Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 00601

 

Монгол Оросын хувь нийлүүлсэн

Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/00002 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хариуцагч Еврозиги инженеринг" ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 17 308 044 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатаржав,

хариуцагчийн өмгөөлөгч Х.Энхтайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн нэхэмжлэлийн шаардлага, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2011 оны 11 дүгээр сард "Еврозиги инженеринг" ХХК-тай Итали улсын "D.L Radiator" фирмийн үйлдвэрлэсэн орон сууцны халаалтын ган хэвлэмэл радиатор 164 ширхэгийг 20 183 985 төгрөгөөр худалдан авахаар ХХ/11/191 тоот гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төлбөрөө 100 хувь төлснөөр радиаторыг худалдан авч Сайншанд өртөөнд баригдсан 70 айлын орон сууцанд суурилуулсан. Гэтэл худалдан авсан радиаторын чанар муугаас ашиглалтын шаардлага хангахгүй задарч, барилгын ашиглалтад муугаар нөлөөлж байна. Бид чанаргүй бараа материал нийлүүлсний улмаас учирч буй хохирлын талаар тус компанид удаа дараа хандсан боловч манайд хамааралгүй хэмээн хохирлыг барагдуулахгүй, харин ч дахин бойлуур худалдан авах тохиолдолд гэмтсэн 6 ширхэг радиаторыг 50 хувийн хямдралтай өгөх буюу зөвлөгөө өгч туслах боломжтой хэмээн мэдэгдсэн тул нэхэмжлэл гаргасан. Худалдах, худалдан авах гэрээний 4.5-д "Худалдагч борлуулсан бүтээгдэхүүндээ 3 жилийн баталгаа өгнө" гэж заасан байдаг. Уг орон сууцны сантехникийн системийн зураг төслийн баримт бичигт 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн 206/2011 дугаартай магадлалын дүгнэлт хийгдсэн байдаг. Энэ магадлалд халаалт салхивч гэсэн хэсэгт барилгуудын халаалтын систем нь доороос үлээлттэй, 2 хоолой мухардмал системтэй болно. Мөн ажлын зураг төсөл нь халаалтын агаар сэлгэлт барилгын норм ба дүрэм 41-ийн 0202, барилгын дулаан хамгаалалт барилгын норм ба дүрмийн 23-ийн 0209 болон бусад холбогдох норм дүрмийн шаардлага хангасан байна гэж бичсэнээс үзэхэд уг барилга зургийн дагуу сантехникийн битүү болон мухардмал системтэй байна. 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс ажилласан. Уг комисс нь 610403 тоот акт үйлдсэн. Актын 2.1-д "Барилга байгууламж холбогдох акт баримтуудыг шалгаад Улсын комиссоос шийдвэрлэсэн нь Дорноговь аймгийн Сайншанд өртөөнд баригдсан 74 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг технологи норм дүрмийн дагуу чанартай болсон гэж үзэж комиссын бүх гишүүдийн саналаар байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэв", 2.2-д "Уг барилга байгууламж зураг төслийн дагуу бүрэн хийгдэж Дорноговь аймгийн Сайншанд өртөөнд бүрэн ашиглалтад авахад хангалттай гэж үзэн хөрөнгө оруулагч болон захиалагч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн мэдэлд 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрөв" гэж улсын комиссын актад бичсэн. Уг байрны сантехникийн системийн талаар шинжээчдийн дүгнэлт гарсан. Шинжээчийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0207095/02 тоот болон 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 0710112 тоот дүгнэлтүүд нь өөр өөр гарсан учир дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд өгсөн боловч шүүхээс томилогдсон шинжээч нар шинжилгээ хийхээс татгалзсан байдаг. 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0207095/02 тоот дүгнэлтэд тус барилга байрны буюу 2 дугаар контурын халаалттай гэсэн байна. Энэ нь зөвхөн уг байрыг халаах битүү системтэй гэсэн үг юм. 0710112 тоот дүгнэлтэд зураг төсөл буруу хийгдсэн холбогдох стандарттай нийцээгүй. Алдаатай боловсруулагдсан зураг төслийн дагуу угсралт зориулалтын бус нөхцөлд ашигласнаас цоорч ашиглалтын шаардлага хангахгүй болсон байх үндэслэлтэй гэсэн байна. Зураг төслийг Улаанбаатар төмөр замын техникийн бодлого зураг төслийн төв боловсруулсан. Энэ барилгад зураг төслийн дагуу панелан радиаторыг суурилуулсан. Уг барилга нь Засгийн газрын 2009 оны 204 дүгээр хавсралтаар батлагдсан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах зөвшилцөл магадлал хийх дүрэмд зааснаар боловсруулан хянагдсан. 2012 оны 151 дүгээр хавсралтаар баталсан барилгын ажлыг эхлүүлж үргэлжлүүлэх ашиглалтад оруулах дүрмийн 4.12.3.3-т барилга байгууламж тоног төхөөрөмжийн угсралт, технологийн дамжлага инженерийн шугам сүлжээний ажлын зураг төсөл барилга техникийн норм дүрэм стандартын шаардлагыг хангасан эсэхийг нарийвчлан шалгаж үнэлэлт дүгнэлт гаргах", 4.12.3.5, 4.12.7-д тус тус заасны дагуу зөрчил илэрсэн тохиолдолд зөрчлийг арилгасны дагуу гарын үсэг зурж баталгаажуулсан гэж ойлгож байгаа. Хариуцагч компани техникийн нөхцөл хангаагүй, даралт тогтворжуулагч тавиагүйгээс болсон гэсэн тайлбар хийсэн байдаг. Гэтэл Улсын комисс хүлээж авахад тухайн байранд даралт тогтворжуулагч шаардлагатай гэсэн дүгнэлт бичээгүй. Хариуцагч тайлбар хийхдээ нотлох баримтаар баталгаажуулаагүй байгаагаас үзэхэд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Радиаторууд бүгд гагнасан хэсэгтээ цооролт үүссэн байгаа. 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Улаанбаатар төмөр замын мэргэжлийн байгууллагуудаас томилогдсон ажлын хэсэг үзлэг хийж акт үйлдсэн. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч н.Батбаярын дүгнэлтэд дурдагдсан байна. Эрх бүхий байгууллагуудаас магадлал хийгдсэн зураг төслийн дагуу барилгын норм дүрэм стандартын шаардлага хангаж баригдсан гэдгийг нотолж Улсын комисс акт үйлдэж барилгыг ашиглалтад хүлээн авсан. Уг барилгад тохирох панелан радиаторыг "Еврозиги инженеринг" ХХК-иас гэрээний үндсэн дээр худалдан авсан боловч тус комлани шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлсний улмаас учирсан хохирол болох 14 061 200 төгрөгийг гаргуулж өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Еврозиги инженеринг" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2014 оныг дуустал нийт 11 755 ширхэг панелан радиатор ИталийнDe longhi" фирмээс импортлосноос нийт 11 025 ширхэгийг худалдаалсан байдаг. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэннийгэмлэг нь 2011 онд радиатор худалдаж авсан. Нийт 586 ширхэг радиатор импортлосон. Гэтэл эдгээр радиатороос зөвхөн тус байгууллагын нэг обьектод худалдан авсан төрөл бүрийн хэмжээтэй 164 ширхэг радиатораас 136 ширхэг радиатор олноор нэгэн ижил гэмтсэн явдал нь панелан радиаторын хэвийн ажиллах техникийн нөхцөл хангагдаагүйгээс болсон гэж үзэж байна. 2010 оноос 2014 он хүртэл манай байгууллагаас "De longhi" фирмийн радиатор худалдан авсан бусад байгууллагад ийм асуудал огт гараагүй. Уг фирмийн радиаторын дээж болгон 22-500-0400 С4 маркийн радиаторыг "Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт"-ын "Барилгын материалын Сорил шинжилгээний итгэмжлэгдсэн төв лаборатори"-д шинжлүүлэхэд уг радиаторын металлын сорьц ISO 9001 стандартад нийцэж байна гэсэн дүн гарсан. 2013 оны 12 сард радиатор цоорсон, ирээд үзээд өгнө үү гэсэн албан бичиг ирсэн. Манай компаниас баг гарган уг барилгад үзлэг хийсэн. Узелийг нь үзсэн. Уг узельд тухайн радиатор нийцэхгүй байна гэжхэлсэн. Хариу албан бичгийг өгсөн. Бид сольж өгөх үндэслэл байхгүй. Мэргэжлийн хяналтад хандсан. Зэвэрдлээс үүдэлтэй гэмтэл үүссэн, цэгэн гагнуур нь зэвэнд идэгдсэнээс цоорсон гэсэн дүгнэлт гаргасан. Энэ н.Батбаяр байцаагчийн өгсөн баримт зарим зүйлтэй нийцэхгүй гээд дахин шинжээч томилогдсон. Улсын хяналтын газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй баг томилогдсон. Иймд мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар "Еврозиги инженеринг" ХХК-иас гэрээний үүрэг 14 061 000 төгрөг гаргуулахыг хүссэн Монголын Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 490 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Худалдагчийн зүгээс, техникийн нөхцлийг хангаагүй талаар мэдэгдэл өгч байсан зүйлгүй, нотлох баримт байхгүй, шинжээчийн дүгнэлтүүд нь зөрүүтэй гарсан байдаг. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын 2015.02.11-ний өдрийн 02-07-095/02 тоот дүгнэлтэд тус барилга байрны буюу 2-р контурын халаалттай гэсэн нь гэрээний 4.5-д заасантай нийцэж байна. Харин МХЕГ-ын 2015.07.02-ны өдрийн 07/101/12 дүгнэлтэд, зураг төсөл буруу хийгдсэн, холбогдох норм дүрэм стандарттай нийцээгүй, алдаатай боловсруулагдсан зураг төслийн дагуу угсрагдаж, зориулалтын бус нөхцөлд ашиглагдсанаас цоорч ашиглалтын шаардлага хангахгүй болсон байх үндэслэлтэй гэсэн байх бөгөөд энэ нь шинжээчид тавьсан асуултад бүрэн дүүрэн тодорхой хариулт өгч чадаагүй байна. Зураг төсөл буруу хийгдсэн, холбогдох норм, дүрэм, стандарттай нийцээгүй гэсэн дүгнэлт нь үнэнд нийцээгүй. Учир нь барилга, Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм"-ийн 4.1.1, 7.5.2-т заасны дагуу боловсруулагдаж, хянагдаж баталгаажсан зураг төслийн дагуу барилга баригдсан гэдгийг эрх бүхий холбогдох газрууд баталгаажуулж акт үйлдсэн байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан тухайн барилгын зураг төслийн баримт бичигт 2011.06.02-ны өдөр хийгдсэн 306/2011 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийн 4-р нүүрт буюу "Халаалт, салхивч" гэсэн хэсэгт Барилгуудын халаалтын систем нь доороос түгээлттэй 2 хоолойт мухардмал систем болно", мөн "ажлын зураг төсөл нь "халаалт ба агаар сэлгэлт ба кондиционер" БН6Д41-02-02, Барилгын дулаан хамгаалалт БНбД 23-02-09 болон бусад холбогдох норм дүрмийн шаардлага хангасан байна" гэснээс үзэхэд уг барилга зургийн дагуу сантехникийн битүү буюу мухардмал системтэй байна. 2012.12.16-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс 61/04/03 тоот акт үйлдсэн байх бөгөөд уг актад холбогдох барилгыг бүх гишүүдийн саналаар байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэж, ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн байдаг. Ийм баримтууд байсаар байхад зөрүүтэй гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн буруу шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч анх 17 308 044 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг 14 061 000 төгрөг болгож бууруулсан байхад улсын тэмдэгтийн хураамжийг бууруулж тооцоогүй байна. Иймд шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Монголын Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ нь хариуцагч "Еврозиги инженеринг" ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 17 308 044 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, 164 ширхэг панелан радиотарыг "Еврозиги инженеринг" ХХК 20 183 985 төгрөгөөр Монголын Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт нийлүүлэхээр гэрээний гол нөхцөлийг тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ''чанарын шаардлага хангаагүй радиатор нийлүүлсэн" гэж, хариуцагчнь гэрээний 4.5 дахь заалтыг зөрчиж, техникийн нөхцөлийг хангаагүйгээс ийм нөхцөл байдалд хүрсэн, мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ажлын доголдлын талаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16761 тоот шүүгчийн захирамжаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан байна.

 

Хэргийн 100 дугаар талд Дулааны шугам сүлжээ, тоноглолын хүрээнд зөвлөх инженер Д.Самдангийн дүгнэлт авагдсан байх бөгөөд уг дүгнэлт нь дээрх Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлттэй зөрүүтэй гарсан байх тул хариуцагч "Еврозиги инженеринг" ХХК-ийн зүгээс дахин шинжээч томилуулах хүсэлтийг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргажээ. /хх.131 дүгээр тал/

 

Шүүх хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилга техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Санжмятав, Л.Ганбаатар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Дэлгэрмаа нарыг томилж, улмаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 07/101/12 тоот шинжээчийн дүгнэлт гарчээ. Уг шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Монголын Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 102/ШЗ2015/24943 тоот шүүгчийн захирамжаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Мөнхсайхан, Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Г.Оюунтунгалаг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Төмөрсүх, Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч н.Очирпүрэв нарыг томилсон боловч ажлын чиг үүрэг, мэргэжлийн хувьд сантехникийн асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлжээ. /хэргийн 193 дугаар тал/

 

Шүүх 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШЗ2015/30536 дугаар шүүгчийн захирамжаар Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийг 3 хүний бүрэлдэхүүнтэй тус тус шинжээчээр томилсон боловч яамны эрхлэх асуудал, чиг үүрэгт хамаарахгүй гэсэн албан бичгүүдийг ирүүлсэн, мөн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 183/ШЗ2016/01015 дугаар шүүгчийн захирамжаар Шинжлэх ухаан техникийн их сургуулийг шинжээчээр томилсон боловч уг сургуулиас эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрхлэн явуулах, иргэнд соёл боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий үндсэн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг тул шинжээч томилох, дүгнэлт гаргуулах хуулийн болон эрх зүйн чадамжгүй гэсэн албан бичгийг мөн ирүүлжээ.

 

Шүүхээс томилогдсон шинжээчид, шинжилгээний байгууллага Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-16.1.7-д заасан урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, гэрч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн төрөл садан байвал, шинжээч нь албан тушаалын болон бусад талаар хэргийн оролцогчийн эрхшээлд байгаа бол, хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал, шинжээчээс тухайн хэргийн талаар хийсэн шалгалтын материал нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болсон бол, шинжилгээний объект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй байгаа бол, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол гэж зааснаас бусад тохиолдолд шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах эрхгүй.

 

Шүүх хэргийн оролцогчийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангасан атлаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцах, зохигчтой ямар харилцаатай болохыг тогтоох, шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгах ажиллагаа хийгээгүй атлаа тодорхой бус, хуульд заагаагүй үндэслэлээр шинжилгээ хийхээс татгалзсан байгууллагуудын албан бичгүүдийг үндэслэн, нэхэмжлэгчийн нотлох баримт бүрдүүлэх талаарх хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад шүүх хуралдааныг явуулсан нь буруу болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/00002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Монголын Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗамаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 255төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