Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0352

 

 

 

 

 

Иргэн Ц.*******гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ц.*******гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн зусланд иргэн Б.*******д дүүргийн Засаг даргын 2011 оны 316 дугаар захирамжаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Б.******* нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өгсний дагуу Засаг даргын захирамжаар зуслангийн газрыг эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2007 оноос маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлт, өргөдлөө гаргасан, асуудлыг шийдвэрлэхгүй байгаа, одоо олгохгүй гэсэн хариуг амаар, бичгээр удаа дараа өгч байсан гэх зэргээр бичсэнийг үзвэл Ц.******* нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан газар эзэмших шийдвэр, гэрчилгээ, гэрээ байхгүйгээр газар эзэмшихийг хориглох хуулийн заалтыг ноцтой зөрчиж ирсэн нь харагдаж байна. Энэ хугацаанд газрын төлбөр зэргийг төлж байгаагүй нь төрийн өмчийн газрыг дур мэдэн ашиглаж байсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болсон.

Маргаан бүхий газрын зүүн хойд талд хоосон газар байгаа боловч нэхэмжлэгч газраа шилжүүлэхийг хүсэхгүй байгаа бөгөөд үүнийг Засаг дарга шийдвэрлэх боломжтой Гуравдагч этгээд тухайн үед иргэн Ц.*******тай эвлэрэхгүй гэсэн учраас шүүхээр шийдвэрлүүлж байна. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага албан тушаалтан өөрөө буюу дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.

Иймд, дүүргийн Засаг даргын захирамж нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хууль заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “2009 онд миний газар хүссэн хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн газрын алба 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 0366730 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх тухай гэрээг надтай байгуулсан. Энэхүү газар нь 20 дугаар хороо, Бэлхэд байрлах 3057/26273, 18649322217518 нэгж талбарын дугаартай, 692 м.кв талбайтай газар юм. Сүхбаатар дүүргийн газрын албатай байгуулсан газар эзэмших гэрээнийхээ дагуу жил бүр газрын төлбөрөө төлж байна. Гэрчилгээ гарсан даруйд хашаагаа барьсан байсан ба Ц.******* нь 2011 онд миний эгч Б.Санжидмаагаар дамжуулан манаачийн хүүхэд тул газар дээрээ буулгаж, түр амьдруулахыг гуйсан байдаг.

Үүнийг эгч зөвшөөрч миний эзэмшлийн газар дээр буулгасан. 2012 онд зун нь би өөрөө байшингаа барихаар газар чөлөөлж өгөхийг хүсэхэд, удахгүй нүүнэ, явна гэсээр өнөөдрийг хүрсэн. Ц.******* нь гомдолдоо 2007 оноос уг газар дээр амьдарч байсан гэх бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ 2008 оноос хойш амьдарч байгаа гэсэн байдаг.

Энэ мэтээр худлаа ярьж байгаа нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2 ширхэг тодорхойлолт болон газрын албанаас надад газар эзэмшүүлэхээр олгосон миний хууль ёсны гэрчилгээ, жил бүрийн газрын төлбөр төлсөн баримт, газрын албанд анх газар хүссэн өргөдөл, Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж зэргээр нотлогддог.

Иймээс Б.******* би Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнийг шийдвэрлээгүй байхад дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ямар ч үндэслэлгүй байна.

Иймд, тус шүүхэд гаргасан Ц.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасныг баримтлан, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжийн иргэн Б.*******д холбогдох хэсгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч Ц.*******, гуравдагч этгээд Б.******* нарт газар эзэмшүүлсэн шийдвэр гаргах хүртэл түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Ц.******* нь 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжаар Б.******* надад олгогдсон газарт 2007 оноос эхэлж амьдарч байгаа гээд надад газар олгосон нь түүний эрхийг зөрчсөн гэж үзэж байна гээд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны 316 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтаар иргэн Б.******* надад газар олгосон нь хууль зөрчөөгүй, Ц.*******гийн эрхийг зөрчөөгүй, хуульд нийцсэн бөгөөд, Ц.*******гийн эрхийг зөрчөөгүй байгаа нь нотлогддог. Энэ талаар хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга хариу тайлбараа ирүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, бодитой эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад шинээр захиргааны акт гаргуулахаар 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар Засаг даргын захирамжийн надад холбогдох хэсгийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гарсан энэхүү шийдвэр нь иргэн Б.******* миний хууль ёсны эрхийг маш ихээр зөрчиж хохироож байна.

Би 2011 оноос Ц.*******гаас болж эхлэн хууль чсоор надад эзэмшүүлсэн газраа эзэмшиж яадалгүй өнөөдрийг хүрсэн. Ц.******* нь 2007 оноос энэ маграгж байгаа газар огт амьдарч байгаагүй бөгөөд харин өөрийн эхнэрийн ээж болох ....-ний гэрт хамт амьдарч байсан нь 18, 20 дугаар хорооны Засаг дарга нарын тодорхойлолт, мөн өрхийн бүртгэл, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Мөн сансрын зургаар 2009-2011 оны хооронд энэ газар дээр амьдарч байгаагүй гэдэг нь нотлогддог. Газрын албанд газар эзэмших талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байсан баримт байдаггүй. Хэргийн материалд Ц.******* нь 2008 онд “Голубой камень” ХХК-аас кадастрын зураг хийлгэсэн гэх баримтыг шүүхд өгсөн боловч гуравдагч этгээд миний хүсэлтээр тус коимпанийн архивт үзлэг хийхэд 2008 оны материал устсан гэсэн шалтгаанаар архивт нь байхгүй байсан болно.

Гэтэл ******* би иргэний болон газрын тухай хуульд заасны дагуу хууль ёсоор энэ газрын эзэмшигч болсон нь хангалттай нотлох баримтаар тогтоогдож байхад Ц.*******гийн худал үг гүтгэлгээр жинхэнэ үнэн бодит байдал үгүйсгэгдэж байгаад маш их харамсаж байна. 2012-2015 он хүртэл Б.******* би уг газраа чөлөөлүүлэх гэж өөрт нь болон СБД-ийн газрын албанд олон удаа хандсан. Ц.******* нь 2014 он хүртэл удахгүй нүүнэ гэдэг байсан боловч үүнээс хойш миний газар гэж маргах болсон.

Иймээс би Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг гаргасныг мэдсэн хэрнээ газрын алба болон хууль шүүхийн байгууллагыг үл тоомсорлон байшингийн хундам цутгасан.

Гэтэл Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хүн ирэхэд л Б.******* гэж хүнд газар эзэмших эрх олгосон гэдгийг анх мэдсэн хэмээн Ц.******* нь худал хэлжээ. Ц.******* нь ер нь байнга худал хэлж гүтгэж, доромжилж, газрын алба болон иргэний хэргийн шүүх, шийдвэр гүйцэтгэх албыг үл тоомсорлосоор хундам цутгах ажлаа дуусгасан. Ийм байхад Ц.*******гийн хэлж байгаа нь нотлох баримтаар тогтоогдохгүй, харин худал хэлж байгаа нь тогтоогдсоор байхад анхан шатны шүүх надад газар эзэмшүүлэхээр гаргасан захирамжийг түдгэлзүүлэн дахин захиргааны шинэ акт гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 16-ны өдрийн 184 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасны дагуу давж заалдах гомдол хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ц.*******гаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмшигч иргэний эзэмших эрхийг баталгаажуулах тухай” 316 дугаар захирамжийн иргэн Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий актаар 595 иргэний зуслангийн зориулалтаар газар эзэмших эрхийг баталгаажуулахаар шийдвэрлэсний дотор гуравдагч этгээд Б.*******д Бэлхэд 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, үүний дагуу Сүхбаатар дүүргийн Газрын албанаас 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 18649322217518 нэгж талбарын дугаартай Сүхбаатар дүүргийн 20 хороо, Бэлхийн зусланд 692 м.кв газрыг эзэмшүүлэх тухай 0366730 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулснаар Б.*******д Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу эзэмших эрх үүсчээ.

Нэхэмжлэгчийн тухайд “уг газарт 2007 оноос хойш суурьшин амьдарсан, газрын алба, газар зохион байгуулагч нарт хүсэлт, өргөдөл гарагсан боловч” асуудлыг шийдвэрлэхгүй байгаа, одоо олгохгүй” гэх хариуг амаар болон бичгээр удаа дараа өгсөн” гэх боловч энэ байдал хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдоогүй, тухайлбал, гэрч Н.Долгорсүрэн, Р.Наранбаатар нар Ц.*******г 2008 оноос, 7-8 жилийн өмнө тухайн газарт амьдарч эхэлсэн гэж мэдүүлсэн[1] боловч тэдгээр нь гэрч Ш.Дашзэвэг, Н.Санжидмаа нарын “Ц.*******г 2011 оны намраас гуйж тухайн газарт түр буусан”[2] гэх мэдүүлгээс зөрүүтэйн зэрэгцээ маргаан бүхий газрын “Гүүгл иэрф” програмын 2009 оны 04, 2010 оны 09 дүгээр сарын сансрын зураг болон Нийслэлийн архивын газрын кадастрын мэдээллийн сангийн 2010, 2012, 2013, 2015 оны архивын зурган мэдээллийг 2011-2012 оны сансрын зурагтай давхцуулсан зургуудаар[3] 2007 оноос амьдарсан гэх байдал үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 18, 20 дугаар хорооны Засаг даргаас Ц.*******г оршин суусан хугацааг өөр өөр байдлаар тодорхойлсон тодорхойлолтууд[4] хэрэгт авагджээ.

Гэтэл анхан шатны шүүх дээрх байдлаар хоорондоо зөрүүтэй нотлох баримтууд цуглуулсан, энэ талаар тодруулах ажиллагаа явуулаагүй атлаа “нэхэмжлэгч Ц.******* “Голубой камень” ХХК-аар хийлгүүлсэн 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 700 м.кв газрын кадастрын зураг, гуравдагч этгээд Б.******* “Налуужим” ХХК-аар хийлгүүлсэн 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 700 м.кв газрын кадастрын зургуудаас үзвэл хэн аль нь тухайн газрыг эзэмших хүсэлтэй байсны үндсэн дээр уг газрыг хэмжүүлж, зургуудыг хийлгүүлж байсан” гэж дүгнэсэн, газрын мэдээллийн санд газрын байршлыг өөрчилснөөс нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшихийг хүсэж байгаа газар давхацсан гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдалд шүүх шаардлагатай зарим зүйлсийг тодруулах, ялангуяа гэрч Б.Санжидмаагийн “энэ хүмүүсийн гэрчлээд байгаа 7, 8 жил гэдэг нь Зоригтын хашаанд амьдарч байсан гэдгийг хольж хутгаад байна. 2008 оноос Зоригтын хашаанд амьдарч байсан гэдгийг бид үгүйсгэхгүй. Харин одоо маргаж байгаа зэрэг зураг дээрээ 2011 онд надаас гуйж буусан” гэх мэдүүлэг, гэрч Г.Должинсүрэнгийн мэдүүлгийн агуулга тодорхой бус байгаа, мөн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Хадатын 1-2 тоот буюу Л.Зоригтын өрхийн 2009 оны бүртгэлд Л.Зоригтын ам бүлд Ц.*******, түүний гэр бүлийн гишүүд бүртгэгдсэн[5] байгаа зэрэгтэй холбогдуулж гэрч нараас дахин мэдүүлэг авч энэ асуудлыг тодруулах, Л.Зоригтыг гэрчээр асуух, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Р.Чогжмаагаас хоорондоо зөрүүтэй тодорхойлолтууд гаргаж өгсний шалтгаан, маргаан бүхий газарт Ц.******* хэдийнээс суурьшин амьдарсныг тодруулах, тухайн газарт баригдсан хашааг нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн нь барьсныг тогтоох,

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ямар шалтгааны улмаас шийдвэр гаргаагүй байхад Б.*******ы нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд 2010 онд 18649322196529 нэгж талбарын дугаараар бүртгэгдсэн,

2012 онд тэрхүү бүртгэлд нэгж талбарын байршил, талбайн хэмжээ өөрчлөгдсөнийг[6] тодруулах зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой ажиллагааг зайлшгүй явуулах шаардлагатай байжээ.

Эдгээр ажиллагааг гүйцэтгээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.МӨНХТУЯА

                      ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

                       ШҮҮГЧ                                                                     Д.БАТБААТАР

 


[1] 1 хавтаст хэргийн 76, 79 дэх талууд

[2] 1 хавтаст хэргийн 85, 187 дахь тал

[3] 1 хавтаст хэргийн 32-34, 179-128, 223-224 дэх тал

[4] 1 хавтаст хэргийн 5, 7, 60, 69,

[5] 1 хавтас хэргийн 61-62 дахь тал

[6] 1 хавтаст хэргийн 31, 188-202 дахь тал