Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2023/0425

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            Х.Т нарын нэхэмжлэлтэй

                                     захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч H.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Х.Тэргүүнцэцэгийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Т нар

Хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Х.Т Улсын бүртгэгчийн манай хүчинтэй гэрчилгээ дээр дахин олгосон улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Ж.Үл-Олдох нараас үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын Ү-1213000567 дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б

Нэхэмжлэгч Х.Т өмгөөлөгч Ч.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 122/2023/0002/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Т Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Улсын бүртгэгчийн манай хүчинтэй гэрчилгээ дээр дахин олгосон улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар, нэхэмжлэгч Ж.Ү нараас “үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын Ү-1213000567 дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар тус тус маргасан байна.

2.Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2 дугаар шийдвэрээр: 

1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-ийн 1/, 2/,10 дугаар зүйлийн 1, 13 дугаар зүйлийн 1, 3, 14 дүгээр зүйлийн 1-ийн 1/, 3/ дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Т  Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Улсын бүртгэгчийн манай хүчинтэй гэрчилгээ дээр дахин олгосон улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ж.Ү нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын Ү-1213000567 дугаартай бүртгэлийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Х.Т өмгөөлөгч Ч.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...шүүх шийдвэрийн үндэслэл болгосон 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсанаар хүчингүй болсон. Энэ Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр батлагдсанаар мөн хүчингүй болсон бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон байхад 2003 онд хүчингүй болсон 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг хэрэглэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.5 дахь заалтыг зөрчиж байна. Нэхэмжлэгч нар 2000 онд өөрийн хамаатан Г.А худалдаад явсан байраа 3 өмчлөгч дамжин худалдагдаж, Х.Т 15 жил хууль ёсоор өмчилсний дараа буюу 2022 онд өөрийн өмчлөлийн байр хэмээн гэрчилгээг гаргуулахаар Улсын бүртгэлийн байгууллагад хандсан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А нь 2022 оны 5 дугаар сард эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-1213000129 дугаар гэрчилгээг дахин гаргуулахдаа Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 31617 тоот албан бичгийг нотлох баримтаар өгч, уг албан бичиг болон бусад нотлох баримтыг үндэслэн улсын бүртгэгч гэрчилгээг олгосон байдаг. Дахин олгогдсон эрхийн бүртгэлийн Ү-1213000129 дугаартай гэрчилгээг үндэслэн шүүхээр хаяг тогтоолгох нэхэмжлэл гаргаснаар Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 426 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэвч энэхүү шийдвэрийн үндэслэл болсон эрхийн бүртгэлийн Ү-1213000129 дугаартай гэрчилгээг дахин гаргуулахдаа нотлох баримтаар өгсөн Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 31617 тоот албан бичиг хуурамч болохыг шүүхийн шийдвэрт "үрэгдүүлсэн гэрчилгээг дахин авахад бүрдүүлж өгсөн баримтад байгаа Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 31617 тоот албан бичгийг нэхэмжлэгч Х.Т  талаас хуурамчаар бүрдүүлсэн баримт гэж маргадаг, уг албан тоотод багийн Засаг дарга М.Хүрэлтогоо "би гарын үсэг зураагүй" гэх мэдүүлэг, Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021, 2022 онд явуулсан бичиг баримтын дэвтэрт шүүхийн үзлэг хийсэн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 31617 тоот албан бичгийг Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг дарга М.Х  үйлдээгүй "явуулсан бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна" хэмээн хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нарын хуурамч нотлох баримт бүрдүүлсэн үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "улсын бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв, бодитой байх, заавал биелэх шинжтэй байх", 4.1.5-т "нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх", 14 дүгээр зүйлийн 14.4-т "улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй" гэсэн заалтыг зөрчсөн байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. .Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа "үл хөдлөх эд хөрөнгийг 2002 онд Ү-1213000567 дугаарт давхардуулан бүртгэсэн нь хууль бус болохыг тогтоож, Ү- 1213000567 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү" гэж тодорхойлсон. Энэ нь цаг хугацааны хувьд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч нар хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэхээр, захиргааны шүүхэд хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

