Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00542

 

Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01952 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2375 дугаар магадлалтай,                                                                                                           

Б гийн нэхэмжлэлтэй,

Б т холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34,599,995.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б  нь Б ын хүсэлтийн дагуу харилцан тохиролцож 2015 оны 06 сарын 11-ний өдөр 10,000 ам.доллар болон 1,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлүүлж, зээлийн гэрээгээ нотариатаар батлуулсан. Зээлдэгч Б  нь 2015 оны 12 сарын 30-ны өдөр 1,260,000 төгрөг, 2016 оны 03 сарын 31-ний өдөр 3,150,000 төгрөг, 2017 оны 10 сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 7,410,000 төгрөгийг өгсөн. 2016 оноос хойш зээлийн төлөлт хийгээгүй тул Б тай биечлэн уулзаж үндсэн зээл, хүүгийн төлбөрийг 2017 оны 09 сарын 11-ний өдрийн байдлаар бодон тооцоо нийлж Б  өөрөө зээлийн гэрээний ард тооцоо нийлсэн акт гэж бичээд гарын үсэг зурж баталгаажуулсан. Ингэж бичихдээ зээлийн гэрээний ар талд Б  өөрийн гараар үндсэн зээл 10,000 ам.доллар, хүү 6000 ам.долларын хамт нийт 16,000 ам.доллар болж байна гэж бичсэн. Ингэж бичиж өгснөөсөө хойш 2017 оны 10 сарын 17-ны өдөр 3,000, 000 төгрөгийг өгсөн. Одоо Б аас үндсэн зээл 10,000 ам.доллар, хүү 7450 ам.доллар, нийт 17,450 ам.долларыг гэрээ байгуулсан үеийн буюу 2015 оны 06 сарын 15-ны өдрийн Монгол банкны ханш 1863,61 төгрөгөөр тооцон 32,519,995 төгрөгийг, төгрөгөөр зээлсэн 1,000,000 төгрөг, түүний хүү 1,080,000 төгрөгийн хамт нийт 34,599,995 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Хариуцагч Б  нь өөрийн найз Г.Баярсайхантай 2015 оны 3 сараас хамтран ажиллахаар болсон. Тухайн үед санхүүжилт хэрэгтэй байсан учраас 10,000 ам.долларыг Г.Баярсайханаас зээлж, Г.Баярсайханд бичиг баримт байхгүй байсан тул түүний эхнэр Б тэй зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч 10,000 ам.долларыг 2015 оны 06 сарын 11-ний өдрөөс 2015 оны 09 сарын 11-ний өдрийг хүртэл сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн, харин 1,000,000 төгрөгийг бодитойгоор хүлээж аваагүй болно. Гэрээ байгуулсны дараа 2015 оны 12 сарын 30-ны өдөр 1,260,000 төгрөг, 2016 оны 03 сарын 31-ний өдөр 3,150,000 төгрөг, 2017 оны 10 сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус өгч нийт 7,410,000 төгрөгийг төлсөн талаар маргахгүй байна. Иймд 10,000 ам.доллараас хасагдсан үлдэгдэл болон 2015 оны 06 сарын 11-ний өдрөөс 2015 оны 09 сарын 11-ний өдрийг хүртэлх 3 сарын хугацааны хүүг хуульд заасан журмын дагуу бодож төлнө. Б гийн гаргасан 34,599,995 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тооцоо нийлсэн акт нь гэрээ биш учраас зөвхөн гэрээнд заасан хугацаанд л хүү төлнө, гэрээнд 0 хувийн алданги төлнө гэж байгаа тэгэхээр алданги ч тооцохгүй юм. Нэхэмжлэгчээс зээлж авсан 10,000 ам.долларыг, гэрээний хугацаанд төлөх хүү 900 ам.долларын хамт нийт 10,900 ам.долларыг нэхэмжлэлд бичсэнээр нэг ам долларыг 1863,61 төгрөгөөр тооцож нийт 20,313,349 төгрөгөөс түүнд төлсөн 7,410,000 төгрөгийг хасаж үлдэх 12,903,349 төгрөгийг төлнө, 21,696,646 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01952 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1.-т заасныг баримтлан Б аас 26,817,760 төгрөгийг гаргуулж Б д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,782,235 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 229,858 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2375 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01952 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтын “...26,817,760 төгрөг” гэснийг “... 18,869,900 төгрөг” гэж, 2 дахь заалтын “...229,858...” гэснийг “...252,299...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.11.30-ны өдрийн 2375 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

