг зориулалт бусаар ашиглах гэж байгааг нэхэмжлэгч анхнаасаа мэдэж байсан болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгч талын нотлох баримтаар ирүүлсэн “Х импекс” ХХК-ийн 2013 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 13/51 тоот албан бичгээр /ХХ-ийн 209 дүгээр тал/ тогтоогдож байх бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төслийн санхүүжилт 5,4 тэрбум төгрөг “Х импекс” ХХК-ийн зээлийн дансанд орж ирмэгц дээрх 3 зээлийн гэрээний төлбөрт 3,4 тэрбум төгрөгийг төлүүлсэн болох нь талуудын тайлбар, дансны зарлагын баримтаар /ХХ-ийн 74 дүгээр тал/ тогтоогдож байна. Үүнийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан болон Монголбанктай байгуулсан гэрээний 2.1, 4.11-д заасан үүргээ зөрчсөн буюу хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн гэж үзэхгүй. Үүнээс гадна нэхэмжлэгч нь хариуцагчийг төслийн зээлийн тодорхой хувийг зориулалт бусаар ашигласан болохыг мэдсэн, зээлийн гэрээний үүргээ 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс зөрчиж огт төлөлт хийхгүй байгааг мэдсээр атлаа зээлийг хэсэгчлэн төлүүлэх, гэрээг хугацааны өмнө цуцлах эрхээ хэрэгжүүлээгүйг зээлийн зарцуулалт, төлөлтөд хяналт тавих үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй гэж үзнэ. Иймд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэж дүгнэв. Иймд хариуцагчаас зээлийн үлдэгдэл төлбөр 5,212,945,300 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд төлөх хүү 613,351,233 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргийн зөрчлийг 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс гэрээний хугацаа дуусгавар болох буюу 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл тооцож нэмэгдүүлсэн хүү 40,252,933 төгрөг нийт 5,866,549,466 төгрөг төлөхөөс хүүнд төлсөн 324,739,528 төгрөгийг хасч 5,541,809,938 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв. Хэдийгээр хариуцагч зээлийн гэрээний төлбөрт нийт 5,858,996,505.06 төгрөг төлөхийг зөвшөөрсөн боловч уг тооцоог гаргахдаа 3,4 тэрбум төгрөгт хүү тооцоогүй, зөвхөн 2 тэрбум төгрөгт 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл жилийн 3,8%-иар хүү, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойшхи хүүг үндэслэлгүй хууль зөрчиж тогтоосон хүүгийн хэмжээгээр тооцсон байх тул зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.   

Хариуцагч тал өмнөх 3 зээлийн төлбөрт төлсөн 3,4 тэрбум төгрөгт хүү тооцохгүй байх үндэслэлээ Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын 2.10-т “тухайн зээлдүүлэгч нь зээл, үнэт цаас, бусад актив, тэдгээрийн хүүг нэмж зээл олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглоно” гэж заасан журам зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч 5,4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Ч банк олгоогүй болно. Иймд нэхэмжлэгчийг эх үүсвэр байршуулж өмнөх зээлийн өр төлбөрийг төлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.  

Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээгээр 29 нэр төрлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, 2 автомашин, 6 дансны мөнгөн хөрөнгө, 3 үл хөдлөх эд хөрөнгө, нэг газар эзэмших эрх барьцаалж, уг хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон байх ба энэ нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна. Харин Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Махимпексийн хашаанд байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014025 дугаарт бүртгэлтэй үйлдвэрийн зориулалттай 2127м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч “Ч банк” ХХК бүртгэлтэй байх ба уг эд хөрөнгөд үүрэг ногдуулсан бүртгэл хийгдээгүй болох нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаагаар /ХХ-ийн 215 дугаар тал/ тогтоогдож байх тул дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт зааснаар хангах бөгөөд талууд үүргийн гүйцэтгэлийг “Х импекс” ХХК-ийн 237,613 ширхэг хувьцаа болон бусад хөрөнгөөр хангуулах ямар нэг гэрээ байгуулаагүй байх тул дээрх хөрөнгө болон хариуцагчийн нарын бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй болно. Иймд барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд “Х импекс” ХХК-ийн 237,613 ширхэг хувьцаа болон бусад хөрөнгөөс үлдэгдэл өр төлбөрийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,139,593.22 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Х импекс” ХХК-иас 28,007,400 төгрөг, хариуцагч А.Б, Н.Ө нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х импекс” ХХК-иас 5,541,809,938 /таван тэрбум таван зуун дөчин нэгэн сая найман зуун есөн мянга есөн зуун гучин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ч банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,505,776,082 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.           