3.3.Шүүх шийдвэртээ “...Ж.Ү нараас Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 3-р баг, 8 гудамж 5 тоот хаягт байрлалтай Y-1213000129 гэрчилгээг үрэгдүүлсэн тул уг гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү гэсэн өргөдөл баримтыг үндэслэн улсын байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2778 дугаар дүгнэлтээр олгосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцсон нь өргөдлийн агуулгатай дүйхгүй, өргөдөлд дурдсан эд хөрөнгийн эрхийн биш газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь бодит байдалтай нийцэхгүй, зөрчилтэй байна" гэж дүгнэсэн атлаа уг дүгнэлтийг үндэслэн дахин олгогдсон Ү-1213000129 бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүхийн дүгнэлт, шийдвэр хоорондоо зөрүүтэй ойлгомжгүй болсноос гадна Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Ийнхүү Ү-1213000129 бүртгэл хууль бус болохыг шүүх тогтоосон атлаа хүчингүй болгоогүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч Х.Т үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрхийг зөрчиж байх тул Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахыг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Т өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1.Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын 312 тоот хаягт байршилтай 56 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх анх 1998 онд нэхэмжлэгч Ж.Ү нарын 8 хүний хамтын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаарт, үүнээс хойш буюу 2002 онд уг үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ 72.2 м.кв болон өөрчлөгдөж нэхэмжлэгч Г.А, М.О нарын өмчлөлд Ү-1213000567 дугаарт тус тус бүртгэгдсэн, нэхэмжлэгч Х.Т  тухайд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2008 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Т.М, Т.М  2007 онд Худалдах, худалдан авах гэрээгээр Г.А шилжүүлж авсан болох нь, мөн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг хамруулан нэгж талбарын 190673174976868 дугаартай, гэр бүлийн зориулалттай 756 м.кв газрын өмчлөх эрх 2015 онд нэхэмжлэгч Х.Т өмчлөлд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Г-1213002816 дугаарт бүртгэгдсэн болох нь, түүнчлэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчид болох Ж.Ү нарын нэр бүхий иргэдээс гэрчилгээгээ үрэгдүүлсэн гэсэн хүсэлтийг үндэслэн улсын байцаагчийн 2022 оны 2778 дугаар дүгнэлтээр өмнө олгосон үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг хүчингүйд тооцож, улмаар 7 хүний нэрээр дахин гэрчилгээ олгогдсон, нэр бүхий нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ зөрүүтэй, мөн хаяг өөр ч эдгээр нь нэг үл хөдлөх эд хөрөнгийг 2 өөр дугаарт бүртгэсэн бүртгэл болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 26 дугаар дүгнэлт, Г.А  2002 онд Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчоонд гаргасан өргөдөлд хавсаргасан гараар зурсан байшингийн схем зураг, Ж.Ү нарын дахин гэрчилгээ авахдаа гаргаж өгсөн фото зураг, газрын кадастрын зургаар тус тус тогтоогдож байна.

2.Улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл" гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг” ойлгохоор, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл" гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.4-т заасныг” ойлгохоор, 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”, 5.3-т “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно”, 6.1-т “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх”, 6 дугаар зүйлийн 6.5-д “Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн талаар гомдол гарсан бол улсын байцаагчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна” гэж тус тус заасан.

Иймд энэхүү маргааныг шийдвэрлэхэд тодруулах зайлшгүй шаардлагатай үйл баримт нь 1998 онд нэхэмжлэгч Ж.Ү  өөрийн эхнэр, хүүхдүүдийн хамт өмчилж байсан үл хөдлөх эд хөрөнгө болох байшингаа Г.А худалдсан эсэхтэй холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулах шаардлагатай болохоос бус марган бүхий бүртгэлүүд хэрхэн хийгдсэн талаар дүгнэлт өгөх нь хэрэгт төдийлөн ач холбогдолгүй. Тэр тусмаа маргаан бүхий бүртгэлүүдийг улсын байцаагчийн дүгнэлтээр түдгэлзүүлсэн энэ тохиолдолд дээрх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулах ажиллагаа хийгдээгүй байхад түдгэлзүүлсэн бүртгэлүүдээс нэхэмжлэгчид хамаарах хэсгийг хүчингүй болгож, гуравдагч этгээдэд хамаарах хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