1. Магадлалд "...талууд гэрээг сунгаж, хүү тохирсон талаараа дээрх хуулийн шаардлагыг хангасан буюу анх гэрээг байгуулсан хэлбэрээр сунгасан гэрээг байгуулаагүй байх тул хариуцагчийн үйлдсэн "... 2017 оны 09-р сарын 11-ний байдлаар хүү 6000 ам.доллар, үндсэн зээл 10,000 ам.доллар, нийт 16,000 ам.доллар болж байна" гэсэн бичгийн баримтыг үндэслэн, өмнөх хүү тогтоосон гэрээг сунгасан гэж үзэх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх дээрх бичгийн баримтыг үндэслэн талууд зээлийн гэрээг сунгасан гэж үзэж, хариуцагч Б аас 26,817,760 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ” гэжээ. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь талуудын хооронд хийгдсэн 2015.06.11-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний ард зээлдэгч Б  нар нь өөрийн гараар Тооцоо нийлсэн акт 2017 оны 09 сарын 11-ний өдрийн байдлаар хүү 6000 ам.доллар, үндсэн зээл 10,000 ам.доллар, нийт 16,000 ам.доллар болж байна. Тооцоо нийлсэн Б  2017.09.06" гэж бичсэнийг “Хүсэл зоригийн илэрхийлэл” гэж үзвэл Монгол Улсын Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 ”Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж үзэж болно. Тухайн үед Б , Б  нар нь хоёулаа байж, энэхүү баримтыг үйлдсэн байдаг. ”Хэлцэл" гэж үзвэл Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 "энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 "нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино" гэж заасантай нийцэх юм. Шүүх хурлын явцад зохигчдын хэн алин энэхүү баримтыг үгүйсгээгүй байхад давж заалдах шүүхээс шууд дүгнэлт хийж, баримтыг үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй болжээ.

2. Магадлалд "...хариуцагч зээлийн гэрээний үүрэгт ... 26,279,900 төгрөг төлөх үүрэгтэйгээс түүний төлсөн 7,410,000 төгрөгийг хасч, үлдэх 18,869,900 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ” гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт, үйл явцтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч талаас анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлдэгч Б ын төлсөн 7,410,000 төгрөгийг хасч тооцсон. Энэ нь нэхэмжлэлд бичигдсэн "... Зээлдэгч Б  нь зээл авсан өдрөөс хойш 2015.06.11-2016.01.11-г хүртэл 7 сарын хүү гэж 2100 ам.долларыг сар бүр төлсөн..., Б  нь мөн л төлөлт хийхгүй явсаар 2018 оны 4 сард 3,000,000 төгрөгийг ам.долларын зээлийн хүү гэж, тухайн үеийн долларын ханшаар 1250 ам.доллар гэж тооцоход болох юм байна гэж үзээд, хүүгийн төлбөрт авсан" гэсэн тооцооноос маш тодорхой харагдах юм. Гэтэл үүнийг төлсөн мэтээр зээлийн дүнгээс хасч тооцох нь ойлгомжгүй дүгнэлт болжээ. Иймд дээр дурдсан нөхцөл, байдлуудыг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэж, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.11.30-ны өдрийн 2375 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                   ХЯНАВАЛ:          

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.

Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Б т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34,599,995.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба   хариуцагч нь 12,903,349.00 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Зохигчдын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн  гэрээгээр Б  нь Б т 10,000.00 ам.доллар, 1,000,000.00 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл сарын 3 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон, хариуцагч нь дээрх хэмжээний долларыг хүлээн авсан  байх тул 10,000.00 ам.долларыг зээлийн хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцсэн.

Хариуцагч нь 1,000,000.00 төгрөг аваагүй гэсэн тайлбар гаргасан ба нэхэмжлэгч нь хариуцагчид энэ хэмжээний мөнгийг өгсөн тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон хариуцагч Б ыг зээлийн гэрээний үүрэгт 7,410,000.00 төгрөг төлсөн тухайд маргаагүй, харин хариуцагчийн 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн бичгийн баримтыг “зээлийн гэрээг сунгасан гэж тооцож, хүү төлөх” эсэх асуудлаар маргажээ.

Хуульд зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байна.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт Хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулсан байвал зохино гэж заасан. Талууд гэрээг сунгаж хүү тохирсон талаараа Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан буюу анх гэрээг байгуулсан хэлбэрээр гэрээг сунгасан гэж үзэхгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй “...2017 оны 9 дүгээр сарын 11-ний байдлаар хүү 6,000.00 ам.доллар, үндсэн зээл 10,000.00 ам.доллар, нийт 16,000.00 ам.доллар болж байна” гэсэн хариуцагчийн үйлдсэн бичгийн баримтыг үндэслэн талуудыг хүү тогтоосон гэрээг сунгасан гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх дээрх бичгийн баримтыг үндэслэн зээлийн гэрээг сунгасан гэж үзэж хариуцагч Б аас 26,817,760.00 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 26,279,900.00 төгрөг төлөх үүрэгтэйгээс түүний төлсөн 7,410,000.00 төгрөгийг хасч, үлдэх 18,869,900.00 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх талууд зээлийн гэрээг сунгасан эсэх үйл баримтын талаар дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2375 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Б гийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,950.00 /гурван зуун гучин мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН