Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00649

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/02403 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 121 дүгээр магадлалтай,

Б.Э-ын нэхэмжлэлтэй,

“Монголын төмөр зам” ТӨХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Монголын төмөр зам ТӨХК-д дэд захирал албан тушаалд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажилд орсон. Монголын төмөр зам ТӨХК нь Б.Эрдэнбаяртай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй явсаар 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 17/01 тоот дэд захирал албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гүйцэтгэх захирал 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа мэдэгдлийг танилцуулж улмаар тэр өдрөө Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/132 тоот хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал гаргасан. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэсэн байсан. Улмаар 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б/142 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг дахин гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээг 2 өөр үндэслэлээр 2 удаа цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд Монголын төмөр зам ТӨХК-ийн Суурь бүтцийн албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК шүүхэд гаргасан тайлбартаа: гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/96 дугаар тушаалаар  Б.Э-ыг  дэд з ахирлын албан тушаалд 2 жилийн хугацаатай томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3-д заасныг үндэслэл болгож Б.Э-тай дэд захирлын албан тушаалд байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 09 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болгож 2017 оны Б/132 дугаар тушаал гаргасан. 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Б.Э- хэлтсийн дарга нартай хамтарч ажиллах боломжгүй тул ажлаас чөлөөлөх өгөх тухай өргөдөл гаргасныг компани шийдвэрлээгүй байсан. 2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр Б.Э- тус компанид үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой тул ямар нэгэн ажилд томилж өгөх тухай өргөдөл гаргасныг хүлээн авч түүнтэй харилцан тохиролцоод дахин 3 сарын хугацаатай дэд захирлын албан тушаалд түр томилж, гүйцэтгэх захирлын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/133 дугаар тушаал гаргуулсан. Гэвч хоёр хоногийн дараа буюу 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Б.Э- нь гүйцэтгэх удирдлагын хэмжээнд ойлголцож чадахгүй тул өөрийн сайн дураар ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан. Б.Э-ыг дэд захиралд томилсноор түүнтэй өмнөх албан тушаалд байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүд болох Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан ажлын байр, албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг /удирдах, эрх бүхий албан тушаалтан/, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг хөдөлмөрийн гэрээнд тусгах ёстой гол нөхцөлүүд нь бүхэлдээ өөрчлөгдсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/02403 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан Эрдэнэбаярыг Монголын төмөр зам ТӨХК-ийн Хөгжлийн хэлтсийн Суурь бүтцийн албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 46.581.300 төгрөгийг хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Э-ын болон хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 390.856 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 121 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/02403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390.856 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 121 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1-д “Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлоход энэхүү харилцааг өөрөөр зохицуулаагүй бол энэхүү журмыг мөрдөж болно.” Тус журмын 7 зүйлийн 7а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр;” тооцохоор заажээ. Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд нийцсэн байдлаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцсон болно. Тухайн ажилтны хувьд сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохоор заасан атал шүүхээс тухайн албан тушаалын хувьд сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь хуульд нийцнэ хэмээн үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалыг тус тус зөрчсөн хуульд нийцээгүй байдлаар шийдсэн байна гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК-д холбогдуулан “...ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа өөрийн хүсэлтээс ажлаас чөлөөлөгдсөн гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Б.Э- нь 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш “Монголын төмөр зам” ТӨХК-д төмөр замын инженер, суурь бүтцийн албаны менежерээр ажиллаж байжээ.

Компанийн дэд захирал П.Бат-Эрдэнэ чөлөө авсан тул ажил олгогч 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн Б/96 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг дэд захирлаар түр томилсон ба хөдөлмөрийн гэрээний хугацааг П.Бат-Эрдэнийг ажил, албан тушаалдаа эргэн орох хүртэл гэж тодорхойлжээ.

Хариуцагч нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон атлаа 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/133 дугаар тушаалаар уг албан тушаалд түр томилсон, 2017 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэл болгожээ.  

Нэхэмжлэгч нь дэд захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн талаар гомдол гаргаагүй харин суурь бүтцийн албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргахдаа  ажил олгогч дэд захирлын ажлаас чөлөөлөхдөө өмнө эрхэлж байсан ажилд ажиллуулах байтал шууд чөлөөлсөн нь үндэслэлгүй гэжээ.  

Тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4.1-т ажлын зайлшгүй шаардлагаар  ажилтныг үндсэн ажил үүргийн зэрэгцээ эзгүй байгаа ажилтны ажил үүргийг хавсран буюу түр орлон гүйцэтгүүлж болно, 4.2.2-т  эзгүй байгаа ажилтан гэдэгт энэ журамд заасан үндэслэлээр  чөлөөтэй байгаа тохиолдлыг ойлгоно, 4.6-д түр шилжүүлэн ажиллуулах хугацаа дууссанаар ажилтныг үндсэн ажилд эгүүлэн ажиллуулна гэж тус тус заасан.

Дэд захирлаар томилсон хугацаа дууссан, мөн уг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Давж заалдах шатны шүүх “...менежерийн ажилд эгүүлэн тогтоож байгаа бол уг албан тушаалд авах цалингийн хэмжээгээр олговрыг тооцно, ...уг албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох баримт байхгүй...” гэсэн дүгнэлт хийж, шийдвэрийг  хүчингүй  болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хөдөлмөрийн тухай  хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1.-т энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл,  ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон бол түүнд ажлаас халагдахаас өмнө авч байсан цалингийн дундажтай тэнцэх хэмжээний олговор олгох тул давж  заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.  

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 121 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/02403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