Учир нь Ж.Ү хамаатны хүн болох орон гэргүй байсан Г.А 2000 оноос хойш 2022 оныг хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд өөрийн гэр бүлийн өмчлөлийн байшин, хашааг сахиулаад үлдээсэн, 2002 онд Газрын тухай хууль батлагдсантай холбогдуулан улс орон даяар газар эзэмшүүлэх ажил явагдах үед тэрбээр өөрийн газар мэтээр бүртгүүлсэн байна гэсэн тайлбар нь Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 426 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгагдсан Х.Т гаргасан “…2022 оны 5 дугаар сард Ү.А гэдэг хүн утсаар ярьж манай байшинг ямар хүнээс авсан, Улаанбаатар хот явахдаа хамаатны залуугийнхаа гэр бүлийг суулгаад явсан, одоо байшингаа авъя гэж ярьсан. Үүний дагуу Т.М уулзахад би Г.А гэдэг хүнээс худалдаж авсан гээд дагуулж ирсэн. Г.А ярихдаа 1998 онд 2.5 сая төгрөгөөр худалдаж авсан, түүний эхнэр н.О утсаар ярихад мөн л адил тайлбар хэлсэн...” гэсэн,

-Г.А гаргасан “…Ү.А болон түүний ээж Ж.Ү эхнэртэй садан төрлийн хамааралтай, 1998 онд хашаа, байшинг Ж.Ү авсан, тэр үед том хүү нь нас бараад энэ бузрын байшинг хаяна гээд малтай байранд байдаг ээж Х хашаанд гэр бариад бууж байсан. Ингээд надад худалдсан юм. Би тухайн үед хадам ээж Будаас 1.5 сая төгрөг, Эрдэнэцэцэг эгчээс 600.000 төгрөг зээлж, өөрөө 200.000 төгрөг гаргаад худалдаж авч байсан. Би Улаанбаатар хотод очоод байнга Ж.Ү ахын гэр орноор ордог байсан. Тэгэхэд надаас хашаа байшингийнхаа талаар нэг ч удаа асууж байгаагүй, А худлаа ярьж байна…” гэсэн, Г.А хадам ээж асан Н.Б гаргасан “…манай охин Г.А нар Баруун-Уртад 90 ортын цэцэрлэгийн орчим амьдарч байгаад Ү гэдэг хүний байшинг худалдаж авч байсан. Төлбөрийг нь төлөхдөө надаас 1.5 сая төгрөг авсан. Хэдэн онд гэдгийг нь тодорхой санахгүй байна. Бас Санхүүгийн дүү Э мөнгө авсан гэж ярьж байсан, яг хэдэн төгрөг авсныг бол мэдэхгүй, Ү сайн танина, одоогоос бараг 20-иод жилийн өмнө байшингаа зараад хот руу шилжсэн. Санхүү нь Г.А ээжийн төрсөн дүү нь юм. Ж.Ү Г.А сахиулаар үлдээгүй, байшингаа худалдсан, тэр үед байшингаа худалдчихсан гэрт байсан санагдаж байна. Байшин авна гээд надаас мөнгө авсан, тэр үед би дансаар шилжүүлээгүй, бэлэн мөнгө өгсөн, мөнгө өгсөн баримт бол байхгүй, Г.А мөнгө авснаа мэдэж байгаа…” гэсэн тайлбар, мэдүүлэгтэй зөрчилдөж байгаа төдийгүй Үл хөдлөх эд хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатч Ж.М гэрчилсэн 2002 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаар тэмдэглэлд Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г овогтой А гэж бичсэн, мөн түүнд аймгийн Засаг даргын 1998 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 246 дугаар захирамжаар ахуйн хэрэгцээний зориулалтаар 743 м.кв газар эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсон байгаа зэргээс тус тус үзэхэд нэхэмжлэгч Ж.Ү дээрх гэрчүүдийн мэдүүлэгтэй холбогдуулан биечлэн тайлбар авах, шаардлагатай бол гэрчүүдтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авсны дараа, энэ талаарх нөхцөл байдлыг бүрэн тодруулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна” гэж заасан. Гэтэл даргалагч шүүгчийг албажуулаагүй, эсхүл албажуулсан захирамжийн хувийг хавсаргалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул энэхүү алдааг хэргийг дахин шийдвэрлэхдээ давтах тохиолдолд уг хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т зааснаар хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэнд тооцогдох болохыг анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.БААТАРХҮҮ

 

                   ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ

 

                  ШҮҮГЧ                                                              Э.ЛХАГВАСҮРЭН