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х импекс” ХХК  шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч “Х импекс” ХХК, А.Б, Н.Ө нарын өмчлөлийн хөргөгч HP 40тн /солонгос/-1 ширхэг, ABTCKЛАВ WC RE600s их бие /солонгос/-1 ширхэг, түрдэг тэрэг-8 ширхэг, сеткэн тавиур-64 ширхэг, хянах самбар-1 ширхэг, компрессор-1 ширхэг, вакум машин HFV-600D /солонгос/-1 ширхэг, хөрөөдөгч машин HBS-250 /солонгос/-1 ширхэг, мах ясны хөрөө HBS-350 /солонгос/-1 ширхэг, цахилгаан тогоо 160л /австри/-2 ширхэг, сойх ган /австри/-1 ширхэг, вакум машин GK-289 /австри/-1 ширхэг, таглагч машин /солонгос/-1 ширхэг, таглагч машин /австри/-1 ширхэг, ачааны лифт /монгол/-2 ширхэг, ширээ /целлойдон тавцантай, австри/-1 ширхэг, ширээ /жорны жижиг, австри/-1 ширхэг, мах сойх ган /мотортой, монгол/-2 ширхэг, мах сойх ган /хуучин, монгол/-5 ширхэг, лааз ариутгагч шугам /монгол/-1 ширхэг, хөргөгч /2000х2170, хятад/-1 ширхэг, махны зэвэрдэггүй өлгүүр-3 ширхэг, шулалгааны ширээ /австри/-4 ширхэг, термастат /герман/-1 ширхэг, шинжилгээний ширээ ком /герман/-1 ширхэг, ширээ /плитатай, герман/-1 ширхэг, термастат /шинэ, австри/-2 ширхэг, давс хэмжигч-1 ширхэг, хүчил хэмжигч-1 ширхэг, арлын дугаар KWFXKS7BP3U698525, 2003 онд үйлдвэрлэсэн 37-20 УНР улсын дугаартай хюндэй портер маркийн автомашин, арлын дугаар KRGNAAC323B011977, 2003 онд үйлдвэрлэсэн, 27-46 УНЯ улсын дугаартай КИА пронтер маркийн автомашин, Ч банкин дахь төгрөгийн 39200 10002 тоот данс, ам.долларын 39200 40002 тоот данс, Худалдаа хөгжлийн банкин дахь төгрөгийн 499125283 тоот данс, ам.долларын 499125294 тоот данс, рублийн 499136214 тоот данс, Голомт банкны төгрөгийн 1905007885 тоот дансан дахь мөнгөн хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Махимпексийн хашаанд байршилтай, 2000м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201010615 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0084788 тоот гэрчилгээтэй үйлдвэрийн зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Махимпексийн хашаанд байршилтай, 4328м2 талбайтай, нэгж талбарын 18635310050790 дугаар бүхий, 294203 тоот гэрчилгээтэй үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх, Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Тахилт гудамж 101 тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007996 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000097592 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Тахилт гудамж 101 тоотод байршилтай нэгж талбарын 18643318465275 дугаар бүхий 700м2 талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлээс үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Махимпексийн хашаанд байршилтай, 2127м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014025 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000173817 тоот гэрчилгээтэй үйлдвэрийн зориулалттай барилгаар хангуулах, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд “Х импекс” ХХК-ийн 237,613 ширхэг хувьцаа болон бусад хөрөнгөөс үлдэгдэл өр төлбөрийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.     

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,139,593.22         төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Х импекс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 28,007,400 /хорин найман сая долоон мянга дөрвөн зуу/ төгрөг, хариуцагч А.Б, Н.Ө нараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ч банк” ХХК-д олгосугай.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА